sonin.mn
“Корпорейт конвеншн центр”-ийн дэргэдэх мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн “Корпорейт энтертайнмент” баг “Өвөл шоу” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тэд өмнө нь Наадам, Намар зэрэг тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байсан юм. Ингэхдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын танхимдаа, гэрэл, дуу, дүрс, дуугаралтын онцгой шийдэлтэйгээр амжилттай гүйцэтгэж гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан билээ. 
 
Энэ удаагийн “Өвөл” шоу тоглолтод Монголын авьяаслаг гоцлол хөгжимчид өөрсдийн авьяас, ур чадвараа гайхуулан хөгжимдөхөөс гадна, Өвөл цагийн өвөрмөц өнгө төрх дор, Өв уламжлал соёлоо харуулсан бүжиг, циркийн шилдэг үзүүлбэрүүдийг сонгон оруулжээ. Мөн шинэ жилээ угтсан сюрприз болгоод дэлхийн алдартай кино дэлгэцийн бүтээлүүдээс санаа авч найруулсан гайхалтай шинэлэг бүтээлүүдээр “Өвөл” шоу тоглолтыг чимэх аж.
 
Энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагуудад буюу арван хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Корпорейт конвеншн центр”-т зохиогдох юм. 
 
 
“Корпорейт энтертайнмент” багийн уран бүтээлийн продюсер Б.Ганхөлөг: 
 
Өмнө нь бид Наадам, Намар тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байсан бол энэ удаад гурав дахь том тоглолтоо болох “Өвөл шоу”-г тавихад бэлэн боллоо. Өвлийн өнгө төрхийг орчин цагийн тоног төхөөрөмжийг ашиглан урлагийн хэлээр харуулахыг зорьж байна. Уртын дуу, морин хуур, хөөмий, ардын бүжиг зэрэг үндэсний урлагийн тоглолтуудыг голчлон тоглох бөгөөд бүгдийг нь орчин үеийн хэв шинжтэйгээр найруулсан. Үндэсний урлагаараа омогших, хойч үедээ өвлүүлэн таниулах, мартагдах ёсгүй өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь бидний зорилго юм” гэлээ.
 
Монголын авьяаслаг гоцлол хөгжимчид өөрсдийн авьяас, ур чадвараа гайхуулан хөгжимдөхөөс гадна, Өвөл цагийн өвөрмөц өнгө төрх дор, Өв уламжлал соёлоо харуулсан бүжиг, циркийн шилдэг үзүүлбэрүүдийг сонгон оруулжээ. Мөн шинэ жилээ угтсан сюрприз болгон дэлхийн алдартай кино дэлгэцийн бүтээлүүдээс санаа авч найруулсан гайхалтай шинэлэг бүтээлүүдээр “Өвөл” шоу тоглолтоор үзэгчиддээ бэлэг барина.
 
 
“Өвөл шоу” тоглолтын Ерөнхий найруулагч Д.Энхбаяр:
 
Бид өвлийн улирлыг илэрхийлж болох юу байна, тэр бүгдийг тоглолтдоо шингээж, тайзны хамгийн зөв шийдлээр харуулахыг хичээн ажиллаж байна. Манай тайзны хувьд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Гэтэл өнөөдрийг хүртэл бид бүрэн хүчин чадлаар ашиглаж чадаагүй учраас энэ удаагийн “Өвөл шоу”-ны үеэр бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсэж байна.
 
Бидний тооцож үзсэнээр техникийн хүчин чадлынх нь 80 хүртэлх хувийг ашиглах бололцоотой гэж үзээд, тоглолтуудаа бэлтгэсэн. Өнгөрсөн удаагийн Намар тоглолтоос хойш бид бүх үзүүлбэр, тоглолтуудаа шинэчлэн орж ирж байна. Саяхан БНХАУ-д болсон А зэрэглэлийн тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн  Хадгаа циркийн бүтээл, гоцлол хөгжимчдийн бүтээл, бидний сайн мэдэхээр Б.Шижирбатын хийдэг “3D анимейшн бүжиг”-ийг мөн үзүүлнэ.
 
Сүүлийн үед тайзан дээр гараагүй “Бөртэ” хамтлаг мөн манай тоглолтод оролцоно.
 
 
П.Наран