sonin.mn
Миний орчуулсан "Солиот эх" өгүүллэгээр Х ТҮЦ хамтлаг ижил нэртэй кино бүтээж удахгүй олон түмэнд хүргэх ийм зар гаргасан байх юм. Оюуны бүтээл, оюуны соёлыг эрхэмлэдэг улс оронд бол ийм зүйл цээртэй байтугай цаазтай баймаарсан. "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэдэг шиг муу Болдбаатарынхаа нэрийг хасчихсан байгааг харж байна уу?
"Сэрүүн хасын нууц" жүжиг дээр бас л ийм зүйл болсон. Орчуулж олон түмэнд хүргэсэн Болдбаатарын нэр байхгүй Одончимэгийн зохиол мэт олон түмэнд сэтгэгдэл төрүүлээд өнгөрч билээ. Тэрэн дээр би харин эрийн шийр заагаад инээгээд өнгөрч чадсан. Энэ удаа буюу хоёрдахь удаа бол харин ёстой үгүй шүү гэдгийг Х ТҮЦ-ийнхэнд хэлчихье.
"Нохойг зодохдоо эзнийх нь царайг хардаг." гэсэн нангиадын зүйр цэцэн үг байдаг. Бүтээлийг нь хулгайлахдаа ядаж орчуулагчид нь дуулгачих хүний мөстэй байж сайн уран бүтээл төрөх учиртайсан. Би уг нь адилхан уран бүтээлчид байна уулзаж учир байдлаа ойлголцоё гэж Онон дүүд хэлсэнсэн. Харин өөрсдийг нь бодоод найртай зөөлөн загнасны хариуд ийм маягаар хурдлах гэж шийдсэн бол арай өөр газарт илүү шударга нөхцөлд уулзах учрыг олны өмнө сонордуулсу.
Энэ сайхан өгүүллэгээр хийсэн киног үзэж чадахгүй нь гэж уншигч та битгий халаглаарай. Бид хууль журмынх нь дагуу зохиолчтой нь холбоо бариад монголдоо ижил сэдэвтэй кино бүтээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг энэ дашрамд дуулгачихъя. Бид гэдэг маань уран бүтээлд элэгтэй, сэтгэлтэй өөр нэгэн продакшны санаа зорилго нэгтэй залуусыг хэлж байгаа юм.
 
Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар