sonin.mn
11-р сарын 13-ны өдөр “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатаан амиа егүүтгэхийг оролдсон онцгой эсэргүүцэл гарсан билээ. Энэ нь С.Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгч нөхдийн урт удаан хугацааны тэмцэл, төр засгийн хариуцлагагүй, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлсэн үйл ажиллагаанаас үүдсэн, цөхрөн бухимдсан үйлдэл юм. 

Тавантолгойн орд нь буруутай улс төрчид, будлиантай олигархууд, булхайтай харийнхны бохир тоглоом, бузар хуйвалдааны талбар болсоор ирлээ. Анх нууцаар хэдхэн олигархи ордыг мэдэлдээ авсан байсан бөгөөд, баялаг бүтээхийн оронд тухайн мөчид л хэдэн төгрөгтэй болохыг улайран зорьж, харьд хямд үнээр зарж үрэх гэж байсан.
 
“Төр тэднээс хураан авч, ард түмэнд тэгш хувааж өгөх боллоо” гэсэн популизм, бүтээн байгуулах биш тарааж сүйтгэх бодлоготой мөр зэрэгцэн гарч ирсэн. Энэ нь хэрэг дээрээ Тавантолгойг сэм 10 хуваан урвагчид-харийнхны саварт өгч, чанар муу нүүрстэй, хамгийн жижиг хэсгийг буюу аравны нэгийг нь ард түмэнд хувааж өгөх асуудал болж хувирсан. Гэтэл сүүлдээ бүр тэрхүү аравны нэгийнхээ аравны нэгийг буюу уг ордын зууны нэгийг ард түмэнд хувьцаагаар хувааж өгөх юм болж хувирсан.
 
Ард түмэнд өгнө гэсэн хэсэг дээр суурилан “Эрдэнэс-Тавантолгой” төрийн компанийг байгуулсан. Гэтэл улс төрчид явуургүй популизм хийсний дүнд “Чалко” компаниас мөнгө зээлж, оронд нь хямд үнээр нүүрс нийлүүлж төлөх болсон.
 
“Эрдэнэс-Тавантолгой” нүүрс олборлох ажлаа австралийн компаниар гүйцэтгүүлэх болсон. Гэтэл засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой”-н эсрэг үйл ажиллагаа явуулж, ажлыг нь унаган, “Энержи ресурс” компани бүр ч хямд нүүрс Хятадад нийлүүлж сөргөөр нөлөөлж байсан. Өөр олон энэ мэт хорон үйлдлүүдээс болж “Эрдэнэс-Тавантолгой” компани хүнд байдалд орсон.

Үүнийг хүлээж байсан улс төрчид “Эрдэнэс-Тавантолгой”-г хувьчлах асуудлыг зүтгүүлсэн. Хятадын “Шэнхуа”, Монголын “Энержи ресурс” компанид өгөх юм яригдсан. Монгол улсад гадаадаас оруулах хөрөнгийн 30%-иас илүүг нэг улсын хөрөнгө оруулагчид гаргаж болохгүй гэсэн ҮАБҮБ-ыг энэ нь зөрчсөн. Хятадын ихээхэн хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” ч алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр, авах хувиа Хятадын компанид өрөндөө өгнө гэх мэдээлэл түгсэн.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ажилчдаа олборлол явуулах хятадын компанид эд хогшил, мал адгуус шилжүүлж байгаа юм шиг, ажилчдынхаа эрх ашиг, санал бодлыг харгалзалгүйгээр шилжүүлсэн хэрэг гарсан. Энэ ажилчид олон сар цалин хөлсгүй, үр хүүхэд ар гэр нь өлсгөлөнд нэрвэгдээд байгааг ҮЭ-ийн тэмцэгчид мэдэгдсэн.
С.Эрдэнэ нар энэ бүхнийг эсэргүүцэн тэмцэж ирсэн.
 
Тэрбээр, Ч.Сайханбилэгийн бодлого, М.Энхсайханы явуулга, С.Баярцогтын гардан гүйцэтгэсэн ажил “Эрдэнэс Тавантолгой” компанийг сөнөөсөн гэж дүгнэж, хохирсон ажилчдын төлөө тэмцэхийг, ард түмний баялаг Тавантолгойг буцааж авахыг, өнөөгийн энэ нөхцөл байдалд буруутай Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулахыг уриалаад өөрийгөө шатаасан.
 
Одоо биеийн байдал нь хүнд, гадаадад эмчлүүлэх болоод байна. Засгийн газраас түүнийг ард түмнийг хүчирхийлэлд уриалсан эх орноосоо урвагч, зөвшөөрөгдөөгүй газар ил гал гаргасан гэхчилэн буруутгаж эрүүгийн хариуцлагад татахыг оролдлоо. Хамт хэвлэлийн хурал хийсэн хоёр залууг хариуцлагад татахыг оролдож ч байна.
Хэрэв ард түмэн бид дуугүй хэлгүй, хүлцэнгүй ноомой байх аваас С.Эрдэнийг болон хамт хэвлэлийн хурал хийсэн хоёр залуу тэмцэгчийг, Ц.Мөнхбаяр нарыг яллаж, хорьж, эрүүл мэнд, амь насаар нь хохироож байсан шигээ хэлмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй.
 
Тиймээс ард түмэндээ хандан:
-С.Эрдэнэ нарын бамбарыг өндөрт өргөн, шударга тэмцлийг дэмжье, тэднийг буруутган харлуулах оролдлогыг сөрөн зогсъё !
-“Эрдэнэс-Тавантолгой”-н хохирсон ажилчдын эрх ашгийг өмгөөлөн хамгаалъя!

-Ард түмний баялаг Тавантолгойн ордыг бүрэн хэмжээгээр нь ард түмний мэдэлд эргүүлэн авахын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе!

-Шийдлийн гэж өөрсдийгөө нэрлэсэн ч, Шидлийн гэх нэрийг ард түмэн өгсөн, улс үндэстний эсрэг мөн чанартай үйл ажиллагаагаараа хосгүй болон тодорсон засгийн газрыг огцруулъя!

-Шатах ёстой бол шатан дүрэлзэж, босох ёстой бол босон түрхэрч, хайрт эх орноо аварцгаая гэж уриалж байна!
 
ТЭМЦЛИЙН ГАЛ АССАН!
 
Гал үндэстэн
Хохирогчдын нэгдсэн холбоо
Нэгдсэн Монгол
Чингисийн Монгол
Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо

2015.11.19