sonin.mn
     Гэрэл Амарсанаа
 
                                \цуврал ярилцлага- 27\
 
...Өнгөрсөн хавар Юта мужийн "Давст нуур" хотод очихдоо Г.Амарсанаагийн талаар танилуудаасаа сонсож байсан юм. Барилгын бизнес эрхэлдэг тэрээр Чикаго хотод бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар, "Монгол хороолол" байгуулахаар хөөцөлдөж байгаа аж.
 
Ажлуудаа дуусгаад буцах замдаа найзуудаас нь Г.Амарсанаагийн утсыг авч, Чикаго хотод очоод холбогдож уулзан зорьж, зүтгэж яваа ажлынх нь талаар сонирхож мэдээлэл авлаа. АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд аль нэгэн хотдоо "Монгол хороолол" байгуулах тухай яриа, санал санаачлага нилээд хэдэн жилийн өмнөөс гарах болсон. Гэвч төдийлэн нааштай эхлэл хийж чадаагүй.
 
Тэдний зорилго болоод ажлын талаар сонирхсоныхоо дараа "Монгол хороолол" байгуулах мөрөөдлийн босгон дээр та нар иржээ", би өөрийн боломжоороо бусдад хүргэж дэмжүүлэхийг хичээнээ" гэж тэдэнд амалсан. "Монгол хороолол"-ын талаар мэдээлэл авч буй хүн болгон "Хэн санаачилсан юм бол?" гэж сонирхох нь лавтай" гэдэг бодлоос үүдэн Г.Амарсанаатай ярилцсанаа та нарт хүргэж байна. Энэ төслийг санаачилсан Г.Амарсанаатай танилцана уу?
 
                                Нэг. НАМТРЫН ТОВЧООН
 
1978-Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн
1996-Архангай аймгийн 1-р 10 жилийн дунд сургууль
2000-УБИС-ийн харьяа БТДС-ийг тус тус суралцаж төгссөн
1999-2000 " Mon-Altuce" БТДС-д багш 
 
 2001-оноос Архангай аймгийн Спорт хороонд багш дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан
2002-оноос АНУ-д ажиллаж, бизнес эрхэлж буй
2005-онд АНУ-д Хөнгөн Атлетикийн Холбооны "дасгалжуулагчийн курс" -т суралцсанo
2005-оноос "Bat LLC " компанийн захирал
 
               Хоёр. ДАРХАН ХҮНИЙ БУРХАН УХААН
 
-Г.Галбадрах: Бага насныхаа дурсамжаас хуваалцвал?
 
-Г.Амарсанаа: : Аав маань их уран хүн байсан юм. 1985 онд тохой өндөртэй "Эвтэй дөрвөн амьтан"-г гангаар сийлж, тухайн үеийн Социалист орнуудын уран дархчуудын тэмцээнд оролцож түрүүлээд," Дэлхийн Залуучууд Оюутны 12-р Наадам"-д оролцож байжээ. 1992 онд Moнголын шилдэг уран дархчуултай хамт Энэтхэгт хагас жил болж байсан юм. Ингээд бодоход бидний ажилсаг чанар миний аав, ээж хоёроос үүдэлтэй  гэж боддог.
 
Ээж маань мөн уран гартай, хөдөлмөрийн багш хүн. Хэрвээ надаас "Ухаан орохдоо анх мэдэрсэн, сэтгэлд тод үлдсэн зүйл тань юу вэ?" гэж асуувал, дархан хүний алх, дөшний чимээг л хэлнэ. Тэр чимээ одоог хүртэл чихэнд минь сонсогдож байдаг. Одоо ямар ч сайхан дуу, дуурь, хөгжим сонсоход жингэнэсэн алх дөш, ган багажны жигд товшилттой чимээнээс илүү санагддаггүй юм, миний хувьд \инээв\. Алх дөшний харших чимээ надад хөдөлмөрлөхийг, зөв байхыг сургасан байх гэж боддог. Аав минь намайг хүний хүүхдүүдээс  дутуу явуулж байгаагүй.
 
-Г.Галбадрах: Аав тань "Дархан хүний бурхан ухаантай" байжээ?
 
-Г.Амарсанаа: Архангай аймагт аавыг минь мэдэхгүй хүн гэж байдаггүй. "Уран Гэрэлээ" гэдгээрээ алдартай байсан. Намайг хичээлээ тараад ирэхэд манай гэрийн гадаа заавал нэг морьтой ч юм уу, эсвэл машинтай хүн байж л байдаг байлаа. Тухайн үед олон хүмүүс манайхаар орж гардаг, ааваар минь гаанс, чулуун хөөрөг, алт, мөнгөн эдлэл гээд үнэтэй цайтай зүйлээ хийлгэдэг байсан.
 
Ээж маань хүмүүс ирэхээр бүгдэд нь хоол цай хийж өгч дайлаад л,  би болохоор тэдний хоорондын яриаг чагнаж өссөн дөө.  Аав минь тийм сүрхий уран хүн байсан боловч эдийн хүсэл, эдийн болоод ахуйн шунал гэдэг зүйлээ аль хэдийнээ орхисон хүн байлаа. Ер нь эд баялагийг зөв хэрэглэх ёстойг ахуй амьдралаараа үр хүүхэддээ харуулсан даа.
 
 -Г.Галбадрах: Эцэг эхээс хэдүүлээ өссөн юм бэ?
 
-Г.Амарсанаа: Бид эцэг эхээс гурвуулаа. Миний бодлоор "Айхтар айл" гэж ажилсаг айлыг хэлдэг болов уу гэж боддог. Манайх тийм "Айхтар айл" байсан юм. /инээв/. Аав маань бидэнд, аливаа ажлыг маш сайн хийж сурахыг зааж зөвлөдөг байв.  "Хийж чадахгүй юм бол ядахдаа хараад зогсож  бай" гэдэг байсан сан. Бусад айлууд гэрээ барихаараа ганцхан өдөрт л барьчихдаг. Гэтэл манайх шалаа тавих гэж хоёр өдөр болдог айл байлаа.
 
Манай шалнууд бүгдээрээ нугастай, ховилтой төмрөөр хооронд нь чагталж барьдаг байв. Тэрэн дээрээ аав дархаа хийж цагаан мөнгө, алт хайлуулаад түүнийгээ давтахад тэрүүхэн тэндээ дуугарахаас биш шал тэр аяараа дуугарахгүй. Гол учир нь тэндээ байсан юм билээ. Гэр дотроо бөмбөг залахад хүртэл гоё шүү дээ /инээв/. Хүмүүс "Хөрөөгөө өгөөч" гэж ааваас гуйвал "Тэгээ тэг, Амараа миний хүү яваад түлээг нь хөрөөдөөд өг" гэнэ. Манай хөрөө хурц иртэй болохоор айлд өгөхөөр "Хөрөөний ир мохоочихно" гээд намайг явуулдаг байсан байх л даа.
 
-Г.Галбадрах: "Айхтар айл" байжээ. Ийм айлын хүүхдүүд ч бас "айхтар" болон хүмүүждэг сэн.
 
-Г.Амарсанаа: Ээж маань бөөндөө ширээ тойрч суугаад хоолоо идэх бүртээ “Энэ бол манай гэр бүлийн хамгийн аз жаргалтай, сайхан мөч” гэж хэлдэг байлаа. Тухайн үед ээжийгээ явуулаад л шоолоод байдаг байсан, одоо бодоход яг л тийм байж. Аав маань бидний хэн нь ямар авъяастайг мэдэх гэж, "Хэн нь дуу дуулж чадах юм", "Хэн нь шүлэг уншиж чадах юм" гэж бүгдийг нь туршсан байдаг юм.
 
Нэг өдөр дүү бид хоёрыг гадаа тоглож байтал аав дуудлаа. Тэр үед ээж түр хол явчихсан байсан юм. Аав, дүү бид хоёроос "Ээжийгээ санаж байна уу?" гэж асууж байна. "Санаж байнаа" гэлээ. Тэгсэн хоёр ватом цаас гаргаж ирээд сандал дээр тавьснаа “За ээжийнхээ юуг санаад байгаагаа зураадах” гэлээ. “Би зурахгүй ээ” гэлээ, дотроо бол ааваасаа ичээд байгаа байхгүй юу. Тэгсэн аав "Би үзэхгүй ээ, энэ дугтуйнд нугалж хийгээд ээжид чинь өгнө" гэв. Тэгсэн манай дүү зурж өгч байна аа. Дүүгийнхийг харсан надаас гоё зураад болдоггүй. Тэгж, тэгж нэг юм зураад өгсөн. Аав намайг дахиж "Зураг зур" гээгүй дээ. "Энэ Амараа зураг зурна гэж байхгүй юм байна" гэж бодоо байлгүй. /инээв\
 
     Гурав. СПОРТОД ДУРЛАСАН СУРГУУЛИЙН ЖИЛҮҮД
 
-Г.Галбадрах:Сургуульд хаана орсон юм бэ?
 
-Г.Амарсанаа: 1986 онд Архангайдаа сургуульд орсон. Энэ жил манай ангийн 30 жилийн ой болж байгаа. Бэлтгэл ангидаа ээжийнхээ оёж өгсөн даавуун цүнхэнд дэвтэр, ном, үзэг харандаа, шугам сэлтээ хийгээд л гараад явсан байх.
 
-Г.Галбадрах: Сургуульдаа хэр сурч байв даа?
 
-Г.Амарсанаа:  Нэг хөгжилтэй түүх ярихад, анх удаа сурлагын дэвтэр дээрээ "гурав" авчихлаа. Тэгээд " яах вэ?" гэж бодсоноо нуучихсан. Анхны гурав авалтаа уг нь би "нуучихсан" гэж бодоод байсан юм. Дараа нь дахиад "гурав" авчихлаа. Тэгсэн аав "Чи наашаа ороод ирээ" гэснээ, "Хичээлээ давтахгүй яагаад байна?" гэж асууж байна.  Өгөх хариулт байхгүй болохоор би дуугүй л зогсоод байлаа. Тэгсэн аав,"Алив Амараа чи наашаа хар даа. Чи ингээд муу сураад байвал том болоод хэн болох юм бэ? Үеийн чинь найзууд бүгдээрээ сансарт нисээд явчихна. Чи тэгээд яах вэ?" гэж асуулаа. Би хариуд нь "Найзуудыгаа сансарт нисээд ирэхээр нь ширээ засаад л хүлээгээд тосч авна" гэж хэлээд "таван салаа боовны амт" үзсэн юм даа. Харин аав үүнээс хойш нэг ч удаа надад "Хичээлээ давт" гэж хэлээгүй юм шүү. /инээв\
 
-Г.Галбадрах: Ямар хичээлд сонирхолтой байсан юм бол?
 
-Г.Амарсанаа:  Дунд сургуульд ороод боксчин болмоор санагдаад болдоггүй. Бүгдээрээ  ширээгээ тойроод суучихсан, ээж ч нөгөө хэлдэг үгээ хэлээд, аав ч сайхан ааштай сууж байв. Тэгэхээр нь "Би боксчин болъё, дэлхийн аварга болмоор байна" гээд хэлээд тавьчихлаа. Аав нэг их инээснээ "За тэгвэл хотод Ганболд гээд хүн бий. Чи тэрэн лүү яв даа.  Хотод хүүхдүүдтэй хамт секцинд яв, ямар байдаг юм байна үзээд ир" гээд намайг дэмжсэн. Архангайгаас Улаанбаатар хотод ирээд 14 хоног  Спортын Төв Ордонд Mишигдорж багшийн удирдлагаар дасгал хийж үзлээ. Гэртээ эргэж ирэхэд аав "Ямар байна?" гэж асууж байна. Би эхнээс нь "Дээс тоглуулдаг юм байна, ингэдэг юм байна, тэгдэг юм байна" гэж яриад өнгөрөв.
 
-Г.Галбадрах: Архангайдаа буцаж ирээд?
 
-Г.Амарсанаа: Намайг 5-р  ангид орох намар доктор Га. Цэрэндорж багш Олимпод тамирчин бэлтгэхийн тулд, Монгол даяар тусгай хөтөлбрийн дор хүүхдүүдийн бие бялдрын хөгжлийн судалгаа явуулж байсан юм билээ. Түүнээсээ 3 аймагт "Биеийн тамирын гүнзгийрүүлсэн сургалттай анги" нээжээ. Би түүнд нь тэнцээд Архангай аймаг дахь салбар болох Энх-Эхлэлт багштай 5"д" ангид орж билээ. Тэр үед бидэнд сургуулиас өдөрт 1,2-р хоол өгч, хөтөлбрийн дагуу бэлтгэл сургуулийг түлхүү хийдэг байв. Гэвч ардчилсан хувьсгал өрнөсөн  93 oноос нөгөө анги маань ч тэгэсгээд "өнгөрсөн" ч, наймдугаар ангиасаа спортоор түлхүү хичээллэж эхэлсэн дээ.
 
-Г.Галбадрах: Биеийн тамирын сонгоны анги нь хаагдсан ч, спортоор хичээллэхээ орхиогүй юм байна?
 
-Г.Амарсанаа:  Таваасаа наймдугаар анги хүртлээ спортоор явчихсан байсан болохоор дүн, мүн ч гэж тааруухан болоод, наймдугаар ангидаа нэгдүгээр арван жилээс хасагдчихлаа. Тэгээд хоёрдугаар арван жил рүү найзтайгаа хамт орох боллоо. Сахилгагүй ч гэж жигтэйхэн, хэр удаан тэсэх вэ? Ээж аав хоёрынхоо "чихийг нь халууцуулаад", аав нэг өдөр эцэг эхийн хуралд очсон юм.
 
Багш нар "Танай хүү их сахилгагүй, гэхдээ ийм, тийм спортдоо л сайн" гэж байсан. Би ч "Хариад аав яах бол?" гэж бодчихсон алхаж явтал, “Чи үнэхээр спортоор амжилт гаргаж чадах юм уу” гэж асууж байна. Би "Чадна аа" л гэлээ. Тэгсэн аав, "За тэгвэл маргааш чамайг би зургаан цагт дуудна. Өдөр болгон бэлтгэл хийж бай" гэв. Тэгээд л өглөө бүр аав намайг сэрээж, би бэлтгэлээ хийж эхэлсэн дээ. Тэр жилдээ 1995 oны өсвөр үеийн өндрийн харайлтын "Улсын аварга" болж байсан юм.
 
-Г.Галбадрах: Дунд сургуулиа төгсөөд ямар сургууль сонгосон юм бэ?
 
-Г.Амарсанаа: 1996 онд аравдугаар ангиа төгсөөд, Биеийн Тамирын Дээд Сургуульд  oрж 4 жил маш сайн сурсан даа. Аав минь намайг их дэмжиж байжээ. Ингэж миний спортын кареер эхэлсэн бөгөөд 1999 онд "Бүх ард түмний 10-р спартакиад"-аас "мөнгөн медаль", 2000 онд насанд хүрэгчдийн өндрийн харайлтын "Улсын аварга", 2001 онд дахин "Улсын аварга" болж, мөн энэ онуудад 100 метрийн гүйлтэд хошой "мөнгөн медаль" авч байж билээ. Тэгээд л 2002 оны сүүлээр АНУ-д ирсэн дээ.
             Дөрөв. "АМЕРИКТ ЮУ СУРСАН БЭ", ГЭЖ ҮҮ?
 
-Г.Галбадрах: Америкт ирж буй хүн болгон "Тун удахгүй буцна даа" гэсэн бодол тээж ирдэг.
 
-Г.Амарсанаа: Аав минь намайг Америкт ирэн, иртэл бүх талаар минь дэмжиж тусалдаг байжээ. Энд ирсэн хойноо л би биеэ дааж амьдарч эхэлсэн гэхэд болно.  Намайг АНУ руу явах гэж байхад аав минь "Миний хүү хүний газар олигтой явж чадвал гурван жилээс илүү болоод хэрэггүй дээ" гэж хэлээд үнсээд явуулж байсан. Гэсэн ч намайг энд ирснээс ганцхан жилийн дараа аав маань өөд болсон доо. Тэр үед надад айлын том хүүгийн хариуцлага, ар гэрээ тийм сайхнаар авч явдаг байсан аавынхаа орон зайг нөхөх үүрэг ирсэн учир, ажил сайн хийж хөдөлмөрч байх ёстой гэж ухамсарлаж эхэлсэн дээ.
 
-Г.Галбадрах:Америкт ирээд ямар ажил хийж эхлэв?
 
-Г.Амарсанаа:  Монголоос дөнгөж ирчихээд барилга дээр ажиллахаар хэцүү санагдаад болдоггүй.  Манай найзууд тэр үед "өвөө хардаг" ажил хийдэг байв. Цалингийн хувьд хамаагүй дээр тул найзууд маань надад "өвөө хардаг" ажлаа санал болгоно. "Чиний ажлаас хамаагүй дээр дээ, барилгын шороон дотор ажиллахгүй шүү дээ" гэцгээнэ. Нэг удаа сэтгүүл үзэж сууж байхдаа "Америкт хувийн орон сууцыг их үнэтэй барьдаг юм байна" гэдгийг уншаад бүр гайхаж орхилоо. "Тийм үнэтэй байдаг юм байх даа, тэгэхээр хийж байгаа хүмүүс нь хэдий хэрийг олдог бол?" гэсэн бодол толгойд эргэлдэнэ.
 
-Г.Галбадрах:Сониуч бодол тань барилгын ажил руу хөтөлжээ дээ?
 
-Г.Амарсанаа:  Америкт зарим хүмүүс ямар ч хамаагүй ажилд нэг өдөр ажиллахыг хар яриагаар, “биеэ үнэлэх” гэж  нэрлэдэг юм. Хүмүүс тодорхой нэг газар очоод барилгын туслах ажил, айл нүүлгэх ч гэдэг юм уу янз бүрийн ажилд хүмүүстэй үнэ хөлсөө тохироод явж ажилладаг ажил л даа. Нэг өглөө тэнд зогсож байтал, нэг их сахал үс болсон эр хүмүүсийг нэг, нэгээр нь дуудаж байгаад л юм асуугаад байв. Би ч хараад л зогсоод байтал, нөгөөх чинь яг явах гэж байснаа над руу хараад намайг дуудлаа. Тэр үед хэл ус ч сайнгүй байсан тул, тэр хүнийг ямар нэгэн зүйл ярьж байгаад над руу харахаар нь "ок" гээд л толгой дохиод байлаа. Тэгээд л түүнтэй хамт явж, явж нэг газар очтол дөнгөж барьж эхэлж буй байшин байсан юм.
 
Тэнд миний одоог хүртэл түншилж, ажил хэргийн холбоотой явдаг Василий гэж найз маань ажиллаж байв. Тэд ажлуудаа нэг л удаа зааж өгөөд ажиллуулав. Эхний ажил маань мод хөрөөдөх байлаа. Аав маань бидэнд "Нэг зүйлийг нэг л удаа хэлдэг" байсан тул надад тэр ажил нь "инээдтэй" жаахан зүйл шиг санагдаж дор нь хийгээд сурчихсан. Дараа өдрөөс нь тэр хоёр надад сарын 1300$-ийн цалинтай ажил санал болгож, тэндээ байнгын ажилтнаар орсон доо. Тэр үед найзууд минь "Дэмий юм биш үү, чи 3000$-ийн цалин аваад өвөө хардаг ажил хийгээч" гэж зөвлөж байв.  Тухайн үедээ өөрийгөө нэг хамгаалахчаа аядаад, "Би таван жилийн дараа өдрийн 3000$ олдог болох ч юм билүү" гэж хэлж байсан санагдаж байна.
 
-Г.Галбадрах:Ажлаа сайн хийж сурсан болохоор чамд илүү боломж олдоод байсан байх?
 
-Г.Амарсанаа:  Хоёр жилийн дараа гэхэд би бүх ажлаа гардаад хийгээд сурчихсан байлаа. Хэдийгээр бага цалинтай эхэлсэн боловч, энэ үед цагийн 35$ авдаг болчихсон байв. Дээр хэлсэнчлэн миний хамгийн чухалчилж баримталдаг зарчим бол "Нэг зүйлийг нэг л удаа хэлүүлэх, нэг л удаа харах" байлаа. Би хоёр жил ажиллаж байхдаа нэг ч удаа хоцорч үзээгүй. Ажилдаа сэтгэлээ зориулж, хариуцлагатай байх зарчим бол ааваасаа сурсан эрдэм.
 
-Г.Галбадрах:Тийм ээ , энэ бол хамгийн чухал зарчим.
 
-Г.Амарсанаа:  Ажил дээрээ анзаараад байсан чинь, нөгөөдүүл маань надаас барилгын зургаа нуугаад байгаа нь мэдрэгдээд. "Ер нь энэ зурганд бүх учир нь байдаг юм байна" гэж ойлгоод “Зургийг нь л олж үзье" гэж бодлоо. Ажлаа тараад нөгөө зургийг нь аваад явчихав. Гэртээ очингуутаа дэлгээд хартал яг миний хийж байсан ажил тэр чигээрээ байв. Маргааш нь мөрөн дээрээ нөгөө зургаа тавьчихсан очтол нөгөө хоёр чинь өөрийнхөө хэлээр ярьж, ярьж байснаа юу ч асуулгүйгээр, “За яахав, чи тусдаа өөрийн  компаниа байгуулаад гар. Гэхдээ хамгийн гол нь зөвхөн бид хоёроос ажил авна шүү” гэсэн юм. Тэгээд Василий “За май энэ чиний хөрөөдөж байсан хөрөө, энийг ав” гэж хэлээд хөрөөгөө өгсөн.
 
-Г.Галбадрах: Сайн түншүүд байна. Чи хувийн бизнесээ ингэж эхэлж дээ?
 
-Г.Амарсанаа:Ингэж л хувийн ажлын гараа эхэлсэн дээ. Улмаар би нэг мексик, нэг монгол залууг доороо ажиллуулах болсон бөгөөд одоо бодоход бас л инээдтэй ажил байж. Тэр нь юу байсан бэ гэвэл, нэг жижиг оффис барих ажил. Би тэр хоёроос  "Наад ажлын чинь хөлс нь хэд юм бэ?" гэсэн чинь1300$ гэж байна. Магадгүй тэд намайг 1300$-аас эхлүүлж байсан болохоор зориуд тэгж хэлсэн байх л даа. Одоо би тэр хоёртой байнгын түншүүд хэвээрээ сайн харилцаатай байдаг юм.
 
      Тав. АМЕРИКТ "МОНГОЛ ХОРООЛОЛ БАЙГУУЛАХ" НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ
 
-Г.Галбадрах: Чикагод "Монгол хороолол байгуулах" санаа яаж төрсөн юм бэ?
 
-Г.Амарсанаа: Би өөрөө хоёр охинтой хүн л дээ. Хамгийн анхны "Монгол таун" байгуулна гэсэн сэдэл маань хүүхдүүдээс маань л үүдэлтэй. Эцэг хүн болчихоод мэдээж шал өөр зүйл мэдэрч, тэс ондоо хариуцлага үүрээд ирмэгц "Би яаж хүүхдүүдээ монгол чигээр нь, миний өсч төрсөн тэр сайхан монгол соёлыг мэдэрч хүмүүжүүлэх вэ?" гэж бодсон. Одоо бидний үе буюу АНУ-д ирсэн анхны “generation” буюу нэгдүгээр үеийнхэн хэдийнээ хөлөө олоод өөрсдийнхөөрөө амьдарч байгаа боловч, бидний үр хүүхдүүд энд төрж өссөн залуус тун удахгүй соёлын аюулд орохоор байгаа.
 
"Монгол таун" бол хүүхдүүд монгол хэлээ сурдаг, монгол хүүхдүүдтэйгээ тоглож болдог, гэр бүлүүд чөлөөт цагаа өнгөрөөж болдог тийм л бүтээн байгуулалт юм л даа. Ерөнхийдөө гурван акр газар дээр байрших нэг том үйлчилгээний төв бөгөөд тэнд жижиг, дунд бизнес эрхлэх хүмүүст бүх боломж нь нээлттэй байгаа. Гэхдээ хамгийн чухал зүйлс бол бүх зүйл хуулийн дагуу, сургууль байлаа гэхэд акедемик чанартай байх ёстой.
 
-Г.Галбадрах:Сайхан санаа байна. Энэ санааг АНУ-д ажиллаж амьдарч буй олон монголчууд мөрөөддөг боловч одоогоор ажил хэрэг болгох гэж зүтгэж эхэлсэн нь та нар л байна даа.
 
-А.Амарсанаа: Нэг өнцгөөс харахад энэ бол бүтээн байгуулалт юм шиг харагдаж байгаа боловч нөгөөтэйгүүр үүнд асар чухал менежментийн зүйл оршиж байгаа юм. Энэ тал дээр олон монголчууд надтай хамтраасай гэж хүсч байгаа. Бүх хотуудад ингэж мөрөөдөж байгаа хүмүүс бий. Мөнгөтэй, боломжтой хүмүүс  үүнийг хийгээсэй гэж хүсч байна. Манай гурван сая монголчууд бүгдээрээ Америкт ирлээ гэхэд зүгээр л далайн нэг дусал шиг л уусаад л алга болчихно. Тийм учир энэ бол зөвхөн миний ажил бус, уг нь бол улсын бодлогын чанартай зүйл юм.
 
Энэ бүхнийг би өөрийн ашиг сонирхол дээр түшиглэн хийж эхлээгүй. "Монгол таун" бол яалт ч үгүй байх ёстой, өнөөгийн АНУ-д амьдарч буй Монголчуудад маш чухал зүйл. Тийм ч учраас жижиг бизнесүүдийг дэмжих, монголчууд хэн юу чадаж байна, ямар үйлчилгээ үзүүлэх боломж байна тэр бүрийг нь хийх боломжийг олгох гээд байгаа юм. Зураг төслийг нь бид гаргачихсан байгаа л даа. Одоо хуульч маань газар авах зэрэг ажлуудаа хариуцан ажиллаж байгаа бөгөөд  "Одоогоор дэлгэрэнгүй нарийн мэдээллээ өгч хэрэггүй" гэж зөвлөсөн тул энэ хүртэл товчхон мэдээлэл өгсөн дээр болов уу.
 
-Г.Галбадрах: Уулзаж олон сэдвээр хуучилж суухад сайхан байлаа. АНУ-д "Монгол таун" байгуулах санаачлага тань ажил хэрэг болж, олон монголчуудад сайн үр нөлөөгөө хүртээгээсэй гэж хүсч байна.
 
-Г.Амарсанаа: Тантай уулзаж ярилцсандаа баяртай байна. "Монгол таун"-ы асуудал маань хууль журмын дагуу шийдэгдэхээр монголчууддаа хандаж дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хамтарч ажиллахыг уриалнаа. Бүтээн босголтын ажил эхлэх болохоор АНУ-д барилгын чиглэлээр бизнес эрхэлж буй монголчуудыг ирж оролцон хамтарч бүтээгээсэй гэж хүсч байгаа юм. Магадгүй дараа жил бид энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтой монголчуудынхаа уулзалтыг Чикаго хотод зохион байгуулах бодол ч байгаа. "Монгол таун"-ыг монголчууд бид хамтдаа босгож бүтээвэл сайхан шүү дээ.
 
 
...АНУ-д суурьшсан монголчуудын 3-р үе буюу энэ оронд төрж, өсч буй хүүхдүүдээ "монголоор нь байлгах", тэднийг "монгол хүн гэдгийг нь мэдрүүлэх" санаа олон монголчуудын сэтгэлийг зовоож буй. Үүнийг шийдэх боломжит арга нь хот болгонд байгуулагдах "Монгол хороолол" гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх. "Монгол хороолол" бол харь орон дахь монгол ахуй, монгол хэл соёл, монгол түүх, зан заншлын хэлхээс, монгол урлаг, спортын төв, монгол бахархалын өлгий мөн.
 
Энэ ярилцлагаас хойш Г.Амарсанаатай хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Мэдээж амаргүй боловч тэдний ажил бага багаар урагшилсаар л яваа. Хэрэв бид зорилгоо зангидан, хүчээ нэгтгэн дэмжин "Монгол хороолол"-ыг босгох аваас энэ л туршлагаараа улс болгоны хот болгонд "Монгол хороолол" байгуулах боломжтой болно.Өнөө эс гэхэд бид хэзээ нэгэн цагт үүнийг хийцгээх л болно. Харин энэ цаг одоо эсвэл хэзээ болохыг бидний монголчуудын эв нэгдэл мэдэх буйз аа. Яагаад болохгүй гэж?
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн
Галбадрах
2016-09-28