sonin.mn
 
Хүн тогтолцоо. Тэр, дорны соёл иргэншлийн утгаар бие, хэл (оюун), сэтгэл; өрнийхөөр бие, оюун, спирит  бүхий оршихуй. Бүхэлд хэсгийн; хэсэгт бүхлийн шинж байх нь тогтолцоо үүсэхийн язгуур шалтаг байдаг. Хэсэгжисэн бүхэл, бүхэлжисэн хэсэг болж тогтолцоожих жам ёсоор биед оюун, сэтгэлийн; оюунд бие, сэтгэлийн; сэтгэлд бие, оюуны бүрдэл бий.  
 
Биеийн оюун; оюуны биеийн бүрдлийг тархи судлалын ухаан  судалж, тархи, түүний бүтэц, үүргийн талаар хүн төрөлхтөн одоо багагүй мэдлэг, чадвар, туршлагыг хуримтлуулжээ. Сэтгэлийг мөн чанараар нь бус харин шинж нь болох хөдлөлөөр нь дамжуулж судалснаар сэтгэлийн хөдлөл оюуны  бүрдэлтэйг шинжлэх ухаанчаар мөн нотолж чаддаг болжээ. Бас хүний тогтолцоот чанар ёсоор, биед сэтгэл бий, сэтгэлд бие, биологи бий. Тэр, гэвч, хаа байна вэ?  Сэтгэл ер нь, биологитой уу?
Их энгийн хэлэгдэх энэ асуулт их эртнийх.  Энэ асуултын утга, агуулга  хүн төрөлхтний соёл иргэншлийн явцад хүний бие, оюун, сэтгэл,тэдгээрийн бүрдэл, нэгсэл, нийлэмжийн илэрхийлэл болж бий болсон психо , боргоцой булчирхай , сүнс , спирит , зан авир , амьсгал , зүрх , билиг ухаан , зөн , дээд мэдрэмж  зэрэг олон янзын ухагдахуун, нэр томьёо, тэдгээрийн биологитой холбогдоно. 
 
XVIII зуунд сэтгэл судлал  гүн ухаанаас ангид болж хөгжихөд түүхэн хувь нэмэр оруулсан, гүн ухааны эцэг гэгдэх Р. Декарт (1596-1650) “Тархины геометр төвд байрлах боргоцой хэлбэрийн булчирхайд хүний сүнс байрладаг” гэж үзэн түүний хүний оюун, сэтгэлийн хөгжилд үзүүлэх үүргийг онцгойлон судалж, энэ талаар бий болсон өөрийн итгэл үнэмшлээ “Би бодож байна. Тийм учраас би оршиж байна” гэж илэрхийлэн үлдээжээ. Декартаас 21 зууны тэртээ, МЭӨ III зуунд хүний биеийг задлан үзэж судалсан ажлаараа анатомийн хөгжилд их хувь нэмэр оруулсан, анатомийн эцэг гэгдэх  Херофилус (МЭӨ 335-280)  “Хүний спирит нь вандуй булчирхайд  байрлаж хүний биеийг удирдана” гэж үзэж байв. Түүнээс өмнөх үеийн хүмүүс “Зүрхэнд хүний ухамсарын удирдлага оршино” гэж итгэдэг байжээ.  
 
Мөнх тэнгэризмийн үзэл санааг баримтлагч, Монголын Их Эзэнт гүрэнг байгуулсан Чингис (1162-1227) хаан Херофилусээс 16 зууны хойно, Декартаас 3 зууны өмнө “Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох”  хэмээжээ.  Энэ хэллэгт “Сэтгэлд биеийг захирах шид, хүч бий. Тэр хүч нь биеэсээ ангид бус, харин түүнтэй хамт оршино” гэсэн утга санаа байна. Эндээс “Биеийг бүхэлд нь захирах хүч бүхий түүний хэсэг нь  сэтгэлийн биологи болно”  гэсэн таамаглал дэвшигддэг. 
 
Чингис хааны амьдарч байсан үеэс 5 зууны хойно Дорны соён гэгээрүүлэгч Данзанравжаа (1803-1856) “Хүний сэтгэлийг үл хөдөлгөвөөс хөнгөн бийр хөшихийн учир юун” гэжээ. Түүний хэлсэн энэ үгэнд “Сэтгэл хөдлөл оюуны бүрдэлтэй. Тэр нь танин мэдэхүйн язгуур үндэс, хүч юм” гэсэн  ухаарал байна. Энэ санаа эдүгээ цагийн сэтгэл хөдлөлийн оюуны онолын ололтоор улам бүр нотлогдсоор байгаа юм. Энэ хэллэгээс “Сэтгэлийн биологи нь оюуныхтой ижилсэнэ” гэсэн эргэцүүлэл мөн дэвшигддэг.
 
Дорны төв ухааны үүднээс хүний сэтгэл, бие, оюуныг шинжиж үзснээр  тэдгээрийн нэгсэл, шүтэн барилдлагыг бид XXI зууны эхэнд ийнхүү илэрхийлж бас чадна. “Хүний бүтэн хөгжил бие, оюун, сэтгэлийн бүрдэлтэй. Бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх нь иймд хүн бүтэн хөгжиж, бүтэн оршихын эх язгуур мөн. ... Сэтгэл тунгалаг байхад бие, оюун, сэтгэлийн хэмнэл нэг; бодол, үйл, зөн зөв, анхаарал, хөдөлгөөн, харц энэрэнгүй;...бодол, үйл, зөн ижилсэн байдаг (Баярсайхан. Ж., 2015).  Энэ өгүүлбэрт “Зөн, дээд мэдрэмж нь сэтгэлийн хүчийг мэдэрч, ажиж болох нэгэн хувьсагч болно. Мөн сэтгэл, оюун, биеийн нэгсэл нь зөн, үйл, бодол ижилсэж байгаагаараа хэмжигдэнэ, харагдана” гэсэн утга байна. Эндээс “Сэтгэлийн биологи нь зөн, үйл, бодлыг адилтгагдан ижилсүүлж чадах физиологи үүрэг бүхий биеийн хэсэгт бий” гэсэн таамаглал мөн дэвшигдэнэ.
 
  “Сэтгэлийг бус, харин, түүний хөдлөлийн биологийг таних замаар сэтгэлийн биологийг тогтоож болно” гэсэн энэ санаа шинжлэх ухаанч хандлага мөн. Энэ хандлага, зарчмаар хүрсэн “Сэтгэл хөдлөлийг уураг тархины лимби тогтолцоогоор, мөн түүнийг гипоталамусаар тайлбарлах”  гэсэн шинжлэх ухаанч 2 үндсэн онол, тайлбар одоогоор бий болжээ. 
 
  Физиологич П.К.Анохины сэтгэл хөдлөлийн биологийн  онол ёсоор сэтгэл хөдлөл нь бие махбодийн хэрэгцээг хамгийн түргэн  үнэлэн дүгнэх шалгуур байдаг. Бие махбодид хэрэгцээ гарвал сэтгэлийн тааламжгүй байдал, харин хэрэгцээ нь хангагдвал тааламжтай байдал бий болох юм. Сэтгэл хөдлөлийг хариуцсан гол бүтэц нь хүний уураг тархины лимбийн тогтолцоо (амигдала)  (Зураг 1), торлог байгууламж түүний хөх толбо, таламус, гипоталамус, их тархины чамархайн хэсэг, бага тархи, нугасыг холбох холбоос (синапс) -ын тогтолцоо ажээ. Эдгээр бүтцүүд сэтгэл хөдлөлийн төв болж байгаагийн учир нь тухайн бүтцүүдэд ялгаран гардаг биологийн идэвхт бодистой холбоотой.
 
Тухайлбал дээр дурдьсан бүтцүүдийн гол медиатор нь адреналин, норадреналин юм. Адреналин их ялгарвал сэтгэл түгшиж, багасвал сэтгэл гутрал үүсч байдаг. Дофамин ялгаруулдаг завсрын тархины бүтэц, хар бие сэтгэлийн хөөрөлд (эйфори) оруулж хөгжилтэй болгоно. Р бодис өвдөлтийн мэдээлэл дамжуулж сэтгэл хөдлөлд оролцоно. Өвдөлт намдаах блон нойрсуулах үйлчилгээтэй хар тамхины төрлийн пептид ялгаруулдаг тархины бүтцүүд (төвийн хар бодис, лимбийн тогтолцооны доод хэсэг) сэтгэл хөдлөл үүсэн бүрэлдэхэд нэн чухал үүрэгтэйг нотолж чадсан юм (ЭМШУИС, 2006, хууд. 417) 
 
Лимбийн тогтолцооны нэг онцлог нь түүний бүтцүүдийн хооронд хоёр талын энгийн холбоо байхын зэрэгцээ олон тооны битүү цагираг үүсгэн нийлмэл замыг үүсгэдэг. Эдгээр олон тооны битүү цагирагууд нь өөр өөрийн үүрэгтэй, бүтэцтэй. Гиппокампын цагираг суралцах үйлд чухал үүрэгтэй бол амигдала цагираг нь догшрон хамгаалах, хооллох, бэлгийн дур хүслээ хангах зан үйлийн тохируулганд оролцоно. Лимбийн тогтолцоо тархины ямар хэсэгтэй холбоотой байгаагаас хамааран түүний үйл ажиллагааны тохируулганд оролцох байдал өөр өөрөөр илэрнэ.
 
Жишээ нь: лимбийн тогтолцоо неостратиумтай холбогдвол дээд мэдрэлийн үйл ажиллагааг саатуулах нөлөө үзүүлнэ. Лимбийн тогтолцоо сэтгэл хөдлөл бүхий дур хүслийн үед их биеийн болон вегетатив үйл ажиллагааг тохируулахад оролцоно. Сэтгэл хөдлөл, мэдээлэл дамжуулах, хүртэх, анхаарах, үйлийн төвшинг тохируулахад лимбийн тогтолцоо оролцоно.Лимбийн тогтолцоо дасан зохицох зан үйлийг хэрэгжүүлэх, сонгох боломжийг тодорхойлно. Төрөлхийн зан үйл лимбийн тогтолцоотой хамааралтай. Дотоод орчны тэсвэртэй байдлыг хангахад гол үүрэгтэй. Дээд мэдрэлийн үйл ажиллагаа хэрэгжих, бүрэлдэн тогтох, сэтгэл хөдлөл бий болох хөрс суурийг лимбийн тогтолцоо бүрэлдүүлнэ.
 
Лимбийн тогтолцоо нь эрхтэний болон хөгшин тархи, үнэрлэх үйл ажиллагаатай шууд холбоотой. Үнэрийн мэдрэхүй нь их тархины бүхий л үйл ажиллагааны өвөрмөц бус идэвхжүүлэгч юм. (ЭМШУИС, 2006, хууд.138)
 
Зураг1.Лимбийн тогтолцоо. 
 
 
Эх сурвалж: (ЭМШУИС, 2006, хууд. 138)
Америкийн судлаач Стив Паркер сэтгэл хөдлөлийн биологийг ийнхүү тайлбарладаг:
 
“Хүний зан байдал үргэлж тогтвортой байдаггүй. Дарамт болон хямралын үед дотоод ухамсраас олон жилийн өмнө бий болсон зөн билиг сэрж  бидний ухаан санааг эзлэн авдаг. Ийм үйл явцыг эртний тархи хийдэг (Зураг 1). Эртний тархинд лимбийн тогтолцоо, үнэрийн булцуу багтана.Үнэрийн булцуу нь лимбийн тогтолцоотой нягт холбоотой. Энэ нь үнэрлэх мэдрэхүй болон дурсамжийг хүчтэй сэргээж, сэтгэлийн хөдөлгөөний хариу урвалыг нөхцөлдүүлж өгнө.
 
Лимбийн тогтолцоо нь далд ухамсар, зөн билгийн зан байдал, үр удмаа үлдээх болон амьд үлдэхтэй холбоотой адгуусны шинж чанартай хариу үйлдэлд нөлөөлдөг.Хүний эдгээр олон тооны төрөлхийн гаралтай эртний зан байдал нь их тархины гадаргад захирагддаг болсноос хойш ухамсар, эргэцүүлэн бодох байдал болон өөрчлөгдсөн. Хэдий тийм боловч заримдаа төрөлх хүсэл тэмүүлэл ноёлох нь бий.Энэ үед лимбийн тогтолцоо давамгайлж оролцдог ба зөн совин, хүсэл тачаал болон сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үед гол чухал үүргийг гүйцэтгэдэг (Паркер, 2010, хууд. 78)
 
Академич К.В.Судаков сэтгэл хөдлөл, түүний физиологийн механизмыг ингэж тайлбарладаг (Зураг 2). 
 
“Сэтгэл хөдлөлийг жолоодох хамгийн гол төв нь гипоталамус болно. Гипоталамуст эргэлдэж буй сэтгэл хөдлөлийн сэрэл их тархины гадаргад өгсөн идэвхижих замаар, дотоод шүүрэл болон гүйцэтгэх эрхтнүүдэд уруудах замаар нөлөөлнө. Энэ нөлөөллийн механизмаар сэтгэл хөдлөлийн үед биемахбодид илрэх бүхий л зүй тайлбарлагдана. Сэтгэл хөдлөлийн үед үйлдэл төрх, хэл яриа өөрчлөгдөх, уйлах, амьсгаадах үйл олонтой илэрдэг. Эдгээр нь сэтгэл хөдлөлийн ухамсарт захирагдах тайлал дасгал болно. Үүний зэрэгцээ сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр зүрх судасны үйл ажиллагаа, ходоод гэдэсний хөдөлгөөн хөлс дааварладаг. Эдгээр эрхтний үйл ажиллагаагаар илрэх сэтгэл хөдлөлийн тайлал нь ухамсарт захиргдахгүй тул сэтгэлийн тааламжгүй нөлөөлөл удаан хугацаагаар эсвэл, хэт хүчтэй илэрвэл өвчлөл эндэгдлээр тэргүүн байруудад ордог зүрх судас, мэдрэл сэтгэцийн эмгэг үүсэх үндсэн хүчин зүйлийн нэг болдог (ЭМШУИС, 2006, хууд. 418)
 
 
Зураг 2. Сэтгэл хөдлөлийн физиологийн механизм. 
 
Эх сурвалж: (ЭМШУИС, 2006, хууд. 418)
 
Хүний тархины лимбийн тогтолцоо амегдала гэх эртний тархины үлдэгдэл бүтэц нь хүний сэтгэл хөдлөлийн биологи юм. Сэтгэл хөдлөлийн энэ биологи нь эргээд сэтгэлийн биологи ч бас болно. Сэтгэл хаа байна, сэтгэл биологитой юу гэсэн асуултын дагуу хийсэн эрлийн нэгэн олз энэ л санаа нь сэтгэлд суурилсан хичээл сургалт, сэтгэлийн хэмжээстэй боловсролын онол, арга зүйг бүтээх бидний ирэх судалгааны тезис мөн.  
 
 
Ц. Лувсандорж
Б. Оюунчимэг