Одон тэдэг хүндтэй юм
Олондоо зүтгэсний үнэлгээ юм
Энгэрт гялалзах чимэг юм
Идшинд нэмэргүй цомог юм
 
Шагнал аа гэж... Амжилт бүтээл гаргаж алдраа мандуулсан хүнийг баярын бичгээс эхлээд баатар хүртэл шагнал урамшил олгодог ёс заншил улс бүхэнд л байдаг биз. Манайд байдаг боловч ямар амжилт бүтээл гаргасан хүнд тийм шагнал олгоно гэсэн дэс дараалсан тодорхойлолт байдаггүй бололтой.
 
Тиймээсямар ч шагнал урамшил аваагүй байснаа гэнэт л том одонт, гавьяат, баатар болчихсон цохиж явдаг. Энгэр дүүрэн одон медаль, тэмдэг зүүчихсэн хүнийг энэ ч лав дээшээ ахиж гавьяат, баатар болох байх гэсэн хүн тэгсхийгээд ахидаггүй байж л байх. Тэгэхээр манайд шагнах дэс дараалал байдаггүй бололтой. Уг нь төдөн жил үр бүтээлтэй ажиллаад, тийм амжилт гаргасан хүн эхлээд тийм шагнал авна, төдөн жилийн дараа тийм шагнал авна гээд дэс дарааг нь тодорхойлоод заачихсан бол дараа нь юу авахаа мэдэхийн дээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах эрмэлзэлтэй болно.
 
Онцлог нөхцөлд тодорхой гавьяа байгуулсан бол өөр хэрэг л дээ. Ард түмэнд мэдэгдэж танигдахаар тодорхой амжилт гаргасан хүнд төрийн шагнал, гавьяат, баатар цол өгүүлэх гэж 10 гаруй удаа тодорхойлсон ч өгөөгүй, авч чадаагүй, горьдсоор байгаад бурханы оронд явсан хүн олон байдаг. Тэгэхээр нь “АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ", “АРД ТҮМНИЙ БААТАР“ гэдэг ТББ-ын шагнал буй болгоод өгөөд эхэлсэн. Яагаад ингэв гэхээр ард түмэн тодорхой мэдээд, хамт олон нь үнэлж тодорхойлоод байхад өгөхгүй байгаа нь төрийн зарим сохор түшмэдүүдийн авлигал хээл хахууль харсан хүнд суртлаас болоод байдаг бололтой.
 
Гэхдээ энэ “Ард түмний гавьяат” гэдэг ч бас шударга биш бололтой. Учир нь 6-7 зуун мянган төгрөг өгөөд энэ цолыг авдаг гэж байсан. Тэгэхээр мөнгөтэй бол “баатар" ч болоход амархан бололтой. Мөн тодорхойлоод явуулснаас хойш тодорхой мэдэлтэй хүмүүсээр харамж шан өгөөд хөөцөлдүүлбэл нэг бүтдэг гэх. Бас шагналаа гурав хүртэл сая төгрөг өгөөд ав гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй явган яриа ч байдаг. Тодорхойлж явуулснаас хойш их уддаг нь тэр авлига хахуулийг нь хараад хэвтчихдэгтэй ч холбоотой байж магадгүй.
 
Бас хувийн атаа хорсол, өөрөөс нь илүү гарчихна гэсэн атаархлаас болоод элдэв худал гүтгэлэг явуулж саатуулдаг явдал ч байдаг бололтой. Ер нь гаргасан амжилт бүтээлдээ-зохих шагналаа авч чадаагүй хүмүүс байхаас гадна бүтээлгүй, авах ёсгүй хүмүүс аль шагнал авчихсан байхыг тэр гэхэв. Одоо ч зах дээрээс хэн нэг хэнээтэн одон медаль, салбарын тэргүүнийг аваад зүүчихдэг болохоор гавьяатан, гайтан хоёр ялгагдахгүй болсон учир одонтонг хүндэтгэх хүндэтгэл буурч байгаа байх.
 
Ер нь Ардын хувьсгал ялснаас хойш гэмгүй олон мянган иргэнийг хэлмэгдүүлсэн олон яргачин Цэргийн гавьяаны болон “Алтан гадас” одон, Хүндэт чекист гэх мэт шагналуудаар шагнагдсан байдаг нь жинхэнэ эх орныхоо төлөө цусаа урсган тэмцэж явсан эх орончидтой адил үнэлэгдсэн нь эх орончдыг хэлмэгдүүлэгчтэй адилтгасан хэрэг болсон байна. Өнөө нийгэм өөрчлөгдсөн байхад өнгөрсөн үеийн гэмт хэрэгтнүүдийг ч шагнаад байсан шагналаар өнөөгийн амжилт бүтээл гаргасан хумүүсийг шагнаад байх нь хир зохимжтой вэ? Уул нь тухайн үеийн шагнал нийгэмтэйгээ л дуусна биз.
 
Шагнал нь социализмынх, амьдрал нь зах зээлийнх байсаар байх уу? Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор гарсан медалиар шагнагдсан хүнийг тухайн үед хотын доторх унаа, үзвэр үйлчилгээгээр үнэгүй үйлчилж, улсын амралтанд 14 хоног амрааж, сар бүр таван төгрөгийн цалинг өгч байсан түүхэн баримт б^йдаг. Гэтэл өнөөдөр ойн медаль байтугай гавьяат, баатар болчихсон хүндээ бид ямар урамшуулал өгч байгаа билээ дээ.
 
Ийм учир амжилт бүтээл гаргасан гэж үзэж байгаа бол /салбарын тэргүүний ажилтнууд, цэргийн олон медалиуд, гавшгайчдын тэмдгүүд, залуучуудын, атрын, тээврийн гэх мэт/ олон төрлийн өнгөлсөн төмрөөр зулгуйдан хуурах биш эдийн засгийн тодорхой дэмжлэг урамшуулал өгөх хэрэгтэй. Салбарын тэргүүний ажилтанд 20-30 мянган төгрөг дагаж өгдөг /зарим нь юу ч өгдөггүй/ бол Сүхбаатарын одонгоос бусад одон медальд нэг ч төгрөгийн урамшууулал байдаггүй.
 
Социализмын үеийн эдийн засгийн ямар ч дэмжлэггүй шагналаар шагнагдсан олон хүн одоо цагт амьдралд нь.нэмэр болох шагналын дэмжлэггүй, тэр ч байтугай Хөдөлмөрийн баатар хүн одон медалиудаа зарчихмаар байсан ч төр минь өгсөн юм шүү гэж бодоод зарж тэвчсэнгүй гэж зурагтаар ярьж байхыг олон хүн үзсэн байх аа.
 
Тэгэхээр энэ олон төмөр шагналууд юунд хэрэгтэй юм бэ? Эдийн засгийн дэмжлэггүй төмөр энгэртээ зүүчихээд түүндээ онгирон хөөрч, түүнийгээ угааж арчих юм болж ихээхэн зардал чирэгдэл гаргаж хохирдог нь онгироогийнх уу, хүндэтгэлийнх үү, нэрэлхүүгийнх үү. Иймд амжилт бүтээл, алдар гавьяаны баталгаа болгож төмөр тэмдгээ өгсөябол тэр хүнд цалин тэтгэвэр дээр нь нэмэгдэл өгөх юм уу, тодорхой тогтоосон мөнгөн шагнал өгөххэрэгтэй.
 
За яахав, ойн болон бусад медалиудыг хасчихаад Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Цэргийн гавьяаны одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Байлдааны гавьяаны одон, Сүхбаатарын одон, Чингис хааны одон, Гавьяат цол, Баатар цолоор шагнагдвал 5-50 хүртэл хувийн нэмэгдлийг цалин тэтгэврээс нь бодож олговол зохилтой. Эсвэл энэ бүгдэд тус бүрд нь тогтоосон мөнгө дагалдуулбал шагнасан төрийн нэр хүнд, шагнуулсан хүний амьдрал хоёрт аль алинд нь хэрэгтэй. Эрээн цаас, өнгөлсөн төмөр хоёроор шагнадаг нь социализмын л хөөрөгдөл байх.
 
Тэгэхээр амжилт бүтээл гаргасан хүнийг цаас, төмөр хоёроор хошгоруулж одон медалын нэр хүндийг унагаж энгэрт гялалзах чимэг, идшинд нэмэргүй цомог болгохгүйн тулд шагналын системийг эргэн харж, эрс өөрчлөх цаг нь болсон бололтой санагданЬ. Өнөөгийн энэ шагналын систем зах зээлийн нийгэмд тохирохоо больж шүү дээ.
 
Зохиолч Л.Банзрагч /"Утга зохиолын төлөө шагналт"/