sonin.mn
ПХЕНЬЯН. /AP/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.
 
Хоёр орны хил дээр байрлуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа Өмнөд Солонгос унтраахгүй бол “шийдвэртэй байлдааны ажиллагаанд” армийн тэргүүний анги нэгтгэлүүд бэлэн байх ёстой. Энэ тушаалыг наймдугаар сарын 20-нд буюу пүрэв гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Цэргийн төв комиссын яаралтай хурлын дараа гаргасан байна.
 
Тус хороо хоёр Солонгос пүрэв гарагт их буугаар харилцан гал нээсний дараа хуралджээ. Харилцан гал нээх үеэр хүний амь эрстээгүй байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ мөн улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хурлыг зарлан хуралдуулжээ. Түүнчлэн цэргүүдээ байлдааны бэлэн байдалд оруулсан байна.
 
Хоёр орны хил дээр байрлуулсан Өмнөд Солонгосын суртал ухуулгын чанга яригчууд руу гал нээхэд бэлэн буйгаа Умард Солонгосын удирдагч өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Сүүлийн 11 жил асаагаагүй байсан суртал ухуулгын чанга яригчуудыг Өмнөд Солонгосын эрх баригчдын тушаалаар асаажээ. 
 
Цэрэггүй бүсэд байрлуулсан минад хоёр цэрэг нь өртсөний дараа Өмнөд Солонгосын эрх баригчид ийм арга хэмжээ авсан байна. Үүнээс гадна, АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүд наймдугаар сарын 17-ноос эхлэн хамтарсан сургуулилт хийж эхэлсэн юм. Пхеньян энэ сургуулилтыг улсад нь халдан орох бэлтгэл гэж мэдэгджээ.
 
1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараа найрамдлын гэрээ байгуулаагүй учир хоёр Солонгос одоог хүртэл дайнд байдалд байгаа билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг