sonin.mn
Ард түмний дунд “Жаран хар, арван цагаан”-ийг мэдэхгүй хүн тун цөөн. Тэр ч бүү хэл түүний талаар ам дамжин яригдсаар ирсэн домог мэт яриа ч хаа сайгүй сонсогддог.
 
Тэд бол цэргийн урлаг, уран сайхан төдийгүй Монгол Улсын хөгжмийн урлагт цоо шинэ үзэгдэл, дэвшил байсныг цаг хугацаа харуулсаар ирсэн. “Жаран хар, арван цагаан” дахин тайзнаа гарлаа.
 
Өнөөг хүртэл тэдний асаасан галыг таслаагүй ЦДБЭЧ-ын уран бүтээлчидтэйгээ хамтран “Тэнгэр газрын дуурьсал” нэртэй концертоотун саяхан МҮЭСТО-нд үзэгчдийн хүртээл болгосон. “Жаран хар”-ын нэг МУСТА, бэлтгэлд байгаа ахлах ахлагч А.ГАЛСАНЦЭДЭНГ Дугаарын зочноор урилаа.
 
Ховд аймгийн театрт дуулжбайгаад Улаанбаатар хотод ирсэн тухайгаа сонирхуулбал?
 
-Ховд аймгийн театрт дуулж байгаад 1969 онд хуучнаар МААДБА-д дуучнаар орж байлаа. Тухайн үед дуулдаг, урлагийн сургууль төгссөн хүмүүсийг шууд элсүүлээд байдаггүй маш өндөр шалгуураар шалгаж авдаг байлаа. Бидний бусад уран бүтээлчдээс ялгардаг олон зүйлийн нэг бол тангараг өргөсөн цэргийн хүн болсон минь юм даа. Боссон, суусан ч нэг командаар ажиллаж, уран бүтээлээ тоглодог байлаа. Гадныхан биднийг хараад яг л нэг хүн шиг харагдах юм гэдэг байсан. Энэ нэр хүндтэй газарт дуучнаас ерөнхий хормейстер хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан.
 
Таныг дуучнаар орж байх тэр үед алдарт “Жаран хар, арван цагаан”хоор бий болсон байсан уу?
 
-МААДБА-ийн холимог найрал дууг, дан эрэгтэй найрал дуу болгох тогтоолыг Намын Төв Хороо 1969 онд гаргасан. Тухайн үеийн Соёлын яамны тогтоолоор холимог найрал дуучдыг Д.Мяасүдэн, П.Хаянхярваа нараар удирдуулж байсан. “Жаран хар, арван цагаан” нэрийг Ц.Гайтав гуай анхпан өгсөн түүхтэй.
 
“Жаран хар, арван цагаан”-ны тухай үлгэр, домог мэт олон яриа сонсогддог. Тэдний нэг байсан танаас сонин, содон зүйлийг сонсмоор байна?
 
-Цэргийн урлаг төдийгүй, Монголын хөгжмийн урлагт манай найрал цоо шинэ үзэгдэл, дэвшил болж, дан эрэгтэй найрал дуучид нэгдсэн юм. Найрал дуу гэдэг бол олон хүн хоорондоо зүү орох зайгүй нийлж зогсоод бие биенээ мэдэрч, нэг хүн шиг амьсгалж байдаг учиртай юм шүү дээ. Найрлыг яаж дуулах ёстойг мундаг дуучдаас, олон газар тоглолт хийж явахдаа сурсан.
 
“Жаран хар, арван цагаан”-нд ямар уран бүтээлчид байдгийг бид бүхэн харуулахыг маш их хичээж байнгын бэлтгэл сургууль, тоглолттой завгүй байдаг байлаа. Тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдийн ач тус ч бидэнд их байсан. “Жаран хар, арван цагаан"-ы өмнө гоцлоход хуй хөдөлж буй мэт л болдог байлаа гэж дуучид дурсдаг. Ардын жүжигчин Б.Лхагвасүрэн зүйрлэн хэлэхдээ
 
Жаран харын дуулсан дуунд уулс нүргэлж байдагсан
Жаран харыг дуулж байхад ус цалгилж байдагсан
Цагийг эзэлсэн жаран хардаа
Цаглашгүй чанадын дуурьсал хүснэ хэмээсэн байдаг. Энэ маань биднийг авьяаслаг уран бүтээлчид байсныг илтгэх байх.
 
Мөн бидний нэгээхэн бахархал бол 1976 онд анх удаагаа Москвагийн их театрын тайзнаа “Тал нутгийн уянга”-ыг Ардын жүжигчин Лувсаншараваар удирдуулан толилуулж байсан үе юм. Мөн Ази тивд Бетховений 9 дүгээр симфонийг эгшиглүүлж байсан гээд бид бүхэнд олон сайхан дурсамж дурдатгал бий.
 
“Жаран хар, арван цагаан” хэрхэн бүрдсэн талаар...
 
-1969 оноос эрэгтэй дан найрал, эмэгтэй 10 дуучид нэгдэж бид нэгэн цул болсон. Тухайн үеийн дуучид дотор МУГЖ Л.Цэрэнпил, Ч.Тунгалаг зэрэг ур чадвар сайтай дуучид олон байсан нь “Жаран хар арван цагаан"-ны домог өнөөг хүртэл үргэлжлэхэд нөлөөлсөн. Бид хамтдаа гадаад, дотоодгүй л тоглолтоор явна. Тэр үед очсон орны алдартай дууг дуулах хэрэг гарвал хэдхэн цаг сургуулилаад л төвөггүйхэн шиг дуулдаг.
 
Арван цагаан бол үнэхээр л биднийг чимж байсан юм. Харамсалтай нь “Жаран хар, арван цагаан”-ы зарим нь цагийн аясаар цөөрч, бурхны оронд очсон ч бидний халааг хойч үе маань залган авч яваад бахархалтай байдаг.
 
Саяхан болсон “Тэнгэр газрын дуурьсал” нэртэй тоглолт хэрхэн болж өндөрлөв?
 
-Концертыг тоглохын тулд тал бүрээс жаран харын тодотголтой ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Манай хамт олон дотроос олон гавьяат цолтон төрөн гарсан. Алдар хүндийг бидэнд авчирсан дуугаа яг л тэртээх 1980-аад оных шигээ аялах ахмадууд бидний тоглолтыг сонсоод үзэгчдийн зарим нь нулимс дуслуулж байлаа. Энэ үед өөрсдөөрөө бахархаж, омогшиж эргээд 20-иод насандаа очсон юм шиг л болсон.
 
Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдгийг энэ тоглолт үзэгчдэд харуулж чадсан. Мэдээж, үе үеийн багш нарын минь ач, гавьяаг энд дурсахгүй -байж болохгүй. Мөн энэ тоглолтыг ЦЦБЭЧ-ын удирдлага, хамт олон маш их дэмжсэнээр тоглолт илүү сайхан болсон.
 
Ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин