sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин, монгол судлаач  Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны "2017 оны шилдэг монгол судлаач" шагналыг хүртсэн билээ. Үүнтэй  холбогдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч баяр хүргэсэн юм. Анна Цендинаг Монгол Улсын төрийн тэргүүнтэй уулзсаны дараахан Улаанбаатарт байхад нь МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины сурвалжлагч уулзаж ярилцсан юм.
 
-Юуны түрүүн танд “2017 оны шилдэг монгол судлаач” шагнал хүртсэнд баяр хүргэе. Ерөнхийлөгч Х.Баттулга таныг хүлээн авч уулзлаа?
 
-Энэ шагналыг хүртсэн нь миний хувь үнэхээр чухал үйл явдал. Яагаад гэвэл энэ бол нэр хүндтэй шагнал төдийгүй мэргэжил нэгт нөхдүүд маань миний ажлыг өндрөөр үнэлж буйн хэрэг. Уг шагналыг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2017 оноос олгохоор болсон. Түүнийг хүртсэн анхны эрдэмтэн болсон  нь миний хувьд бас нэгэн баярыг нэмсэн. Олон улсын Монгол судлалын холбооноос шагналыг гардуулсаны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга намайг хүлээн авч уулзсан. Тэрээр Ерөнхийлөгчийн хувьд болон Монголын төр, засаг монгол судлалд анхаарал хандуулж, Монголыг дэлхийд сурталчилж, энэ чиглэлийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд  боломжоороо дэмжиж тусална гэсэн. Энэ нь Монгол төрийн хамгийн гол зорилго хэмээн хэлсэн.
 
-Та монгол судлалаар хичээл заадаг. Өнөөдөр таны багшилдаг их сургуульд монголд судлалаар хичнээн оюутан сурч байна вэ?
 
-ОХУ-ын ШУА-ын Дорно дахины дээд хүрээлэн нь шинжлэх ухааны байгууллага болохоор оюутан сурдаггүй. Би  Оросын хүмүүнлэгийн ухааны  их сургуульд багшилдаг. Тус их сургууль нь маш олон хүрээлэн, факультеттэй. Тэдний нэг нь Дорно дахины соёл, эртний шашин судлалын хүрээлэн. Энэ хүрээлэн нь маш олон чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг. Япон, хятад, араб судлал гэх мэт. Түүнээс гадна монгол судлал гэж бий. Бид 2005 оноос эхлэн монгол судлалыг шинээр бий болгож 2006 онд анхны элсэлтээ авсан.  Одоо гурав дахь групп нь  сурч байна. Оюутнууд маань мэргэжлийн чиглэлээ сонгохдоо төдийлөн сайн мэддэггүй, Монгол судлалаар сурах нь сонирхолтой хэмээн сонгодог.  Монголчууд бол нүүдэлчин соёлтой, буддын шашинтай зэрэг нь сонин санагддаг байх.  Гэхдээ монгол судлалыг сонгосон оюутнуудын хувьд маш их сонирхон шимтэн сурдаг  гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь энэ чиглэлээр сурч төгссөн оюутнуудаас  нэг нь Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байгаа. Нэг эмэгтэй багшилж, бас нэг нь  Унгарт монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар сурч байна. Өөр нэг группээс эрэгтэй, эмэгтэй хоёр оюутан магистрантурт сурдаг.
 
-Тэд бүгдээрээ орос уу?
 
-Тиймээ, бүгд оросууд. Тэд энэ мэргэжлээ ихэд сонирхон суралцаж байгаа. Одоо сурч буй оюутнуудаас Монголд ирэх хүсэлтэй залуус ч бий. Тэднийг зуны сургалтад хамарч, цаашдаа энд ирж дадлага хийгээсэй гэж хүсч байна. Монгол судлалаар төгссөн оюутнуудаас хоёр нь монголоор маш сайн ярьдаг. ОХУ-ын ЭСЯ-нд ажиллаж байгаа болон манайд багшилж байгаа хоёр маань бүр ч  сайн ярьдаг.
 
-Ер нь монгол судлалд  оюутнуудын сонирхлыг татахын тулд хичээлийг нь  яаж заах хэрэгтэй юм бол?
 
-Энэ салбарт олон мянган хүн хэрэггүй. Тийм биз, та үүнтэй санал нийлэх байх. Монголыг гүнд нь орж судлах цөөхөн тооны эрдэмтэн л хэрэгтэй. Миний бодлоор Монгол маань өөрөө хүнийг ер бусаар татах хүчтэй соронз шиг. Энэ бол миний эх орон. Гэхдээ үүнийг би энэ чиглэлээр сурч байгаа залуучуудад хандаж хэлж байгаа юм шүү. Би өмнө нь нэг удаа хэлж байсан даа. Манай судлаачид монгол судлалын оюутнуудыг бат бөх гэгчийн хадсан товч мэт хэмээн шоглосон өнгө аястай  ярьдаг. Монгол судлалаар сурсан оюутнууд  мэргэжилдээ үнэнч байдаг. Оюутнууд өөр чиглэлээр сурч мэргэжлээ сольдог бол манай оюутнууд их үнэнч. Энэ чинь л хамгийн чухал нь. Ямар ч мэргэжлээр сурч байгаа оюутнуудад багш маш чухал үүрэгтэй гэдгийг хэлмээр байна. Манайд Монголд олон жил ажилласан, Монгол судлалд маш их үнэнч  Лидия Григорьевна Скородумова багшилдаг. Тэрээр залуу үеийнхнийг Монголд хайртай болгож чаддаг хүн. Би ч түүнд нь тус дэм болохыг хичээдэг.
 
-Та 2018 онд ямар ажил хийхээр төлөвлөв, нууц биш бол бидэнтэй хуваацаач?
 
-Миний төлөвлөгөө гэвэл юуны түрүүн  2018 онд аавын маань 110 жилийн ойг тэмдэглэнэ.  Тиймээс Монголд 3-4 сар байж бэлтгэл ажил, ном хэвлүүлэх зэрэгт оролцох бодолтой байна. Түүнээс гадна бид Улаанбаатар хотод аавынхаа хөшөөг босгохоор төлөвлөсөн. Энэ нь 2018 онд миний хийх хамгийн гол ажил.
 
-Таны аав бол Монголын орчин үеийн уран зохиолд маш их хувь нэмэр оруулсан хүн. Аавтайгаа холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас манай уншигчидтай хуваалцаач. Түүний бүтээлүүдээс аль нь таны сэтгэлд хамгийн их ойр байдаг вэ?
 
-Түүний шүлгүүд.
 
-Чухам аль шүлэг нь?
 
-Ихэнх нь “Миний буурал ээж”  шүлгийг нь хэлэх байх. Би охин нь болохоор бодитоор харж чадахгүй байж магадгүй. Гэхдээ аавын маань туурвисан бүтээлүүд  маш яруу, хөнгөн, тунгалаг.  Маш энгийн, ардын гэх юм уу даа хэлээр бичсэн байдаг. Миний бодлоор энэ нь түүний бүтээлийн онцлог нь. Аав маань шүлгийг маш амархан бичдэг байсан. Намайг хүүхэд байхад болсон нэг явдал санаанаас  гардаггүй юм. Би эндүүрээгүй бол ээжийн маань 50 насны ойг тэмдэглэж байхад аав маань ээжид  зориулан жижигхэн хэмжээний найраглал  бичсэн. Ямар ч байсан маш олон зочин ирчихсэн, бүгд инээлдэж байсныг  сайн санадаг. Найз нарынх нь ярьснаар аав гал тогооны өрөөнд ороод өвдөг дээрээ цаасаа тавьж байгаад ээжид зориулсан шүлгээ бичсэн гэдэг. Тэгээд  уншихад нь  бүгд ихэд биширч билээ. Ердөө хэдхэн минутанд л тийм сайхан шүлэг биччихсэн.
 
-Ц.Дамдинсүрэн гуайн ач, зээгээс нь түүнийг авьяасыг өвлөсөн хүн бий юу?
 
-Хэлэхэд хэцүү л дээ. Хоёр ах маань физикч мэргэжилтэй. Бас нэг ах маань эдийн засагч, хүүхдүүд нь бүгд техник болон байгалийн шинжлэх ухаанаар мэргэшсэн. Аавын  мэргэжлийг эзэмшсэн хүн байгаа гэж хэлж чадахгүй. Тэд бүгд 30 нас хүрсэн мэргэжлээ сонгочихсон.
 
-Та Монголд  хэр ойрхон ирдэг вэ?
 
-Жил бүр ирдэг. Ирээгүй өнгөрсөн жил бараг байхгүй байх, би санахгүй байна. Сүүлийн 7-8 жилд зун бүр Монголд ирдэг. 
 
-Та Монголын эрдэмтэдтэй хэр зэрэг хамтран ажиллаж байна?
 
-Нэлээд хамтарч ажилладаг. Ялангуяа ШУА-ын Хэл утга зохиолын хүрээлэнгийнхэнтэй байнга холбоотой ажилладаг.
 
 
 
Ярилцсан Н.Халиунаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг