sonin.mn

Эхнийх нь улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох тухай, хоёр дахь нь намуудын орон байр, өмч хөрөнгийг хурааж цаашид бүгд ижил гараа, ядуу нөхцөлөөс ажиллаж эхлэх тухай асуудал. Сүүлийн жилүүдэд энэ хоёр асуудал идэвхтэй яригдах боллоо. Байж боломгүй ийм зүйлсийг хэн, хэзээ, ямар зорилгоор сэдэж санаачилсныг мөшгөх нь зүйтэй байх.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр “Эхлээд намын тухай хуучин хуулиа шинэчлэх хэрэгтэй. Хуучин хуулийн дагуу байгуулагдсан өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Нам гишүүнчлэлгүй байх эсэхийг шийдье. Намын өмч хөрөнгө, байрны асуудлыг ч шийдье” гэжээ. (Өдрийн сонин 2011 он, №313) Энэ дагуу УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, С.Баярцогт, Л.Цог нараар ахлуулсан ажлын хэсэгбайгуулсан байх юм.

Ажлын хэсэг 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдөр намуудын удирдлагуудтай уулзаж ярилцжээ. “Уулзалтад оролцогсод нам хатуу гишүүнчлэлгүй байх ёстой гэдэг дээр санал нэгджээ” гэж уулзалтыг сурвалжилсан сэтгүүлч бичсэн байна. (“Монголын үнэн”, 2013 он №50)

Улс төрийн мэргэшсэн хутгуур Ц.Элбэгдоржийн энэхүү үл бүтэх “санаачлагыг” хүмүүс тоож элсдэггүй БНН, Эх орон нам зэрэг гишүүний хоосон данстай намуудын удирдлагууд, мөн нам дөрөөлж, эрх мэдэлд хүрч амташсан олигархиуд уухайлан дэмжиж, зарим нь алга ташин баярлацгааж байсан тухай уулзалтын протоколд тэмдэглэжээ.

Гишүүнгүй нам гэгч чухам ямар байгууллага байх нь иргэд төдийгүй улс төрийн намын үүсэл, хөгжил, мөхлийн тухай онол практикийг судалж, эрдмийн зэрэг цол хамгаалсан, намын амьдралд 60 гаруй жил хутгалдсан надад ч ойлгомжгүй юм.

Олигархи Дорж хэдэн зуун мянган дэмжигчтэй “Авралын од” нэртэй нам байгуулснаа зарлах нь гэж би хувьдаа төсөөлж байна. Дэмжигчдийнх нь тоог нотлохоос эхлээд улс төрийн намд тавигдах шалгууруудыг гишүүнгүй ганц хүний нам дааж чадахгүй нь ойлгомжтой. Доржийн адил олигархууд тус тусын намыг уралдан байгуулснаар Монгол Улс хэдэн зуу, магадгүй хэдэн мянган намтай болж мэднэ.

Монголын ард тумний өмч хөрөнгийг .суйлахын төлөө одоогийн хорин хэдэн намын хооронд ямар их талцал, тэмцэл, хагарал, хэрүүл маргаан өрнөж байгаа билээ, тэгэхээр хэдэн зуу, мянган олигархи намын хооронд чухам юу болохыг төсөөлөхөд бэрх. Гишүүнгүй намуудтай болсноос намгүй болсон нь хамаагүй дээр.

УИХ-ын ажлын хэсгээс зохион байгуулсан уг уулзалтад оролцогсдын нэлээд нь намуудын орон байр, өмч хөрөнгийг хураалгаж, цаашид бүгд ижил гараа, адилхан ядуу нөхцөлөөс ажиллаж эхлэх, зарим нь бүүр намыг устгах санал гаргажээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “МАН-ыг устгая, үгүй хийе” гэсэн байх юм (“Өдрийн сонин”, 2013 он, №50). Хувь хүн эд хөрөнгө өмчилж эзэмших эрхтэй байхад эвлэлдэж нэгдсэн хүмүүсийн холбоо-нам эрхгүй байж болно гэж үү.

“Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих юм уу.

Ц.Элбэгдоржийн эдгээр “санаачлага” хуульчлагдаж дэлхийн шившиг болохвий, хүн төрөлхтөний түүхэнд хараар бичигдэх вий гэж өвгөн би туйлын их санаа зовж УИХ-ын гишүүд та нартаа хандаж байгаа минь энэ ээ.

Түүхийн ухааны доктор Н.Цэрэн