sonin.mn
Ховд аймгаас төрсөн алдартай олон арван бийчэд улс, аймгийн олон удаагийн уралдаан, баяр наадамд үзэгч олноо цэнгэн баясгаж, баруун монголын бий биелгээний өв соёлыг өдий хүртэл тээж өвлүүлж ирсэн гавьяатай хүмүүс.
 
Баруун монголын олон ястны бий биелгээ нь дотроо дэг, хөдөлгөөний хувьд ялгаатай. Баяд бий нь толгой, гарын хаялга нэг зүгт байдгаараа дөрвөд бийнээс ялгаатай. Баяд бийний жинхэнэ намба нь зүүн мөрийг араас нь урагш баруун мөр рүүгээ цохиод баруун гараа дэлгэж зүүн мөрөнд авна.
 
Харин дөрвөд бий биелэхэд толгой, гар зөрж хөдөлнө. Дөрвөд, баяд бийд толгойгоо тал тал тийшээ ганхуулан шидэж биелнэ. Захчин биелгээ гарын алгыг ихэнх тохиолдолд дээш нь харуулан татлага хийдэг байна. Харин торгууд биелгээний онцлог нь зогсолтонд байдаг аж. Бийч хоёр гараа тахимаараа зориулан зогсож, гараа дотогшоо татаж хумиж, мөрөө цохилттой хөдөлгөн, толгойг савлан хаяхыг цээрлэдэг байна. Тэгээд ч толгой дээрээ аягатай ус тавьж биелдэг байна.
 
Ойрадын бий биелгээний хөдөлгөөн нь тодорхой хөг аялгуутайгаа нийлж төрсөн нутаг, баатар сайн эрчүүд, хөлөг сайн морь, ажил үйлс, ёс заншлыг утгачлан тусгаж дүрсэлдэг.
 
Ховд аймгаас торгуудын М.Пүрэвжал, Б.Дугараа /Монгол Улсын гавьяат жүжигчин/, М.Дарьсүрэн, А.Баттөмөр, Захчины О.Мухаршар, О.Дашдорж, Ш.Банзай, А.Норолхоо зэрэг алдартай бийчид төрөн гарсан билээ.
 
Ховд аймаг А.Бямбасүрэн
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг