sonin.mn
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Амгалантай ярилцлаа.
 
-НАМЭХ-ноос Монголд анх удаа Социнтерний Олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурлыг зохион байгуулах эрхийг авсан тухай саяхан мэдээлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Энэ зөвхөн НАМЭХ-ны гэхээс илүүтэй Монголын эмэгтэйчүүдийн хийж буй ажил, бид бүгдийн нэр хүндийн асуудал юм. Азийн хэмжээний хурлыг зохион байгуулах эрхийг тэр бүр улс орнууд аваад байдаггүй.
 
Социнтерний Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд манай холбоо тэргүүлэх чиглэлд нь явж байгааг энэхүү томоохон үйл явдлаас харж болно. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азидаа ямар хэмжээнд үнэлэгдэж, ямар байр суурьтай байгууллага вэ гэдэг нь эндээс харагдах болов уу.
 
-Энэ хурал удахгүй болох АСЕМ-ын өмнө болохоороо онцлогтой. Хэдэн орны төлөөлөл оролцох вэ. Та үр дүнг нь юу гэж харж байна вэ?
 
-Одоогоор 10 гаруй орны 30 гаруй төлөөлөгч ирэхээр нэрээ өгөөд байна. Үүнд, өмнө нь парламентын гишүүнээр ажиллаж байсан болон одоо гишүүн байгаа хүн ч бий. Эмэгтэйчүүдийн хүлээж буй олон чиглэл, салбар хуралдааныг Азийн бүсийнхэн хийж шийдлийн гарц хайх, бие биенээсээ суралцах, харилцан туршлага солилцох, тэр хэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын  сурталчилгаа болно. Манай эмэгтэйчүүдийн байгууллагын нүүр царай, хийж байгаа ажилд олон улсын эмэгтэйчүүд анхаарлаа хандуулна гэсэн үг. Монгол Улс сонгодог социализмийг байгуулаад 70 жил явсан. Манай хуралд оролцох гэж байгаа Азийн зарим улс социализмийн замаар явж байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байх.
 
Тэд ардчиллын замаар явж байгаад баян, ядуугийн ялгаа хэт ихсэж нийгмийн тэгш бус байдал ил гараад ирэхээр хөгжлийн шинэ замыг хайдаг. Олон орны туршлагыг харж байгаад ардчилал болон социализмийн үр ашигтай санааг аваад нэгтгэн өнөөдрийн энэ Социнтерний байгууллага гарч ирсэн. Манай холбоог тэд үнэлж туршлага солилцох гээд байгаа нь манай улс социализм болон ардчиллын замыг хоёуланг  нь туулж ирсэн, эмэгтэйчүүдийн байгууллага нь Азидаа харьцангуй туршлагатай, хурдацтай хөгжиж байгаа гэж үзэж буй нэг илрэл юм.
 
-Тэгэхээр энэ хурал манай улсыг аль талаар нь гадаадад сурталчилж чадах бол?
 
-Азийн бусад улсыг бодоход манай орон жижиг хэдий ч эмэгтэйчүүдийн шийдэх ёстой асуудлыг зоригтойгоор тавьж, зохих үр дүнд хурдан хүрсэн гэж хэлж болно. Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлдэг замаар 20 гаруй жил яваад эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвших эрхийг хуульчилж, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэтгэйчүүд байна гэж Сонгуулийн хуульдаа квот зааж өгсөн нь өөрөө том дэвшил юм. Дэлхийн зарим улс ийм шийдэлд хүрэх гэж 50-100 орчим жилийг туулсан түүх ч байдаг. Манай улс олон жил социалист дэглэмээр явсан. Ардчиллын замаар ч орж үзсэн. Энэ хоёроос хамгийн сайн гэх сонгодог хувилбаруудыг нь нэгтгээд хөгжил тийш явж байна.
 
-Монголын эмэгтэйчүүд бүхий л салбарт манлайлж байна. Гэхдээ бизнес хийхэд эмэгтэйчүүдэд таатай төрийн бодлого байна уу. Таныг “Эмэгтэйчүүд хөгжлийн тэмүүлэл сан” ТББ-ыг удирддаг болохоор энэ талаар онцолж асууж байна?
 
-Улс орон маань тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдах хүртлээ олон удаа хүнд сорилттой тулгарч байсан. Энэ удаад ч давтагдаж байна. Өр зээлэндээ баригдаж, эдийн засгийн байдал хүндэрч ард түмэн маань хоёр идэх нь байтугай хоосон хонодог боллоо.
 
Улс орны эдийн засгийн тухай ярих нь өөрөө том асуудал мэт боловч нарийвчилбал жижиг хэсгүүдэд хуваагддаг. Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн үндсэн хөрс суурь нь ард иргэд, өрх гэр бүл байдаг. Тиймээс өрхийн бизнесийг дэмжих нь төрийн чухал бодлого болох ёстой ч өнөөдөр таг чиг л байна. Аливаа улсын өрхийн амьдралын чанар сайн байснаар улс орны хөгжилд эерэгээр шууд нөлөөлдөг. Жишээ нь Вьетнамд албан байгууллага нь эмэгтэй ажилчдаа ажил тарсны дараа гэрээрээ хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог.
 
Төрөөс нь шууд дэмждэг сайхан жишээ байна. Манайд ч гэсэн энэ жишээг нэвтрүүлж гэрээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол тоног төхөөрөмжийг нь урт хугацаатай, бага хүүтэй зээл олгодог, өрхийн жижиг бизнес эрхлэх нөхцөлийг нь төрөөс хангаж өгдөг болбол олон өрхийн амьжиргаа сайжрах болно. Гэтэл өнөөдөр манайд “лангууны бизнес”-ийг дэмжих төрийн бодлого байхгүйгээс болж эмэгтэйчүүд маань хонгил,  жижиг өрөө түрээслэж, зарим тохиолдолд гудамжинд худалдаа хийж байна. Иймд бид өрхийн эдийн засгаа ярьдаг, дэмждэг болмоор байна.
 
-Тэгвэл эмэгтэйчүүдийг яаж хүн шиг амьдруулах вэ. Төр засгийн бодлого, дэмжлэг, шийдвэр үгүйлэгдээд байгаа юм биш үү?
 
-Өнөөдөр эмэгтэйчүүд маань үнэхээр хүн шиг амьдарч чадаж байна уу гэдгийг хаа, хаанаа бодох цаг болжээ. Биднийг хүн шиг амьдруулна гэж амалсан АН-ынхан өөрсдөө хүн шиг байж чадаж байна уу. Чоно мэт нэгнийгээ хэмлэлдэж байгааг түмэн олон харж сууна. Өнөөдөр АН-ынхан юу яриад, ямар бодлого хэрэгжүүлж, амлалтаа хэрхэн биелүүлэв гэдгийг дүгнэх цаг нэгэнт болжээ. Бид яг илжиг шиг, амьтан шиг амьдарч байгаа нь үнэн шүү дээ.
 
Гадаа гарч эр болж, ачаа зөөгч, худалдагч, үйлчлэгч, жолооч, тогооч, зохион байгуулагч, менежер болно. Орой нь гэртээ хариад багш, асрагч, ээж гэх мэтээр бүсгүйчүүд маань нэгэн зэрэг ямар олон зүйлийг амжуулах гэж явсаар өөрийгөө мартаж, өрх гэрээ гэсээр хэцүүдэж байгаа жишээ Монголоор дүүрэн байна. Гудамжаар дүүрэн худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд байгааг хэн хүнгүй анзаардаг биз ээ. Энэ бол өнөөгийн төр засгийн явуулж байгаа бодлогын алдаа. Өрхийн орлого хомсдоод ирэхээр лангууны бизнес эрхлэгчид түрээсээ төлж дийлэхээ байгаад өнөөдөр машиныхаа ард худалдаа хийж байгаа нь үнэн. Дэлгүүрээр орохоор энд, тэндгүй хоосон лангуу, талбай байна.
 
Хятад, Оросын бараа л өнөөдөр зах зээлийг эзэлчихснийг хүн бүр мэдэж байгаа. Эдгээр тулгамдсан асуудалд төр дорвитой бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг нь болжээ. Төрийн алдааг бага дээр нь одоо бид л засахгүй бол хэн хаанаас ирээд Монголын эдийн засаг, өрх гэрийн амьжиргааг хэвийн залгуулах бол гээд хүлээж суух болж байна.
 
-Та дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Мэдээж танай сонгогч, иргэд танд санал, гомдол их хэлдэг байлгүй. Тэр талаар тодруулаач?
 
-Гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүүхдүүдээ тэжээх аргаа бараад надад хандлаа. Тэднийд саяхан очиход хоолны шүүгээнд нь хагас кг гурилаас өөр зүйл байсангүй. Манайхан мах, гурилаа граммаар, хүнсээ ширхгээр авч байгааг байнга ярьдаг шүү дээ. Тэр эмэгтэй гудамжинд худалдаа эрхэлдэг хүмүүсийн нэг юм. Бодит амьдрал ийм байгаа учраас үүнийг шийдэх цаг нь болжээ. Эмэгтэйчүүд бид эдгээр асуудлыг шийдэх, эх орноо эмх цэгцтэй болгоход төр засагт туслах цаг болсон гэж бодож байна.
 
Улсын эдийн засаг сайн бол иргэд нь ажилтай, орлоготой байдаг. Барааны үнэ тогтвортой байдаг. Ядаж л гадаад валютын ханш өсөөд байхгүй, энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамгийн их мэдрэгддэг. Гэтэл Монгол орны өнөөдрийн амьдрал ямар байгаа билээ. Доллар 2000 төгрөг давсан. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд л байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч, хэрэглээгээ хязгаарлах болсон.
 
Инфляц өнгөрсөн гуравдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.7 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд боловсролын үйлчилгээ 23 хувь, хувцас бараа, гутал 3.8, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хэрэглээний бүтцэд маш их өөрчлөлт орууллаа. Хүмүүсийн худалдан авах чадвар буурснаар хоол хүнсний чанартай,  зохистой хэрэглээ айлуудад байна уу гэх мэтээр яриад байвал олон зүйл байна. Зарим аж ахуйн нэгж борлуулалтгүйгээс болоод орон тоогоо цомхотгож, цалингаа  цагтаа өгч дийлэхгүй байгаа нь үнэн. Хүн бүр банкинд ямар нэг хэмжээгээр зээлтэй байна. Зээлээ төлөх чадвар буурч, өрийн сүлжээ үүслээ. Банк зээл өгье гэхээр шаардлагыг нь хангаад авах чадвартай нь хэд байна вэ гээд бодохоор асуудал улам лавшрах жишээтэй.
 
Манай ТББ-ын сургалтад сууж байгаа бүсгүйчүүд, эхчүүд надтай, ажилтнуудтай маань зовлон, жаргалаа хуваалцдаг. Тэр бүхнээс би энэ мэдээллүүдийг олж авч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн амьдрал өдөр ирэх тусам улам дордож байгаа талаар баримттай мэдээлдэг шүү дээ. Өчигдөрхөн бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Тэд 2012 он хүртэл баялаг бүтээж байсан ч одоо элгээрээ хэвтлээ гэдгийг хэлж байна.
 
-Цаашид энэ байдлаас яаж гарах вэ?
 
-Импортын чанаргүй, хямдхан бараа татваргүй орж ирдэг бол манай дотоодын бараа бүтэгдэхүүнийг экспортод гаргахад өндөр татвартай байна. Ялангуяа манай хоёр хөрш өндөр татвартай. Ингэхээр бизнес эрхэлж буй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, үүдээ барьж байна. 2015 оны эцсийн дүнгээр нийт ажилгүй 96.5 мянган иргэний 52.8 хувь нь эмэгтэйчүүд байгааг анхаарах хэрэгтэй.
 
Иймд бүгд хамтдаа нийгмээ аваръя. Хангалттай харлаа шүү дээ. Бүхнийг өөрчлөх, шинэчлэх цаг ирсэн. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод бид аливаад шударгаар хандаж зөв шийдвэр гаргадаг байх ёстой. Хэсэг бүлэг нь хагартлаа баяжаад жирийн иргэд ядуу зүдүү хэвээрээ байх албагүй.Үр ашиггүй зардлаа багасгаж, уралдаж идэж уудгаа зогсоомоор байна. Үүний төлөө эмэгтэйчүүд бид л тэмцэх ёстой. Аливаа сайн, муу ямар ч ажилд эмэгтэй хүн л зөвийг харж зөөллөж, уучилж, уруудвал өөд татаж эхийн сэтгэлээр асуудалд ханддаг биз дээ. Бид ирээдүй, залуучууддаа Монгол Улсыг ямар хэмжээнд хүлээлгэн өгөх гэж байгаагаа одоо ойлгохгүй бол оройтох нь.
 
-Танаас улс төрийн сэдвээр асуумаар байна. Удахгүй МАН-ын Бага хурал болж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэсэн. Энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ямар онцлогтой байх бол?
 
-Намуудын өмнөх мөрийн хөтөлбөрийг харж байхад уриалсан, лоозогносон, амалсан байгаа. Энэ удаагийн манай намын мөрийн хөтөлбөр илүү шинжлэх ухаанч, бодлогын чанартай, яг эзэндээ, хүндээ, ард түмнийхээ амьдрал, эрх ашигт нийцсэн байгаасай гэж улс орныг богино хугацаанд аврах талаас нь саналаа өгсөн. Элгээрээ хэвтсэн эдийн засгийг яаж богино хугацаанд аврах вэ гэдэгт илүү анхаарсан эдийн засагжсан мөрийн хөтөлбөр болох шаардлагатай байна.
 
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин