sonin.mn
Унгарын Технологийн хүрээлэнгийн доктор Лагош Питертэй хийсэн ярилцлага .
 
Сэргээгдэх эрчим хүчний талаар явуулж байгаа судалгаанаасаа танилцуулж болох уу?
 
-Бололгүй яах вэ, ийм төрлийн судалгааг одоо дэлхийн олон оронд цөөн бус эрдэмтэн судлаачид явуулж байна. Нүүрснээс эрчим хүч гаргах нь 2040 оноос цааш байгальд хөнөөл учруулах түвшинд хүрэх нь тодорхой болсон. Улс орнууд нүүрснийхээ хэрэглээг 50 хүртэл хувиар бууруулсан ч гамшгаас зайлах боломжгүйг өнгөрсөн онд  Парист болсон Дэлхийн цаг уурын асуудлаархи олон улсын чуулган үндсэндээ баталсан шүү дээ.
 
Эрсдэлтэйг нь 2 ч томоохон жишээнээс харсан цөмийн эрчим хүчнээс хэрэглэгч орнууд татгалзах зүгт эхний алхмуудаа хийж байна.
Зарим судалгаагаар цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэх шинэ технологи ойрын 20-30 жилд бий болно гэж тооцож байна.
 
Бидний хувьд сэргээгдэх эрчим хүчний талаархи судалгааг арав гаруй жил хийж байгаа. Ер нь Унгарт гэхэд төслийн 3 баг ажиллаж байгаагаас манайх эрчим хүчний шинэ эх үүсвэрийн чиглэлийн судалгааг голлодог. Манай багийн судалгааны гол чиглэлүүд гэвэл нарны болон салхины эрчим хүчний уламжлалт технологид гарч буй шинэ дэвшлийг судлах, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн талаархи судалгаануудын бодит төлвийг тодорхойлох үндсэн дээр шинэ технологиуд боловсруулахын төлөө ажиллаж байна.
 
Уламжлалт арга технологиудад ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ?
 
-Үр дүнтэй нь батлагдсан зарчмын цоо шинэ гэхээр технологи одоогоор гараагүй ч өмнөх технологиудыг улам боловсронгуй болгох чиглэлд зарим орнууд тодорхой үр дүнд хүрч байна.
 
Канадын эрдэмтэд нарны эрчим хүч хуримтлуулах төхөөрөмжийн талбайг 20 хүртэл хувиар бууруулах туршилт судалгаа хийсэн нь амжилттай болсон. Өмнө нь олон га талбайг эзэлж байсан нарны зай хураагуурын талбайг цаашид дахин 20-30 хувь бууруулах боломжтой гэж тооцож байгаа.
АНУ-ын эрдэмтэд нарны эрчим хүч хуримтлуулах нано шил зохион бүтээсэн нь мөн технологийн шинэ томоохон дэвшил юм.
 
Энд нэг дуулиант төслийг сонирхуулахад АНУ-ын сансар судлал, астрофизикийн эрдэмтэн судлаачид олон жилийн турш хийсэн судалгаандаа “шинэ алхам хийсэн” гэж өнгөрсөн онд мэдэгдсэн нь олон орны эрдэмтдийн анхаарлыг татсан.
 
Сансарт байрлах бүлэг хиймэл дагуулаар нарны эрчим хүчийг хуримтлуулан дэлхий рүү 80-120 хүлээн авах станц руу дамжуулах энэ төсөл 2080-3000-аад онд хэрэгжих магадлалтай гэж үздэг. Ингэж үнэхээр чадвал маш нарийн төвэгтэй уг төслийн ачаар дэлхийн эрчим хүчний 70 хүртэлх хувийг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж таамагладаг.
 
Салхийг эрчим хүч болгох технологиудад ч нэлээд ахиц гарч байна. Гол нь эрчим хүч хуримтлуулах технологийг илүү үр дүнтэй болгох талаар олон талын судалгаа, туршилт явуулж байна. Мөн байгалийн салхийг орлох бага хүчин чадлын төхөөрөмж бий болгох тал дээр энэтхэгийн судлаачид хэд хэдэн төсөл дээр ажиллаж байгаа нь зарим нэг үр дүнд хүрсэн гэж үзжээ.
 
Дэлхийн гүн дэх халуун цөмөөс эрчим хүч гаргаж авах боломжтой гэж сонсож байсан юм байна.
 
-Энэ мөн л 50-иад жил яригдаж, судлагдаж буй зүйл. Одоогоор хүн төрөлхтөн газрын дээд гүний дулааныг ашиглах хэд хэдэн технологийг эзэмшээд байна. Гэхдээ газрын гүн дэх дулааны процессийн хувирал тогтвортой бус байдгаас энэ чиглэл төдий л ирээдүйтэйд тооцогддоггүй.
 
Дэлхийн халуун цөм-магмын тухай бидний мэдпэг бүрэн хангалттай биш. Дэлхийн гадаргуу руу галт уулын дэлбэрэлтээр дамжин гарч ирж байгаа хайлмагийн урсгал нь дэлхийн цөмөөс эхтэй юу, гүний давхаргаас эхтэй юу гэдэг дээр эрдэмтдийн дунд үлэмж маргаан өрнөдөг. Өмнө нь хөдлөшгүй гэж үзэж байсан онолын зарим үндэслэлүүд эргэлзээтэй болж байгаа.
 
Товчдоо дэлхийн гуний халуун цөмийг эрчим хүч болгон ашиглах нэлээд хэдэн төсөл дээр эрдэмтэн судлаачид олон жил ажилласан ч найдвар төрүүлэх үр дүнд хүрээгүй л байна. Хоёрдугаарт, дэлхийн гүнийн халуун цөм болон түүний ойр орчмоос эрчим хүч олборлох зардпыг Нарнаас эрчим хүч хуримтлуулах төслөөс өндөр өртөгтэй, бас байнгын тогтвортой бус байна гэж үзэх хандлага давамгайлах болсоныг хэлэх хэрэгтэй.
 
Одоо ашиглаж байгаа технологиудаа боловсронгуй болгоод явахад бидэнд эрчим хүчнийхээ хэрэгцээг хэр удаан хангах боломж байдаг бол?
 
-Боломж улам л хязгаарлагдмал болох учраас л хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ найдвартай эх үүсвэрийн эрэлд багагүй хүч чармайлт зарцуулж байна. Боломжийг хязгаарлаж байгаа эхний хүчин зүйл нь эрчим хүчний хэрэглээ. Анх цахилгаан бий болсон үеэс хойш хүн төрөлхтөний эрчим хүчний хэрэглээ 9,8 сая дахин өссөн гэж үздэг. Энэ үзүүлэлт 1980-аад онд 1950-иад оныхоос 3,6 дахин, 2010 онд өмнөх 30 жилээс 4,2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл хэрэглээний өсөлт улам хурдацтай нэмэгдэж байна.
 
2050-иад он гэхэд хүн төрөлхтөний эрчим хүчний хэрэгцээ 2000 оныхтой харьцуулахад 4,8-5 дахин нэмэгдсэн байна гэж тооцох боллоо. Хэрэгцээ ийнхүү зогсолтгүй нэмэгдэж байхад эх үүсвэрийнх нь нөөц хумигдаж байна. Америк, Япон, Орос зэрэг нэлээд орны тэргүүлэх зэргийн судлаачдын таамаг дүгнэлтээр XXI зуунд хүн төрөлхтөнийг мөхлийн ирмэг рүү түлхэх 3 гол аюул нь нэгд, цаг уурын хурдацтай өөрчлөлт, хоёрт, цэвэр усны нөөцийн хомсдол, гуравт, эрчим хүчний хэрэглээ, хангамжийн хороонд үүсэх ангал гэж үзэж буй нь нэн бодитой юм.
 
Швейцарийн Берн хотноо 2012 онд болсон олон улсын цаг уурчдын уулзалтаас дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эрчтэй явцын улмаас томоохон гол мөрний усны нөөц жилд 3 хүртэл хувиар буурч голдиролд нь ихээхэн өөрчлөлт гарах магадлал байгааг цохон тэмдэглэсэн. Энэ нь усан цахилгаан станцуудын ирээдүйг
хязгаарлана гэсэн үг. Түүнчлэн дулаарлын улмаас цөлжилт хурдацтай нэмэгдэхийн сацуу бүс нутгуудын 80 гаруй хувийн цаг уурт сөрөг нөлөө ихсэнэ гэж үзэж байгаа.
 
Урьд нь бороо цутгадаг байсан газар хуурай нар шарж, агаарын халуун хүйтний урсгал царцанги байдал руу шилжинэ. Агаарын хэм 0,08 хувь нэмэгдэхэд тухайн бүс дэх салхины хурд 0,12 метр секундээр багасана гэдэг бас салхины эрчим хүчийг боомилж эхлэнэ гэсэн үг.
 
Ингэхлээр уламжлалт эх үүсвэрүүдээр цаашид удаан тэсэх аргагүй болж байна. Ер нь аль нэг ашигт малтмал, эсвэл байгалийн үйл явцаас хамааралтай эрчим хүчээс татгалзах нь бодит шаардлага болж байна.
 
Эрчим хүчний хэрэглээг багасгах тухайд...
 
-Дээр хэлсэнчилэн эрчим хүчний хэрэгцээ, хэрэглээ хоёр байнга өссөөр байгаа. Цаашдаа ч улам өснө. Харин эрчим хүчний томоохон төслүүд ажил хэрэг болох хүртэлх хугацаанд бидний хийж чадах
бас нэг зүйл бол бага үүсвэрээс их эрчим хүч гарган авах явдал юм.
 
Тухайлбал, автомашины аккумулятороос эхлээд  цагны зай хүртэлх цахилгаан хуримтлуулагчийг ашигт үйлийн коэфициент өндөртэй болгох талаар багагүй үр дүнтэй алхмууд хийгдэх боллоо. Манай судалгааны багийн нэг хэсэг шоргоолжны хүчил бүхий зай хураагуурыг цаашид боловсронгуй болгох боломж дээр их анхаарал хандуулж байгаа.
 
Ярилцсан Гунгаасүхийн Очнэмэх
Будапешт хот
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин