sonin.mn

Супер тархитай,тархиараа мөнгө олдог хүн байлаа гээд хөлөө хэрэггүй гэж ад үзэж байсан удаа байна уу? Гэтэл эрхэм гишүүн Ж.Батзандан намынхаа орон нутгийн удирдлагуудыг “Арааманд нь жайжгануулчих” юм.

Ер нь  ч тэр дарга нар  нь супер тархи мөн юм уу? Өнгөрсөн хоёр жилд зарчмын нэг ч асуудал ярьсангүй сандал ширээ, аяга шаазан ярьсаар байгаад таарлаа гэж Х.Тэмүүжин гишүүний хэлдэг үнэн шүү дээ. Эргэцэж уймарсан хэдэн гэрийн авгай нар, гараас нь юм гарахгүй, ширээгээ булаалдсан л амьтас гэж харагдаж байна.

Улсын “төв удирдлагын” том дарга нар сонгууль болохоор орон нутгийн дарга нартаа хайртай, та нарт улс орны жолоо цулбуур байна гээд гүйгээд байдаг тухай сумын даргын амнаас сонсож байлаа. Одоо тэднүүс нь нэг юм бодож байгаа байлгүй дээ. Гайхаж, гомдож ч байгаа биз.

Улсын Их Хурал-ыг монголчууд улсын л их хурал гэж боддог. Гэтэл Ж.Батзандан өөрийнхөө ажлын байр төдийгөөр боддог юм байна зайлуул. Өөрөө ч тэр суудлаасаа ”Энэ бол намын асуудал биш, улсын асуудал” гэж бахираад байгаагүй юу! Гэтэл түүнд, “улсын асуудал та нарт хамаагүй” гэж хэлэх хуулийн ба ёс суртахууны эрх хаанаас бий болсон юм бэ? Тэр байтугай өөрөө гудамжнаас яаж хашгираад л гүйж байсан даг.

Тэр үед түүнд хэн ч “төрийн асуудал чамд хамаагүй” гэж хэлж байгаагүй. Гэтэл Монгол төрийн түүхэнд иргэндээ тэгж хэлсэн анхны тохиолдол мань “цогтой тэмцэгч” болсон нь даажинтай явдал боллоо. Түүнийг төрийн түшээгийн албанд заларсан болохоор нь ингэж хэлж буйгаас мань хүн төр биш, төрийн олигтой түшээ ч биш ямар.


Монгол хүн бүр нас, хүйс, угсаа гарал үл хамааран төрийн үйл ажиллагааг ил шүүмжлэх, саналаа өгөх эрхтэй. Гэтэл нэг ийм амьтан монгол хүний эрхийг уландаа гишгэлээ. Үүнийг хэзээ ч уучилж боломгүй. Өнөөдөр тэр аймаг сумдын дарга нарыг арааманд нь жайжгануулж байгаа бол маргааш дугаар хорооны иргэн хэнийг ч гавлаж дөнгөлж мэдэх нь.

Тэр битгий хэл иргэд сонгууль өгч төрийн ажилд оролцох ямар эрхтэй юм бэ гэж ч магадгүй болоод явчихлаа. Ардчилсан төртэй, эрх чөлөөт орны иргэн гэж өөрсдийгөө бодож явдаг олон хүний итгэл, сэтгэл рүү Ж.Батзандан шавхай цацлаа. Түүний лоозогнон хашгирдаг ардчилал гэж бодож явдаг юм нь ийм байсан байх нь.  Чи хэний сонголтоор наад том даргынхаа албанд суусан юм бэ? гэж асуумаар санагдана

Намынх нь асуудал байсан ч тэд Ардчилсан Намын бүрэн эрхэт гишүүний хувиар үгээ хэлсэн байх. Улсын асуудал юм бол тэд Монгол Улсын бүрэн эрхэт иргэний хувиар үгээ хэлсэн байлгүй.

Тэгэхээр аль аль талаасаа эргэж уулзана гэвэл жил хагасын хугацаа үлдлээ дээ Зандан минь, яана даа! Эцэст нь миний зүгээс, энэ бүхнийг харж эгдүүцсэн хүний хувиар, “Чи өөрөө араамандаа яайжганаарай Ж.Батзандан!” гэж хэлье.