sonin.mn

/Сумны мөсөн хэдүй шударга боловч онь өдөнгүй бол харваж үл болох. Хөвүүн хэдүй сайн төрөвч сургааль үгүй цэцэн үл болох/

Их эзэн Богд Чингис


Хоёр дахь мянганы шувтарга, гурав дахь мянганы жолоо өргөлцөн шинэ Монголын уран зохиолд яруу найрагчдын бүхэл бүтэн үе хүч түрэн орж ирсний айргийн тавд Жамъянгийн Мөнхбат гэгч залуу уужуухан багтаж байсан байх. 1998-99 оноос оюутан залуучуудын дунд болдог яруу найргийн наадмуудад жил алгасахгүй шахам оролцож, оролцох бүрийдээ түрүү, айраг хүртдэг, шүлэг найргаа ноорог харахгүй сайхан дуудаж уншдаг, “түрэмгийдүү”, тэвхэлзсэн бор залуу олонд танигдаж эхэлснийг би л лав сэтгэлдээ хэлний юм уу, сэтгүүлчийн ангийн оюутан биз хэмээн оноон тааварлаж явсан.

Энд “түрэмгийдүү” гэдэг үгийг зориуд хэрэглэж байгаа нь түүний дуудсан шүлгүүдийн агуулга санаа нь омгорхуу, хурц тод, дайчин шинжгэй хийгээд нэг их бадрангуй, эх орон, өвөг дээдэс, газар нутаг, хөрс шороо юугаан хайрлаж хамгаалсан байх тул түүнд нь хүч оруулах, тод эрэмгий болгох гэсэн миний л мөхөс, молхи санаа юм л даа.

2005 оны “Болор цом” яруу найргийн XXIII дахь наадмын түрүү “Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагч"-аар мөнөөх Ж.Мөнхбат хэмээгч залуу “Бурхан хүсэл” шүлгээрээ шалгарч байсныг тодхон санаж байна,

Эв, эеийг эрхэмлэж ахуйдаа хүчирхэгжин мандаж, дэлхий дахинд танигдан бадарч явсан өвөг дээдсээ, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж явахыг хойч залуус, үе тэнгийхэндээ захин айлтгаж, хэрэгтэй цаг үе ирвэл тэднийхээ төлөө:

... Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс жиргэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг
Бурхан танд шивнэлээ шүү. Бурхан таныг,
Бурхан өршөөг!
гэж хүслээ илэрхийлэн төгсгөсөн нь хахь хамаа ч үгүй атлаа надад ямар “мэргэжил”-ийн хүү юм бол гэх далд шохоорхлыг төрүүлээд авсан санагддаг. Тэгэсхийгээд: “Яруу найрагч бүхэн улс төрч байх алба үгүй ч, эх оронч байдаг юм гэсэн шүү” хэмээх уран зохиол, яруу найргийн талаар ацаг ч мэдэхгүй надад ахдаж, хэтийдсэн том бодол тээж явах сэтгэл үлдээж чадсан байдаг юм.

Харин тэгтэл Ж.Мөнхбат гэгч хүү маань зүгээр ч нэг “эх оронч” яруу найрагчийн төдийгүй Монгол Улсын Их Сургуулийг “Улс төр” судлалын мэргэжлээр дүүргэчихсэн, тэр ч атугай 2005 он гэхэд Улсын Их Хурлын даргын ажлын хэсэгт ерөнхий зохион байгуулагч, даргын “шадар туслах”-ын алба хашаад үзчихсэн “Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч”-өөр ажиллаж асан “том” хүн байсан юм билээ.

Миний санаж байгаагаар түүнээс хойшхи “Болор цом” яруу найргийн наадмуудад Ж.Мөнхбат лав л 2010 оны Дарханд болсон XXVIII дахь удаагийнхад “Омгорхол” хэмээх омог нь бадарсан шүлгээрээ дөтгөөр байр эзэлж айрагдсан санагдана. Тэр шүлэгтээ:
"... Өнчин ганцхан чулууг нь
Бүтэн байлгахын төлөө
Үхэж би чадна гэж
Онгирохгүй яах юм бэ?”
гэж эх орон, газар шороо, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлынхаа төлөө,

“...Морин туурайнд цэцэг нь бүтэн үлддэг
Монголоороо...”
тэр бардамнаж чадсан байдаг билээ.

2011 онд өөрийнх нь төрсөн нутаг Арын сайхан хангайд болсон “Болор цом” XXIX удаагийн наадамд “Төрд хэлэх үг” шүлгээрээ дэд тэргүүн байрын шагнал хүртэж:
"...Хамаг Монгол түмнээ гэсэн төр шиг төр бай!” гэж учирласан нь бий. Энэ учирлал бол төрөө төвшитгөн, засч төгөлдөр, тунгалаг байлгах гэсэн их тэмүүлэл.бас залуу насны хорьж дийлдэхгүй гайхширал, эх орончийн харамсал нь яруу найрагчийн зүрх сэтгэлийн дуудлага болон бууж байсан нь тэр буй заа.

Юутай чиг утга зохиол, яруу найргийг ойлгох хамгийн энгийн ухамсрын төвшин дэх миний мэт нийтлэгийн хүрээнд гал цоггой эх оронч.эрэмгий зоримог, төрт ёс, өвөг дээдсийнхээ сургаал айлдварыг нягт судалж мэдсэн,сэтгэлгээний нэлээд өндөр дээд хэмжээнд боловсруулж бичдэг залуу юм болов уу гэх төсөөллийг надад л лав үлдээж чадсан байх ажгуу.

Миний мэдэх, миний ойлгож ухаарах хэмжээнд хат сууж, билүүдэх бүр ир нь ханаж буй ийм л нэг эх оронч сайн найрагч, Монголын шинэхэн үеийн яруу найрагчдын жагсаалыг тэргүүлэн түүчээлэгчдийн эгнээнд зориг бадрангуй, тэмүүлэл дүүрэн алхаж явах шиг төсөөллийг буй болгож чадсан байх юмаа.

2008 оны сонгуулийн үр дүнгээр тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт Нам гүйцэтгэх засаглалыг дангаар байгуулах хэмжээний суудлыг Их Хуралд авсан ч Намын дарга, Ерөнхий сайд Санжийн Баярын санаачлага, үйл ажиллагааны үр дүнд Ардчилсан намтай хамтарч “Засгийн газар”-аа байгуулсан нь тухайн үедээ хүний өөрийн мөн ч олон хүний дургүйг хүргэж “хараал”-ын бай болж байв даа.

Ардчиллын их онолч, нийтлэлч, юм юмны мууг нь айхавтар нарийн олоод хэлчихдэг Баабар “МАНАН”-гийн засгийн газар гээд нэрлэчихсэн нь дөрвөн жил орчим л хувь хүртээгүй улс төрчид, дотроо горьдлого тээн даган баясагчдын муу хэлэх амных нь зугаа болж, зарим нь одоо ч дурсан ярьж хорслоо тайлах шалтаг болсоор байна. Уг нь хүн амынхаа тоо шиг олон намтай манайх шиг жижиг улс оронд “Хамтарсан” ч гэнэ үү,”Эв нэгдлийн” ч гэнэ үү “Гүйцэтгэх засаглал”-ын энэ хувилбар аль ч талаараа тогтвортой сайн ажиллах хэлбэр байсан ч байж болох талтай учир нүд үзүүрлэгдээд байгаа С.Баяр даргад баяр хүргэх ч ёстой юм биш үү гэх “зөнөг” бодол над мэтэд нь төрж алдардгийг хэлэхэд илүүдэх юусан билээ.

С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үе буюу 2008-2012 оны хооронд манай улсад засаглалын хямрал багасч, эдийн засаг сэргэж, гадаадын үр ашиггай хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдэж Ардчилалын гэх хориод жилийн хугацаанд “дахин” сэргэлтийн үе үндсэндээ бүрэлдэж бий болж эхэлсэн. Энд дахин сэргэлтийн гэж онцолж байгаа нь түүнээс өмнө ард түмний аж амьдрал харьцангуй дээшилж, эдийн засаг сэргэж эхэлсэн үе бол 1993-1996 он юм. Харин олон олон бодит хийгээд санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллөөс болж 2012 оны сонгуульд манай ард түмэн “Ардчилсан нам”-д арай илүү суудал өгсөн нь жинхэнэ утгаараа “ам руугаа алгадуулах”-ын үлгэр болж байх шиг байна. Ийм л үед МАН-ын дотоодод дээр дооргүй бужигнаан болж “гэмтэн, буруутан”-ыг хайх хөдөлгөөн өрнөсөн. Тэр нь ч зүй ёсны байдаг л зүйл байсан биз. Энэ хөдөлгөөний үеэр шиг санагдаж байна. Намын залуу гишүүд нэгдэн “Шинэчлэх хөдөлгөөн” байгуулж, Намын Их Хурлаа зарлан хурапдуулах, дарга удирдлагуудаа өөрчилж солих, магадгүй залуужуулах үүний тулд Бага хурал хуралдуулах аян үүсгэсний тэргүүн шугамд миний, найраг шүлгийг нь шимтэн сонсч, бас ч үгүй бичсэн зүйлийг нь олж унших гэж сонирхож явдаг Ж.Мөнхбат гэх залуу байсанд:

-Аа а энэ хүү чинь бас “улс төрддөг” нөхөр байх нь гэсэн шүү санаа зүг орж ирж ажиглаж л суувай. Энэ үйл явдлаас хойхно юм болов уу даа тэрбээр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч, Намын нарийн бичгийн дарга болсон санагдана. Ингэж л миний дотроо “Эх оронч найрагч” юм даа хэмээн төсөөлж явсан хүү маань улс төрд эргэлт буцалтгүй орчих шиг болсон нь миний мэт “Төрийн төлөө боож үхэх шахдаг ахмад бор хулгана"-уудын сэтгэлд үгүйдээ л “Төрийн шагналт, шударга, тууштай эх оронч” асан Очирбатын Дашбалбар шиг хүн болоосойдоо гэх далд горьдлого төрүүлсэн юм уу даа.

2012 оны сонгуулийн ялагдлын дараагаар Намын дарга Сү. Батболд хариуцлага хүлээж ажлаа Ө.Энхтүвшин даргад өгсөн ч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Дархан аварга”-ыгаа ч өвдөг шороодуулаад авсан даа. Үнэнийг хэлэхэд төрийн наадмын зүлэг ногоон дэвжээн дээр арван хэдэн жил өвдөгтөө шороо байтугай тоос ч хүргэж үзээгүй шахам явсан “босоо” их аварга маань ч түүнийгээ хайрлаж хүндэтгэдэг ард түмэн ч энэ ялагдалд итгэж өгөхгүй хэсэг хугацаа өнгерөөсөн байх. Ийм л үед буюу тэр их алмайрлаасаа олонх нь гарч амжаагүй шахам явтал Намын Их хурлын зар түгж эхэлсэн санагдана.

Намын XXVII Их Хурлын зартай зэрэгцээд л Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдэг асуудал ёс юм шиг яригдаж манай намд харьяалалтай бүхэн бараг мэндийн зөрүү болгон шаагилдаж эхэлсэндэг. Зарим нэг чадал чадвартай нь ч юм уу, зүрх цөстэй нь ч асан уу, аль эсвэл овсгоо самбаатай нь ч юмсан уу, “Би л чадна мэднэ болоод” байснаа Улсын Их Хурлын гишүүн асан нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Швед улсад ч билүү сууж асан Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Б.Энхмандах, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, орон тооны бус нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гурав Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх нь тодорхой болоод ирэхийн цагт л сая нэг юм хүн бүхэн өөр өөрсдийн зохиосон “Оньсого”-нуудаа түр зогсоосон болов уу даа. Манай Дарханд гэхэд нутгийн хүүхэд болохлоор ч тэр үү, Жамъянхорлоогийн Сүхбаатарыг л Ерөнхий нарийн бичгийн дарга болно гээд итгэчихсэн нөхөд надаас эхлүүлээд олонхи нь байсан биз.

Харин энэ Их хурлаас сонгогдсон намын дарга Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар нарын аль нэгийг Ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгуулахаар нэрийг нь дэвшүүлж, өрсөлдөөнд эртээс бэлтгэсэн Б.Энхмандах нэмэгдэн санал хураалтад оролцож Жамъянгийн Мөнхбат Бага хурлын 269 гишүүнээс 148 хүний буюу 55 хувийн санал авч харьцангуй давуу байдлаар “ялалт” байгуулсан нь, зарим өрсөлдөгчийн “эгдүү”-г хүргэж бид мэтийн мэдээлэл, сурталчилгаанаас хол хөндий, улс төрийн бор баазуудын гайхал, эргэлзээг төрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэглээ ч дүрэм журмаараа болсон сонголтыг хүндэтгэн хэрхэн ажиллахыг нь харах л үлдсэн дээ.

Түүнээс хойш намын журмын нөхөд болох мянга мянган гишүүн, дэмжигчид, Монгол Ардын Намд итгэл хүлээлгэсэн сонгогчид Ж.Мөнхбатын алхаа гишгээ, намба төрх, амнаас гарах үг бүрийг анхааралтай ажиглан сонордож, өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь гарцаагүй. Эдгээр олонхийн үнэлгээ дүгнэлт бол харьцангуй үнэнд дөтөлсөн, зөв, сэтгэлийн үнэлгээ байж болох талтай. Үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар хоёулаа эрч хүчтэй залуу хүмүүс ч гэлээ би бол дотооддоо Ж.Сүхбаатарыгнамын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд “өргөмжилж” түүндээ нэг их эргэлзэж гайхахаа больж явсан этгээдүүдийн нэг. Учир нь Ж.Сүхбаатар бол Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн жил ажиллачихсан, төрийн албанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга хүртэл албан тушаалыг муу ч үгүй залгуулж байсных нь төлөө бид тийнхүү найр тавьсан, итгэл хүлээлгэх гэсэн хэрэг л дээ.

МАН-ын XXVII Их Хурал хуралдаж хөтөлбөр, дүрмээ шинэчлэн баталж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилснөөс хойш үндсэндээ нэгэн жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд шинэ залуу Ерөнхий нарийн бичгийн дарга юу хийж, юу амжуулав гэдэг талаар энэ намын ахмад гишүүний хувьд харж анзаарсан цөөн зүйлийн талаархи санаагаа бусадтай хуваалцъя гэж шийдсэн юм.

Нэг. Юуны түрүүнд түүний мянга мянган гишүүд, журмын нөхөд, идэвхтэн, дэмжигчид олон нийтийнхээ дунд орж, гүнд нь хүрч ажиллах гэж зорьсон зорилго буюу “хамтач” шинжийг тэмдэглэхийг хүсч байна. Магадгүй энэ бол түүний төрөлх, удмын шинж буюу аав ээж, эмээ өвөө гэр бүлээсээ олж авсан байж болох талтай чанар. Тэрбээр ярьж байна билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга болсноосоо хойшхи есөн сар орчмын хугацаанд 21 аймаг, нийслэл хотынхоо есөн дүүргийн намын журмын нөхөд, иргэд сонгогчидтой үндсэндээ биечлэн уулзах гэж зорилоо. Зорьсноо биелүүлж явна. Зарим аймаг нутгаар хоёр, гурван ч удаа очлоо. Танай Дархан-Уул аймагт гишүүд дэмжигчид, олон нийттэйгээ хоёр дахь удаагаа уулзаж байна гэж хэлсэн.

Аль дарга нарын ирж уулзахыг хэлж барах билээ. Нэг их олон машин хүлэглэсэн, машин унаанаасаа гурав дөрөв дахин олон дагуул бие хамгаалагчтай, цагаан цамц, хурц тод өнгийн зангиа, тэргүүтнээр гоёчихсон дарга нар, очсон газрынхаа хамгийн том танхимд “албадан” цуглуулсан нутгийнхны өмнө, хүндэтгэлийн индэр /гол төлөв суудал/ дээрээс урьдчилаад хэн нь ч юм билээ бэлтгэчихсэн хэдэн хуудас харж уншчихаад, эсвэл тэгдэг ёстой юм, ингэдэг л байхгүй юу гэж өөр гариг ертөнц дээр шинэ улс гүрэн байгуулчихаад ирсэн мэт мэдэмхийрцгээчхээд, олон нийтийн асуусан асуултад нүднийхээ шилэн дээгүүр ихэмсэглэн ширтэж байж хагас дутуу хариулсан болчихоод давхиад явчихдаг дарга нарын нийтлэгдүү болж байгаа уулзалтаас Ж.Мөнхбатын уулзалт арай л өөр болж байх шиг санагдсан.

Тэрбээр танхимд уулзсан, албан ёсны яриа хөөрөөгөө ч хийсэн. Дараа нь гадаа, хээр хөдөө, бүжиг наадам, спортын тоглолт талбайн дэргэд жинхэнэ халуун яриа өрнүүлж чадаж байсанд түүний давуу тал харагдаж байх шиг байв. Чухам л тэндээс бусдын атгаг үгүй яриа сонсож, өөрийгөө таниулж, бусдыг таньж хамгийн гол нь тэр янз бүрийн насныханд өөрийгөө “нүдлүүлж” чадсанд би талархаад байгаа юм.

Энэ “нүдлүүлж” гэдэг үгийг зориуд, амьхандаа хүч оруулах гэж хэрэглэж байгаа ухаантай. Хүнд нүдлүүлж, хүнийг нүдэлж авна гэдэг жинхэнэ Монгол ухаанаар бол хүнд танигдах, хүнийг амархан таньж мэддэг “онцгой” чанар, чадвартай болно гэсэн үг. Энэ бол удирдагч хүн эзэмших ёстой “чадвар”-уудын нэг л гэж би ойлгож байна. Энэ чанар, чадварыг нь хөгжүүлэхэд ийм уулзалт илэн далангуй нөхөрсөг яриа мэдээж тус болдог байх. Чухам л төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ баавай агсны “Гарам дээр” өгүүллэгийн гол санаа шиг олон цугларсан газарт л хүний жинхэнэ дүр төрх танигдаж, түүний ажигч мэлмий, соргог сонорыг улам нээж хүн таньж сурах дотоод мэдрэмжийг нь тэлж саруулсгадаг байж ч болох. Хүн өөрөө юмс үзэгдэл, хүн зоныг нүдэлж таньж авах, аль эсвэл бусдад танигдаж, нүдлэгдэнэ гэдэг түүний давуу тал нь өсөн нэмэгдэж байгаа л хэрэг юм гэж ойлгож байна.

Хоёр. Би түүний “тэмцэгч” чадварыг үнэлж байна. Тэмцэгч гэдгийг дайчин, цогтой, хурц, шаламгай, мятаршгүй, нягт, хичээнгүй, цөхрөлтгүй, тасралтгүй, нигүүлсэнгүй, шаргуу, хөдөлмөрч шинжүүдийн цогц гэж үзэж болох байх. Тэмцэгч гэхлээр дан ганц нударга зангидсан, зэвсэг агссан гэдэг ч юм уу үгүй дээ л хүн амьтантай сөргөлдөж маргалдсан этгээд гэж ойлгож болохгүй байх. Тэмцэгч гэдгийг мятаршгүй, нигүүлсэнгүй, хичээнгүй, тасралтгүй гэх шинжүүдээр авч үзвэл орчин цаг үедээ тохирсон эевэргүү зөөлөн төрх нь сэтгэлд илүү дотно үлдэж чадна. Тийм тэмцэгч бол орилж хашхираад, өлсөж хэвтээд үгүйдээ л үхэж үрэгдэх гээд хүн амьтан айлгаад байхгүй биз. Жамъянгийн Мөнхбатын “тэмцэгч’’-ийг илэрхийлэх нэг том “имиж” нь түүний шүлэг яруу найраг бичих, түүнийгээ хүнд хүргэж унших чадвар яах аргагүй мөн шиг санагддаг.

“Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчний
Хойморт мандсан нарыг
Дагаж өссөн юм болохоор
Хомоол үнэртсэн тостой бор Монголдоо
Хийморийн гэгээн дарцаг шиг
Дэрвэж өссөн юм болохоор
Гунигийн саарал мананд
Бүдчиж явахын цагт
Нутгийн хөх уулс нь
Салхиараа аргаддаг болохоор
Гурван усны нэрмэлд
Халамцаж явахын цагт
Нулимст хөх уулс нь
Жавраараа алгаддаг болохоор
Өвгөдийнхөө сүнстэй
Эх нутагтаа эзэн нь би”
гэж сэтгэн бодож, олж бичээд түүнийгээ яруу сайхан дуудан уншсан найрагч, яахлаараа мятаршгүй, нигүүлсэнгүй, хичээнгүй, тасралтгүй шинж бүхий эевэргүү зөөлөн тэмцэгч болж чадахгүй гэхсэн бөлгөө. Шударга үнэнч, их зорилгын төлөө “тэмцэгч” байхын буруу чиг гэж юусан билээ.

Гурав. Би түүний бодлын цараа, сэтгэлгээний гүнийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. XXVII Их Хурлаас хойшхи хугацаанд хот хөдөөгүй л болж буй хурал зөвлөгөөн дээр хэлсэн үг яриа хөөрөөг олдож байгаа хэмжээгээр нь уншиж нягтлан, өөрт нэгэнт заяаж одоо гундаж яваа бодол сэтгэлийн хэрээр тунгааж, яруу найрагчийнх нь тухайд бичсэн шүлэг найргийг нь эргүүлж, тойруулан суухдаа ийн дүгнэж буй хэрэг. Амьхандаа өөлж шоолох гэж, хазгай муруй гишгэх аваас матаж муулах гэж л тэр юм уу даа. Бас “Хамрын доорхи хөндлөн хагархай” нь хоёр, гурав болчихсон юм шиг бурж явдаг улс төрчдөөс ялгаа байна уу гэж сорьж байгаа янз нь тэр. Тэрбээр саяхан Дархан-Уул аймагт болсон МАН-ын анхан шатны байгууллагын идэвхтэн сонгуультны зөвлөгөөн дээр дараахь үгийг айлдаж байх юм аа. Тэр нь: Манай нам бол гурван их суурь, үндэс, түшиг хүчтэй улс төрийн байгууллага юм. Манай намын
Тулах хүч бол өвөг дээдэс ахмадууд
Зүтгэх хүч бол идэр залуус, бид нар
Эвлүүлэх хүч нь ээжүүд, эмэгтэйчүүд
гэж.. Мөхөс би үүнийг яах аргагүй өргөн цараатай, гүн алсаассэтгэжбичдэгяруу найраг-чийн бодол ухаарлын, төвлөрөл болбуужин гэж баясан хөөрч сууна.

Түүний “Болор цом-29”-д уншсан “Төрд хэлэх үг” гэдэг шүлэг нь: Төр төлөөлөн суугаа төрийн ажилтан, мяндаг тушаалтан ялангуяа төрийн түшээд гэх Их Хурлын 76, төрийн сүлд, тугандаа сөгдөн мөргөж, тангараг гэх ганц өгүүлбэрийг хэн нэгний удирдлагаар нийтээрээ хэлсэн болж “оронцоглож” байхын оронд харин жинхэнэ төрийн хүний тангараг мэт найраг гэж хэлж болох “том” утга агуулгатай “жижигхээн” шүлгийг төрийн ажилтан бүхэн тодхон бичиж ширээн дээрээ бөххөн шиг тогтоож аваад өглөөнөөс орой болтол харж суувал цээжилчхэж юуны магад тул хурц тод, сайхан үг хэллэгтэй цэцэн мэргэний билэгдэл гэмээр энэ найраг хэрэг болж төрийнхөө төлөө таны төгөлдөр, тунгалаг ажиллахын тань “илд” болж мэднэ.

Энэ гайхалтай, нарийн ур хийцтэй, аугаа гэж хэлж болохоор шүлгийн агуулгыг төрийн ажилтан бүр мөрдөөд хэрэгжүүлчихвэл Монголын төр “Төр шиг төр болох”-ыг хэн байг гэх юм бэ?

“...Төр чамайг мэргэн байх аваас
Төгөлдөр бас тунгалаг байх аваас
Арслантай тамганы чинь дардас хатваас
Цусаараа дэвтээхэд бэлэн
Алтан соёмбо чинь хазайваас
Ясаараа ивж тулахад ч бэлэн”
гэж тангарагласан 35-хан настай залуухан улс төрч, яруу найрагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашаад арван сарын нүүр үзэж байна гэдгийг дуулгах гэж энэхүү таталбарыг бичиж сууна. Миний бичсэн бичээгүй Монгол даяараа мэдэж байгаа нь тодорхой ч “Далайд дуслын төдүй ч хэрэг болж” юуны магад билээ.

Тэрбээр бусдад танигдах гэж зарим нэгэнтэй адил хүн хүнйй өмнө хойно орж гарч “булталзаад” байдаггүй юм шиг ажиглагдсан. Түүний хүмүүст “танигдах”-ын шалтгаан нь тодорхой байх тул, XXVII Их Хурлаас сонгогдсон манай намын Бага хурлын гишүүдийн 55 хувь нь алдаа багатай сонголт хийсэн шиг байна гэж өвгөн би ч баярлан гялайж сууна.

“Сумын мөсөн хэдүй шударга боловч
Онь өдөнгүй бол харваж үл болох
Хөвүүн хэдүй сайн төрөвч
Сургааль үгүй цэцэн үл болох”
гэсэн Их эзэн Богд Чингис хааны мэргэн сургаалаар чин сэтгэлийн сацал өргөн өндөрлөв өө.

Зөнгөөр болох болтугай

Банзрагчийн Намсрай