sonin.mn
Монгол Улс, Энэтхэг улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургуулийн Энэтхэгийн цэргийн багийн захирагч, хошууч ВАРУН СИНГХАЛТАЙ уулзлаа. 
 
Та манай оронд анх удаагаа ирж байна уу?
 
-Анх удаагаа ирж байна. Төсөөлж байснаас өөр санагдсан. Морь унаад мал хариулаад л байдаг улс гэж ойлгож байлаа. Харин ч эсрэгээрээ, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа улс гэж харагдаж байна. Цаг агаарын хувьд ч гэсэн эрс тэс, ер нь л сэрүүхэн талдаа санагдсан.
 
Магадгүй, өргөн уудам тал нутгийн онцлог байж болох юм. Энэтхэг улс өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон гэгддэг. Монголчууд ч гэсэн агуу их түүхтэй улс гэдгийг сонссон. Энэтхэг, Монголын харилцаа эртнээс эхтэй буюу 2700-3000 жилийн түүхтэй. Хүннүгийн эзэнт гүрний үеэс Монголчууд Энэтхэгийн зүүн хойд зүгийн нутгаар болон Гималайн уулын сав хөндийд 300 жилийн турш нийтдээ 3 удаа нүүдэллэн очиж суурьшиж байсан гэж уншиж байлаа.
 
Бидний ёс заншил, ахуй амьдрал нэлээд зөрүүтэй сургалт явагдсан байх, хэрхэн идээшиж байна вэ?
 
-Бид цэргийн хүмүүс. Тийм болохоор дасан зохицох тал дээр асуудал алга. Гэвч бидний ахуй амьдрал, ёс заншил, шүтлэгийн хувьд бага зэрэг асуудал тулгардаг. Энэ бүхнийг асуудалд огт тооцохгүй байгаа.
 
Монголд ирээд хамгийн түрүүнд сонирхохыг хүссэн зүйл тань?
 
-Маш олон зүйлийг үзэж, харж нүдээ баясгамаар байна. Жишээ нь хөдөөний малчин айлын аж амьдралтай танилцах, түүхт дурсгалын газруудаар явж сонирхох, уламжлалт баяруудыг нь үзэх, мөн Чингис хааны морьтой хөшөөнии дэргэд зургаа авахуулах гээд их л олон зүйл бодогдож байна. Мэдээж тэр болгоныг үзэж амжихгүй байх.
 
Эх орныхоо талаар сонирхуулвал?
 
- Энэтхэг бол гайхамшигт түүх, соёлыг хадгалж үлдсэн орон юм. Хэрэв та энэ орноор аялах гэж байгаа бол танд үзэж, сонирхох түүхэн дурсгалт газар барагдашгүй олон байж мэднэ. Тэгвэл, тэдгээрээс аль нь хамгийн гайхамшигтай вэ? гэж асуух юм бол Таж Махал юм. Энэ бол тансаг ордон ч биш, сүм ч биш, харин хайр сэтгэл, харуусал гунигийн бэлгэдэл, хүмүүнд зориулан барьсай бунхан. Гэх мэт түүхийг харуулсан олон сайхан дурсгал бий. Хүнд эх орон шиг ойр дотно санагдах зүйл байхгүй.
 
Хоёр орны цэргийн алба хаагчдын энэ удаагийн сургуулийн талаар ямар бодолтой байна вэ?
 
-Манай хоёр улс ардчилсан нийгмийн тогтолцоонд ижил үнэлэмжтэй, хүний эрхийг дээдэлэх, хүндэтгэх, энхийг сахих амар амгалан амьдралын тал дээр хамтран ажиллаж байна. Монголын Зэвсэгт хүчний дайчидтай хамтран явуулсан сургалт үр дүнтэй явагдаж байгаад бид итгэл дүүрэн байгаа. Монголын чадварлаг цэргийн алба хаагчдаас сурч мэдсэн зүйл ч чамлахааргүй. Тэд бол жинхэнэ цэргийн алба хаагч ямар байх ёстойг өөрийн биеэр харуулж чаддаг шилдэг дайчин эрс юм. Хамтран сургуульд оролцсон нийт цэргийнхэндээ амжилт хүсье.
 
Ахлагч А.АПТАНХУЯГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин