sonin.mn
Мэдэмхийн дунд ичимхий царайл
 
Идэмхийн дунд цатгалан царайл
 
Дарганцарын дэргэд чавганцар царайл
 
Дайсанцарын дэргэд явганцар царайл
 
Буруутаны дунд өнчирч ганцаард
 
Бусдын төлөө өөрийгөө золь
 
Буруу шиг зөвийг зүрхэндээ хад.
 
 
 
Уйлах эрхгүй  ч нууцхан орших унаган  хайр гэж байхын адил, ухаараад ирэхээр зүрхэнд хоногших  буруу шиг ЗӨВ гэж бас байнаа. Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт  бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад  явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих жишээний.
Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн  хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр  гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу гэх мэтийн  аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээнээс  холхон очоод зогсчих нь зөв.  Тэглээ гээд турж үхэхгүй харин аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү  үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно.  Учир нь та хоног тутам булангийн дэлгүүрээс ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан амтат талхаа гурав хуваан(аав ээж, үр хүүхэд, өөрсдөө) өдөрт нь зооглодогын адил хором тутам бие сэтгэлээрээ тарьсан үрээ мөн дөрөв(эхнэрээ оруулаад) хуваан хувь заяасаа  хэдэн үеэр нь газар тэнгэрт дархлаж байдгаа ухаарсных.  
Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл  урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байгаарай. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин улам л ухаарч бөхөлзөөрэй.  Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ. Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай  өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарга амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө Манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.
Дарганцар маань ямаан сахланд  дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа таны зөв үйлдэл бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно. 
Дайсанцар нь  долоо уулын цаадахь таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана. Зах зээлийн нийгмийн хатуу хөтүүг  зах зухаас нь амсах болсон цагаас эхлээд шалих шалихгүй зүйлээс хоорондоо байсхийгээд л түр тар хийх болсон эхнэр нөхөр хоёр үе үе дайсагналдан сүүлдээ бүр салж сарнихдаа тулжээ. Өглөө босоод хартал эхнэр нь уртаа гэгчийн захиа бичээд гал тогооны ширээн дээр үлдээгээд ажилдаа явсныг уншваас гэр бүлийнхээ гомдол гутрал хардал сэрдэл үзэн ядалт өдөр тутмын талх тариа хувцас хунар үнэртэн танартны дутагдал гачигдал уйтгар гуниг ганцаардал нөхрийнхөө хайр халамжгүй арчаагүй байдлын талаар ар өвөргүй бичиж гомдоллож амьдралаас уйдаж цаашдаа салж сарнин бүр амиа хорлоход ч бэлэн байгаагаа илэрхийлжээ. Харин нөхөр нь хариуд нь анхны хайр, хуримын өдөр, анхны үрийнхээ зулайн үнэр, өнгөрсөн амьдралынхаа хамгийн баяр хөөртэй аз жаргалтай байсан үеүүдээ санан дурсаж бичээд, өнөөгийн болж бүтэхгүй байгаа бүх бурууг өөртөө үүрч, уучлал гуйж БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээн ар өвөргүй хэдэн зуу дахин үнэн сэтгэлээсээ бичиж орхиод ажилдаа одов. Орой гэртээ иртэл  бичсэн зүйлсийг эхнэр нь барьчихсан өөдөөс харан ичих шиг ч уйлах шиг ч зогсож байхыг харахын зуургүй хайрын нулимсууд нь харилцан мэлмэрэн халуун зүрхэс нь уучлал гэмшлээр дүүрч нэг л мэдэхэд чив чимээгүй мэгшин тэврэлдсэн байлаа.
Хүн ер нь өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа  ч гэсэн түүнийгээ заавал дайсанцартаа харуулж гайхуулж нервийг нь хөдөлгөж нойрыг нь хумслах нь  та хүний амгалан тайван байх, эрүүл саруул байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа  маажин голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөвд нийцнэ.  Таны алхам тутамд бусдад ажиглагдах ийм ухаарал тэвчээр уучлал зөвт байдал нь шунал бардамнал   атаа хорсолын  уул шиг бул хар чулууг ч хайлуулаад зогсохгүй, та  гэр бүл хамт олон нийгмийн доторхи гэрэл гэгээ, үнэт зүйлсийн түүчээ нь болж өчнөөн залуусыг Үнэний замаар өөрийнхөө араас хуйлруулах болно.
 
Гэрэл үгүйд харанхуй оршном
 
Гэгээрэл үгүйд хорсол оршном
 
Ухаан үгүйд мулгуу оршном
 
Ухаарал үгүйд шунал оршном
 
Амгалан үгүйд айдас оршном
 
Үнэн үгүйд үхэл оршном.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт