Монголын рок поп урлагийн томоохон төлөөлөгч “Хурд” хамтлагийнхан энэ сарын 8-нд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтоор сонсогчиддоо бэлэг барих гэж байгаа билээ. Уран бүтээл бүр нь олны сонсох дуртай дуу болдог тус хамтлагийн гоцлол гитарчин, ая зохиогч, МУГЖ Д. Отгонбаяртай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 
 
-“Хурд” хамтлаг тун удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр шинэхэн тоглолтоороо эмэгтэйчүүдэд бэлэг барих гэж байгаа. Энэ тоглолтын сонин хачнаас хуваалцаач?
 
-Сонин их байна. Ер нь Хурд хамтлаг анх удаа эмэгтэйчүүддээ зориулан бүрэн хэмжээний томоохон тоглолт тоглох гэж байна. Өмнө нь ихэвчлэн жижиг хэмжээний тоглолтыг баярын өдрүүдэд тоглож байсан. Үүгээрээ онцлог. Бүсгүйчүүдийнхээ баярт баяр нэмэх зорилготой ажиллаж байна даа. Манай хамтлагийн уран бүтээлүүдийн дийлэнх нь хайр сэтгэлийн тухай, бүсгүй хүнийг магтан дуулсан, ээжүүддээ зориулсан дуунууд байдаг. Бид эрчүүдийн хамтлаг учраас тэр байх л даа. Тийм учраас хайр дурлал, бүсгүйчүүд, ээжүүдээ магтан дуулсан эдгээр дуунуудаараа энэ онцгой өдөрт хөг нэмэх гэж байгаа юм.
 
-Тоглолт өдрийн 15:00 цагаас эхэлнэ гэсэн. Энэ нь сонирхол их татаж байна л даа. Бүх тоглолтууд дандаа оройн цагаар болдог шүү дээ?
 
-Албаар энэ цагийг сонгосон юм. Тоглолт амралтын өдөр таарч байгаа л даа. Тэгэхээр замын түгжрэлээс авахуулаад асуудалтай шүү дээ. Дээр нь уг тоглолтын эзэд болсон бүсгүйчүүдээ оройн цагаар явуулахыг хүссэнгүй. Өдөр нь тоглолтоо үзчихээд, оройг гэр бүлийнхэнтэй өнгөрүүлэх боломжийг олгож байгаа юм.
 
-Энэ жил “Хурд” хамтлагийнхнаас “Цэргийн бодол” тоглолтыг хүлээж байлаа?
 
-Бид нэг хэсэг гуравдугаар сарын 8, 18-нд жил бүр тоглолт хийдэг байсан. Тэгээд сүүлийн үед өнжлөө л дөө. Учир нь гадаадад тоглолтоор явж таараад байгаа юм. Дэлхийгээр тарсан монгол туургатнууддаа энэ баяр ёслолоор дуугаа хүргэхийг хүсдэг юм. Энэ жилийн хувьд бид энэ сарын 8-нд Улаанбаатар хотдоо тоглочихоод 17,18-нд Дархан хотыг зорино. Дарханд тоглолт хийлгүй арваад жил болчихож. Сонсогчдоос маш их хүсэлт ирсэн. Тэгэхээр энэ жил “Цэргийн бодол” тоглолтоо Дарханд тоглоно гэхэд болно.
 
-“Нарлаг диваажин” цомгийн ажил хэр ахицтай явж байна вэ. Эхний долоо найман дуу цацагдаад эхэлчихсэн байгаа?
 
-Эхний найман дуу сонсогчдын хүртээл болчихсон. Цаана нь 12 дуу байна. Бид "ЕTV" телевизтэй хамтраад шинэ дууны төсөл хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ “Нарлаг диваажин" төслөө үргэлжлүүлнэ. Арав, арван дуунаас бүрдсэн хос цомог гарах болохоор ажил ихтэй л байна. Энэ хавар сонсогчдын гарт очих байх.
 
-“Хурд” хамтлагийн түүхийг өгүүлсэн ном хэвлэгдсэн. Маш өвөрмөц ном болсон байна лээ. Яагаад худалдаанд гаргахгүй байна вэ? 
 
-Худалдаанд гаргаж амжаагүй байна. “Сэлэнгэ пресс”-ийн хамт олон хэвлэсэн. Маш гоё хэвлэсэн. Хамтлагийн, тэр дундаа рок хамтлагийн ном ямар байх ёстойг харуулсан бүтээл болсон. Зөвхөн тайзан дээр тоглодог бид зургаагийн хүч хөдөлмөр биш шүү дээ. Бидний цаана маш олон хүний зүрх сэтгэл хамт бий. Монголын рок попын хөгжлийн нэгээхэн хэсгийгэнэ номноос харж болно. Ирэх дөрөвдүгээр сард цомогтойгоо хамт худалдаанд гаргана.
 
-Бүх цомгуудаа багтаасан black box, алтан пянз, “Хурд” нэрийн гитар, бөмбөр, гитарын цохиур, зүүлт гээд сонсогчиддоо зориулсан “Хурд”-ын бэлэг нэлээд бий. Эдгээрийг худалдаанд гаргаж болдоггүй юм уу?
 
-“Хурд"-ын томоохон тоглолтууд дээр л худалдаалагддаг. Харин гадуур худалдаанд гаргаагүй. Үнэ цэнэтэй зүйл үнэ цэнэтэйгээрээ байсан нь дээр гэж боддог юм.
 
-Энэ удаагийн “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтод хэчнээн дуу дуулагдах бол?
 
-25 орчим дуу дуулагдана.
 
-Шинэ цомогт багтсан дуугаараа энэхүү тоглолтоо нэрлээд байгаа. Тэгэхээр цоо шинэхэн дуу ч сонсогчдын хүртээл болох нь?
 
-Шинэ дуунуудаас дуулагдана.
 
-Хэрэв үгүй байсан бол “Зураг шиг бүсгүй “ гээд ч нэрлэчихэж болох байсан байх?
 
-Тэгвэл бүр сонирхолтой байх байсан ч юмуу /инээв/. Гэхдээ “Инээмсэглэ бүсгүйчүүд” ч гоё нэр. Бүсгүй хүн дандаа инээмсэглэж яваасай гэж хүсдэг юм. Манай ээж ч дандаа инээмсэглэж, бидэнд үргэлж урам хайрлаж явдаг хүн. “Инээмслэ бүсгүйчүүд” дууны шүлгийг Х.Тэргэл гэж гайхалтай яруу найрагч бүсгүй зохиосон. Өөрийнхөө фэйсбүүк хуудастаа энэ шүлгийг байрлуулсан байхад нь би авсан. Дуу болж гарсных нь дараа сонсгоход “Ямар гоё дуу болоо вэ. Миний шүлэг ийм сайхан дуу болно гэж бодоогүй” гэж байсан. Уран бүтээл гэдэг сэтгэлийн нийллэг байдаг. Тэрний л нэг илрэл нь энэхүү дуу юм даа. Түүнээс биш хүчээр дуу хийнэ гэж байхгүй. 
 
-Ингэхэд “Хурд” хамтлагийн залуус ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
 
-Ихэнхдээ л тоглолттой таарчихдаг юм. Аль болох сэтгэл санааг нь амар байлгаж, эрүүл мэндэд нь анхаарахыг л хичээдэг дээ. Манай ээж ер нь эршүүд маягийн хүн. Арван хүү өсгөсөн хүн аргагүй ч юм уу даа. Зөв алхах, зөв амьдрах нь л аав, ээжийгээ баярлуулах хамгийн том бэлэг байх болов уу даа.
 
-Хурд хамтлаг энэ жил хаашаа хаашаа хүлгийн жолоо залах бол?
 
-Ирэх тавдугаар сард Шинжан Уйгурын таван аймгаар тойрч тоглох гэж байна. Өөр яригдсан газрууд их л байна. Европын зарим орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчуудаас ч тоглолт хийх хүсэлтүүд ирж байгаа. Энэ жил гадагшаа нэлээд явах байх.
 
-Гадаадад амьдарч байгаа Монголчуудаас илүү монгол туургатан бусад улсуудын хүлээж авах хандлага ондоо байдаг болов уу?
 
-Дэндүү сайхан хүлээж авдаг. Ялангуяа өвөрмонголчууд биднийг дэндүү дотно хүлээж авдаг. Тэнд тоглолт хийхэд хамгаалалтыг маш өндөр түвшинд гаргадаг юм шүү дээ. Яалт ч үгүй Өвөрмонголчууд манай урлаг соёлынхон, спортынхныг маш их шүтдэг. Улаанбаатарт байгаа сонсогчид бол илүү боломжтой. Бидэнтэй уулзъя гэвэл бэлтгэл дээр хүрээд ирэхэд л болно шүү дээ. Харин тэдэнд тийм боломж ховор байдаг учраас их онцгой хүлээж авдаг юм.
 
-“Нарлаг диваажин” тоглолт төлөвлөгдөж байна уу?
 
-“Нарлаг диваажин” хэмээх шинэ тоглолт төлөвлөгдөж байна. Шоу тоглолт гэж ямар байх ёстойг харуулахаар зорьж байна. Бидэнд гадныхнаас дутаад байх юм нэг их байхгүй. Хөгжмийн техник хэрэгсэл, гэрэл, тайз гээд бүгдийг дэлхийн түвшинд хийж чадна.
 
-“Хурд” хамтлагийнхан гарын шавь нар бэлтгэх бодол байна уу?
 
-1997 оноос би залуучуудтай ажиллаж эхэлсэн. Монголын рок попын ертөнцөд байгаа маш олон залуу гитарчид байна. Харин сүүлийн гурван жил ерөөсөө энэ ажилд анхаарал хандуулсангүй. Ажил ихтэй учраас завдахгүй байна л даа. Би нэг студид байнгын суугаа ажилладаг байсан бол, соло уран бүтээлч байсан бол хажуудаа сургууль байгуулаад явж болох л байх. Гэхдээ яах аргагүй хамт олонтой, хамтлагийн уран бүтээлч учраас болохгүй байна л даа. Хамтлагаараа хийх зүйл их байна. 50 нас гараад ирэхээрээ мундаг шавь нар төрүүлнэ дээ.
 
-Нарлаг диваажин” цомогт орсон дуунуудад “Хурд” хамтлагтай өмнө нь ажиллаж байгаагүй яруу найрагчид хамтран ажилласан байна лээ?
 
-Тэгсэн шүү. Их сонин, өмнө нь ажиллаж байгаагүй, өөрсдийн гэсэн онцлогтой яруу найрагчидтай хамтран ажиллалаа. “Нарлаг диваажин" дууг П.Хэрлэн бичсэн. Энэ дуун дээр бараг дөрвөн жил орчим ажилласан юм шүү дээ. Сүүлдээ Хэрлэн бараг итгэл алдраад надад уурладаг байлаа. Яруу найрагч Б.Ганхүрэл, Х.Тэргэл, Б.Батрэгзэдмаа, Б.Болдсайхан гэх мэтчилэн хүмүүстэй хамтран ажилласан. Аливаа тоглолт болгоны өнгө төрх, амин сүнс гэж бий шүү дээ. Үүнийгээ төсөөлж харчихаад энэ уран бүтээлчидтэй ажилласан.
 
-Тантай номын дэлгүүрүүдэд их олон таарч байсан юм байна. Шинэ уран бүтээлийн санаа номын дэлгүүрт төрөх тохиолдол байх уу?
 
-Номын дэлгүүрүүдээр долоо хоногтоо нэг удаа тойроод орчихдог юм. Гоё шүлгийн номнууд эргүүлнэ. Нөгөө талаар уран бүтээлийн эрэл хайгуул хийгээд л явж байгаа юм. 
 
А.Халиун
Эх сурвалж: "Нийслэл таймс"