sonin.mn
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Танаа
 
Эрдмийг эрхэмлэхүй
 
Эртний эх сурвалжаас үзэхүл Хүннү гүрний үеэс Монголчууд эрдэм номтой хүмүүнийг эрхэмлэн дээдэлж ирсэн юм. Их Модун хаан эргэн тойрныхоо улс орны эрдэмтэй хүмүүнийг эрэн сурвалжилж тэдний оюун ухаанд итгэж хамтран ажилладаг байжээ. Аттилла хаан хүннү хүнийг дээгүүр тавьдаг байсан нь өнөөгийнх шиг арьс өнгөний үзэл биш тэдний сурсан эрдмийнх нь үнэлгээ байв. 
 
Их эзэн Чингэс хаан дэлхийг төвшөтгөх их үйлсдээ Чу мэргэнийг үргэлж дэргэдээ байлгаж хамтран ажиллаж, Чанчун бумтай удаа дараа уулзаж хүмүүн, байгалийн оршихуйн талаар өөрийн ухааныг сэлбэж , улмаар жилд нэгээс доошгүй удаа улс орон болоод хамрах нутаг газарт байгаа эрдэм номтой хүмүүсийг эрэн сурвалжлан олж, төрийн албанд зүтгүүлдэг уламжлалыг тогтоосон юм. Энэ уламжлал их эзэн хаанаас хойш Лигдэн хаан хүртэл үргэлжилсэн билээ. 1691 онд Манжид дагаар орсноос хойш энэ уламжлалыг Манжууд санаатайгаар тасалдуулсан байдаг. Манжийн Энх-Амгалан хаан ч бас Өндөр гэгээн Занабазарыг дэргэдэх зөвлөгчөөрөө ажиллуулж байв. Энэхүү уламжлал байсан боловч гундаж гутарсан зуунуудад эрдэм номтой хүмүүсийг хүндлэх уламжлал алдагдсаар өнөөг хүрэв. Гэсэн ч манай ухаалаг өвөг дээдэс бас ч зүгээр суугаагүй юм. Харин сүүлийн 25 жилийн байдлаар энэ уламжлал мөнгөтэй хүнээр солигдож төөрч будилж явна. Гэхдээ уламжлалд байсан юм устахгүй дахиад сэргэх шаардлага өнөө цагт бий болов. Эрхэм баян эрдэм ном, дунд баян үр хүүхэд, адаг баян эд хөрөнгө гээд аль явир цагаас тодорхойлсон юм. Дэлхий дахинд сэгээтэй сэхээтэй улс орнууд эрдэм номтой хүмүүнээ дээдэлсээр байдгийн нэг жишээ гэвэл: Францаас гурван сэхээтэн гарахад ард нь хүн үлдэхгүй гэж Францчууд ярьдаг. Орос улсад өөрчлөн байгуулалт эхэлсний дараа хэсэг хугацаанд эрдэмтэд нь гадагш гарах үзэгдэл богино хугацаанд болсныг анзааран зогсоосон юм. Үүнийг тархи цувах \утечка умов\ гэж нэрлэлэг. Эртний Дорно дахины гүн ухаанд “бар шиг түшмэлийг чоно шиг түшмэл дагана, чоно шиг түшмэлийг үнэг шиг түшмэл дагана” хэмээсэн нь төрийн албанд ажиллах түшээдэд эрдэм оюунтаныг чухалчилж ирснийг харуулж байна. Эрдэмлэг, оюунлаг түшээд араатны гэмээр шунал хүслээсээ ангижирсан байдаг билээ. Энэ удаагийн сонгуулиар ард олон МАН-д итгэл хүлээлгэв. Олны итгэл хүлээж, хүнд хямралтай байдлаас гарахад энэ намын удирдлагууд улс орон даяараа байгаа олон эрдэм номтой хүмүүсээ эрэн олж, төрийн албанд зүтгүүлэх зайлшгүй үе ирээд байна. Олон түмний зүгээс ч эрдэм номтой хүнээр төрийн албыг хашуулах чин хүсэл байгааг эдгээр итгэл хүлээсэн намынхан олж харсан гэдэгт итгэнэм. 
 
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодитой үнэлэлт өгч, хямралт хийгээд зөрчилт байдлаас богино хугацаанд гарч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, оновчтой гарц, шийдлийг тодорхойлох, хөгжлийн хэтийн төлөвлөлтийн уялдааг хангахад бодлогын хийгээд аргазүйн төвшинд төр засагт түшиг, түшээ болохуйц мэдлэгтэн, чадвартаны нөөц Монголд хангалттай бий. Төрийн бодлого боловсруулах, салбарын хөгжлийг төлөвлөх, тулгамдсан асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд эрдэмтэн мэргэд, судлаач шинжээчид салбар, салбарын мэргэжилтэн, мэргэшилтнүүдийн оролцоог хангаж, хамтран ажиллаж чадаж гэмээнэ өнөөгийн Монгол төр, улс орны бодит нөхцөл байдал богино хугацаанд давшингүй үр дүнд хүрэх боломжтой. Шинэ төрийн эрх баригчид, бодлоготнууд улс төржсөн талцлыг эрхэм болголгүй, нам харгалзахгүй мэдлэгтэн, чадвартныг төрийн үйл хэрэгт татан оролцуулахын хамтаар улс төрөөс дайжмал буюу нуугдмал байдлаар ажиллаж буй салбар бүрийн экспертүүд, шинэ чадварлаг мэргэжилтэн, туршлагатнуудын нөөцийг бүрдүүлэн Монгол улсын хөгжлийг тодорхойлолцон, шийдвэрлэлцэхэд татан оролцуулахыг хүсье.
 
Хишигтний чуулган ТББ
2016.07.18