sonin.mn
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд Засгийн газар, аймгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, иргэд болон олон улсын байгууллагаас 552.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.
 
Үерийн улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11, 13 багийн 160 гаруй айлын 700 орчим хүн нэрвэгдэж, 105 байшин нурсан байна. Мөн 70 байшин нурах магадлалтай байгаа аж. Тус өдөр Засгийн газрын нөөц сангаас 324.6 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал олгохх шийдвэр гаргаж, энэ сарын 18-нд тээвэрлэн хүргүүлжээ.
 
Уг тусламжид 175 сая төгрөгийн эсгий гэрүүд, 93.3 сая төгрөгийн хоол хүнс, 3.4 сая төгрийн ариутгалын бодис зэрэг багтжээ. Уг хөрөнгийг өчигдөр болсон Засгийн газрын анхдугаар хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн байна.
 
Мөн үерт автсан айлуудад туслах хандивын ажиллагааг яаралтай зохион байгуулж, иргэдэд тусламж хүргэхийг Шадар сайдад даалгасан хэмээн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцлов.
 
Тэрбээр, “Үерийн улмаас Өлгий сумын 6 болон 9 багт 150-160 см гүн ус тогтсоныг 1500 метр суваг, 216 метр куб далан босгож цэвэрлэсэн. Орон гэргүй болсон 104 өрхөд зориулан Өлгий сумын ЗДТГ-аас 0.7 га газар шинээр олгож, эрчим хүчинд холбох ажлыг эхлүүлээд байна.
 
Мөн 60 хүүхдийн гэр цэцэрлэг ажлуулж эхэлсэн. Мөн 29 өрхийн 107 хүнийг Дорнод Казахстаны салбар сургуулийн тодуур байр, 5 дугаар ахлах сургуулийн биеийн тамирын зааланд байрлуулсан.
 
Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран үер буусан хэсгийн хөрсний бохирдлыг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Түүнчлэн иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хараахан газар олгож амжаагүй байгаа иргэдийг хоол хүнс, орон байраар хангах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.
 
Гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд олон улсын болон дотоодын аж ахуйн нэгж, иргэд тусламжийн гараа сунгаж буйг тэрбээр онцолсон юм.
 
Тухайлбал, “Сод Монгол” групп 31.5 сая, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас 12.3 сая, МУЗН-аас 7.5 сая, “S Outlets” дэлгүүр 15.4 сая, “Exclusive LLC” компани 2.5 сая төгрөгийн гэр, хувцас, хүнсний материалын тусламж үзүүлжээ.
 
Мөн УИХ-ын гишүүн А.Баделхан, Мурат нар 18.4 сая, Монголын мусылман шашны төв 2 сая, Казахстан улсад шилжин суурьшсан иргэд 12.5 сая, “Алтаншан” компани 1.2 сая төгрөгийн эд материал хандивласан байна. Эдгээр тусламжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан санхүүжилт дээр нэмж тооцвол 552.5 сая болж байгаа юм.
 
Энэ сарын 15-17-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын уулзалтын үеэр БНКазУ-аас үерт автсан өрхүүдэд зориулан 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд одоогоор санхүүжилт орж ирээгүй байгаа аж. Санхүүжилт ирсэн тохиолдолд ОБЕГ-аас иргэдэд хүмүүнлэгийн тусламж тараах, хөрөнгийг зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллах юм.
 
Энэ зун бороо хур ихтэй байгаа тул хэд хэдэн аймагт үер буужээ. Тухайлбал, Завхан аймагт энэ сарын 25-26-нд үер бууж, 27 айл, Хөгжим бүжгийн коллеж, Тагнуулын хэлтэс, Халамжийн хэлтсийн байр усанд автсан байна.
 
Аймгийн онцгой байдлын газар шуурхай арга хэмжээ авч, айлуудыг нүүлгэн шилжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийжээ. Мөн энэ сарын 27-нд Эрдэнэт хотод үер буусан бөгөөд хохирол учраагүй байна. Тиймээс ард түмний үер усны аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг