sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. Зургадугаар сард Хойд мөсөн далайн мөсний хэмжээ хамгийн бага түвшинд хүрээд байна. Өнгөрсөн зургадугаар сард Хойд мөсөн далайн мөсний талбай 2010 оны зургадугаар сарын хамгийн доод үзүүлэлттэй харьцуулахад 260 хав.дөр.км-ээр багасчээ.
 
Далайн мөсний эзлэх талбай дулаан агаарын масс болон далай тэнгисийн усны температур өсч байгаагаас шалтгаалан өдөрт 56 900 хав.дөр. км-ээр багасч байгаа аж. Эрдэмтэд Хойд мөсөн далайн мөсөнд гарч буй өөрчлөлтүүдийг 37 жилийн турш хиймэл дагуул ашиглан ажиглаж иржээ. 
 
Хойд мөсөн далайн мөс хайлдаг улирал нь хаврын эхэн сараас намрын сүүл сар хүртэл байдаг бол 10 жил тутамд энэ хугацаа улам уртсаж байгаа юм. Сүүлийн 13 жилд өвлийн улиралд хүртэл мөсөн давхарга хайлж алга болж байгааг эрдэмтэд илрүүлжээ.
 
Ажиглалт явуулж байсан хугацаанд 2016 он нь хамгийн халуун жил болж байгаа  бөгөөд гуравдугаар сараас бусад бүх саруудад далайн мөс багасч байгааг тогтоогоод байгаа юм. Хэрэв дэлхийн цаг уурын дулаарал цаашид үргэлжлэх аваас Хойд мөсөн далай удахгүй бүр мөсөн алга болж магадгүй гэж эрдэмтэд анхааруулжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг