sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн ах дүү, төрөл садангийн томилгоо хийсээр байна. Энэ байдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хичнээн шүүмжилж бичээд ч удирдах албан тушаалтнууд, Сайд дарга нарын амнаас “Хуулийн дагуу томилгоо явагдаж байна” гэх үг сонсогдож байлаа. Сүүлийн хэдэн сард хийгдсэн томилгоонуудын талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа илэрхийлжээ.

 

Удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон туслах албан тушаалтнуудыг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр, хууль бусаар томилж байгааг эсэргүүцэн Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлсэн аж. Шинэ Засгийн газар бүрдэж байгаатай холбоотойгоор албан тушаалтнууд өөрчлөгдөж, шинээр томилогдож болох ч ямар шалгуураар, ямар сорилоор шилж сонгогдсон нь тодорхойгүй байна гэж үзсэн байна. Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтаар сонгохыг хуульчлан баталсан байдгаас гадна, ямар нэг үзэмж, даргын мэдлээр томилохыг хориглодог юм байна.

 

Мөн ашиг сонирхлоос урьдчилан сэргийдлэх тухай хуульд зааснаар албан тушаалд томилогдсон хүмүүс мэдүүлгээ нөхөж өгөх ёстой байтал одоо хүртэл өгөөгүй байгаа гэнэ. Харин томилогдсон албан тушаалтнуудын ашиг согнирхлын зөрчлийн мэдүүлгийг Төрийн албан зөвлөлөөс АТГ нэхээд байгаа учраас энэ асуудлыг ч мөн шийдвэрлэхийг хүсчээ.

Л.Ганзориг