sonin.mn
Монгол Алтайн өвөр биед, Ховд аймгийн Үенч сумаас баруун хойшоо хэжиж, Булган сум орох замд баруун гар талаас урдуур хөндөлсөн өнгөрөх сэрвэн дэл уулсын ноёлох өндөрлөгт нэгэн сүрлэг содон овоо хэн бүхний анхаарал татаж, өөрийн эрхгүй өөртөө дуудна. Дэргэд нь очиж газар орны байдлыг нь ажиглавал Мандал, Шаазгайтын нуруунаас салбарлан үргэлжилсэн намхан сэрвэн уултай огтлолцох энэ газраар эрт цагт Монгол, Ойрдууд чөлөөтэй харилцан зорчдог гол зам байсан юмсанж. Үүнийг зориуд сонгож харуулын “Шаз" босгоо юу гэж бодогдном. Овооны овор, бүтэц нь уулын чанх орой дээр арван хоёр ханатай гэрийн буйраас давах хэмжээний тойрогт дугуй суурь дэвсч, тогооны бүрхээр хэлбэрээр дээш өндөрлөн, жигд зузаантай уртлаг хар чулуун хавтанг эв нийлүүлэн завсарт нь шавар зуурмаг зуулган тоосго лугаа цэвэр цэгцтэй өрж босгожээ. Овоог дөчин тохой өндрөөр хязгаарлаж, оройг нь тэгшлэн дээр нь морины толгойн хэртэй хар цагаан хоёр чулуу сул тавьсан аж. Бас анхаарах нэг зүйл гэвэл овооны туурганы чулуун өрлөг дундаас тал бүр тийш нь цухуйсан бэсрэг дүнзний үзүүр зуу гарантаа үзэгдэнэ. Үүнээс хоёр зүйлийн таавар төрнө.
Нэгд: Уг овоог нурахаас хамгаалж бэхэлсэн. Хоёрт: энэ овоон дотор ямар нэгэн зүйл агуулсан “байгууламж” босгож, түүнийгээ гаднах чулуун өрлөгтэй холбож бэхэлсэн байх сэтгэгдэл төрөх болно.
 
АРДЫН ДОМОГ СӨХЬЕ
 
Энэ нутагт төрж өссөн хүний хувьд намайг бага байхад, мэдээ орсон тэр цагаас л эхэлж домог, түүх сонсч явахад янз бүрийн л юм хөгшчүүл ярьдаг байсан.
Аржаргалангийн голоос тээр хадан цохионы орой хүртэл олон цэрэг эгнэн зогсч, чулуу шавар гараас гар дамжуулан зөөж, дотор нь цагаан морь унасан бүрэн зэвсэгтэй цэрэг эрийг зогсоож (эцгийн нэр ганц хүү ч гэж ярих нь бий.) байгаад тэр овоог босгосон юм гэхээс цаашгүй ямар нэгэн юм нэмж ярьж чаддаггүй хүн байхад, үүнийг чинь би л сайн мэднэ. Тэр чинь хайр сэтгэлийн мөнхийн бэлгэ тэмдэг байхгүй юу. Эртээ урьдын цагт энэ нутагт харгис хатуу хаан (ноён байх гэж бодном) байж гэнээ. Тэр хаан газар дээр ганц үзэсгэлэн гоо гүнжтэй юмсанж. Гэтэл тэр нутагт ганц яндан цагаан морьтой ядуу залууд хааны гүнж хайр сэтгэлээ харамгүй өгч, хагацашгүй хайрын зовлонд автахад угаасаа ядуусыг үзэн яддаг харгис хатуу хаан, гүнжийнх нь сэтгэлийг урвуулсан ядуу залууд өширхөж түмэн цэрэг хөдөлгөн дайчилж, яндан цагаан морьтой ядуу залууг овоон дотор хийж ялласан, янаг амрагийн аугаа их гайхамшигт-эмгэнэлт “дууль” хэмээн ярих хүмүүс тохиолдоно.
Овоон дотор бас дөрвөн нүдтэй халтар нохой оруулжээ. Тэр нохой нь хэдэн өдөр хуцсан ч гэдэг. Яндан цагаан морь нь бас хэдэн өдөр янцгаасан, хүү хэдэн өдөр уйлж, дуулсан ч гэдэг юм билээ.
Эдгээр хувилбаруудаас, урлагийн гавьяат зүтгэлтэн, Ховд аймгийн хөгжимт драмын театрын ерөнхий зураач асан Аатаан элкений Мишигдоржийн Амгалан гуайн тэртээ 1990-ээд оны эхээр надад , ярьж хөөрснийг бага зэрэг хураангуйлан буулгахыг хичээвээ.
Баруун Монголын торгууд ард түмний ардын их билиг зүйч, номч-мэргэн агсан Магсарын Пүрэвжал гуай торгуудын ноён Мишиг вангийн дэргэд арваас арван долоон нас хүртлээ бий, /биелгээ/ сурч байхдаа ноёны их бийч Даш гэгчтэй ван ноён, “Харуул-Овоо" -ны түүхийг хуучилж суухыг чихээр сонсч, нүдээр харж, явснаа наян хэдэн нас хүртлээ үнэмшин санаж, сэтгэлдээ тээж, ирснийгээ нэхэн сэргээж, ярьсан юм. Чи зохиолч хүн, үнэн мөнөөр нь ард түмэнд хүргэ!. Дараа нь чи тэгээд кино зохиол эсвэл тууж, өгүүллэг, болгоно уу чиний л хэрэг, захчины хүүхэд чамд итгэлээ шүү гэсэн юм. Тэр үед М.Амгалан гуайн бие ч тааруу байсан санагдана. М.Пүрэвжал гуайгаас сонссоноо М.Амгалан гуайн ярьсныг доор сийрүүлье.
-Манай Ван ноёнтон гэртээ олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй, түүнийхээ алинаар нь ч өөрөө сайн тоглож чаддаг, бас сайхан бийлэхийн хажуугаар үлгэр домогт ихээхэн дуртай, түүх, тууж их мэддэг, түүнийгээ энгийн ардуудад ярьж, хэлэх дуртай хүн байлаа. Миний 17 настайд Даш багштай Харуул-Овооны тухай ярилцахдаа надтай хамт бий сурч байсан Очир, Дүгэр гэдэг хоёр хүүхдийн хамтаар бид гурвыг ван ноёнтон дуудуулж,
-Бийч, дуучин, туульч хүн аливаа юмны учир явдлыг зөв сайн мэдэж, явах хэрэгтэй. Яагаад гэвэл ийм урлагч, (урлагийн авьяастан) хүмүүс ямагт олны дунд явдаг учраас юмыг хүнд зөв үнэнээр мэдүүлж явах учиртай байдаг гээд биднийг Даш багшийн доохно суулгаад Харуул-Овооны тухай сонирхолтой домог айлдаж билээ.
Ноёнтон ийгээд (ингээд) айлддаг билээ л.
Энэ Харуул-Овооны түүх чинь тийм эртний түүх биш ээ хүүхдүүд минь.
Дэлхий дээр Манж гэгч гүрэн гарч ирээд Монгол, Ойрадын газар нутгийн баялагт нь шунаад, зүйл бүрээр гоочлоод байхаар нь Ойрад хүмүүс, хэдэн саам (удаа) өөрийн элчээ Бээжинд зарж (илгээж) буруу зөвөө ололцох гэхэд Манж гүрэн манай элчийг цагаан хэрмийн боомтоос цааш оруулалгүй элдэв уран арга зохиож, буцаагаад байдаг байж. Тэгэхээр нь Ойрад нийтээрээ их зөвч хийж (зөвлөлдөж) байгаад, Данжийлаа хошууч (Данжан, Дачжийлаа янз бүрээр бичдэг бололтой). Явхан мэргэн, (одоо Явган мэргэн гэх болчихож) Дүгэр зайсан, нэр цууд гарсан гурван баатрыг элчээр Бээжин лүү заржээ. Тэр гурав Бээжин очих замдаа,
-Хүн оруулдаггүй боомтоор бид очихгүй. Бээжингийн зүгт шулуун замаар одоод/очоод/ тэр айхтар Цагаан хэрэм гэдгийг нь сэт харваад орцгооё гэж зөвшилцөөд Цагаан хэрэм хүрэхэд тэр хэрэм нь цаад наад хоёр талдаа арай бага шиг бас хоёр дааган (давхар) хэрэмтэй гурван давхар хэрэм байсныг Явхан мэргэн гурвууланг нь сэт харваж, зам гаргаад шууд Бээжинд хүрч очиход Манж нар ихэд гайхан , айн цочиж, асууруун:
-Ойрадын их баатрууд манай алдартай Цагаан хэрмийн хаагуур нь даваад, хэл мэдээгүй ороод ирэв гэжээ.!
Данжийлаа хошууч, хээв нэг инээж: - Аа! Танай Цагаан хэрмийн хаалга нь олдохгүй хайж явтал, тэр Цагаан хэрэм дээр нэг ёрын муухай том хар шувуу суучихаад босохгүй болохоор манай Явхан мэргэн алдаж харваад, хайран сайхан хэрмийг нураасан нь тусгүй хэрэг боллоо. Чи хичээж харвахгүй яасан юм! хэмээн зэмлэх аястай Явхан мэргэнийг ширвэн харахад, Манж нар: -Хай.! Бид мэдлээ. Ойрадын их баатар Явган ( Явхан) мэргэн гэгч та байж, та ёстой хүчтэй харваач байна. Тэр ёрын муухай шувууг дор нь алсан бол.! гэж харамсах дүр үзүүлээд. Тэднийг Манжийн хааны “Халуунаас зайлах” ордонд урьж аваачин Ойрадын баатруудыг дээд хүндэтгэлээр дайлж, хар архиар согтоож, Явхан мэргэнийг тусад нь байрлуулж, унтуулагчаан болгож байгаад, гарыг нь хуудан хаатай нь огтолж аваад, дөрвөн хэсэг тасдаж, Бээжингийн дөрвөн их хаалганы босгон доор хавтгай чулуугаар дарж булаад: -Ойрадын баатар чиний “Мэргэн гар” Манж хүний хөлд гишгэгдэх “ заяатай” гар санж хэмээн тавлахад , Ойрад баатрууд өрөөсөн хаагүй Явхан мэргэнээ аваад, өмнөө гэрэл гаргаж, хойноо харанхуй будан татуулсаар нутаг руугаа зулж Алтай нутагтаа ирэхэд, Явхан мэргэний бие муудаж, арван гурван удаа ухаан алдаж, унавч шүд зууж, хөл дээрээ боссоор явж, Ойрад нутагтаа хүрч “Жимсээр” гэдэг ууланд ирж, шархны халуунаар таалал болжээ. Дүгэр зайсан Ойрадын хаанд бүх хэргийн учрыг айлдан мэдүүлэхэд: Хаан зарлиг гарган Тугч, Харбаатар, Сандаг зайсан хоёрт тус бүр нэг түмэн цэрэг захируулж, Ойрадын алдартай баатрын Хойлгод оролцуулахаар илгээн ирүүлэхэд Данжийлаа хошууч ихэд гашуудан тангараг тавьсан нь:
Хүний нутгийн шороо дэрлэлгүй 
Хүч шавхан үхэлтэй тэмцсээр 
Алаг Алтайнхаа өвөр түшсэнд 
Арван гурван овоо гэрээсэлж
Ам өгөн андгайлж байна хэмээн
Аялгуут их дуугаар хашгирахад
Цаст уулын ирвэс цочиж
Цавчих илд өөрөө огшив гэжээ. Ингэж элэг эмтлэн гашуудаж байтал Манжийн Цагаанбаатар гэгч түмэн цэрэгтэй Ойрад баатруудын хойноос нэхэж ирээд Ойрадын цэргүүдтэй өдөр шөнөгүй тулалдсаны эцэст Ойрадын “‘Тугч Харбаатарын цэрэг дийлж, Манжийн Цагаанбаатарыг барьж аваад Тугч Харбаатар, -Одоо үүнийг яах вэ? гэж асуухад: -Данжийлаа хошууч: -Яахыг би мэдье. Явхан мэргэний ариун шарилын өмнө миний хэлсэн нь бий. Манжууд манай баатрын амьгүй хааг хөл дороо гишгэж, доромжилсон бол бид Манжийн баатрыг амьдаар нь уулын оройд залж дөчин түмэн Монгол, дөрвөн түмэн Ойрадын түүхэнд мөнхөлж дөчин дөрвөн тохой өндөр чулуун овоо босгож, Манжаас сэрэмжлэх үүдээ мануулж, “Харуул” болгон дархалъя. хэмэрн тангараг тавиад нэг түмэн цэргийг Аржаргалангийн голоос уулын орой хүртэл цувуулан зогсоогоод шавар ус зөөлгөж, бас нэг түмэн цэргээр чулуу зөөлгөж.- Манжнйн баатрыг элгэнд нь бул хар чулуу тэврүүлэн, морийг нь буруу харуулан унуулж, овооны голд зогсоож байгаад ганц хоногт овоог өрж дуусгаад орой дээр нь Цагаанбаатарыг Тугч Харбаатар даран сөнөөсний бэлгэ тэмдэг болгож, цагаан чулууг хар чулуугаар даруулж орхисон гэдэг. Одоо овооны орой дээр хар цагаан хоёр чулуу байдгийн учир тийн аж. Ойрадад Тугч Харбаатар гэж мундаг хүн байсан гэдэг. Тэр хүний уг удмыг захчин сумууд дотроос олох хэрэгтэй гэж Ван ноёнтон ярьж байсан билээ. Данжийлаа хошууч, Явхан мэргэний хойлго дээр арван гурван овоо босгохоо гэрээсэлж нэгэнт амласан тангаргаа гүйцэлдүүлэхийн тулд эхнийх нь энэ овоо “Харуул-Овоо” бол гэж шившиж үүнээс эхлэн наран шингэх зүгт цувуулан Харуул-Овооны дараа Хаацын-Овоо, Хаан-Овоо, Хатан- Овоо, Сангийн-Овоо, Өндөр-Овоо, Гүрвэлт-Овоо гээд бусдыг мартжээ, ямар ч байсан Явхан мэргэний цогц нутаглуулсан тэр газар хүртэл 12 овоо босгох ёстой байтал Данжийлад хошуучийн унаж явсан морь гэнэт үхсэнээс эцсийн ганц овоог барьж чадалгүй орхижээ. Яагаад тэгснийг далаад жилийн тэртээ сонссон болохоор мартжээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд урьд би арван дөрөв, таван настайдаа Чингэл голын /одоо хилийн цаана орсон/ Суварга уулын бэлд дотроо хавтгай чулуу дэвссэн бяцхан чулуун хашаа шиг нүхэнд, Данжийлаа хошуучийн морины толгойн яс гэж ер бусын том эрүүгүй толгойн ясыг үзсэн юм. Тэр үедээ Данжийлаа хошууч гэж хэн, ямар хүн байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл ноёнтны айлдсан тэр домогт гарснаар тийм мундаг баатар эр байжээ гэж ойлгох болсон юм. Уг морины толгойн яс тэр үед уртаараа надтай чацуу, нэг нүднийх нь хайсан / аяга /-д миний хоёр хөл давхар орж байсан юм. Ер нь урьд манай / Ойрадод / Явхан мэргэн, Хөндлөн дүргэгч, хааны “Тэмээн хар” бөх, Данжийлаа хошууч, Амарсанаа гэсэн гоц том биетэй хүмүүс байсан гэдэг. Тэгэхлээр унах морь нь том байжээ гэж бодож явдаг За.. Харуул- Овооны талаар миний мэдэх зүйл энэ юм гэж яриагаа өндөрлөхөд:
-Зарим хүмүүс Харуул-Овооны домгийг хайр сэтгэлтэй хүмүүсийн цээрлэл болгож босгосон гэх юм. Та ийм домог сонсч байсан уу гэж асуухад Пүрэвжал гуай огцом аясаар:
-Юун! Хайр сэтгэл хөөцөлдөх цаг байх вэ. Үүнийг чинь жаргалтай цагийн зовлон гэдэг юм. Энэ хэрэг явдал гарч байх үед манай Ойрадад  
харгис хатуу Манжийн гараас нутаг усаа өмөөрч, Ойрад түмэн дэлтэй морины нуруун дээр өдөр шөнөгүй гандаж, дээлийн ханцуй тасартал тэмцэж, тэнгэрт тэмээ тахиж, газарт гахай сэтэрлэхээс наахнуур үзэлцэж явсан цаг үе байж шүү гээд ядарсан бололтой тамирдангуй амьсгаадан хэсэг дуугүй сууж байснаа уруулаа хэдэнтээ шилэмдэн, хоймортоо байнга шүтээстэй байдаг бэлэн хөгтэй “Шударга” хөгжмөө авч, мойногшсон таван хуруугаа сарвайлган нэгэн ер бусын гэмээр хүчтэйгээр нярр нярр хийлгэн хос чавдасан дээр няслан буулгаж," цааш нь даранн даранн хийлгэн хэдэнтээ шудраад “Их агсал” биелгээний угтвар аялгуу дуурьсгасандаа өвгөний сэтгэл тайвшран, нүд нь сэргээд ирэхүйд өвгөнийг би өөрийн эрхгүй өрөвдөн хайрласан юм даа.
Ойрад монголчуудын түүх гэж ихээхэн адармаатай түүх байдаг юм шүү гэж М.Амгалан гуайн ярьсан нь энэ бөлгөө.
Ер нь нэгэн зүйлийг эргэцүүлэн бодож ярих аваас Данжийлаа хошууч гэдэг энэ баатар хүний тухай Галдан бошгот хааны тухай ярихад хамт дурсдаг билээ.
Тэгвэл Харуул-Овооны түүх бол 1670-1696 оны хооронд болсон үйл явдлын тухай яригдах түүх болох нь ойлгомжтой билээ. Манай Хойд Жаргалангийн нутагт Харуул-Овооноос хойш нуруулдаж тогтсон уулсыг Хавх, Данжингийн уулс гэж нэрлэдэг. Энэ уулсын нэрэнд бас их учир бий. Хойд Жаргалан бол тэр чигээрээ “Хиргисүүр”-ээр дүүрсэн нутаг. Одоогоос 340-өөд жилийн тэртээ Манжуудтай миний өвөг дээдэс үхэх сэхэхээ үзэж байсан голомт нутаг гэж би ойлгож явдаг. Данжийлаа гэдэг энэ баатар эрийн үр удам манай нутагт байгаа гэдэгт бас итгэлтэй байдаг. Тэдний үр удмыг одоо мэдэх ямар ч арга алга. Харбаатарын удам ч бас байх магадлалтай. Данжийлаачууд, Харбаатарчууд миний нутгийн захчин түмэн түүх домгоо зөв авч яваасай гэдэг үүднээс энэ домог түүхийг бичлээ.
 
 
Зохиолч, яруу найрагч Хүнхээрийнхэн элкений
Норжинбуугийн Батсуурь