sonin.mn
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Манай улсын эдийн засаг хүнд байдалтай болсон. Үүний нэг илрэл нь Дэлхийн банкны удирдлагууд манай улсад ирсэн явдал гэж үзэх хүн байна. Цаашлаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон гэх юм?
 
-Эдийн засаг нь хүндэрсэн орнуудтай голдуу хамтарч ажилладаг төсөл л дөө. Одоо Дэлхийн банкны гүйцэтгэх захирал ирж байгаа нь дахиж энэ харилцаагаа сэргээх нөхцөл үүссэн гэдэг өнцгөөс харж байгаа. Бидэнд хоёр хувилбар байгаа. Нэг нь манайхны яриад байгаачлан өрийн таазыг байхгүй болгоод дотоодын бүтээгдэхүүнээсээ их хэмжээний өр тавих. Энэ өрөө төлж чадахгүй бол улсынхаа нутаг дэвсгэрийн тодорхой хувийг зарж худалдах нэг арга бий. Нөгөө нь “Стэнд бай”-д хамрагдаад санхүүгийн эрх чөлөө хязгаарлагдмал болох л хөтөлбөр юм шүү дээ. Хүндрэлээс гарах ийм л хоёр арга байна. Засгийн газар чухам алийг нь сонгох гээд байгаа юм. Өнөөдрийн хувьд Засгийн газар нь “Энэ хөтөлбөрт хамрагдаж болно” гэж байхад Монголбанкны ерөнхийлөгч нь “Болохгүй” гээд байгаа юм. Ямар ч байсан Дэлхийн банкныхны уулзалтын төгсгөлийг харъя. Яахав, энд хамрагдахаар өөрийн шийдвэр гаргах эрх чөлөө жаахан хумигддаг ч гэсэн нэлээд хүнд савлагаа үүсэхээс бүсээ чангалж гарахад хэрэгтэй байдаг эд л дээ. Ер нь 2012 оноос эхлээд л эдийн засгийн байдал хүндэрлээ гэдгийг энэ нөхдөд байнга л хэлээд байсан. Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг гэж ардын үг байдаг даа. Манайхан сэгсэрдэг л юм хийж, 2-3 жил яваад өнөөдөр хүнд эмээлтэй моринд мордох тал руугаа явж байна. Харамсалтай.
 
-Таныхаар одоо ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ. Ирэх жилийн төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг гаргахдаа гол нь ямар суурь зохицуулалт хийх хэрэгтэй вэ?
 
-Төсвийн зарлага талдаа их хэмжээний хяналт хийхээс өөр аргагүй байдалд орчихсон шүү дээ. Гаднаас өр, зээл тавих юм ярихын оронд дотоод төсвийнхөө зарлагыг дээд зэргээр танаж, багасгах арга хэмжээ ав. Ингэхгүйгээр явахгүй гэдгийг жишээ нь би байнга л хэлж байгаа. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт ойрын үед сэргэхгүй нь ойлгомжтой. Саяхан АНУ-ын Элчин сайд нэг хурал дээр үг хэлэхдээ “2016 оны сонгууль хүртэл аяганы амсар зуулгахгүй” л гэсэн байна лээ. Ухаангүй бодлого явуулаад байхаар л тийм юм ярьж байгаа юм шүү дээ. Цаашлаад Оюутолгой, Тавантолгой тойрсон асуудлаа нэг тийш болгох хэрэгтэй. Хоёрын хооронд улс төр хийж, хэрүүл хийсээр байгаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгочихлоо. Ер нь энэ эх орончийн худлаа дүр эсгэж, улс эх орныг алдаг байдлаасаа Монголын төр хэзээ холдох юм бол доо. Ийм гэм зэм хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Төмөр замын талаар би зургаан жил ярьж байна. Хөдлөхгүй л байна шүү дээ. Цаад талд нь хариуцлага хүлээх эзэнтэй юм, уг нь. 200-гаад сая ам.долларыг бондын мөнгөнөөс гаргаад зарчихсан. Газар шорооны ажлын 80 хувийг хийсэн гэж ярьдаг. Одоо мөнгөгүй болчихоод яах гэж байна гэхээр хариулдаг хүнгүй болчихлоо. Өмнө нь 2-3 жилд бондын мөнгөөр босгосон далан шороо чинь борооны усанд идэгдээд шаардлага хангахгүй болно. Энэ ойлгомжтой асуудал. Уг нь ажил хийхээр барьж авсан бол дуусгах л хэрэгтэй юм. Ер нь огцом огцом шийдвэр гаргахаас өөр аргагүй шүү. Эдийн засаг, нийгмийн ч тал дээр.
 
-Тавантолгойн гэрээний асуудал юу болчихов. Одоо нэг ажлын хэсгийн дүгнэлт л хүлээсэн байдалтай болчихлоо?
 
-Хөрөнгө оруулалт гэх мэтийг тойрсон муу улс төр хийдгээ болих хэрэгтэй. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай юм л даа. Гэтэл хувийнхныг оруулахгүй болохоор Монгол баяжвал баяжихаар л боллоо. Бүх орд улсын мэдэлд л байгаа шүү дээ. Ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол хумхын тоостой л ижилхэн. Үүнийг чинь эргүүлж хөдөлгөж байж тэр хөрөнгөөр ард түмний амьдрал ахуйг дээш татах юмаа бодох ёстой болохоос худлаа “Би эх орондоо хайртай” гээд тэврээд хэвтээд байвал хэдэн зуу, мянган жил ч байсан хэвтээд л байх хөрөнгө. Ийм юмыг хаагаад байна. Муу улс төр их хийж байна. Том толгой, гол дарга нар муу улс төрийг оройлон удирдаж байна. Болж, бүтэхгүй юмны үнэн учрыг ард түмэнд хэлэхгүй байна. Зүгээр л олон нийтийн тархийг угааж, ирэх сонгуульд болж өгвөл УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчих хүсэлтэй хүмүүс энүүгээр давхиад байна шүү дээ. Энэ УИХ дээр чинь XV зууны баруун Европын гудамжны циркийн ажил явж байна. Уг нь эх орноо ярьдаг хүмүүс ойрын жилүүдэд ард түмнээ яаж авч явахаа давхар хэлэх ёстой. Жишээ нь, мань мэтээс илүү ухаантай байж болно. Түүнийгээ төрийн бодлогод гаргаж ирээд асуудлаа боловсруулж, оруулж ирээд батлуулах ёстой. УИХ-ын гишүүн гэдэг чинь бодлого боловсруулж, түүнийгээ олон нийтэд ойлгуулж, шийдвэр гаргуулж, хэрэгжүүлдэг хүн болохоос хоосон улс төр хийж, жүжиг тавьдаг циркчин биш шүү дээ. Гэтэл үнэндээ ийм л юм болоод байна. Ингэж заваарсаар байгаад улсыг хүндрүүлчихлээ.
 
-Энэ хаврын чуулганы хугацаанд Тавантолгойг эцэслэх боломж танд харагдаж байна уу?
 
-Би хувьдаа бараг чадахгүй байх гэж харж байгаа.
 
-Эдийн засаг хүндэрснийг хэн хүнгүй л хэлж байна. Гэтэл ойрын хугацаанд сэргэлт харагдаж байна уу?
 
-Миний ажиллаж байсан Засгийн газруудын үед эдийн засаг ингэж савлаж байгаагүй юм. 2008 оны засаг бий болсны дараа АНУ-ын моргэйжийн хямралыг дагасан жижигхэн хөдөлгөөн 2008 оны төгсгөл 2009 оны эхээр болсон. Тэр үед 2-3-хан шийдвэр гаргаад л хүндрэлийг гэтэлгэн давж болж байсан. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 17 хувьтай байлаа. Монголбанкны нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар байсан. Гэтэл өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гаднаас асар их хэмжээний бондын зээл авч ирчихээд байхад ам.долларын савлагаа үүсээд Монголбанкных нь нөөц байхгүй болчихлоо. Эцсийн дүндээ удирдах чадваргүй явдал улс орныг ийм байдалд хүргэж байгаа юм. Хэтэрхий их савдаг, ард түмнийхээ жаргал зовлонг ойлгодоггүй хүмүүс “харанхуй” муушиг тоглож байгаа юм шиг улсаараа тоглосны үр дүн ингэж гарч байна. Надад үнэндээ харамсалтай санагдаад байгаа юм л даа. 20-иод жил Монголын ард түмэн төртэйгөө зүтгэж байж бий болгосон жаахан нааштай байдлаа хоёрхон жилийн дотор саваад доош нь унагачихлаа. Үүнийг чинь дахиж босгоход наад тал нь арван жил хэрэгтэй. Ийм юм болоод байгаа болохоор л би УИХ дээр хүнд хэлбэрийн зүйл яриад байгаа юм шүү дээ. “Болохгүй” гэж хэлээд байхад “Болно” гэж цэцэрхсээр байгаад бүгдийг нураачихлаа. Зөвхөн нэг жишээ татахад, энэ хуулийн салбарыг хоёрхон жилд яаж нураав. Эргээд хар. Гаргасан бүх хууль нь “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг Цэцийн дүгнэлт гараад дууслаа. Гэтэл энэ хооронд ямар их хөрөнгө энэ бүхнийг дагаж урсч байна гэж бодож байна.Тэгсэн мөртлөө боссон юм байхгүй.
 
-2008 оны хямралыг давахын тулд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна өөр ямар шийдвэрүүд гаргаж байсан юм бэ?
 
-2008 онд энэ хөтөлбөрт ороогүй юм. Нэг талдаа төсвийн зарлагыг өсгөхгүй байх шийдвэрийг 2009 онд гаргаж байсан. Хоёрдугаарт, гол хийсэн зүйл нь хадгаламжид улсын баталгаа гаргасан явдал. Ийм хоёр арга хэмжээ авч байв. Тухайн үед буюу 2008 онд нэг ам.доллар 1120 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэр үеийн савлагаа дууссаны дараа буюу 2010 онд 1380 төгрөг болсон юм. Энэ тоо хадгалагдаж байгаад Н.Алтанхуягийн засаг гарч ирээд 2013 оны долдугаар сарын 20-доос эхлээд ам.долларын ханшийг нисгэчихснийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр гэдэг тэнэг юмных нь ид шид ам.долларын ханшийн өсөлт болж хувирсан юм шүү дээ. Миний хувьд “Та нар ийм юм хийж болохгүй” гэж зөндөө хэлсэн. “Монголбанк, Засгийн газрын халаасанд орчихлоо, ингэж огт болохгүй” гээд л байсан. Угтаа Монголбанк засгаас хол байх ёстой, “Улс төрийн зорилгоор хэдэн төгрөгөө дуусгалаа, энэ чинь эргээд хямрал дагуулна шүү” гэж хэлсээр байтал эд нар хийсэн дээ. “Монголбанк чинь Засгийн газрын кассчны үүрэг гүйцэтгэж байна, сонгуулийн үеэр улс төр хийж, мөнгө зарж байна” гэж хэлсээр байтал үр дүн нь ам.долларын ханш 700 төгрөгөөр нэмэгдсэн явдал. Энэ бол нэг айл өдөрт гурван талх иддэг байсан бол нэгийг нь замаас нь байхгүй болгочихож байгаа хэрэг. Бүх аж ахуйн нэгж ам.долларын ханшийн өсөлтөд дарагдаж унаж байгаа юм. Одоо давхар хүндрэл гарч ирнэ. Барилгын салбарт дутуу баригдсан барилгуудад хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг хэцүү. Яагаад гэвэл эх үүсвэр байхгүйгээс гадна банкууд зээл өгөхөө больсон. Үүнийг дагасан гинжин урвал нь тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болно. Барилгуудын чанарт асуудал үүснэ гэх мэтээр үргэлжилнэ. Ерөөсөө л улсыг удирдаж чадахгүй байгаа нь ийм байдалд хүргэж байна.
 
-Өнөөдрийн байдлаар МАН, АН хоёр засагт хамтарсан байгаа. Ингээд ч эерэг үр дүн харагдахгүй байна гэж үү?
 
-Наана чинь эдийн засгаас гадна улстөрийн асуудал байсан. Сонгуульд олонхийн суудал авсан хүчин улс төрийнхөө хариуцлагыг тэр дөрвөн жилдээ хүлээх л ёстой юм. Тэртэй тэргүй эдийн засгийн байдлыг хүндрүүлээд хаячихсан. Ийм үед МАН засагт хамтарлаа гээд ид шидийн сайд нар гарч ирэхгүй шүү дээ. Зүгээр улс төрийн тэмцэл нь жаахан намжиж, үүнийг дагасан уналтын хурд бага зэрэг саарсан байхыг би үгүйсгэхгүй. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь Ч.Сайханбилэгийн нуруун дээр байдаг юм л даа. Ерөнхий сайд хэн байхаас асар их юм шалтгаална. Ерөнхий сайд нь огцроход Засгийн газар дагаад огцордгийн цаад агуулга нь тэр. Ямар ч тохиолдолд Ерөнхий сайд л гол шийдвэрийг гаргадаг. Тэгэхээр жишээ нь, АН Ерөнхий сайдаа дэмжиж байгаа зүйл огт харагдахгүй байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод Хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг УИХ-д танилцуулсан. Үүнд их тодорхой олон санал байсан. Жишээ нь, би үүний заримыг зайлшгүй ажил хэрэг болгох хэрэгтэй гэж үзэж байсан. Гэтэл УИХ дээр оруулаад ирэнгүүт нэг хэсэг саналыг нь АН, нөгөөг нь МАН, үлдсэн хэсгийг нь эвслийнхэн унагачихсан. Энэ чинь цаанаа юу болж байна гэхээр Ерөнхий сайдын хүлээх хариуцлагыг УИХ өөр дээрээ авч байна л гэсэн үг шүү дээ. Тиймээс УИХ-тай өөртэй нь хариуцлага ярих ёстой юм.
 
-УИХ-тай хариуцлага яриад эерэг өөрчлөлт гарах юм уу. Дахиад л баахан бужигнаан болох юм биш үү?
 
-Яг үнэндээ УИХ цаг нь болоогүй байхад сонгуулийн цикль рүү орчихлоо. Одоо наад эх орон яриад байгаа хүмүүс чинь юун тэр улс орны хөгжил, хамаагүй шүү дээ. Эд чинь дараагийн сонгуульд яаж гарах вэ гэдэг муу юмаа л хэрэглэж байгаа болохоос өөр зүйл байхгүй.
 
-Төгрөгийн ханш өндөр байх нь зөв юмуу эсвэл чанга байх хэрэгтэй юм уу. Үйлдвэржсэн орнууд үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг сулруулж байж сэргэдэг гэх юм. Оросод сая рублийн ханш сулрахад Путин “Эдийн засаг төрөлжихөд тустай” гэдэг зүйлийг ярьсан шүү дээ?
 
-Наадах чинь худлаа. Бензиний үнийн уналт буюу баррель нефтийн үнэ 2.5 дахин уначихаж байна. Түүнээс үүдэлтэй рублийн ханшийн уналт. Хоёрдугаар гол шалтгаан нь эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай л холбоотой юм. Түүнээс үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаснаар эдийн засгийн өсөлт гардаг гэж хаашаа харсан юм байдаг юм.
 
М.Өнөржаргал
 
Эх сурвалж: unen.mn