Намайг багад ихэнх айл цомхон хэдэн малтай байсан санагддаг юм. Тэгээд ч тэр биз, малын бэлчээрт зориуд хонь нийлүүлээд тасалж авч явах, имгүй малыг өөрийнхөө имээр имнэчихээд улаан цайм "манайх" гэж булаацалдах тохиолдол их гарна. Тэр бүү хэл гэрийн эзэн байхгүйг мэдээд шөнө дөлөөр хашаатай хонь руу мөлхөж шөлний юмаа авдаг башир аргатан ч олон байв. Тэднийг манайхан "урт гартнууд", "сүүлгүй чоно" гэх мэтээр нэрлэнэ. Буутай айл ч ховорхон. Хонь үргэхээр л түмпэн саваа түлээ залтсаар нүдэж чимээ гаргана.
 
Манай хувьд аавын дорбинк шиг нөмөртэй юм байхгүй. Нэг "тис" хийлгэчихээр ойрын хэдэн шөнөдөө л айл саахалтаараа амар жимэр хонодогсон. Арван зургаатай сум ховор болохоор аймгийн төв явахаараа арван хоёртойг авчраад задалж, гал, дарь, тугалган үрэл зэргийг нь арван зургаатай хонгиондоо хийнэ. Нэг ёсондоо гэрийн нөхцөлд сум үйлдвэрлэж байгаа юм л даа. Эрхий хуруун чинээ том хонгионд 70 ширхэг тугалган үрэл байдаг гээд бодохоор айхтар хөнөөх чадвартай, чанга ч дуутай эд байв. Нэг удаа аав маань тугалган үрлийнх нь оронд шорвог давс чихээд байна аа. "Яаж байгаа юм бэ" гэсэн чинь “Ойрд харин "сүүлгүй чоно" л энэ хавиар эргэлдээд байх шиг байна. Өглөө бүр нэг хонь дутах юм. Өчигдөр бүр хонь үргэсний дараа нохой гаслаад морин төвөргөөн сонсогдоод явчихсан... Хэрэв өнөө шөнө ирвэл бөгс рүү нь нэг "туучихдаг" юм уу гэж бодоод л" хэмээж билээ... Тэр өдрөөс хойш ойр хавийнхан ирэхэд аав энэ тухайгаа ярьдаг болов. Хамгийн хачирхалтай нь тэр өдрөөс хойш "сүүлтэй чоно" л гэхээс "сүүлгүй чоно"-ын сураг бүрмөсөн алдарсан юм даа... Бодвол тэр "сүүлгүй чоно” салхи цохиод бөгсөө давслуулахаас айсан байх.
 
 
"Могойн хараал" номноос
Эх сурвалж: “Ган зам”сонин