sonin.mn
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.
 
-Бага боловсролын цөм хөтөлбөр орон даяар хэрэгжлээ. Ажлаа тайлагнасан багш нарын улсын зөвлөгөөн ч боллоо. Хөтөлбөрийн үр дүнг юу гэж харж байна вэ?
 
-Бага боловсролын цөм хөтөлбөрийн үндсэн зорилго нь хүүхэд бүрийг хөгжих нөхцлийг бүхий л талаас нь бүрдүүлэх юм. Бага боловсрол өмнө нь 90 хувийг багш заадаг байсан бол одоо хичээлийн 70-90 хувьд нь хүүхэд өөрөө оролцож, мэдлэг, чадвараа бүтээдэг болсон. 
 
Энэ арга зүйн өөрчлөлттэй уялдуулаад орон нутгийн сургуулийн хөтөлбөр нэмэлт агуулгаар баяжуулж болно гэдэг эрхийг нь мөн өгсөн. Тиймээс манай багш бүрийн хувьд өөр өөрийнхөөрөө яаж хүүхэд бүрээ хөгжүүлж болох вэ гэдэг боломжийг хайж, боломжоо өөрөө өөрсөддөө гаргаж чадсан нь бага боловсролын цөм хөтөлбөрийн хамгийн давуу тал нь юм.
 
-Тухбайлбал?
 
-Жишээ нь Дорноговь аймаг бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ яг эх хэл дээрээ суурилаад нутгийнхаа онцлог буюу Данзанравжаа хутагтынхаа зохиол, яруу найраг, бүтээлтэй холбогдуулсан байгаа юм. Орон нутгийн бүх шатны байгууллагууд, ахмадууд, нутгийн зөвлөл гээд бүх хүмүүсээ оролцуулаад орон нутгийн оролцоо болоод давуу тал дээр суурилаад хүүхдээ хүмүүжүүлэх хөтөлбөр хийсэн байна л даа. 
 
Энэ нь зөвхөн хүүхэд өөрөө уран яруу унших, мэдээд дуусах биш тэр аймгийн ард түмнийг соён гэгээрүүлэх ажил. Орон нутаг болон багшид эрх мэдэл өгөгдсөнөөр дамжуулаад магадгүй маш богино хугацаанд давуу тал ирсэн байна. 
 
Мөн бага боловсролын цөм хөтөлбөрийн бас нэг онцлог нь эцэг эхчүүдийн оролцоо асар их сайжирсан. Нэг талаасаа магадгүй багш нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ажиллахгүй байна. Эцэг, эхчүүд багш сайн ажиллахгүй байна гэсэн зөрчил байсан бол одоо нэгдэж, нийлээд хүүхдээ хөгжүүлэхийн тулд ингэе гээд санаачлагатай байдаг болсон нь том давуу тал.
 
-Хүүхдүүд дээр ямар өөрчлөлт гарсан бэ?
 
-Ерөөсөө хүний насан туршийн нь суурь чадвар, амжилттай ажиллаж, амьдрах гол зүйл нь харилцааны ур чадвар шүү дээ. Тэгэхээр суурь ур чадварын хувьд хүн хоорондын харилцаа, багштайгаа харилцах харилцаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл гээд хүүхдүүд дээр маш бодитой өөрч-лөлтүүд гарч байна л даа. 
 
Энэ бол бага боловсролын цөм хөтөлбөрийн гол үр дүн. Бид саяхан нийт 365 сумын 284 сум, нийслэлийн бүх сургууль дээр очиж бага боловсролынхоо шинэчлэсэн хөтөлбөрийн мониторинг буюу үнэлгээ, дэмжин туслах ажпыг хийлээ.
 
-Амьдрах суурь ур чадварыг дэлгэрүүлэхгүй юу?
 
-Иргэний боловсролын хичээл дээр ёс суртхууны цагтай болсоноор хүн болгоны санаа зовоод байдаг төлөвшил, хүмүүжил гэдэг зүйл шийдэгдэж байна. Зөвхөн тэгэх ёстой гэж заадаг биш сурагч өөрөө ухаарч, таньж мэдэж, шийдвэр гаргаж хэн болох вэ, юу буруу, юу зөв бэ гэдэг шийдвэрийг гаргаж байна. Нөгөө талаас амьдрах чадварт суралцах үйл ажиллагаанд хүүхэд асуудлыг олоод түүнийхээ дагуу судалгаа хийх бий. 
 
Одоо Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн тавдугаар ангийнхан амьдрах чадварт суралцах үйл ажиллагаагаараа “Бид дунд ангид ороход бэлэн үү” гэдэг ийм бүтэн улирлын амьдрах чадварт суралцах сэдэв сонгож хийсэн байна билээ. Энэ сэдвийнхээ хүрээнд хүүхдүүд зургадугаар ангид ороход үдийн цайг өөрөө төлөх учраас ядаж 1300 төгрөгтэй байх хэрэгтэй юм байна. 
 
Сурах бичиг, дүрэмт хувцас хаана ямар үнэтэй байгаа үнийн судалгаа явуулсан байсан. Мөн зургадугаар ангид дааж авах багшдаа “Бид дуулж, бүжиглэж чаддаг. Монгол хэлний хичээл, математиктаа ийм” гээд бүх өөрсдийн чаддаг юмны тайланг тавиад “Та зургадугаар ангид ороход биднийг суралцуулах талаар ямар төлөвлөгөө боловсруулж
байна” гэж асууж байгаа юм.
 
Түүнчлэн зургадугаар ангид бэлэн үү гэдэг хүрээнд эцэг эхчүүдээсээ судалгаа авсан байгаа юм. Гэтэл нийт эцэг, эхчүүдийн 86 хувь нь дунд ангийн тухай ойлголтгүй байдаг юм байна. Дунд ангид орохоор хүүхдүүд том болчихлоо гэж боддог юм байна. Тиймээс дунд ангид хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. 
 
Энэ мэтчилэнгээр нийт улсын хэмжээнд аваад үзэхэд бага боловсролын шинэчлэл 70 орчим хувь нь бол хангалттай хэрэгжиж байна гэсэн дүгнэлт бид хийсэн. Мөн 20 орчим хувь нь хангалттай сайн. Бас гарцаагүй дэмжлэг шаардлагатай хэсэг бол 10 хувь байгаа. 
 
Дэмжлэг шаардлагатай хэсэгт тодорхой хэмжээний сургуулийн менежмент, удирдлага, багш нарын соёл, харилцаа, хандлага гээд олон зйүлээс шалтгаалж байна л даа. Гэхдээ нэг жилийн хугацаанд бага боловсролын цөм хөтөлбөр хангалттай сайн хэрэгжлээ.
 
-Багш нар хамтарч хичээлээ бэлддэг болсон байна билээ?
 
-Бид зөвхөн ингэх ёстой гэж багш нарт заах гэдгээс илүүгээр хүүхэд үйлийнхээ явцад суралцаж байгаа бол багш ч үйлийнхээ явцад суралцах ёстой юм гэж байгаа. Тиймээс сайн хичээлийн үйл ажиллагаа улсын зөвлөгөөнийг намраас хойш хийлээ. Энэ хүрээнд 10 мянга орчим хичээл заагдаж сай-жирч явсан. Нэг хичээлийг доод тал нь нэг багш таван удаа зааж байгаа. Тэгэж байж сайжирна. 
 
Тодруулбал, таван багш нийлээд математикийн энгийн бутархайг заах гэж байгаа бол нэг нэгнийхээ хичээл дээр суугаад хамтарч бэлдээд явна гэсэн үг. Туяа гэдэг багш л сайн багш гэгдэх биш бүх багш сайн болох ёстой гэсэн шаардлага тавьсан. Хамтран ажиллаж, харилцан суралцсанаараа багш болгон чанартай болно.
 
Сайн хичээлээр хангах улсын зөвлөгөөн гэдэг юмыг заах аргын нэгдлээсээ эхлээд бүс, аймаг, дүүрэг, нийслэл гээд улсын хэмжээнд хичээлүүдийг нэгтгэсэн. Тэр сайн хичээлүүдээ видео болгоод бүх багш нартаа түгээгээд багш нар тэндээсээ суралцаад явж байна. Энэ бол дэлхий нийтийн хамгийн сайн жишиг юм л даа. Ийм учраас нэлээд амжилт гарсан гэж харж байна.
 
-Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажил хэрхэн хийгдэж байгаа талаар?
 
-Суурь боловсролын хувьд улсын хэмжээнд 40 лаборатори сургууль дээрээ туршигдаад одоо үндэсний хэмжээний цөм хөтөлбөр батлагдах түвшинд очсон. Сурах бичиг бичигдэж байгаа үйл ажиллагаа явагдаж байна.
 
-Хичээлийн агуулга нь багассан уу?
 
-Лаборатори сургуулийн хичээлийн төлөвлөгөөгөөр сургахад цагийн хувьд багассан. Гэхдээ өмнө нь ердийн сургуулиудын мөрдөж байсан сургалтын төлөвлөгөөн дээр байгалийн ухааны цаг нэмэгдсэн. Монголын түүх, монгол бичиг нэмэгдсэн. Орос хэлний хувьд есдүгээр ангидаа дахиад 35 цаг нэмэгдээд байгаа. 
 
Үүгээрээ уламжлаад хичээлүүдийн хоорондын агуулгын интеграц, арга зүйн интеграцийн тал дээр нэлээд дэвшил явагдаж байна. Иргэний боловсрол, ёс суртхууны цагаар амьдрах чадварын хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа мөн сургалтын төлөвлөгөөнд орж өгч байгаа.
 
Суурь боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хийхдээ бид 21 аймаг тус бүрийн хамгийн цөөхөн, олон, дунд зэргийн хүүхэдтэй гурван сургуулиас энэ сургалтын төлөвлөгөө хэрэгжихэд бэрхшээл гарах уу гэсэн судалгааг авсан. Нийслэлийн 16 сургуулиас мөн авсан байгаа. 40 сургууль дээр цөм хөтөлбөр туршигдаад туршилтын явцын алдаа, онооны саналуудаа аваад одоо нэгтгэж дүгнэх шатандаа явж байна. 
 
Суурь боловсролын сургалтын хувьд бид цаашдаа олон улсад магадлан итгэмжлэгдэх гэж байгаа учраас ялангуяа олон улсын чанарт анхаарсан. Гэхдээ үндэсний онцлогийг суулгаж өгсөн байгаа.
 
-Цаашдаа ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэнэ. Сургууль төгсөхөд ерөнхий боловсролын хүүхэд сургууль төгсөхөд ийм болсон байх ёстой гээд элсэлтийн ерөнхий шалгалт дээр шаардлагаа тавьдаг. Тэр шинэчлэлийн дараа өөрчлөгдөх үү?
 
-Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр бүрэн дунд буюу ахлах ангийн хөтөлбөр төрөлжсөн сонголттой, уян хатан байна гэсэн байгаа. Тийм учраас хүүхдүүд тухайлбал, хоёр хичээлээр гүнзгийрч болно. Гурван хичээл сонгон судалж болно. Тэгээд заавал судлах гэж хичээлүүд орж ирнэ. Тухайн хүүхэд ирээдүйд нийгмийн ухаанаар гүнзгийрч байгаа бол тодорхой хэмжээнд байгалийн ухаанаа сонгож үзэж болно. 
 
Аль чиглэлд явахаас шалтгаалаад сонголтоо хийх боломжийг хүүхдүүдэд олгоно. Мөн ахлах ангийн хөтөлбөр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын сан өөрчлөгдөнө. Одоо бол арван судлагдахуунаар арван тусдаа шалгалт авч байна шүү дээ. Энэ таван багц руу шилжинэ. Гурван жилийн дараа гэхэд элсэлтийн ерөнхий шапгапт нь ахлах ангийнхаа хөтөлбөртэй уялдаад өөрчлөгдөнө. 
 
Ерөн-хийдөө заавал судлах, сонгох, гүнзгийрэх гэсэн гурван агуулга байх юм. Заавал судлах түвшинд яам батлана. Сонгохыг бас тодорхой хэмжээнд яам батлана. Харин гүнзгийрэхийг тухайн сургуульд илүү эрхийг нь өгөх ийм зүйл рүү чиглэж байна.
 
-Бэрхшээлийг тооцож үзсэн үү?
 
-Сумын сургууль ч гэх юм уу жижиг сургуулиуд анхаарал татаж байна. Хүүхдүүдэд багшаа сонгох, хичээлээ сонгох эрхийг нь олгоод эхлэхээр жижиг сургуулиуд дээр яах вэ гэдэг том асуудал гарч ирж байгаа. 100 гаруй сумын бүрэн дунд сургууль байна л даа. Энэ зүйлийг бид үе шаттай шийдэх хэрхэн шийдэх вэ гэдэг дээр гарц, боломжуудыг гаргаж турших ажил хийнэ.
 
-Өнгөрсөн хугацаанд багш нараас багшаар ажиллах эрхийн шалгалт авдаг болсон. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт боловсролын шинэчлэлийн хүрээнд орон даяар сургалт хийсэн. Цаашдаа багшийг мэргэжүүлэх, сургах талаар ямар ажлууд хийгдэх бол?
 
-Хамгийн эхэнд манай багш нарын хувьд үнэхээр хүүхэд бүрийн хөгжлийн төлөө гэсэн итгэл үнэмшлээр ажиллаж байгаад нь онцгойлж талархаж, баяр хүргэмээр байгаа. Цаашлаад бүх багш нарын хувьд тодорхой хэмжээний мэргэжлийн шалгуур, ур чадварын шалгуур, ерөнхий зүйлийг шалгахаас гадна яаж өөрсдөө хүүхдээ судлангаа мастерийн зэрэг авч болдог байх вэ. 
 
Хүүхдээ судлангаа олсон тэр бүтээлээрээ докторын зэрэг авч болдог боломж олгох вэ гэдэг дээр ажиллана. Багш өөрөө судлаач байх ёстой. Багш өөрөө хүүхдээ оношлох ёстой гэдэг багшийн үндсэн шалгуур болж цаашдаа тавигдаж байна л даа. 
 
Тэгэхээр бид 2024 он гэхэд Монгол Улсын нийт багш нарын 70 хувь нь хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйн технологийг оношлох, үнэлэх чиглэлээр мэргэшсэн байх хэрэгтэй гэдэг. Тийм учраас нийт багш нарынхаа 70 хувийг энэ чиглэлээр мастерийн зэрэг хамгаалах ёстой гэдэг шаардлагыг тавиад явж байна.
 
Үүний тулд манай багш нарын ажлаа хийх явцад хүүхэд дээр гарч байгаа өөрчлөлт, өөрийнх нь хи-чээлийн арга зүй нь цаашлаад мэргэжлийн зэрэг, ур чадвар ахих боломж болох юм. Ажлаа хийнгээ өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх, тэр бүх зүйл боломжийг бүрдүүлэх тал дээр ажиллана.
 
Тиймээс ялангуяа сургуулийн заах аргын нэгдлийн түвшинд багш нар хамтын ажиллагаагаа сайн болгох тусмаа, харилцан биенээсээ сурах тусмаа багшийн ур чадвар маш богино хугацаанд хөгжиж болох юм гэдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд харж байна л даа. Үнэхээр боломжтой юм байна.
 
Мөн манай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд үнэхээр шинэчилсэн хөтөлбөр амжилттай хэрэгжих гол суурь боллоо. Очоогүй сургууль, багш гэж бараг байхгүй. Бүх хүнээ хамруулж чадсан нь Монгол Улсын түүхэнд байгаагүй онцгой амжилт л даа. 
 
Цаашид бид хэрхэн багшийнхаа хөгжих, боловсрох боломжийг илүү нээлттэй, уян хатан болгох, зөвхөн хүнээс юм сонсдог биш өөрсдөө бүтээгээд түүнийгээ түгээдэг болох тал дээр туслах үүднээс тодорхой хэмжээний портайл сайтууд, онлайн сургалтуудыг санаачлаад явж байгаа. Энэ болгоныг илүү нээлттэй болгоод эхлэнгүүт манай багш нар ч, манай БМДИ ч аль аль талдаа тэр хөгжлийн хувьд илүү хурдтай явах боломжтой болно гэж найдаж байна.
 
Ж.Баярсайхан
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин