sonin.mn
Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болсон Монголын залуу уран бүтээлчдийн нэг болох дуучин A cool буюу Б.Анхбаярыг дугаарын зочноор урилаа
 
Ямар учраас урлаг хэмээх энэ их айлд орсон бэ?
 
-Би багаасаа л урлагт их хайртай, дуулж бүжиглэдэг хүүхэд байсан. Бага байхдаа том болоод алдартай мундаг дуучин болж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Тэр л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, их хүсэл тэмүүллээрээ улам ихийг хийж бүтээнэ гэж бодож хөл тавьж байлаа.
 
Залуу хүний зорилго, зорилт хүсэл мөрөөдлийн тань талаар сонирхвол?
 
-Миний зорилго бол их тодорхой. Олны таашаалд нийцсэн олон сайхан уран бүтээл хийж ард түмэндээ хүргэх нь миний зорилго гэж хэлж болно. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шүү дээ. 
 
Өнөөдөр би машин авна гэсэн бол авсныхаа дараа дахиад өөр зүйл хүсдэг. Ихэнхдээ хүмүүс үүнийг шунал гэдгээр тайлбарладаг боловч бас нэг талаараа хүний өндөрлөгт хүрэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж би ойлгодог. Тийм учраас миний хамгийн эхний зорилго бол эх орондоо алдартай дуучин болох, түүний дараа Азийн түвшинд гарах, цаашлаад дэлхийд танигдсан дуучин болно гэсэн том зорилгыг өөртөө тавиад уран бүтээлээ хийсээр байна.
 
Бидний үеийнхэн өөрийн нөөц боломжийг ихэнхдээ үгүйсгэдэг. Дэлхийд олон мянган авьяаслаг хүн байхад чи яаж од болдог юм бэ гэдэг. Хүн хэрвээ өөрөө чин сэтгэлээсээ хүсээд тууштай хөдөлмөрлөвөл бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт би итгэдэг. Цаашдаа мэдээж  боловсролдоо түлхүү анхаарна гэж бодож байгаа.
 
Та олон сайхан уянгын дуунуудтай. Дуугаа өөрөө зохиодог гэж сонссон?
 
-Дуунуудынхаа ихэнх хувийг буюу 70 орчим хувийг нь өөрөө зохиож байгаа. “New star studio”- ийн Н.Гантөр ах, хөгжмийн зохиолч Нямаа, Гэрэлт-Од болон “Guys’’-ийн Төгсөө ахаас олон сайхан дуунууд авч дуулсан. Өөрөөр хэлбэл, олон авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа.
 
Яагаад ихэвчлэн уянгын дуу дуулдаг юм бэ?
 
-Хүмүүст илүү хүрч байгаа нь ихэнхдээ уянгын дуу байна шүү дээ. Хүмүүс миний хайрын сэдэвтэй уянгын дуунуудад илүү дуртай учраас миний уран бүтээлд энэ талын дуунууд зонхилох тал бий.
 
“Аниргүй итгэл”их энгийн хэрнээ уянгалаг, хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл болсон?
 
-“Зөөлөн хайр” дууны маань үргэлжлэл болж гарсан. “Аниргүй итгэл”-ээс яг жилийн өмнө “Зөөлөн хайр” дууны клип гарч байлаа. Салаад явчихсан хэдий ч эргээд ирэх болов уу гэсэн тодорхой хэмжээний нууцхан итгэл хүний сэтгэлд байдаг. Бие биедээ хайртай хосууд салсан ч нэгнээ хүлээдэг болохоор үг зохицолдолгооны журмаар “Аниргүй итгэл” дуугаа хийсэн. Олон хүний зүрх сэтгэлд хүрсэн сайн уран бүтээл болсонд баяртай байдаг.
 
Та өөрийгөө тодорхойлбол? Уран бүтээл, ажлын ачааллаас харахад их хөдөлмөрч хүн юм шиг ээ?
 
Залуу хүн болохоор хурдтай байх хэрэгтэй. Хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг их хэцүү. Би өөрийгөө дүгнэхдээ хурдтай, аливаад хувьсан өөрчлөгдөх чадвартай, дайчин чанартай гэж боддог.
 
Аливаа зүйлд ер нь шантрах дургүй .Харин урлагаас шантрах үе надад тохиолдож байсан.Тэр бүх бэрхшээлээ би даваад гарсан.
Өнөөдөр намайг сонсдог, хүндэлдэг хүмүүсийн хайр хүндэтгэл, итэглийг алдахүйг хичээн хөдөлмөрлөж байна.Залуучуудтай ажиллаж байгаа болохоор би залуусыг илүү боловсорч, ихийг сурч, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшин, хүсэл мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсч явдаг.Тийм ч болохоор боловролын салбарт хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг.
 
Таны сул тал?
 
-Зарим тоохиолдолд  өглөөний ажлыг сануулахгүй бол мартчихдаг. Бас энд тэнд юмаа мартаад явчихдаг. Миний хувьд дэндүү шударга ч гэмээр зан байдаг. Одоо үед дутагдалд тооцогдоод байгаа юм. Би аливаа зүйлийг байгаагаар нь л хэлчихдэг. Тэгтэл зарим нь хэлэхгүй байсан нь дээр гэдэг юм.
 
Сайн тал?
 
Миний ойр тойрныхон илүү мэднэ. Дуу хоолойгоороо олон хүнийг баярлуулж байна гэж боддог. Найрамдал зусланд олон жил багшилсан. Одоо ИЗОУИС-д олон мянган оюутнуудтай ажиллаж байгаа болохоор тэд маань миний сайн талыг хэлэх байх.
 
Үеийнхэн дундаа тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн хүний хувьд залуустаа хандаад хэлэх зүйл байгаа байх?
 
-Хүмүүс бие биенээ хайрладаг байгаасай. Нийтэч, нэгэндээ тусалдаг, хүн болж төрчихөөд хүн чанараа битгий гээгээсэй. Өнөөдөр хүн өөрийнхөө чадамжаар мөнгө төгрөгийг олж болно. Хорвоо дээр хүн ганц л амьдарна. Тийм болохоор нийгэмдээ тустай зүйл хийж, зөв зүйлд тэмүүлж, хийж бүтээж амьдрах нь зүйтэй болов уу гэж би хувьдаа бодож явдаг. Түүнээс биш буруу замаар будаа тээвэл эцэстээ бүх зүйл буруугаар л дуусна. Би ч адилхан зөв амьдарч, зөв хүн байхын төлөө хичээж байна.
 
Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе.
 
-Ярилцлагыг маань уншиж байгаа Зэвсэгт хүчний залуустаа хандаж хэлэхэд бид Монголын ирээдүй. Бид шантралгүй хөдөлмөрлөж зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадвал бидний ирээдүйд гэрэл гэгээ дүүрэн байгаа шүү. Залуу хүнд залхуурах эрх байхгүй гэж би боддог. Хийх зүйлгүй уйдаж байгаа бол өнөөдрөөрөө энэ бүхнээ дуусгаж өөрийнхөө ирээдүйн төлөө хичээн хөдөлмөрлөөрэй. Чиний ирээдүй хэн нэгний биш зөвхөн чиний гарт байдаг юм шүү.
 
Эх сурвалж: “Соёмбо” сонин