sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улаанбаатар” паласт Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Ерөнхийлөгчийн аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн дөрөв дэх уулзалт байлаа.
Уулзалтад дүүргийн 3000 гаруй иргэн оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлэв.
Уулзалтыг нээж Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Баянголын иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн иргэдтэй уулзаж, ярилцаад явж байхад иргэдийн ямар их бухимдалтай байгаа нь мэдрэгдэж байна. Ялангуяа, агаарын бохирдолтой холбоотойгоор иргэд бухимдаж. Утаанд асар их мөнгө зарцуулсан мөртлөө эргээд утаа нь арилахгүй байна. Нийт 147 тэрбум төгрөг, 60 сая ам.долларыг утааг арилгахад зарцуулсан байна. Миний санаа бол ганцхан утааг биш ажилгүйдэл, ядуурлыг хамтад нь арилгаж, энэ утаанаас салъя гэж байгаа юм. Гэхдээ би ингээд яриад байхаас илүүтэй иргэдээ түлхүү сонсох зорилгоор уулзалтуудаа хийж байгаа учраас та бүхэн өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ чөлөөтэй ярина уу” гээд уулзалтыг эхлүүллээ.
Баянгол дүүргийн иргэн, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид “Та бол өмнөх дөрвөн Ерөнхийлөгч шиг нэг удаагийн биш, хоёр удаагийн сонгуулиар ялж гарч ирсэн, ард түмний сэтгэл зүрх, оюун бодолд маш ойр Монгол хүн юм. Хэдийгээр танд Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэж байдаг ч таныг хавчиж, хоригийг тань хүлээж авахгүй байгаа гэдгийг монголчууд харж байгаа. Таныг ард түмэн баахан барилга, байшин бариад өгөөч гэсэн сэтгэлээр сонгоогүй байх аа гэж би бодож байна. Хамгийн гол нь нутаг усаа, улсын үндэс болсон газар шороогоо, үүх түүхээ, төрд орсон эрлийз сэтгэлтэй хүмүүсийг хурдан зайлуулж өгөөч гэж сонгосон байх. Айх бэргэх зүйл байхгүй. Та бол нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч. Таны ард түмэн олон чинь бий шүү.”
Баянгол дүүргийн 17-р хорооны иргэн Энхцэцэг “Утаа, зуухны асуудлыг 1980-аад оноос эхлэн ярьсан байдаг. Анхнаасаа утааг гаргаж байгаа үр дагавартай тэмцэх биш уг сурвалжтай нь тэмцэх ёстой юм. Уг сурвалж гэдэг нь ядуурал, ажилгүйдэл. Ядуурал ажилгүйдлийг багасгах юм бол утаа аяндаа буурах учиртай. Ядаж ажилтай орлоготой хүн байранд орохгүй юм гэхэд байшингаа халаадаг юм. Бидэнд ажлын байр хэрэгтэй байна.”
Баянгол дүүргийн 7-р хорооны иргэн Оюунцэцэг “Би эмч хүн. Дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн Монгол өнөөдөр алтан нараа харж чадахгүй, бүрхэг тэнгэрийн дор амьдарч байгаад харамсаж байгаа иргэн байна. Утаатай нийгэмд амьдарч байгаадаа сэтгэл эмзэглэж байна. Иргэд, хойч үе маань уушгины хавдар гэсэн оношоор өвдөж байгаа гэж бодохоор сэтгэл эмтэрч байна. Гэтэл өнөөдөр утааг онц байдлын хэмжээнд авч үзээгүйд хамгийн их харамсаж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг эрхэм Ерөнхийлөгч танаас хүсч байна.” 
Баянгол дүүргийн иргэн Ж.Гадинжид “Монголчууд сэрэх цаг болсон. МАН-ынхан бүх амлалтаасаа буцсан. Худлаа ярьж, хүн хуурсан хүнд эрүүгийн ял хүлээлгэх хэрэгтэй. УИХ-ыг тараах хэрэгтэй. Үргэлж биднийг татвараар дарамталж, дээрээс нь шатахууны үнэ нэмж, өдөр тутмын хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг нэмлээ. Тэгсэн мөртлөө тэтгэврийг 27-хон мянган төгрөгөөр нэмж биднийг доромжилж байна. Монголчууд баян оронд төрсөн. Ингэж гуйлгачин шиг алгаа тосч амьдрах ёстой гэж үү. Үүнийг эсэргүүцэж, МАН-ыг тараая. Оффшорын мөнгө, Оюутолгойн мөнгө, Тавантолгойн мөнгийг авч ирэхэд л татвар нэмэхгүй байх боломжтой байсан.”
Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн Баттөмөр “Өнөөдрийнх шиг ийм ялзарсан төр Манжийн үед төрд нэг байсан, өнөөдөр нэг байна. Энэ ялзарсан байдлыг өөрчлөх ёстой. Монгол хүн тэтгэвэр авахгүй үхэх ёстой гэдэг бодлого бол Манжийн төрийн бодлого шүү. Та бол Монгол төрийн хамгийн сүүлийн найдлага болж гарч ирсэн хүн шүү. Таны ард Монголын ард түмэн зогсож байгаа шүү.”
Баянгол дүүргийн 8-р хорооны иргэн Ганцэцэг “Би Монголдоо 2014 онд ирсэн. 2006 оноос хойш БНХАУ-д ажиллаж, амьдарсан. 2009 онд Тува улсын Соёлын сайдын урилгаар гэр бүлийн хамт Тувагийн түүх, соёлтой холбоотой ажил хийсэн. 2012 онд БНХАУ-ын иргэн болох санал хүлээж авсан. Яагаад гэвэл БНХАУ оюунлаг хүмүүсийг урьсан. Гэвч, бид түүх соёлоороо бахархдаг Монголоо гэсэн иргэд учир 2014 онд бүх юмаа баглаад Монголдоо ирсэн. Гэвч, хүн баялаг дээр суурилсан хөгжил чухал байхад, гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүсийнхээ хүчийг ашиглахгүй байна. Маш чадварлаг, онцгой бүтээн байгуулалтыг хийж чадах олон монгол хүн гадаадад байгаа. Тэднийг ашиглах, тэднийг эх оронд нь ирүүлэх чиглэлийн бодлого хэрэгжүүлмээр байна” зэргээр Баянгол дүүргийн иргэд үзэл бодлоо хуваалцлаа.
Харин уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Та бүхний санал, сэтгэгдлийг сонслоо. Цаашид ажил хэрэг болгохын тулд бүгдийг нь бичиж аваад боловсруулж байгаа гэдгийг хэлмээр байна.
Олон бухимдал давхардаж яригдлаа. Өнөөдөр Монголын 350 мянга гаруй иргэн гадаадад ямар нэг байдлаар ажиллаж, амьдарч байна. Тэд Монголд бүтээн байгуулалтын ажил өрнөвөл эргэж ирэх байх. Түүнээс ажилгүйдэл, ядууралтай байгаа үед ирэхгүй ээ. Гадаадад байгаа иргэдээ ирэхийг хүссэн хөтөлбөрийг өмнө нь Засгийн газар хэрэгжүүлж байсан ч энд ажлын байр байгаагүй учраас буцацгаасан байх. Монгол Улсын хөгжлийн бодлого батлагдаад үе, үеийн Засгийн газар нь тогтвортой хэрэгжүүлдэг бол тэд буцахгүй.
Та бүхний ярьж байгаа асуудлууд эргээд л ажилгүйдэл, ядууралтай холбогдож байна. Мөн шударга үнэнтэй холбогдож байна. Нам гэлтгүй улс орноо хөгжүүлье гээд бэлэн байгаа төслүүдээ бариад оны өмнө би Засгийн газрынхантай уулзсан. Газар гэсэхэд л бид бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ эхлүүлээд ажилгүй байгаа 250 мянга гаруй иргэнээ эхнээс нь ажил, төрөлтэй болгомоор байна. Та бүхэн надад итгээрэй. Би худал ярьж, худал амлах дургүй.
Түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болмоор байна. Нефьт, алт, ноос, ноолуур, мах... гээд бүгд урд хөрш рүү түүхийгээрээ гарч байна. Бид түүхий эдийн хавсарга улс байх ёсгүй” гэлээ.