Бизнесийн ашиг гэхээсээ илүү сэтгэлийн дуудлага, нийгмийн ашгаа харж барилга барьдаг гэж ярьдаг "Гандирс" компаний ерөнхий захирал Ц.Эрдэнэчулууныг экс гишүүн УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эхнэр гэдгийг олон нийт эртнээс мэдэх болсон. Учир нь нэрнээсээ авахуулаад гоёлчилж чамирхах нь илүүтэй тус компаний хотын төвд их дэлгүүрийн ард сүндэрлүүлсэн гоёмсог барилгыг нь казиногийн зориулалтаар баригдсан гэдгээс эхлээд ашиг сонирхлын үүдэлтэй хэл ам огт тасардаггүй.

Насаараа төрд алба хашсан экс гишүүн эхнэрийнхээ бизнест хуруу хумсаа хуйхлах шахам тус дэм болсоор байдаг ч эрхэлдэг бизнес шигээ амаргүй зан авиртай Ц.Эрдэнэчулуун хатагтай үгийг нь сонсохооргүй эрх дархтай гэгддэг. Уг нь Ц.Шаравдорж БХЯ-ны сайдаар ажиллаж байхдаа Хятадаас 20 сая юаны үнэ бүхий барилгын материал салбарынхаа ажилд авч, түүнээс нь "Гандирс" бизнестээ хөл болгон боссоныг өдгөө ч яамныхан ярьдаг.

90-ээд онд бага сага наймаанаас шангаа татаж байсан хатагтай Ц.Эрдэнэчулуун одоогийн бизнесээ төрийн ямар ч хамааралгүй хийдэг тухайгаа сайрхдаг. Яг үнэндээ төрийн өндөр алба хашиж яваа нөхрийнхөө нөмөр нөөлгөөр асуудалгүй ажлаа бүтээдгийг нь барилгын салбарт дарга даамлуудын хүнд сурталд аль муугаа үздэг бусад бизнесменүүд нь ярьдаг.

Өдгөө Солонгосчуудтай үй зайгүй түншлэн, гэрээр нь цаг үргэлж дайлуулж цайлуулах болсон Хангүг зочдын хөлд Ц. Шаравдорж даргых дарагдаастай байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 3 тэрбумын өртэйгээ мэдэгдэж байсан экс гишүүний гэргийн Хадгаламж банкин дахь өр зээл хэрээс хэтэрч барьцаанд    тавьсан хөрөнгийг нь зарж эхлээд байна.

"Гандирс" компаний Өмнөговь болон Дорноговь аймгуудад барьж ашиглалтанд оруулсан 6 давхар зочид буудлуудыг нь Хадгаламж банк өрөндөө ийнхүү борлуулж байна. "Хөгжлийг хөдөөнөөс эхэлье" нэртэй төслийн дор дээрх хоёр аймгаас гадна баруун аймгуудад үргэлжлүүлэн барилгууд барихаар төлөвлөөд байсан юм.

Барилгын бизнест нөхрийнхөө нөлөөгөөр хүчээ авч, ашиг орлогыг хүүдийлж байсан "Гандирс"-ын хатагтайг "Шунал нь ихдээд" гэх хүн ч олон байна. Сүүлийн үед өөрийгөө болон нөхрөө амаа олохгүй магтаж улс төр, нийгмийн амьдралд идэвхийлэх болсны учир ч зах сэжүүрээсээ цухуйж эхлэв.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин