sonin.mn
Хүний хэвлийд байгаа элэг бөөр зүрх тэр хүний өмч гэж олон улсын хүний эрхийн түгээмэл эрх зүйд тунхагласныг  хаа сайгүй хадаж, чанд мөрдөж байгаатай адил Монголын хэвлийд байгаа  алт эрдэнэс ардын өмч гээд Үндсэн хуулинд цагаан цаасан дээр хараар бичсээр байтал гаднаас нэг ганц ч ногоонгүй ганзагчин ирээд гадаад зээлээс хөрөнгө босгон эксковатор авчраад эрдэнэс алтыг  нь суга татан үнэ хүргэж үсэргэнэ гэнэ үндсэн зардлыг юутай хүүтэй нь үхэн үхтлээ төл гэхэд нь Үгүй гэж хэлж чаддаггүй итгэмтгий зангаасаа болоод бид Ок гээд л гэрээн дээр нь гарын үсэг зурчих юм. Бас хөрөнгө босгох мөнгөгүй гээд л нэрэлхээд байсан мөртлөө Швейцарын  банкинд сая саяаар нь хийгээд мартчихдаг үгүй мөн гүндүүгүй мартамхай улс шүү бид. 
Мөхөс миний  монгол хар ухаанаар бодоход  уг гэрээний утга агуулга нь Монгол хүн ямарч химийн хольцгүй байгалийн унаган төрхөөрөө экологийн хувьд хамгийн цэвэр эд эрхтэнтэй  гэдэг нь дэлхийн шилдэг лабораториудаар батлагдсан тул тэд эмнэлгийн багаж эмч ажилтантайгаа ирээд Хүний эрхийн хуулийг зөрчин байж элэг бөөр зүрх бөлдөгийг минь суг татан олон улсын зах дээр донор болгон панзлаад эд эрхтэнээ сугалуусаныхаа хариуд би холбогдох зардлын 34 хувийг 30 жил юутай хүйтэй нь төлж дууссаны дараа л ашгийнх нь 34 хувийг авах юм байна  гэж харьцуулж ойлгоод байгаа.
Гучин жил хамаг байдгаа суг татуулчихаад ашиг машиг авах болов уу яах бол, одоо жар дөхөж байгаа өвгөн би тэр хүртэл  тэсэх болов уу яах бол, монгол хүн байна даа ямарч гэсэн хойд насандаа өргүй л үлдэх юмсан гэж сүүлийн үед бодогдох болов.
Уг гэрээний учрыг гадарлах хэсэг нөхөд нийлээд өөрчлөнө хөөнө тууна гээд өрвөлзөн босч ирэхэд нөлөө бүхий нөхрийг маань Лондонд урьж аваачаад  ВВС-ээр байцааж байцааж ХӨӨХГҮЙ ЭЭ гэсэн ам мөчгийг нь аваад авгайхан нь сайн үйлсийн санд сая саяыг хандивлалаа гэхийм.  Үгүй мөн сайн санаатай хүмүүс шүү энэ барууныхан.  Монголчууд бид хүний юмнаас нэг ч зоос илүүчлэх санаа бодолгүй хүмүүс болохоор сайн хүмүүсийн өгсөн нэг ч сент гээгдэлгүйгээр  олон олон элэг нэгтнүүдийн  маань  элэг бөөр зүрх гадаад дотоодод эмчлэгдэж  эрүүл саруул болж тайлан тооцоо нь холбогдох газарт нь жин тан өгөгдсөн байж таараа.
Газар доорхи баялагийнхаа дөнгөж хоёрхон хувийн үүцийг задлахад л бид одоо 200-аад орд босгоод  байна, үлдсэн 98 хувь нь онгоноороо байна, үүнээс  хоёрхон толгой  нь нийлэхэд л есөн зуун тэрбум доллар буюу өнөөгийн манай улсын 300 жилийн төсөвтэй тэнцэх бөгөөд энэ хоёр толгойгоо  мөлжихөд л тав зургаан үеэрээ идээд ч барахгүй нь гээд  л даналзах хэрнээ арав хорин тэрбумийн зээлийг  аль дээр аваад идээд дууссан гэхийм, ард түмэн эх орон минь яана даа байз, ташуураа бариад мориндоо морд юу, тархиа гашилгаж гарцыг хайя юу.
Yе үеийн засгийн газрын өмчтэй холбоотой зөв бодлого зөндөө бий бий, тухайлбал хөдөөгийнхөнд малыг нь хувьчилсан нь Жасрай, хотынхонд байрыг нь өгсөн нь  Энхсайхан,  хороололынхонд газрыг нь бэлэглэсэн нь Энхбаяр,  хадгаламжтайд нь баталгаа гаргасан нь Баяр,  за тэгээд газрын баялагаар ардыг баахан хошгируулсан нь Батболд,  галзуу хөгжлөөр улсыг зөндөө амьсгалуулсан нь Алтанхуяг. Галзуу нь ч яахав гол нь зөв хөгжил, газрын баялаг нь ч яахав чухал нь зөв бодлого.
Сүүлийн үед эрдэнэт толгодоо зарна гэхийм, энэ нь  эцэг өвгөдөөс үлдээсэн буяныг идэж ууж, наадаж наргиж дуусгаад эцсийн ганц мөнгөн ембүүгээ өмбөгөр дээр өвөртлөж очоод өвгөнтөөс өгөөд уухтай адил. Эртээ урьдын цагт зарц адуучин нь 100 сайхан морьдтой Эзэнийхээ 51-ийг нь гадаадын банкинд барьцаанд тавиад,  49-ыг нь шилийн богдод тангараг өргөсөн өргөөгүй халхын хэдэн сайн эрчүүдэд тал засан тарааж өгөөд амар сайхан жаргасантай л  адил шахуу юм сонсогдох юм.  
Уг нь бид байгаа юмаа барилгын цэргүүдээрээ үнэгүй малтуулаад шанагаар хутгаад шуудайлаад зарсан ч  баяжчихаар хугацаа багагүй өнгөрлөө л дөө. Гадныхан гадныхан л гэх юм. Гадныхан яахав зайлвал, зайлна л биз гагцхүү монгол төр, монгол хүн газрын баялгаа зуун хувь эзэмших хуулийг ганц шөнийн дотор ч гаргах цаг ирэх бизээ. Тэгээд Харвард, Массачусетс, Лондонгүй суралцаж дэлхийн  хай тех, ноу хау-г монгол хар ухаантай хослуулан эзэмшсэн монгол инженер  менежер техникийн ажилтанууд тэнгэрийн од шиг олширч,  гадныханыг ганц амбаардаж гаргаад Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагий маа гэдгийг  ёстой нэг үзүүлээд өгөх байлгүй.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт