sonin.mn
УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээснээс хойш АН-ынхан “амралтаа авсан”. Гэвч ялагдлаа сонгуулийн шөнө яаран хүлээж нам гүм болсон тус намаас олон нийт идэвхтэй амьдрал шаардсаар өнөөг хүрлээ.
 
Сангийн сайдын мэдэгдлийн дараа З.Энхболд, Э.Бат-Үүл нарын хийсэн хариу төдийлөн хангалттай тайлбар болоогүй гэж дүгнэх хүн олон бий. Саяхнаас амралтын байдалтай байгаа АН-аас чимээ гарч эхэлсэн нь тус намын ҮЗХ-ны хурал энэ сарын 25-нд болохоор зарлагдсан явдал юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын залуу үеийнхэн санаачлагатай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. АН-ын залуу боловсон хүчин, Шинэчлэлийн Засгийн газрын үед шадар туслахаар ажиллаж байсан С.Тамиртай ярилцлаа.
 
 
-Сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Танай намынхан шокноосоо гараагүй байна уу, эсвэл дотоод хямралдаа цэг тавьж чадахгүй хэвээр байна уу. Саяхнаас намын даргын асуудал яригдаж байх шиг байна. Гэтэл на­мын даргаа сольсноор АН шинэчлэгдэж чадах уу?
 
-Сонгууль өнгөрөөд сар хагасын хугацаа өнгөрчихөөд байхад АН юу болсон, юунаас болж ялагдсанаа авч хэлэлцэхгүй, намын дарга хэн байх тухай сандал суудлын хэрүүл хийгээд сууж байгаад би харамсч байна.
 
Энэ хугацаанд гэмт этгээдүүд сонгуулийн будлианы мөрөө балласаар, нотлох баримтуудыг устгах, солих хангалттай хугацааг бид өөрсдөө олгож өглөө. Иймээс АН-ын ҮЗХ хуралдахдаа нэн тэргүүнд юу болж өнгөрсөн, намынхаа эсрэг явсан, МАНАН байгуулж ажилласан хүмүүсээ эхэлж шүүх нь зөв гэж үзэж байгаа юм. Олон мянган хүний хүч хөдөлмөр, итгэл зүтгэлийг салхинд хийсгээд, намын даргаа сольсон болоод л цаашаа юу ч болоогүй юм шиг сандал суудлын хэрүүл хийгээд явах нь гишүүд, дэмжигчид, ардчилал уруугаа ус цацсан хэрэг болно. Тэр тусмаа АН бол ард түмний итгэл найдварыг ямар ч хүнд цаг үед үүрч явдаг улс төрийн хүчин. АН-ыг цөөнх байх үед ч, олонх байх үед ч ард түмэн үнэний хэмжүүр, түшиг тулгуур хэмээн үзэж, улс төрийн хүчнийх нь хувьд шударга,шийдвэртэй алхмуудыг манай намаас  хүлээсээр байдаг гэдгийг хэлмээр байна.
 
-Та сонгуулийн будлианы тухай ярилаа. Өнгөрсөн сонгуулийг захиалга байсан мэтээр дүгнэх хүн цөөнгүй ажиглагдсан. Та тэдний нэг юмаа даа?
 
-Энэ удаагийн 2016 оны УИХ-ын сонгуулиар ялсан болон ялагдсан тал аль аль нь шоконд орсон үр дүн гарч өнгөрсөн шүү дээ. Аягүй бол намайг сонгууль яриад эхлэхээр гоншигнолоо, өнгөрсөн юмны араас олон юм ярилаа гэх байх, гэхдээ л би үүнийг, үнэнийг хэлнэ. Бидний зүгээс нам дамнасан бүлэглэлийн үйл ажиллагааны үр дүнд захиалгат төрийг УИХ-ын сонгуулиар байгуулах гэж байна гэдгийг анхааруулж байсан.
 
АН-ыг булшилж, МАН-тай тохиролцон төр барих процесс удаан хугацаанд өндөр зохион байгуулалттай нууцаар явж ирсээр сая үр дүн нь гарсан. Энэ процессийн дүнд Үндсэн хуулийн гурав, Эрүүгийн хуулийн 82, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын гурав, Сонгуулийн хууль гээд олон хуулиар хатуу чанд хориотой үйлдлүүд хуулийн цоорхойгоор хар технологийн аргаар үйлдэгдлээ гэж үзэж байна.
 
-Таны ярьж байгаагаар энэ олон хуульд өөрсдийн тав тухад тааруулан өөрчлөлт хийснээр Монголын улс төрийн тогтолцоо гажуудсан гэсэн үг үү?
 
-Цаашдаа сонгууль хийх шаардлагагүй, дарангуйлал руу явж байна шүү дээ. Саяын сонгуулийн дүн ч үүнийг эхний байдлаар харууллаа.
 
-Түрүүн та нам дамнасан бүлэглэл төрийн эрхийг авсан гэлээ.  Хэрхэн яаж авсан гэж.  Танай нам л  эрх баригч байсан шүү дээ.
 
-Үнэндээ бол Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны дараагаас хэн ч төр барихаа больсон шүү дээ. Засгийн газрыг огцруулж, тоглоомын засаг байгуулж, Үндсэн хуулийн цэцэд захиалга өгч УИХ-аар сонгуулийн хуулийг өөрчлүүлж, стратегийн ач холбогдолтой хуулийн байгууллагуудын даргаар шат дараатай өөрсдийн хүмүүсийг томилж, өрсөлдөгч нартаа хэрэг зохиох, холбогдолд оруулан намнах замаар дарж ирсэн гээд зүй тогтлоор нь сайн харвал тэдгээр бүлэглэлийн шат дараалсан үйл ажиллагааг сайтар анзааран харж болно.
 
Улсын хэмжээнд рейтингээрээ топ тавд байсан бүх улстөрчийг хамгийн олон арга хэрэгсэл ашиглан намнасан байдаг. Жишээ нь: Н.Энхбаяр, Н.Алтанхуяг, Х.Баттулга, С.Ганбаатар, Г.Уянга, Х.Тэмүүжин нарын улстөрчдөд олон төрлийн арга хэрэглэж, зарим дээр нь улс төрийн дүрмийн бус, хүн ёсноос гажууд олон арга хэрэгслийг ашиглан, хэд хэдэн байгууллага зэрэг операци явуулсаар ирлээ шүү дээ. Мөн хуулиар халхавчлан жижиг намуудыг устгалаа.
 
-УИХ дээр хэн хэн ямар хуулийг өөрчлүүлэх гээд гүйж байсан, дарсан кнопных нь дүн үлдчихсэн байгаа л даа. Эдгээр шат дараалсан үйл ажиллагаанууд зүгээр хар аяандаа бий болчихоогүй, тэдгээрийг удирдан зохион байгуулсан эзэн биетэй л үйлдэгдсэн байж таараа. Энэ байдлаараа цаашдаа дахиж сонгууль явуулах хэрэг байгаа ч юм уу даа?
 
-Өнөөдөр бол Монгол Улс парламентын тог­­тол­­цоотой бус Нам төвт төрийн тогтолцоотой болсон юм шиг харагдана, бүр тодруулбал Бүлэглэлийн засаглалтай.  МАН өөрөө ах дүүгийн, холбоо хороодын нийлсэн том компани болчихоод байна шүү дээ. Харин сонгууль будлиантуулах хэмжээний эрх мэдэл зөвхөн нам дамнасан бүлэглэл, тэднээс томилогд­сон харъяаны байгууллагуудын удирд­лагуудад л байсан гэдэг нь ойлгомжтой.
 
Харин тэдгээрээс Үндэсний аюулгүй байдлаа амь биеэрээ хамгаалахаар тангарагласан албаны­хан маань их л сэжигтэй байгаа нь харамсалтай. Энэ удаа шударга бус байдал хумсаа нууж, үнэнийг мянга дахин гутаан байж ирлээ. Тиймээс бид ч бас энэ шударга бус байдалтай тэмцэх зоригтой,  итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв үнэн гэдэг юм заавал шатаж байж ирдэг юм бол үзэл бодлоороо бид  ч бас шатъя.
 
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тог­лоомын төр байсан гэж та шуудхан хэллээ?
 
-Тийм, гаргасан анх­ны шийдвэрээсээ эхлээд хамгийн сүүлчийн шийд­вэр хүртлээ энэ нь харагдана.
 
-Сонгуулийг луйвардсан гэлээ. Ямар үндэс­лэлээр ингэж хэлж байна вэ?
 
-Олон аргаар луйвард­сан, техник-технологи, бүртгэл будлиантуулах мөн хүн-царцааг ихээр ашиглах гэх мэт. Гэхдээ хүн царцааг зөвхөн нүүдэллэж очиж санал өгснөөс илүүтэй хамгийн гол нь “Суурин царцаа” нар илүү будлиантуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэг хүн хэд хэдэн санал өгсөн, зохиомол царцаа нар тодорхой бэлтгэгдсэн хэсгийн хороодод санал өгч дүнг өөрчилсөн байх. Сонгогчийн санал өгснийг тэмдэглэх тэмдэглэгээг сэмхэн байхгүй болгочихсон шүү дээ. Тиймээс нэг хүн хэд хэдэн зохиомол хаяг дээр, хэд хэдэн хүний өмнөөс санал өгөх боломжийг нээж өгсөн байдаг. Сонгуулийн ирц ханачихаад гэнэт ихэссэн. Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирц байнга буурсаар ирсэн.
 
Харин энэ удаа ирц үдээс хойш гэнэт хачирхалтайгаар нэмэгдсэн байдаг. АН найдвартай тойргууд дээрээ урьдчилсан байдлаар ялж яваад үдээс хойш,оройдоо нийтээрээ ялагдаж эхэлсэн байдаг. АН-ын зарим гишүүн АН-д ард түмэн хатуу дүн тавьсан мэтээр хэлж, ярьж, эсрэг нам маань ч ийм суртал ухуулгыг сайтар тараалаа. АН-ын удирдлага, Засгийн газар унхиагүй байсан нь хэдий үнэн боловч, ингэж ташраараа унах хэмжээний байсан гэвэл үнэмшилгүй хэрэг. Маш бага зөрүүгээр ялдаг нь жижиг мажоритар системийн гай боловч гарцаагүй АН ялалт байгуулахаар тойргууд дээр ялагдаад байсан нь маш сэжигтэй. Ер нь урд нь байсан сонгуулийн арай дэвшилтэт хуулиа хууль зөрчин байж яг сонгууль болохын өмнө МАН-тай нийлж солих ажлыг хэн хэн АН-аас улайран удирдан зохион байгуулав гэдэг нь өөрөө нэг юм хэлээд өгч байгаа биз.
 
Сэжигтэй гэдгийг МАН-ын гишүүд ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Үр дүнд нь тэдний намын нэгж УИХ-ын гишүүний саналын үнэ цэнэ шалан дээр уначихаад байна. АН-ын өмнөх дарга сонгуулийн шөнө яаран сандран гарч орон даяар ялагдлаа хүлээн зөвшөөрсөнд олон гишүүн тааламжгүй хандаж байгаа. Мөн шинээр сонгогдсон гэх гишүүдийг АСЕМ-аар дулдуйдан яаран сандран батламжилдаг нь бас л нэгийг хэлнэ шүү дээ. Мөн намын анхан болон дунд шат, намын удирдлагын хоорондын уялдаа холбоо маш сул болсон байсныг хэлэх хэрэгтэй.
 
-Хэдийгээр З.Энхболд фракцгүй улс төрийн хүчин гэж зарласан ч нам доторх бүлэглэлүүдийн зөрчил нь АН-ыг сулруулсан шүү дээ. Цаашдаа ийм байдалд орохгүй байх ямар арга зам байж болох вэ. Залуу хүний хувьд таны бодлыг сонсъё?
 
-Миний энд яриад, ойлгуулах гэж зүтгээд байгаа бүлэглэлийнхэн АН-ыг тэгж харагдуулах ажлыг удаан хугацааны турш, эрэмбэ дараатайгаар зохион байгуулж чадсан гэдгийг дахин хэлье. Нэг фракцийнх нь хүнийг шоронд хийгээд түр гаргачихна. Хариуд нь нөгөө талаас нь дахиад нэг хүн бариад шоронд хийж байгаа юм шиг харагдуулна, тэгээд л болоо шүү дээ.
 
-АН-ын даргаар З.Энхболд сонгогдсоноор танайхны эв нэгдэл үндсэндээ байхгүй болсон. Үүний цаана ямар ашиг сонирхол байсан гэж үздэг вэ?
 
-Засгийн эрх, намын удирдлагыг авсан арга зам нь өөрөө тийм гайхуулаад байхааргүй юм болсныг бүгд мэдэж байгаа. Одоо ч манай ахлах зөвлөх шоронд сууж байна. Би харин тодорхой төвшинд ажиллаж байсны хувьд Н.Алтанхуяг даргыг намын даргын албаа өөрийн хүсэлтээр өгөхөд нь санал нийлээгүй гэдгээ хэлмээр байна.
 
 -Та Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын шадар туслахаар ажиллаж байсан. Өнөөдөр ч Н.Алтанхуяг дахин намын дарга болох ёстой гэж үздэг, лоббиддог хүмүүс бий. Та нар энэ тухай ярилцсан уу?
 
-Ярилцаагүй. Харин Ж.Батзандан нарын хүмүүс намын даргын суудалд санаархаж байгаа тухай сонссон. Зарчмын хувьд олон нүүртэй, шийдвэрээсээ ухарч буцдаг, МАН-ын захиалгаар ажилладаг хүнээр АН удирдуулах арай болоогүй гэж бодож байгаагаа нуух юм алга. Хэдийгээр ялагдал хүлээсэн ч гэсэн АН бол Монгол түмний бахархал, Монголын улс төрийн тогтолцоон дахь ардчилсан ирээдүй, одоо ч тийм байгаа. МАН үнэмлэхүй олонх болж, урьдын адил нэг намын ноёрхол эргэн ирээд байхад ард түмэн АН-аас өөр юунд, хэнд итгэж найдах юм бэ гэдгийг бид бодолцох ёстой.
 
-Танай намд шинэ үеийнхэн гарч ирж, эрс шинэчлэл хийх цаг ирсэн юм биш үү?
 
-АН ахмад үеийнхэн, партизанууд, дэмжигчид, эгэл жирийн гишүүдийнхээ итгэл сэтгэл дээр оршин тогтносоор ирсэн. Энэ эгэл жирийн гишүүдийн дунд шинэ үеийнхэн, ардчилалтай хамт өсөж өндийсөн залуус олон бий.  Тэднийхээ туршлага, эрч хүчийг нэгтгээд аваад явчих ухаан, тогтолцоо л хэрэгтэй байна. Шинэчилнэ гэдэг нь эхлээд алдаа оноогоо дэнслэхээс эхэлнэ гэж үзэж, залуучууд бид үүнийг л хүсч байна.
 
Учир нь Монголын залуу үеийнхний олонхийнх нь итгэл үнэмшил АН-ыг харж, хүлээж байдаг юм шүү. Ардчиллын хамгийн ээдрээтэй, хүнд хэцүү үед өсөж төлөвшсөн бидэнд өөр сонголт улс төрийн талаасаа байдаггүй. Тэгээд ч өргөн утгаар нь харвал энд ганцхан АН-ын тухай биш, улс орны ирээдүйн тухай, монголчууд эх орондоо бүрэн утгаар нь эзэн болж чадах уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж буй болохоор дуугүй суухыг үзэл бодол, монгол хүний сэтгэл зүрх  минь зөвшөөрөхгүй байна.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин