sonin.mn
ПХЕНЬЯН. /Reuters/. Өнгөрсөн сард тив алгасах баллистик пуужингууд харвасантай нь холбогдуулан НҮБ хориг арга хэмжээ авсныг Умард Солонгос буруушааж, холбогдох улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах болно гэж анхаарууллаа.
 
Умард Солонгосын Засгийн газар төрийн мэдлийн телевизээрээ даваа гарагт мэдэгдэл хийхдээ “АНУ болон бусад улсын баталсан энэ тогтоол бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчсөн хэрэг” гэжээ.
 
 Өнгөрсөн сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг баталсан юм.
 
Уг тогтоолоор Умард Солонгосоос нүүрс, төмөр болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохыг бүрэн хориглосон билээ. Эдгээр ашигт малтмал нь Умард Солонгосын хувьд орлогын гол эх үүсвэрүүд юм.
 
Умард Солонгосын мэдэгдэлд “Манай улс АНУ-ын өдөөн хатгалгын эсрэг хатуу хариу барих болно. Бид “шударга ёс”-ны төлөө арга хэмжээ авах болно. Хэрвээ АНУ хуумгай алхам хийсээр байвал манай улс сүүлчийн аргаа хэрэглэхээс буцахгүй” гэж анхааруулжээ.
 
Мөн уг мэдэгдэлд Хятад болон Оросыг шүүмжлэн “Хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг батлахыг дэмжсэн улс орнууд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлснийхээ төлөө хүлээх хариуцлагаас мултарч чадахгүй” гэсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг