sonin.mn
Хашааныхаа газрыг мөнгөөр солиод байрны урьдчилгаа төлсөн айлууд байр ч үгүй газар ч үгүй үлдсэн эмгэнэлтэй тохиолдол олон бий-
 
Хотын захиргаанаас гэр хорооллын нэг, хоёрдугаар бүсийн 182 мянган иргэний газрыг орон сууцны урьдчилгаа төлбөрөөр сольж авах журмыг гаргаад байгаа юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
 
-Хотын дарга утаатай бүсэд байгаа айлуудыг урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд оруулах захирамж гаргалаа. Үүнийг нийслэлийн иргэдийг төлөөлж байгаагийн хувьд хэрхэн харж байна вэ?
 
-Ямар нэг байдлаар утааг бууруулж асуудлыг шийдвэрлэх гэж байгаа нь зөв боловч аргачлал нь буруу. Одоогийн нийслэлийн удирдлагын шийдвэр бол захиргааны арга. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийг Э.Бат-Үүл даргын өмнөх Хотын дарга буюу одоогийн Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын үед санаачилж эхлүүлж байсан. Тэр үед хашааны нэг метр квадрат газрыг 100 мянган төгрөгөөр үнэлж байсан. Жишээлбэл, 300 метр квадрат хашаатай айлын газрыг 30 сая төгрөгөөр үнэлээд хашаанаас нь хөөж гаргаж байсан. Тухайн үед хашааныхаа хэсэг газрыг  мөнгөөр солиод байрны урьдчилгаа төлсөн айлууд үлдсэн мөнгөө өгч чадахгүй байр ч үгүй газар ч үгүй үлдэж байсан эмгэнэлтэй тохиолдол олон бий. Энэ бол захиргааны аргаас ямар үр дүн гардгийн тод жишээ. 
 
Харин өнгөрсөн дөрвөн жилд барилгын компаниуд иргэд дээр очиж зах зээлийн зарчмаар ярилцаж тохиролцож байсан. Нэг нь авах гэж нөгөөх нь зарах гэж байгаа юм чинь үнэ мөнгөн дээрээ хоорондоо ярилцаж гэрээ хэлэлцээр хийх ёстой. Энэ зарчмаар иргэдийн саналыг авч нөхцлийг нь тохирсон юм. Үүний дүнд айлын хашааны газар үнэ цэнэтэй болж ирсэн. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дүнд  3000 орчим айл нэг, хоёр, гурван өрөө байраар хашааны газраа сольж байрандаа орсон байна. Гүйцэтгэгч компани олон байсан учраас зарим нь мененжментээ хийж чадаагүйгээс  санхүүгийн хүндрэлд орсон тохиолдол бий. Энэ асуудлыг өнгөрсөн жил сонгуулийн өмнө нийслэлээс нэмэлт төсөв батлаад шийдвэрлэхээр болсон ч сонгуулиар шинэ удирдлагууд гарч ирээд үндсэндээ зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг судлах нэрээр хойшлуулсан. Нэг ёсондоо хүмүүсийн амьдралаар улс төр хийж байна. Тооцоо судалгаатай мөрөөрөө явж байсан төслийг зогсоочихоод иргэдийг гудамжинд гарсан мэтээр улс төр хийгээд байгаа нь харамсалтай.
 
-Зах зээлийн зарчмаар газраа үнэлнэ гэх хүмүүс  ч цөөнгүй гарч ирнэ. Мөн орон сууцны урт хугацааны төлбөрийн асуудал ч яригдана байх?
 
-Утааг бууруулах нэрийн дор хашааны  газрыг байрны урьдчилгааны 20-30 сая төгрөгөөр солихоор захиргааны аргаа хэрэглэж эхэллээ. Урьдчилгаа өгөөд орон сууцанд орлоо гэхэд үлдсэн 20 жилийн лизингээ яах вэ. Тогтмол орлогогүй айлууд түрээсээ төлж чадахгүй орон сууцаа хураалгана. Мөн зах зээлийн зарчмаар тохиролцоогүй учраас газраа өгөхгүй гэсэн хүмүүс гарч ирнэ. Тэднийг утаатай тэмцэх ажилд саад болж, нийслэлийн хөгжлөөс хойш татаж байна гэж дарамтлаад хүч хэрэглэн захиргааны аргаар хэрэгжүүлэх эхлэлээ хотын удирдлагууд тавьчихлаа. Төлбөрөө төлж чадахгүй хүмүүс юу ч үгүй үлдэнэ. Газар чөлөөлөх гэдэг бол тусдаа ойлголт. Тухайн газар дээр бизнес хийх өөр. Иргэн өөрийн өмч баялгаа үнэ цэнэтэй болгохыг эрмэлзэхээс биш бага үнээр хөөгдөөд булаалгахыг хүсэхгүй. Урьдчилгаа төлбөрийг нь хотоос гаргаж өглөө гэхэд цаашид 20 жил орон сууцны лизинг төлөх тогтмол орлоготой айл өрх гэр хороололд хэчнээн байгаа бол. Дараа гарах үр дагаврыг нь эрүүл зөвөөр сэтгэж хэрэгжүүлээсэй. Газрын метр квадратыг 100 мянган төгрөгөөр үнэлээд хашаанаас чинь хөөж гаргана гэвэл хүн бүхэн дургүйцнэ. Энэ үгний өнгө зүсийг нь өөрчилж гоё гоодсон зүйлсээр халхавчилж байна. Цаад мөн чанар нь адилхан.  
 
-Гэр хорооллын иргэдийг заавал орон сууцанд оруулахаас өөр гарц гаргалгааг юу гэж харж байна вэ?
 
-Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын хүмүүс гэдэг бол баян. Нуугдмал баялаг, уурхай гэсэн үүднээс газрыг нь  хангалттай үнэлсэн. Гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх юм бол 2-3 айл нийлээд хэдэн давхар байшин барих нь дурын асуудал буюу газрын баялгийг жинхэнэ үнэ цэнэтэй болгож өгье гэсэн бодлогыг баримталсан. Харин одоогийн олонх болсон МАН буюу хотын удирдлагууд  гэр хорооллын газрыг хямдруулж үнэгүйдүүлж байгаад булаах. Тэгээд үнэгүй авсан газар дээрээ бизнес хийх бодлогоор ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, нэг, хоёрдугаар бүс гээд байгаа 182 мянган айлын газрыг үнэгүйдүүлж байна. Барилгын компаниуд аль болох ашигтай байрлалтай газрыг хамгийн хямдханаар авахыг зорино. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байгаа компаниудын ажил бүр хүнд болж байна.
 
Гэтэл одоогийн энэ төсөл дээр ажиллаж байгаа компаниуд иргэдийн саналыг сонсох байдал үгүй болно. Барилгын салбарт зарцуулна гээд байгаа Хятадаас орж ирэх 330 сая ам.долларын буцалтгүй тусламж ердөө дарга нарын бизнес болно. Энэ мөнгөөр яаж иргэдийн газрыг хамгийн бага үнээр чөлөөлүүлж авах вэ гэдэг асуудал буюу цаашлаад барилгын компаниудын өрсөлдөөн дарга, даамлыг яаж хахуульдах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулна. 330 сая ам.доллар буюу 800 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Энэ мөнгийг дагаад авлига хээл хахууль  цэцэглэнэ. Өнгөрсөн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байсан компаниуд зовлонтой нөхцөлд эрсдэл хүлээж зориг гаргаж орсон. Одоо бол барилгын компаниуд сонгогдчих л юм бол байшингаа барина. Худалдан авагч нь нийслэл бэлэн. Барилгын компаниуд хэн гэдэг даргыг хэдэн төгрөгөөр хахуульдах вэ гэдэгт хамаг зардлаа зарцуулж толгойгоо өвтгөнө. Ер нь юманд хандах хандлага, улс орныг жолоодох арга барилын ялгаа гэж харж байна. Үр дагавар нь хэрхэн гарахыг тооцох ёстой.
 
-Аль ч засгийн үед байсан эцсийн зорилго нь утааг бууруулах. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
 
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэр хорооллын иргэдийг хангалттай буруутгалаа. Нийслэлийн толгойны өвчин утааны голомт бол гэр хорооллынхон гэсэн суртал ухуулга маш их хийж байна. Уг нь гэр хорооллын иргэд жинхэнэ баялаг, үнэт зүйлсийн эзэн байгаа юм. Гэтэл бүх зүйлийн буруутан нь гэр хорооллынхон болчихлоо. Орон сууцанд амьдарч байгаа иргэд одоогийн хотын шийдвэрийг дэмжиж байгаа. Учир нь утааны голомт болсон гэр хорооллынхныг хурдан нүүлгээсэй гэсэн сэтгэхүйгээр. Гэтэл орон сууцны урьдчилгаагаа төлж чадаагүй иргэд 20-30 жилийн лизингийг төлж чадах уу. Утаа бууруулах зорилго нь адилхан. Яаж хийх вэ гэдэг л чухал. Зах зээлийн зарчмаар гэр хорооллын иргэдэд ашигтай байдлаар хийх үү, хэдэн дарга нарын сүлжээний бизнесийн ашиг унаж байх уу гэдэг зүйл. Унац ашгаа их бол­гохын тулд гэр хорооллын иргэд рүү улам дайрна.
 
-Олон улсад ямар жишиг баримталдаг юм бол?
 
-Миний хувьд Японд  олон жил болсон. Барууны орнуудад  чинээлэг давхаргын хүмүүс нь голчлон гэр хороололд амьдардаг. Заавал олон давхар байшин барьж амьдардаггүй. Газар дээрээ байшин бариад, мод тарьдаг. Ирээдүйд манай улсын гэр хорооллын дүр зураг тийм байгаасай гэж хүсдэг. 3-4 айл нийлж байшин бариад үлдсэн газраа нийслэлд зарж болно. Гагцхүү дэд бүтцийг нь шийдвэрлээд өгчих хэрэгтэй.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа үнэлүүлээд гэрээгээ хийсэн айлууд хэзээ байртай болох вэ. Дахин төлөвлөлт үргэлжлэх үү?
 
-Өнгөрсөн дөрвөн жил гэр хороолол руу дэд бүтэц татдаг “Сайн хашаа” хөтөлбөр бол ипотек гэдэг аргачлалыг гэр хорооллыг хөгжүүлэхэд ашиглах санаа байсан. Тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд нийслэлийн санхүүжилтээр гэр хорооллын хашаа байшин руугаа дэд бүтэц татах санаачлага байсан. Үргэлжлүүлээд явсан бол өгөөжөө өгөх болох л төсөл байлаа.  Гэвч дарга нар өөрт ашигтай байдлаараа  үргэлжлүүлэх байх. Хятадаас орж ирэх мөнгийг  ямар нэг зүйлд зарцуулах нь мэдээж. Харамсалтай нь гэр хорооллын дахин төлөвлөлт өнгөрсөн дөрвөн жилийн жишгээр үргэлжлэхгүй. Захиргааны, зах зээлийн гэсэн хоёр өөр арга бий. Эндээс харахад өмнөх дөрвөн жилийнх шиг зах зээлийн аргаар явахгүй гэдэг нь тодорхой болж байна. Аль болох газрыг яаж үнэгүй чөлөөлж авах вэ гэдэг зүйл яригдаж байна. Сургууль цэцэрлэг барилаа гэхэд бэлэн худалдан авагч нь нийслэл болно.
 
-Олонх болсон МАН хэр ажиллаж байна гэж та дүгнэж байна вэ?
 
-Эдийн засгийн үндсэн үзүүлэлт сайжирч эрх баригчид сайн ажиллалаа гэдэг. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэр эдийн засгийн эерэг өөрчлөлт ажиглагдаж байсан. Өнгөрсөн зунаас 24 ам.доллар байсан нүүрсний үнэ 71  ам.доллар болж тэрбум ам.долларын гадаад худалдааны ашигтай ажиллалаа. Үүний гол эх үүсвэр нь нүүрс, ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт үнэ өссөнөөс эдийн засгийн үзүүлэлт сайжирсан. Түүнээс одоогийн Засгийн газар мундаг ажилласан юм биш. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд хятадууд манайхаас нүүрс аваад эхэллээ. Сайн тооцоо судалгаа хийж төсөв мөнгөө хэмнэж зөв бодлого явуулсан юм биш. Эдийн засгийн энэ сайхан өсөлтийн мөчлөгийг зөв ашиглаасай. Нэг хэсэг нь баяжиж нөгөө хэсэг нь ядуу чигээрээ үлдэх харалган бодлого хэрэгжүүлж боломжийг бүү алдаасай гэж бодож байна. Нэгэнтээ олонх болсон юм чинь эх оронч байж улс орноо хөгжүүлээсэй.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин