АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Ололт-Сорилт-Боломж” хэлэлцүүлгийн үеэр УИХ, ЗГ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Баярцогт “Улс төр дэх залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд “Миний нэр хүнд унасан энэ үед үгийг маань сонсох гэж залуучууд маань урихад би маш их гайхаж хүлээж авсан. Гэхдээ манай залуус хайрцагнаасаа гарч сэтгэж байгаад баярласан” хэмээсэн юм. Ингээд түүний хэлсэн үгнээс дараах ишлэлүүдийг онцлон хүргэж байна. 
 
-Бид ардчилсан улс орноос илүүтэй тусгаар тогтносон улс байх ёстой гэсэн хүсэл эрмэлзэл дээр ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан. Тэр үед хойд хөршид Горбачевын эхлүүлсэн өөрчлөн байгуулалт бидэнд их нөлөөлсөн. 
 
-Чи үргэлж бэлтгэлтэй байх юм бол азтай байна гэсэн үг. 23-тай УБХ-ын гишүүн, АИХ-ын депутат болно гэдэг чи үнэхээр азтай байна гэж хүмүүс надад хэлдэг. Харин би аз гэдэг бол үргэлж бэлтгэлтэй байхыг хэлдэг гэж ойлгодог.
 
-Их ном унших тусам миний явах чиглэл тодорхой болдог. Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтдог гэж Д.Сүхбаатар хэлсэн байдаг шүү дээ. 
 
-Хүн мөрөөдөж чадаж байгаагаасаа илүү их амжилт гаргана гэж байдаггүй гэж Бенжамин хэлсэн байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бид гурван зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, Баримталж буй зарчмыг дагаж дуурайх, үлгэр дуурайл авах хүнтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, халамжлан хүмүүжүүлэгч буюу багштай болох хэрэгтэй. Чиний бизнес нэг тэрбум төгрөгөөр эргэлддэг бол чиний багш 10 тэрбум төгрөг эргэлдүүлэх чадвартай байна гэсэн үг. Гуравдугаарт, өөрөөсөө илүү хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. 
 
-Монголчууд бид биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөөд зас гэж ярьдаг. Бие засах гэдгийг үргэлж сур, үргэлж өөрийгөө эр, таньж мэд гэж ойлгодог. Гэрээ засах гэдэг бол надаас хамааралтай бүх хүнийг хайрлахыг, төрөө засах гэдэг бол бүх хүнийг хайрлахыг хэлдэг. 
 
-Хүн өөрөө ч мэдэлгүйгээр өгснөөсөө дандаа илүүг авдаг. Тиймээсаль болох ихийг бусдад өгч байх хэрэгтэй. 
 
-Улс төрийн хамгийн сайн менежер бол аймаг, сум, дүүргийн нам, түүний дэргэдэх бүтцийн байгууллагуудын дарга нар байдаг. Энэ хүмүүс хийж байгаа ажилдаа маш их цаг зардаг ч гэлээ тэр хэрээрээ их зүйлийг авдаг. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх, туршлагажих явдал юм. Улс төрд орж байгаа хүн хэзээ ч гоншгонож болохгүй, өгүүлэл тавьж болохгүй, бусдаас сайшаал магтаал ч хүлээх хэрэггүй. Энэ бол чиний л сонголт. 
 
-Би гал дундуур ороод гарсан, юу ч харагдахгүй утаан дундуур гарсан, би дурлаад хаягдсан. Би бүх зүйлийг туулж өнгөрүүлсэн. Энэ бүхний эцэст өнөөдрийн би бүтсэн.
 
-Би МЗХ-ны ерөнхийлөгч болохдоо 24 настай байсан. Нас залуу ч гэлээ миний ард маш сайн баг байсан. Тэдний маань найз нөхөд ганзагын наймаанд явж байхад тэдэнд маш хүнд байсан. Тиймээс би багийнхандаа долоо хоног бүр лекц сонсгосноор тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл өгч чадсан. Тэд үүнийхээ төлөө тухайн үед наймаа хийснээсээ илүү их зүйлд хүрч чадсан. Тэр багт байсан хүмүүсийг нэрлэвэл Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Оюунхорол, ҮХЦ-ийн гишүүн Одбаяр гээд амжилттай яваа олон хүнийг нэрлэж болно.