sonin.mn
Ер нь түүх болоод үндэсний бахархал, боловсрол, шинжлэх ухааны салбарыг, дээр нь эрүүл мэндийн бодлогыг огтоос улс төржүүлж, ангилж булаалдах ёсгүй. Тэгснээр улс орныг урагш хөгжүүлэх биш хойш улдан чангаах мөчөөрхөл үүсдэг.
 
Энэ үгийг хэлэх учир нь түүхийг хэт хавтгайд нь улс төржүүлж, өнөө маргаашийн явцуу ашгийн төлөө өвөг дээдсийн үйл хэргийг бүү өнгөц нимгэн дүгнээсэй гэсэн бодол юм.
 
ТЕГ-аас цувралаар гаргасан 20 дугаар зууны түүхэн эх орончдын тухай сайхан баримтат бүтээлүүдийг олж үзсэн. Түүний дотор Д.Сүхбаатарыг Оросын улс төрийн тагнуулын агент байгаад, хожим тэдний тушаал зааврыг үл дагаснаас болж хорлогдсон байх боломжтой гэх зураглалыг оросын архивын баримтаас дүгнэн гаргаж байна лээ.
 
Ер нь бүхэл бүтэн улсынхаа төв талбайд аргамаг хүлэгтэйгээ мөнхөрсөн ардын баатрыг элдвээр гутааж, сайн муугаар шүүн цэгнэх эрх хожмын бидэнд байхгүй. Тухайн үеийн түүхийн ээдрээ нугачаатай нөхцөл байдалд улс орныхоо тусгаар тогтнол, язгуур ашиг сонирхлыг хамгаалахын тулд бидний өвөг дээдэс бүхий л аргыг хэрэглэж байсан байж таараа.
 
Жанжныг үгүй болсноос хойхно 3 жилийн дараа сонинд нийтлэгдсэн үгийг бид олонтаа ишилсээр бараг цээжилсэн байна. Түүний үгийг Д.Сүхбаатар биш өөр хүн бичсэн мэтээр ч бас цуу гарсан байдаг.
 
Би Жанжин Сүхбаатарын одоо хүртэл үлдсэн архивт байгаа болон хэвлэгдсэн ихэнх номыг биечлэн үзэж судалж байсан. Ганц жишээ дурьдахад л цаг хатуу байхад 1971 онд Ширэндэв гуайн Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хэвлүүлсэн “Д.Сүхбаатарын баримт бичгийн эмхтгэл” хэмээх номыг анхааралтай уншихад Сүх жанжины хэн байсан нь маш тодорхой харагддаг.
 
Богд хааны түүхэн үүргийг үгүйсгэж байсан тэр үед Сүхбаатар болон Жавзандамба хутагт хоёрын хоорондын багш шавийн дотно харьцааг тус номонд илэрхий харуулдаг. Захиргаадалтын үед яаж яваад шүүлт, цензур туулаад тэр ном хэвлэгдсэнийг би их гайхдаг юм. Хожим мэдэхнээ соц үеийн монголын сэхээтнүүдийн олонх нь наанаа Оросыг ихэд сүжрэх байдал гаргаад нууцаар өөрийн өв соёл, Чингис хаан, Үндэсний түүхэн удирдагчдаа ихэд биширдэг байсныг олж мэдсэн.
 
Бас Д.Сүхбаатарын гар бичмэлүүдийг судлахад тэрээр бичгийн болон, цэргийн өндөр мэдлэгтэй, машид цэгцэрсэн төрийн бодлогтон байсан нь харагддаг. Зарим хүмүүсийн Жанжны өөрөө бичсэн эсхэд нь эргэлзээд байдаг үгийг ч тэр өөрөө бичсэн байх магадлал асар өндөр. Учир нь өгүүлбэрийн бүтэц, үг сонголт, найруулга зүй нь түүний өмнө бичиж байсан илтгэл, тэмдэглэл, бусдад илгээсэн захидлуудын гар бичмэлтэй харьцуулан судлахад яг түүнийх мөн гэдэг нь илэрхий байдаг.
 
Түүний байлдааны ажиллагаа явуулсан, “цагийн байдал бүхий” нөхцөл илтгэсэн тухай тайлангуудтай танилцахад ч бас үнэхээр зоригтой, эрэмгий дайчин, цэргийн уран стратегич байсан нь харагддаг. Орчлонд 30 хан насалсан гэхэд ямар их гүн ухаанд нэвтэрсэн, өргөн мэдлэгтэй, хүний нийгмийн зүй тогтол, амьдралын учир утгыг ухан мэдэх гэсэн тэмүүлэлтэй залуу байсан нь харагддаг.
 
Түүний өөрийн оюунаар илтэд бичиж үлдээсэн дараах үгийг анхааралтай уншихад хувь хүнийх нь дотоод итгэл, боловсрол, сэтгэлгээний цараа нь маш тод анзаарагдана.
 
"Тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлээс гарч нялх нялзрайгаас эцэг, эхийн хүмүүжүүлэн тэжээх асралд дэгжиж, өдөр түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно хэдий мэргэн мунхаг адилгүй, хүчирхэг буурай өөр боловч аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн (аяндаа) тогтоно. Эв санаа нэгдвэл орчлонгийн түмэн бодосыг гийгүүлэн авч, хүчтэнийг хураан чадна"
 
Хорьдугаар зууны эхэн үеийн бичиг цэргийн эрдэмд товойн шалгарсан олон аавын хөвгүүд байсан. Тэдний нэг бүрийн түүх цадиг, намтар үйлийг нь сүүлийн жилүүдэд боломжоороо судлаачид гаргаж тавьсаар байна. Д.Сүхбаатарыг тэднээс илүүдүүлж, бас дутуудуулж үнэлэх шаардлагагүй юм. Эх түүхийг эгзэгтэй мөчлөгт Монголын төлөө эрслэн босоод богино түүхэндээ тод мөр үлдээсэн хүмүүсийн нэгэн бол Жанжин Сүхбаатар юм.
 
Түүний нэр алдар, үйл хэргийг аль нэг намын үүсэл хөгжлөөр “хязгаарлаж” өмчлөх эрх орчин цагийн монголд хэнд ч байхгүй. Ер нь Ардын хувсгалын түүх төдийгүй Ардчилсан хувьсгалын түүхийг ч бас нэг нам хүчин “хувьчилж” эзэмших шаардлага байхгүй юм. Аль аль нь л Монголын түүх. Монголын ард түмний хүсэл зоригоор хийгдсэн, итгэл үнэмшлээр бүтсэн үйл хэрэг байсан.
 
Монголын түүхийг ард түмэнд биш ашиг хайгчдад хуваах тусам, энэ улсын хөгжлийн боломжийг олон жижиг нэгжид жиргэх тусам, хүмүүс нь хоорондоо нутаг усаараа, жалга довоороо талцах тусам бид өөрсдөө л хатингаршина.
 
Үндэстнээрээ хатингаршихгүйн тулд том сэтгэж, том харж, үндэсний язгуур эрх ашгаа хувь болоод, бүлэг, намынхаа мөрөөдлөөс дээгүүр тавих цаг бол өнөөдөр.
 
Сүхбаатарын Эрдэнэболд 
2016 оны 2 сарын 2-ны өдөр