sonin.mn
Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн Г. Уянгыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцээс пропорциональ систем нь хууль зөрчсөн асуудал гэсэн дүгнэлтийг хүлээж авах эсэх талаар хэлэлцэж байна. АН, МАН-ынхан энэ шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Тэгэхээр энэ бүхнээс харахад Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай болж байх шиг. Таны хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан гишүүдийн нэг. Гэхдээ одоо хуулийг өөрчлөх хэр боломжтой бол?
 
-Уг нь хувь тэнцүүлсэн сонгуулийн систем улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал тогтолцоо боловч үүний ард сонгогчийн хүсээгүй хүн парламентад ороод ирдэг. Үүнийг өөрчлөхийг ард иргэд нэгэн дуугаар хүсч байна. Өнөөдрийн нөхцөлд сонгогчдыг, ард иргэдийг сонсож шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Тэгэхээр би жагсаалтын эсрэг санал өгнө. Уг нь ард иргэд хүн харж санал өгнө гэсэн болохоос систем яриагүй.
 
Тиймээс энэ системийг хүнтэй нь холбох бололцоо байсныг МАН, АН хоёр ашиглахыг хүсэхгүй байна. Тэгэхээр байгаа хүрээ, бололцоонд нь сонгогчдыг дэмжиж саналаа өгөхөөс өөр арга яг енөөдөртөө алга даа. Сонгуулийн шинэ хуулиар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хугацааны хязгаарыг авчихсан болохоор өөрчлөх боломж байна. Харин дараа нь можариторын алдаатай хувилбарыг ашиглавал том ухралт болно.
 
-Жагсаалтаар сонгогдсон гишүүд хууль бус гишүүд гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авах ёстой юм бол. Нэгэнт энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа болохоор хуучин сонгогдсон хүмүүст падлийгүй болж байгаа байх даа?
 
-Тэрийг ийм шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэц өөрөө тайлбарлах биз.
 
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж байгаа сэдэв бол таныг намаасаа татгалзаж өөр намын дарга болсон тухай. Ер нь яагаад гэнэт МҮАН-ын гишүүнээсээ татгалзаж нам солих болов?
 
-Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаар дамжуулан хийж байгаа зүйлээ МҮАН-д хийж болохгүй байсан учраас татгалзах болсон.
 
-Энэ намын ард Х.Бат-тулга гишүүнийг байгаа гэсэн яриа гарч байна. Х.Баттулга гишүүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нарын хүмүүс ч байгаа гэдгийг хэлдэг. Үнэхээр энэ намын цаана Х.Баттулга нууц ноёнтноор байгаа юм биш биз дээ?
 
-Миний улс төрд байсан энэ олон жилийн хугацаанд дандаа л миний араар хүн хайж ирлээ. М.Энхсайханыг, Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, одоо Х.Баттулгыг. Энэ бүх хугацаанд би өөрөө л байсан, харин тэр ярьж байгаачлан хэн нэгэн хүчтэй хүн мөн чанараараа надтай байгаасай, ард биш дэргэд минь байгаасай гэж би ямагт хүсдэг, Намайг олж харах цаг нь болоогүй л байгаа юм байлгүй дээ.
 
-МҮАН-аас дэвшиж гишүүн болсон хүн бүрэн эрхээ дуусгаагүй байж ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу гэх шүүмж бас байна?
 
-Хуульд хориглосон ямар ч заалт байхгүй. Миний дэвшиж сонгогдсон нам, эвсэл сонгогчдод өгсөн амлалт, зорилгодоо үнэнч байж чадаагүй учраас би сэтгэл өвдөлтгүй орхисон. Тэд амлалтаасаа урвасан. Урвагчаас урвах нь эх орончийн шинж гэж манай нутгийн яруу найрагч Ай.Төмөр-Очир хэлсэн юм.
 
-МҮАН-ын гишүүд, тойргийн тань сонгогчид таны энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав?
 
-Намын гишүүдийн зарим нь харамслаа илэрхийлсэн. Зарим нь надтай хамт явъя гэж байгаа. Сонгогчид намайг зарчимдаа үнэнч байгаад талархаж байгаагаа илэрхийлдэг. Ер нь ингэсэн нь дээр байсан, сая сэтгэл амарлаа гэж байгаа хүн ч байна.
 
-Таныг сонгууль угтаж улс төрийн шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл өрнөж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
 
-Миний талаар хэн юу гэж ярих нь надад хэзээ ч чухал байгаагүй, одоо ч тэр. Магтах муулахын алинд ч ач холбогдол өгдеггүй. Юу дуртайгаа ярьцгааж байж болно. Миний бүх үйл ажиллагаа дээр хэлсэн зорилгын төлөө цаашид ч үргэлжлэх болно.“Сонгуулийн шоу”, “Арын хүн”, “Өөр намаас ахмадууд хуралд оролцсон” гэх мэт ярианууд чинь харин өөрөө сонгууль угтсан улс  төрийн шоу юм.
 
Сөрөг мессэж төлөвлөж олон давтамжтай цацах нь хутган үймүулэх, хагалан бутаргах зорилготой оролдлогууд. МАНАН-г сөрсөн эвслийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ер нь одоо монголчуудыг нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирсан, хагалан бутаргасан элдэв пиар энэ тэр бидэнд хэрэггүй. Энэ чинь нөгөө л барууны технологийн нэг хэсэг нь. Шинэ улс төрийн хүчнээ өөрөөр төлөвлөж, өөрөөр удирдаж явна.
 
-Танай намд Монголын ногоон нам нэгдэхээ илэрхийлсэн. Өөр ямар намууд нэгдэж байгаа вэ?
 
-Монголын Ногоон Нам манай намтай нэгдээгүй ээ, бид хамтарч эвсэл байгуулсан. Хамтарч эвсэл байгуулахыг санал болгосон олон нам байсан. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам бүгдтэй нь эвсмээр л байлаа. Гэвч өнөөдрийн үйлчилж байгаа Сонгуулийн хууль биднийг аль болох нэгдүүлэхгүй, салангид байлгах зарчимд тулгуурласан.
 
Хэн нэг нь л эвслээс гарч байгаа мэдэгдэл хийвэл тухайн эвслийг тарсанд тооцож сонгуульд оролцох эрхгүй болгоно. Тиймээс бидний хамтрагч итгэл алдалгүй хамт байхаа илэрхийлж намынхаа тамгыг хүртэл бидэнд хадгалуулсан. Энэ бол их том итгэл найдвар, чин сэтгэл гэж бид хамтрагчдаа сэтгэл хангалуун байгаа. Эвслийн яриа хэлэлцээр хийх хугацааг ч бас өгөхгүй байхаар ихээхэн нарийн бодолцсон. Гэвч бид хамтарч ажиллах боломжууд байгаа гэж бодож байна,
 
-Танай намд олны танил эрхмүүд хэр олон байдаг вэ. Ирэх сонгуульд өрсөлдөх хэмжээний лидерүүд хэр олон вэ?
 
-Бид байгаа бүх боломжоороо нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ. Намд элсэх хүсэлтэй, дэмжихээ илэрхийлсэн хүмүүс олширсоор байна. Гэхдээ би нэг зарчим хэлсэн, тэр нь бид намын гишүүний тоогоор МАНАН-тай өрсөлдөхгүй гэж. Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай үзэл санаа нэгдээд, чин сэтгэлээсээ сонгож байгаа, үүгээр дамжуулж нийгмийг өөрчлөх зөв сэтгэлтэй зөв хүмүүсийг элсүүлж гүүр болно. Нөгөө талаар зөв хүмүүсийг заавал элсүүлэхгүйгээр намын нэрийн өмнөөс нэрийг нь дэвшүүлж ч болно. Нэр дэвшилтийн талаар хамтран ажиллахаар “Жудагт Монгол” хөдөлгөөнтэй ярилцсан байгаа.
 
-Монголын төр ер нь хаашаа явж байна вэ?
 
-Монгол одоогоор төргүй байна. Төрийг устгах кампанит ажил 26 жилийн өмнөөс эхлээд хэдийнэ төргүй болсон. Хүмүүс сая л үүнийг ойлгож эхэлсэн. Бид төр байгаа л гэж бодоод тайван байсан, төрөөс нэхдэг зүйлээ нэхсэн, шаардсан.
 
Тэгээд болохгүй болохоор нь бухимдаад л байсан. Төр ажлаа хийхгүй байна, төр муу байна л гээд байсан. Гэвч мөн чанартаа тэр төр нь байгаагүй. Одоо бидний өмнө төртэй болох томоос том асуудал тулгараад байна.
 
-Цаашлаад хэдхэн сарын настай үлдсэн УИХ-ын ажлыг дүгнэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийв гэдгийг хэрхэн харах вэ?
 
-Улс орноо дөрөв дөрвөн жилээр биш бүтэн 26 жилийн алдаа оноогоо дүгнэмээр байгаа юм. Арай буруу замаар яваад байна, засахгүй бол болохоо болилоо гэдгийг улам олон хүнд ойлгуулсан нь л өнгөрсөн дөрвөн жилийн гол гавьяа болсон байх. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэхийг судлах ажлын томоохон хэсэг байгуулагдаж хоёр жил судалсны эцэст Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлагатай гэдгийг гаргаж ирсэн.
 
Түүний дагуу Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төсөл бичиж намуудаар хэлэлцүүлсэн, ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа маш бодитой болж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулсан зэрэг томоохон өөрчлөлтийн эхийг тавьсан нь энэ их хурлын нийгмийг өөрчлөх чиглэлд хийсэн том дэвшил гэж харж байна. Бусдаар бол ухарсан, хуйвалдаж хувааж идсэн мөнөөх л ажлаа үргэлжлүүлсэн шийдвэр зөндөө л гаргасан.
 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ын иргэн К.Ж.Дэвид, Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар Үндсэн Хуулийн Цэцийг дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн хариу юу болсон бэ?
 
-УИХ ийм асуудлыг хэлэлцэх хугацаатай, тэр нь өнгөрчихөөд байна. Энэ талаар УИХ-ын даргад сануулсан байгаа. Өнөөдөр чуулганаар сануулъя.
 
-УИХ хариу ирүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
 
-Асуудлыг тавьсан л бол хэлэлцэхээс өөр аргагүй, удахгүй хэлэлцэх байх,
 
-Энэ хаврын чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?
 
-Хаврын чуулганы үр дүн чухал биш ээ, 26 жилийн үр дүнг л ярья гээд байна. Дөрвөн жил, хаврын чуулган гэх мэт цаг үрсэн дэмий яриа яриад яахав.
 
-Та ирэх сонгуульд аль тойрогт нэр дэвших вэ. Та сонгуульд бэлэн байна уу?
 
-Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинэ. Шинэ нам, эвслээ зохион байгуулах нөр их ажилтай байна. Өөрийгөө гэхээс илүү эвслээ бэлтгэх ажил надад хамгийн чухал байна.
 
-УИХ-ын гишүүн болсноор хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай байна уу?
 
-Маш олон асуудалд хэтэрхий цөөнх байсан гэхэд голохооргүй ажилласан. Байгаа бүх боломжийг хувь хүнийхээ хувьд харамсахааргүй шавхаж ажилласан. Үр дүнд хүрсэн нь янз бүр байгаа. Дараагийн удаа үүнээс илүү ажиллахын тулд шинэ хүчин зохион байгуулж байна.
 
-Одоо үлдсэн хугацаанд иргэдэд хэрэгтэй хуулийг батлахаас илүүтэй улстөржилт их явагдах байх гэсэн дүгнэлийг иргэд хийж байна?
 
-Амжаад хэд хэдэн хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдүүлээд авъя гэж бодож байгаа. Сонгууль дөхсөн болохоор сонгууль руу чиглэсэн хуулиудаа түлхүү хэлэлцэж таарах байх. Энэ чинь ганц энэ удаагийнх биш шүү дээ, ерөөсөө л ингэж 26 жил явсан.
 
-Эдийи засгийн хямрал улам бүр нүүрлэж байна. Гол нь улс төр дэх үл ойлголцол, хэрүүл талцлаас болоод Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очлоо гэвэл буруудахгүй байх?
 
-Би яг л бөөсний үлгэр шиг мөнөөх л Үндсэн хууль, тогтолцооны алдаа, төргүй байгаа байдлыг л ярих гээд байна. Энэ систем өөрөө үндэс сууриараа ойлголцох бололцоогүй, мөнхийн хэрүүл тэмцэл, талцалд байлгадаг тогтолцоо. Олигархийг бий болгодог, ядуусыг үйлдвэрлэдэг, цөөнхийн засаглалыг, хуйвалдаан талцалд үйлчилдэг тогтолцоо юм байна.
 
Энийг чинь л эдийн засгийн алуурчдын тогтолцоо, гаднаас суулгасан вирус гэх мэтээр нэрлээд байна даа, Одоо ухамсартай, ухаантай хэсэг нь үүнийг ойлгосон байх учиртай. Ойлгосон бол хоорондоо хэмлэлдэлгүй үүнийгээ засахын төлөө явъя гээд байна, Хэрэв төр шиг төртэй болохгүй бол улстөрийн ч, эдийн засгийн ч хямрал нь сүйрэл рүү л хөтөлнө. Өор үр дагавар хайх хэрэггүй байх.
 
 
Г.Хишигсүрэ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин