sonin.mn
Энэ амьтан сонирхолыг минь яагаад ч юм их татдаг. Хэдэн зуугаас хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьжны аймгийн томоохон төлөөлөгч тэр ухаантай амьтан. Судлаачид шоргоолжийг “нийгэмшсэн” шавьж ч гэх нь бий. Тэд зохион байгуулалт, хатуу дүрэм журамтай амьдардагаараа харин хүнтэй төстэй. Хүн нийгмийн бүтээгдэхүүн бол шоргоолж өөрийн хатан хаант улсын цэрэг нь юм. Энэхүү шавьжны нийгэм хатуу, чанга дэглэмтэй гэдгийг амьтны аймгийн танин мэдэхүйн нэвтрүүлгээс магад та үзэж байсан байх. Маш сонирхолтой шүү.
 
Дэлхий дээр олон төрөл зүйлийн шоргоолж байх бөгөөд бүгд өөрийн хуулиар амьдарна. Хүнээр бол тухайн орны хууль, дүрэмд захирагдахтай адил. Омгийн диилэнх хувийг ажилчин анги бүрдүүлдэг. Тэд бүтээн байгуулж, хоол хүнсээ базааж, шинэ үеийг хүмүүжүүлнэ. Удирдагч нь хатан шоргоолж бөгөөд ихэнх омог нэг л хатантай. Шоргоолжны амьдрал үндсэн хоёр хэсэгт хуваагдана. 
 
Амьдралын эхний хэсэгт тэд тэжээлгээд тааваараа амьдрах бөгөөд энэ нь манцуйтай үе буюу өндөг байх хугацаа юм. Өндөгнүүдийг ажилчин шоргоолжнууд ийш тийш нь зөөж, аманд нь хоол хийж эрхлүүлж өсгөнө. Та шоргоолжны үүрийг нэг бус удаа ажиглаж байсан байх. Тэд биеэсээ ахадсан гэмээр том цагаан зүйлийг нааш цааш нь зөөгөөд завгүй “шогших”-ыг олонтаа харсан биз дээ. 
 
Өндөгнүүдийг нэг өрөөнөөс нөгөө рүү нь шилжүүлж буй нь тэр аж. Биднийг харахад эх толгой нь мэдэгдэхгүй бужигнасан тэдгээр жаахан амьтан хийх ажилгүйдээ ингэж зөөдөггүй юм гэсэн. Өндөгний өсөлт, хөгжлөөс шалтгаалан халуун, чийглэг өрөө рүү өндөгнүүдийг шилжүүлж дараа нь өрөөг цэвэрлэж, ялгадсыг нь гарган хаядаг. 
 
Ганц удаа шилжүүлээд орхихгүй. Бүх өндгийг шоргоолж болтол энэ ажил үргэлжилж, өрөөнөөс өрөө дамжсаар байх болно. Үхтэл үрээ гэх сэтгэл энэ хорвоогийн эцсийн тэмүүлэл ч юм шиг. Өрөө хэсэж эрхэлсэн өндөг том болж эндээс амьдралын хоёр дахь хэсэг үргэлжилнэ. Нас бие гүйцсэн тэд өөрсдөө өндөг үүрээд өрөө хэсэх болно. 
 
Бас бүтээн босгож, анд явж, хоол хүнсээ хуваарилна. Энэ бол шоргоолжны амьдралын хууль юм. Амьтан хүртэл ийм хуулийн дор хичээнгүйлэн зүтгэх нь та бидэнд амьдралыг үнэлэх үнэлэмждээ нэгэн шинэчлэлийг хийх бодлыг төрүүлнэ.
 
Шоргоолж мэт амьдралын төлөөх адитгал
 
Хүний амьдралд бид шоргоолж мэт зүтгэх нь бий. Үр хүүхдийнхээ төлөө нуруун дээрээ хүн бүр ачаа үүрч яваа. Харин зарим талаараа дээр өгүүлсэнчлэн чин шударгаар хичээнгүйлэн, үнэнчээр зүтгэдэг нь юу бол. Ер нь бид тэднээс суралцах зүйл их байна. Өчүүхэн муу шавьжтай хүний дээд төрлийг холбож, суралц гэх нь юу ч билээ гэж та ундууцаж болох юм. Гэхдээ нийтлэлээ үргэлжлүүлэн уншъя.
 
Шоргоолжийг биеийнх нь хөгжлөөс шалтгаалан жижигхэн, дунд зэрэг болон том гэсэн гурван бүлэгт хувааж жижиг биетэйг нь хамгаалалтын албанд томилох бөгөөд өөрөөр хэлбэл тэд цэргийн үүрэг гүйцэтгэдэг байна. Хоол хүнсээ цэвэрлэж, жижиглэж ангилах гэхчлэн цэргүүд хамаг л хар бор ажлыг хийнэ. Асрагчийн ажил гэсэн үг юм уу даа. Үүр засч, сэлбэх зэрэгт үлдсэн хэсэг томилогддог. Гэхдээ энэ албанд нас харгалзаж, эрэмбэ дараа бас үйлчилдэг гэж байгаа. Эхлээд тэд өндөг асарна. Дараа нь барилга, бүтээн босголтод оролцоно гэх мэт.
 
Хүн бүр өөрийн хувь төөргөөр магадгүй нэгэн насны амьдралыг туулдаг ч гэдсээ илж хэвтэх, шоргоолж мэт үнэнчээр зүтгэх гэдэгт бас учир бий. Омгийнхоо төлөө амиа золиослогчид буюу Forelius pusillus хэмээх шоргоолжны омог хатуу чанга сахилгатай аж. "Scienge Now" сэтгүүлд бичсэнээр энэ омгийнхон оройн цагаар цайз буюу үүрнийхээ хаалгыг хааж, бэхэлдэг. Ажиглалтын явцад орой бүр хаалга барьсны дараа цайзны гадна талд хэсэг шоргоолж үлддэг болохыг тогтоожээ. 
 
Санамсаргүй байдлаар эсвэл гадуур тэнэж байгаад хоцорсон хэрэг огт биш гэнэ. Тэд үүрэнд орох гарцуудыг нуун далдалж цаг орчим зогсоо зайгүй ажиллана. Өглөө болоход цайзны гадна үлдсэн шоргоолжнууд ор сураггүй алга болцгооно. Үүний учрыг олохоор судлаачид цайзны гадна үлдсэн 23 шоргоолжийг ажлаа дуусмагц нь шилэн хоргонд хийн хонуулжээ. Өглөө тэднээс зургаа нь л амьд үлдсэн байв. Хэд хэдэн өдөр ийнхүү туршихад тэд амиа хорлодог болохыг нотолжээ. 
 
Гарцаагүй аюул тулгараагүй тохиолдолд ийнхүү амиа хорлох шалтгааныг эрдэмтэд хараахан тогтоогоогүй гэнэ. Түүнчлэн өдөр бүр хэдэн арван цэргийг өнгөлөн далдлалт хийлгэхийн тулд ийнхүү зольж буйн учрыг одоохондоо тайлбарлах аргагүй аж. Хамгийн сонирхолтой нь амиа золиослогч ‘зоригт хөвгүүд’-ийг хэрхэн сонгодог нь оньсого мэт. Зарим судлаачийн үзэж буйгаар өвчтэй шоргоолжуудыг сонгож хамгаалалтын албанд томилдог байж болох гэнэ.
 
Шоргоолжны ертөнцтэй танилцах бүрт сонирхол татаж түүнийхээ хэрээр хүн бид харин юу блээ гэх бсдэл эсрэгээр төрөх нь хачирхалтай. Энэ удаагийнхаа ‘Чөлөөт индэр' булангаар танд илүүтэй танин мэдэх агуулга бүхий нийтлэл хүргэж байгаа ч цаанаа сэтгэлгээний чөлөөт индэрийн нээлттэй хэлэлцүүлэхээр орхив. Та болгооно уу. 
 
Б.Алтанцэцэг
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин