sonin.mn

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогт өнгөрсөн тавдугаар сард бүлгээсээ гарсан. Гэтэл өнгөрсөн баасан гарагт АН-д элсэн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын дарга Д.Баттулгаас үнэмлэхээ гардан авсан.

Д.Батцогт намын харьяаллаа өөрчлөх болсон талаараа “Ардчилсан намын гишүүн болсон минь үнэн. Намын харьяаллаа яагаад өөрчлөх болсон талаараа дараа тайлбарлая” хэмээн эвтэйхэн булзааруулсан ч түүний АН-д элссэн шалтгаан нь АН-ыг дотроос нь хагалан бутаргаж “Түгжилдэх” хэмээн харж буй жирийн гишүүд дэмжигчид олон байна.

Өөрөөр хэлбэл Д.Батцогт итгэл үнэшилээ дагаж АН-ын босго алхаагүй, “Түгжил”-ийн үүрэг хүлээж элссэн хэмээн хардацгааж буй юм. Түүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой баз гэдгийг нь мэдэхгүй хүн үгүй.

Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн  бүлгийн  гишүүн  асан Д.Батцогт нар нэг айлын хүргэчүүл. Тиймдээ ч базынхаа даалгавраар АН-д элсэн дотор нь болж буй процессыг нэг бүрчлэн мэдээлэх үүрэг хүлээж, бас хутган үймүүлэх ажил хийж эхэлсэн биз.

Тэрбээр өдгөө цөөнхтэй нийлэн намынхаа даргыг унагаах ажилд идэвхийлэн зүтгэж байгаа гэх. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж энэ дээ. Монгол хүн айлд орохдоо гэм зэмгүй гэдгээ мэдэгдэж хэт хутгаа буулган ордог атал хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн эвслээ нударч, АН-ын босгоор хутгаа буулгалгүй орлоо.

 

Х.Халиун