sonin.mn

Саяхан хоёр хөршийн төрийн тэргүүнүүд манайд айлчилж, хоёр талын харилцааг цаашид эрчимжүүлэх чиглэлээр чухал чухал гэрээ, хэлэлцээр, харилцааны бусад баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдгээр айлчлалын үр дүнг олон нийтийн зүгээс эерэгээр үнэлж байна, энэ ч аргагүй.

Ялангуяа хойд хөрштэй харилцах эдийн засгийн харилцаа 1990-ээд оны дунд үеэс түлш, шатахууны импортыг эс тооцвол зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхгүй байх. Энэ нь ганц ОХУ-ын талаас шалтгаалсан бус, манайхаас ч бас шалтгаалсан.

Манай төрийн эрх мэдэлтнүүд ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд Оросоос хамааралтай хөгжлийг халж, АНУ, барууны хөгжилтэй орнуудтай харилцаагааг өргөжүүлснээр эдийн засаг маань өргөс авсан юм шиг сэргэнэ гэж эндүүрсэнтэй ч бас холбоотой. Эцэстээ хөршүүдтэйгээ тэгш сайн харилцаатай байхгүйгээр хөгжил дэвшил ойрхон биш юм гэдгийг ойлгосон нь их дэвшил.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путинтэй хийсэн хэлэлцээрийн явцад мах экспортлох саналыг манай талаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавилаа. Ноён Путин маш эелдэгээр "Танайх мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлагаа биелүүлчих, ингэвэл авахад бэлэн" гэсэн дипломат хариу өглөө. Энэхүү мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангах асуудал 1990 оноос өмнө ч тавигдаж байсан.

Энэ шаардлагыг хангах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойбалсангийн мах комбинатуудыг байгуулж, улмаар зарим аймгийн төвд мал нядалгааны газруудыг байгуулсан.  Тэр ч бүү хэл адууг амьдаар гаргахгүйн тулд Финландаас зээл авч Адууны махны үйлдвэрийг Багахангайд байгуулсан юм даг.

Тэр үед ЗХУ-руу 35.0 мянган тн мах, 35.0 мянган тн. амьд жинтэй мал, 60 гаруй мянган амьд адууг жил бүр экспортолж байлаа. Тухайн үед мал эмнэлгийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг дээр дурдсан мах комбинатууд хангаж, 35.0 мянган тн махыг нийлүүлж байв.

Харин манай зарим эдийн засагчид, хэвлэл мэдээллийнхэн 1990 он хүртэл мах бус зөвхөн малыг амьдаар нь ЗХУ-д экспортод гаргаж байсан мэтээр ам уралдан ярьж байгаа нь над мэтийн хүнсний үйлдвэрийн салбарт зүтгэж байсан ахмадуудад лав л аятайхан сонсогдоогүй гэдгийг нэмж хэлье.

Харин хойд хөршийн талаас мал эмнэлгийн хяналтыг газар дээр нь хийж, амьд мал, адууг гаргаж байсан нь үнэн. Энэ бол манай хойт хөршийн том ашиг сонирхол, амьд малыг хямд үнээр авч, үнэт түүхий эд болох өлөн гэдэс, арьс шир, дотор мах болон эвэр туурай, ясыг нь хүртэл ашиглах нь тэднийд маш их ашигтай.

Сая Ерөнхийлөгч В.В.Путиний танайх мал эмнэлэг, ариун цэврийн олон улсын стандартын шаардлагыг хангавал мах импортлоход бэлэн гэсэн санал бол "Танайх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангатал өдий байна, амьд малаа нийлүүл" гэсэнтэй агаар нэг сонсогдож байв. Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор бидний маш  сайн хийж чалсан ажил бол махны үйлдвэрийн салбарыг туйлд нь хүртэл унагаж, мал, махны ченжийн тогтолцоонд шилжсэн явдал юм.

Бас 20 гаруй жилийн дотор манай өөрийн дотоодын хэрэглээ бараг 11.0 саяд хүрлээ. Гадаад зах зээлд үхрийн махыг илүүтэй сонирхдог бол манайд үхрийн тоо толгой ердөө З.О сая орчим байгааг харгалзвал яваандаа дотоодын хэрэглээнээсээ төдийлөн их илүү гарахгүй л болов уу.

Ийм болохоор ихэвчлэн богийн мах, тодорхой хэмжээний адууны мах, багахан хэмжээний үхрийн мах экспортод гаргах асуудал л ярих хэрэгтэй болох байх. Нөгөө талаас олон улсын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд нэг хоёр жилийн дотор энэ шаардлагад нийцсэн шинэ мах комбинатуудыг байгуулж амжих уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.

Мэдээж амжихгүй. Ийм болохоор хоёр улсын Ерөнхийлөгчийн төвшинд яригдсан асуудал хүмүүсийн яриад байгаа шиг тийм амархан гүйцэлдэх ажил биш бололтой.

1990-ээд оны дунд үеэс махны үйлдвэрүүдээ хувьчлаад, ажилтнууд нь амьдрахын эрхээр энд тэнд сайн муу хиам хийдэг хэдэн хиамны цех байгуулан ажиллуулсан нь түүхэн үнэн. Ийм л махны үйлдвэрийн салбартай үлдсэн улс шүү дээ.

Миний бие 1994 онд "Махны үйлдвэр бол мал сүйтгэдэг газар биш" гэсэн өгүүллийг төвийн нэгэн сонинд нийтлүүлж байсан билээ. Хуучин үйлдвэрүүдээ сэргээе гэсэн ч тоног төхөөрөмжийг нь демонтажпаад урд хөршид хаягдал төмрөөр тушаачихсан, бас зарим махны үйлдвэр рүү малыг хөлөөр нь нядалгаанд оруулах зам бүрэн хаагдсан гээд шийдлээ хүлээж буй олон асуудал байна.

Магадгүй туувраар авчирсан малыг тодорхой зайд тээвэрлэж, махны үйлдвэрт хүргэж, нядалгаанд оруулах асуудал тавигдана. Нэг үгээр хэлэхэд энэ мэт хийвэл зохих ажил, шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Мах экспортод гаргана гэж хөөрцөглөх нэг асуудал, түүнийг ажил хэрэг болгох нь маш чухал, тулгамдсан асуудал, бас багагүй ажил.

Ер нь мах экспортод гаргахын тулд ямар асуудлыг шийдэх ёстой юм бэ гэсэн асуултыг өөртөө тавихад хөрш орныхоо төрийн тэргүүнтэй дээд төвшинд яригдсан асуудлыг бүтэхгүй талаас нь биш, бүтээх болгох өөдрөг талаас нь харвал юуны түрүүнд дараах ажил, асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал байна.

Үүнд:
-Хуучин махны үйлдвэрүүдийг сэргээхийн хамт, аймаг бүрт орчин үеийн технологи бүхий мал нядалгааны газрыг байгуулах хэрэгтэй.

-Махны үйлдвэрүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн сэргээх, шинэ үйлдвэр барихад оросын талаас хөрөнгө оруулалттай, хувийн хэвшлийг тэргүүн ээлжинд татан оруулах нь чухал. Ингэснээр ОХУ-д мах экспортлоход түлхэц болно.

-Төвлөрсөн махны үйлдвэрүүдэд мал хүргэх туувар, тээвэр хосолсон бүтцийг шинээр зохион байгуулах шаардлага гарах байх. Эдгээр үйлдвэрүүдэд махан консерв үйлдвэрлэж, Сибирь рүү экспортлохоор бодолцох нь зөв болно.

-Махны үйлдвэр байгуулахад төрөөс хөрөнгө, санхүүгийн болон эрх зүйн уян хатан дэмжлэг үзүүлэхийг эрхэм болгоосой. Харин төр өмчлөлд нь оролцохоос татгалзах нь хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд нэмэр болох буйзаа.

-Малыг амьдаар нь экспортлохоос эрс татгалзая. Мал амьдаар нь экспортолсноос малчныхаа хотонд үлдээвэл ядахдаа ноос, ноолуурыг нь ашиглах боломж бас үлдэнэ.

-Махны үйлдвэрийн салбарыг сэргээх нь үндэсний арьс ширний үйлдвэрийн салбарыг бас давхар чирч сэргээх хөшүүрэг болно гэдгийг ч давхар бодолцох учиртай.

-Махны үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд мал эрүүлжүүлэх талаар оросын талтай байгуулсан хэлэлцээрийг бодит ажил болгохын тулд манай тал онцгой идэвх чармайлт гаргах шаардлагатай.

-Малыг үйлдвэрийн аргаар нядлах, мах боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилчдыг богино хугацаанд бэлтгэх ажлыг одооноос зохион байгуулах хэрэгтэй. Хорь гаруй жилийн өмнө ажиллаж байсан мэргэжилтэй ажилчид, инженерүүд аль хэдийнэ тэтгэвэртээ суусан байгаа.

-Яваандаа төвлөрсөн махны үйлдвэрүүд „болон аймаг орон нутгийн махны үйлдвэрүүдийг, эсвэл газар тариалангийн компаниудыг түшиглүүлэн гурав дахь зах зээлд мах нийлүүлэх мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг баталгаатай хангах, нэгж малаас авах махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үхэр бордох аж ахуйг тэжээлийнх нь үйлдвэрлэлтэй хамт хурдацтай хөгжүүлэх ажлыг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй.

Латин америкийн гурван сая хүн амтай Уругвай Улс гэхэд л 11 сая үхэртэй, ихэнх нь эрчимжсэн аж ахуйд байх бөгөөд дэлхийн олон оронд үхрийн мах экспортолдог. Хэрэв үхрийн мах экспортод гаргая гэвэл хүссэн хүсээгүй махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй болно.

Цаашилбал махны боловсруулалтын төвшин, техник, технологийн сонголт зэргийг салбарын ахмад инженерүүдтэй хамтран шийдвэрлэх боломж бий. Энэ мэт асуудлыг юун түрүүнд шийдсэн нөхцөлд мах экспортод гаргах асуудал сая шийдэгдэх учиртай.

Монгол хүн амны билгээс ашдын билэг гэж итгэдэг учраас хоёр орны Ерөнхийлөгчийн төвшинд яригдсан мах экспортод гаргах тухай яриа хэлэлцээ шуурхай шийдэгдэнэ гэж найдаж байна.

Ц.Товуусүрэн /Хүнсний үйлдвэрийн ахмад инженер/