sonin.mn
ВАШИНГТОН. /dvids/. Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн флотын тэнгисийн явган цэргийнхэн хамтран хөнөөлт бус зэвсгийн талаарх “NOLES-2016” семинар явуулж эхэллээ. Уг семинар 9 дүгээр сарын 12-23-нд Монголд болох юм.
 
“NOLES” бол тогтмол хуваарийн дагуу явагддаг хээрийн сургууль бөгөөд удирдлагын семинарыг АНУ-ын Номхон далайн тэнгисийн явган цэргийн корпусын ивээл дор зохион байгуулдаг.
 
Уг сургуулилтыг Ази-Номхон далайн олон улс оронд жил бүр явуулдаг. 15 дахь удаагаа болж буй уг сургуулилт нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах, бага зэргийн мөргөлдөөн болон эмх замбараагүй байдал үүсэх зэрэг тохиолдолд хөнөөлт бус зэвсгийг үр дүнтэй ашиглахыг зааж сургах зорилготой.
Хөнөөлт бус зэвсэг гэдэг нь хүнийг амийг хөнөөлгүйгээр, хүний биед аль болох бага хэмжээний гэмтэл учруулах замаар хүмүүсийг эсэргүүцэх чадваргүй болгохын тулд тусгайлан зохион бүтээсэн зэвсэг юм. Энэ зэвсгийн эд хөрөнгөд учруулах хохирол мөн адил бага байдаг. Уг зэр зэвсгийг аврах ажиллагаа, эмх замбараагүй байдал үүсэх, дайнд олзлогдсон хүмүүсийг хянах, шалган нэвтрүүлэх цэг болон цувааг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж хүргэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон иргэдийн зүгээс зэвсэглэн довтлох үед ашиглах боломжтой.  
 
Энэ удаагийн сургуулилтад Монгол болон АНУ-ын цэргүүд оролцож байгаагаас гадна Монголын Зэвсэгт хүчний командлалаас 25 улсын цэргийн өндөр тушаалтнуудыг уг семинарт оролцохыг урьсан юм.
 
Х.Сарнай 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг