sonin.mn
 
ИХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Сүхжаргалмааг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.
 
-Та 2016 оны сонгуулиас хойш хэвлэлд ам нээгээгүй. Сонгуулийн дүнд ямар дүгнэлт хийж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
 
-Сонгуулийн тухай хуулиасаа эхлээд самарчихсан сонгууль болсон шүү дээ. Тэр дотор хамгийн гол зүйл нь сонгуулийн тогтолцоо байх учиртай. Тэгвэл манайд тогтолцоо тогтвортой биш явж ирлээ. Ерөөсөө тогтолцоогоор тоглодог явдлаа цэглэхгүй нь. Өмнөх сонгуулиар холимог тогтолцоог сонгосон. 
 
Хагас ч гэлээ пропорциональ системийг оруулж ирснээр бас ч гэж дэвшил гарсан. Тэгвэл сая сонгогчдын санал хамгийн их гээгддэг 76 жижиг тойрог бүхий мажоритар системийг сонгосон. Энэ бол ухралт. Дээр нь нөгөө л хар машин, саналын хуудсыг гараар дахин тоолж баталгаажуулах гээд яривал зөрчилтэй юм зөндөө. Сонгууль болохоос өмнө парламентад суудалгүй намууд нэгдэж Сонгуулийн тухай хуулийн төсөлд идэвхтэй оролцож ирсэн.
 
Сүүлийи үеийн тогтолцооны хүрээнд анх удаа бүх нам хамтран санал гаргасан нь тэр шүү дээ. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 намаас нь 20 нь нэгдэж саналаа өгсөн. Эрх баригчид биднийг үл тоож, доромжилж, өргөн барьсан саналыг уландаа гишгэсэн. Эцсийн дүнд юу болсныгбүгд л харж байна.
 
-Парламентад суудалгүй намууд холимог тогтолцоог дэмжсэн байх аа?
 
-Олонхийн саналаар найман санал гаргасныг “Нааштай найман санал” гэж нэрлээд хуулийн төсөлд тусгуулахаар өгсөн юм. Бидний дэвшүүлсэн тэр саналд 48:28 гэсэн хувилбар байсан, 48-ыг нь жижиг тойргоор хийе гэсэн саналыг олонх дэмжсэн. Сонгуулийн сурталчилгааг төрөөс санхүүжүүлье, намуудыг нэг гараанаас гаргая гэсэн санал ч багтсан.
 
Эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь болгоё, автомат машинаар саналын хуудсыг тоолсныг гар тооллогоор баталгаажуулъя гэсэн. 
Тэр байр суурьтаа хатуу зогссон. Тэгсэн юу болов. Бараг сонгууль болох гэж байхад хоёр нам нийлээд 76 жижиг тойрог болгоно гээд хуваагаад авчихсан, газрын зураг дээр өнгөөр ялгаж тэмдэглээд, мөнгөтэй зарим нь өмчлөөд авчихсан сурталчилгаагаа явуулаад эхэлчихсэн байсан шүү лээ Ингэж хууль журмыг дээд зэргээр зөрчиж хар эрчээрээ ухралт хийгээд явсан.
 
-Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн тухай хуулийн мажоритараар 48, пропорционалиор 28 гишүүн сонгогдоно гэсэн заалтыг Үндсэн хууль зорчсон гэж шийдвэрлэсэн шүү дээ?
 
-Үндсэн хуулийн цэцийн тэр дүгнэлтийг улс төрийн захиалгатай үйл ажиллагаа гэж дүгнэсэн хуульч, судлаач, улс төрийн намын төлөөлөл олонх байсан шүү, тэр үед Хэвлэл, мэдээллээр ч зөндөө ярьсан. Манай өмнөх бүх сонгуулийн хууль сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчилж болохгүй гэсэн зүйл, заалттай явж ирсэн.Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн конвенцид, хүний сонгох, сонгогдох эрх, улс төрийн эрх, ардчиллын үндсэн зарчмууд, сонгууль шударга байх, тэгш байх, бүгдэд тэгш боломж олгох, мэдээллээр хангагдсан байх зэрэг олон зохицуулалт бий. 
 
2003 онд баталсан Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2.2.1.2 дугаар зүйлд “Сонгуулийн жил, ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт бий. Энэ бол эрх барьж байгаа аль нэг нам, эсвэл олонх хоорондоо тохиролцоод зохион байгуулалттайгаар сонгууль болохын өмнө хуулиа өөрчилдөг байж болохгүи гэсэн маш чухал заалт шүү.
 
Гэтэл сая сонгууль тулчихсан байхад, сонгуулиас бараг ганцхан сарын өмнө хоёр нам хамт сууж байгаад хуулиа өөрчилсөн. Нэг сарын дараа сонгууль болох гэж байхад хуулиа өөрчилж засна гэдэг бол хэнд ашигтай байх вэ, түүнд тохируулж байгаа ийм л явдал. Ер нь бол 48:28 гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь аль эрт, 2012 оны сонгуулийн өмнө шийдчихсэн асуудал. Тухайн үед олон талаасаа шат шатандаа ярьж байгаад можаритар, пропорциональ холимог тогтолцоог сонгоод явсан. Үндсэн хууль зөрчихгүй юм байна, шууд саналаа өгч байгаа нэг хэлбэр, бусад улс оронд хэрэглэдэг практик гээд бүгд зөвшөөрсөн шүү дээ.
 
-Эцэст нь 76 жнжиг тойрогт МАН олонх болж, Засгийн газраа байгуулаад ажиллаж байна. Эрх баригч намын тухайд та юy хэлэх вэ?
 
-Мажоритар тогтолцоогоор МАН олонх болсон ч, энэ нь сонгогчдын 43-43.5 хувийн саналыг л авсан. Тэгэхээр Их хуралд 65 суудал авч үмэмлэхүй олох болсон нь бас л учир дутагдалтай. Яагаад ингэж үзэж байна гэвэл, мажоритар тогтолцоогоор иргэдийн санал маш их гээгддэг. Хаягдсан саналын ард байгаа сонгогчдын эрх зөрчигдөж байна гэсэн үг.
 
Нөгөөтэйгүүр, МАН-д нэг сайн юм байдаг нь АН-ыг бодвол олон жил эрх барьж ирсэн төрийн ажлын туршлага байдаг. Олонх болсноор нэг талаас төрийн аливаа ажлыг тогтвортой явуулах боломж хангагдаж байгаа юм. Гадаад, дотоодоос ийм нүдээр харж байгаа болов уу. Харин нөгөө талаасаа энэ нам Монголд хөрөнгөтний нам бий болсныг харуулж байгаа.
 
-Тухайлбал?
 
-МАН доторх том компанийн төлөөллүүд, Эм-Си-Эс-ийнхнээс бүрдсэн хөрөнгөтний нам төрд гарлаа шүүдээ. Тэд юу хийх вэ. Тэдний сонирхдог зүйл, хийдэг ажил юу билээ дээ, энэ чинь. Монголын улс төрийн ноён нуруу, цаашдын төлөв байдал, өнөөгийн эдийн засгийн нөхцөл, нийгмийн амьдрал ямар байгаа билээ. Монголчууд байдлыг том зургаар харж, бодож тунгааж байгаа байлгүй дээ.
 
-Засгийн газрын 100 хоног тохиож байна. Та ямар дүн тавих бол?
 
-МАН олонх болж Засгийн газар байгуулж ажилласан өнгөрсөн гурван сарын хугацаанд халаа сэлгээ, томилгооноос өөр юу ч хийсэнгүй. Одоо ч тэр нь үргэлжилж байна.100 хоногт хийсэн ажил нь үүнээс хэтэрсэнгүй.
 
-Дээр нь танах, хасах тухай ярьсан, шийдсэн нь олон?
 
-Тэр харин байж болох зүйл шүү. Өөр аргагүй. Хүнд үед тийм горимоор ажилладаг дэлхий нийтийн жишиг бий.
 
-Жишээ нь, хүүхдийн мөнгийг нэг хэсэг ялгавартай олгоно гэлээ. Сүүлд нь боломжгүй хэсэгт нь бэлнээр өгч, боломжгой хүмүүст данс нээж байршуулах хувилбарт тогтсон?
 
-Тэр үзэл баримтлалын тухайд ч ард түмэн маань яах аргагүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дэмжих ёстой. Улс орон ийм айхтар хүнд байдалд орчихсон байхад тэгэхээс аргагүй. Хүн төрөлхтөн мэдэж авсан, дэлхийн улс орнуудын Засгийн газар мэдэж авсан нэг зүйл бол тэтгэмж, нийгмийн халамжийг хавтгайруулж өгөх нь боломжийн хүмүүс нь хожоод байдаг. 
 
Тэртэй тэргүй хэцүү байдалд байгаа хүмүүст тэр нээх том юм болж чаддаггүй. Дажгүй байгаа, тэгээд нэмэгдэл мөнгө орж ирээд байгаа хүмүүсийн хувьд хожоод байдаг. Тэгэхээр шударга биш болчихдог. Үнэхээр тусламж, тэтгэмж шаардлагатай байгаа тэр хүмүүст бол маш шударга бус. Дээр нь мөнгө нь дутмаг, төсөв ядмаг байгаа үед авах ёстой хүмүүстээ л өгөхгүй бол болохгүй. Нэг хэсэгтээ тэгэхээс өөр арга байхгүй. Харин инфляцийг яаж барих вэ гэдэг айхтар байна.
 
-МАН эдийн засгийн хямралаас гаргаж чадах болов уу?
 
-Өмнө нь төрийн данс улайчихсан байхад эрх барьж, хямралаас эвтэйхэн шиг аваад гарч байсан үе бий. Одоо бол давагдашгүй хүнд нөхцөл байдал үүссэн шүү дээ. Манайхан Оюутолгойгоо тавиад туучихсан. Тавантолгой, “Эрдэнэт” ямар байгаа билээ. Ер нь л маш хэцүү.
 
 -Гарц, боломжийн тухайд та юу хэлэх вэ?
 
-Ойрын үед тийм гарц, боломжийг олж харахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чухал. Аль болох өөрсдөө хийж чадах зүйлүүдээ хөдөлгөх хэрэгтэй.
 
-Одоо асуултаа өөрчлөөд эрх баригч намууд өөрчлөгдөх бүрт солигдоод байгаа Сүхбаатарын талбайн нэрийн талаар танаас асууя гэж бодож байна. МАН олонх болоод маргааш нь нэрийн маргаан шүүхээр шийдэгдсэн шүү дээ, та юу гэж үзэж байна?
 
-Тэгвэл би чамаас асууя, хэвлэл мэдээллийнхэн, манай сэтгүүлчид, олон нийт юу гэж үзэж байна вэ..?
 
-Шүүх улс төрийн хүчнүүдэд үйлчилж, эрх баригчдыг дагаж намирдагийн жишээ гэж ярьж, бичиж байна.
 
-Олон нийт тэгж үзэж байгаа юм бол Монголын шүүх, хууль хяналтын байгууллагуудад зарим талаар итгэх итгэл алга болсны илрэл. Сүхбаатарын талбайн нэрийн маргаан шүүхийн шатанд явж байсан. Харин шийдвэр гарсан цаг үе нь тэгж таарсан. Ер нь бол би нэг л зүйлийг хэлдэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч сэтгүүлчид асуухаар нь ярьж байсан. Тэр бол зөвхөн ганц хүнтэй холбоотой асуудал биш.
 
Бүхэл бүтэн Монгол Улсын түүх. Монгол Улс түүхэндээ тусгаар тогтнолоо олж, бүрэн эрхт тусгаар тогтносон улсыг байгуулах том асуудал юм. Түүнтэй холбоотой манай улсын түүхийн амин чухал хэсэгтэй холбоотой юм Тэгэхээр хэдийгээр нэг хувь хүнийг онцгойлж, түүний нэрээр төв талбайг нэрлэж, хөшөөг нь босгосон ч гэсэн энэ бол дор хаяж гурван үеийн монголчуудын амь нас, ажил амьдрал, зовлон жаргал, хүсэл мөрөөдлийг улам мандуулсан түүхэн дурсгал шүүдээ. Иймд түүх дурсгал, түүний нэрийн тухайд болгоомжтой хандах ёстой. Чингис хааны нэрийг юм юманд өгч байгааг ч бодох учиртай.
 
-Жишээ нь энэ талаар та ямар шүүмжлэл хэлэх бол?
 
-Монголчууд ер нь нэрийг их бодож өгдөг байсан юм шүү. Жишээ нь, Буянт-Ухаа гэж нисэх онгоцны буудлаа нэрлэсэн. Үнэхээр тэр газарт тохирсон, буугаад ирэхэд дотор бодогдсон нэр шүү. Хэнтий аймгийн төвийг Өндөр хаан гэж аль социализмын үед өгсөн гэхэд маш их бодож өгсөн оновчтой нэр.
 
Чингис хаан бол Өндөр хаан байхгүй өөр ямар хаан байх юм бэ. Тийм биз. Далд утгаар хэлчихсэн байна шүү дээ. Бас хүндэлсэн, хүндэтгэсэн нэр. Гэтэл заавал Чингисийн нэрээр нэрлэнэ гээд Чингис хот гэж нэр өгсөн. Өндөр хаанаараа байсан бол дээр байхсан. Нэг нам, эсвэл хэсэнг хүн гарч ирээд түүхийг өөрчилдөг, түүх, дурсгалын нэрийг өөрчилдөг байж таарахгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин