sonin.mn
Хүн дуугай гүтгүүлэх тусам  дов шиг ногоордог,  дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг,  уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг зэрэг буруу шиг зөвөөс эмзэглэх хэрэггүй харин тэднийг эрэлхийхэд гэмгүй. Өрөөлийг хайрлах тусам ерөөгдөж, өөрийгөө золих тусам ивээгдэж, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг байгалийн хуулийг бас ухаарч амьдрах нь чухал.  
Саяхан шинэ жилээр Өвлийн өвгөнд хэцүүхэн амьдралтай нэгэн хүү ил захидал бичин Өвгөн ааваа, миний ар гэр амьдрал хэцүү байнаа, аав архи уугаад, ээж хаяад явсан, өвлийн хүйтэнд өмсөх хувцас ч алга. Та надад шинэ жилийн бэлэг болгож дулаан куртак малгай бээлий гутал бэлэг болгоод явуулаач, Таныг байдаг үнэгүй бэлэг тараадаг гэдэгт би итгэдэг хэмээн бичсэн байхыг шуудангийн салбарын зөв цайлган сэтгэлт бүсгүй уншаад хүүг өрөвдөн уйлан хайлан, байгаа мөнгөө шавхан байж малгайнаас нь бусад /мөнгө нь арай хүрээгүй тул/ бүх хувцсыг нь дэлгүүрээс шинээр авч шуудангаар гэрт нь хүргүүлжээ. Хоёр хоногийн дараа хүүгээс Өвлийн өвгөнд баярласан талархсан ил захидал илгээсэн байхыг уншваас Өвлийн өвгөн ааваа, Таны илгээсэн бүх зүйлийг авч маш их баярлалаа. Харин малгайгийг нь манай шуудангийн салбарын нэг муу хүүхэн замаас нь шаачихаж, та дахиад явуулна уу гэснийг бүсгүй уншаад шинэ жилийн эхний цалин, өнгөрсөн жилийн шагналын цалин /анх удаагаа/ дансанд нь ороод ирсэн байхыг ч хэлэх үү үдийн унднаараа дэлгүүр гүйн сайхан дулаан ноосон малгай аваад хүүд илгээжээ.
Цэргийн дарга бол цэвэр цагаан юм татаж өөхтэй мах огтолж кармаандаа гараа хийсэн цэрэг зандарсан нэгэн байх гэсэн миний ойлголт НҮБ-д орсон цагаасаа эхлээд үндсээрээ өөрчлөгдөж  хаа явсан газраасаа буруу шиг зөвийг бусдаас олзворлох болсон. Армийн аваргаар нэмэх зууд ноцолддог 120 кг жинтэй зузаан махлаг хурандаа байсан ч алсад арван жил өдөр шөнөгүй томилолтоор шогшин онгоцноос онгоцод вагоноос вагонд хоёр цүнхнээс эхлээд хоёр гурван тонн ачааг ч бусдын урдуур орж буулгаж ачиж шогшсоор байгаад нэг л мэдэхэд  наяас доогуур нарийсч гурван жилийн цэрэг шигээ борви тэгширч эхэлсэн. Ачаа зөөгөөд гүйхэд нэг удаа хамт ажилладаг нөхөр маань шинжээчдийн автобусанд орж суучихаад багийн даргыг хэлэхэд Би доктор профессор хүн ийм хар ажил хийдэггүй гэснээс үүдээд томилолтоос ирээд дүн гаргах гэрээ сунгах болоход захирал маань түүнд Та явж профессорынхаа ажлыг хийнэ бизээ, гэрээ сунгахгүй гээд нутаг буцааж билээ хөөрхийг.  Томилолтоор явж байхад хэн нэгэн нь санамсаргүй багийн даргын компьютер дээр кофе асгаж хэн нь ингэсэн нь мэдэгдэхгүй хэрүүл уруул болж байхад гаднаас орж ирээд миний бие бурууг өөр дээрээ авснаар гал намжсан төдийгүй харин шударга гэсэн тодорхойлолтойгоор томилолтоос бууж энэ нь цаашдын карьерт бас эерэгээр нөлөөлж байх жишээний.
Томилолтоор ажиллах эзгүй ширэнгэ, эл хуль тайгад ч эрх чөлөө ар гэрээ санан шаралхахдаа зарим гадаад нөхөд маань их идэж ууж элэг бөөрөө ачаалж илүү цагаар унтаж хайран цагаа барж байхад мохошгүй Чингэсийн монгол цэргийн үр сад бол үүрээр босож уулын шил ойн цоорхойгоор  олз омог хайх талын хөх чоно мэт шогшиж үдийн наранд борц  шиг борлож  өдрийн ажлаа боол шиг зүтгэж хийдэг нь хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хоолны жороо тохмон доороо болгоож орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан бидний удмын сангийнх. Бидний өвөг дээдэс маань дэлхийг эзлэх гэж хоногт морин дээрээ хоёрзуун км давхилцаж хорин цаг цавчилдаж одоогийнхоор бол ойролцоогоор 5000 калори шатааж байсан удмын сан нь өнөөдөр ч тэр хэмжээний биеийн хөдөлмөрийг биднээс шаардаж байдгийг манай Ургамал сум нэгдлийн гүзээтэй ганц дарга, гүзээгүй мянган малчны жишигээс харж болно. Ан гөрөө хийн булчин шөрмөс нь зангирсан байдаг америкийн уугуул индианууд өнөөдөр бэлэн виски засгийн тэтгэмжид даагдахаа больтлоо зузаарсан нь удмын сангаа умартаж устаж үгүй болохын цодон.
Франц Итали зэрэг барууны орнуудад эрт дээр үеэс ч, одоо ч гэсэн дарга цэрэг эр эмгүй жавхайсан байдаг нь хэдэн мянган жилээр суурин амьдарч бэлэн загасаа хурууны үзүүрээр далайгаас барьж идэн /ази номхон далайхан ч ялгаагүй/ наранд шарж дарсаа уун жаргаж цэнгэж хөдөлгөөнгүй шахуу байдаг удамшил хөдөлмөртэй нь холбоотой учир бид тэдэнтэй барьцаад байлгүй өдөрт 5000 биш юмаа гэхэд ядаж 500 калори шатааж байх нь зүйтэй.
Шинэ жил зул сар улаан өндөгний баяраар ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг огоорч нөхдийнгөө амраан томилолтоор явах нь миний хувьд мэдлэг чадвар цалин зэрэг дэв нэмэгдэх юм үзэх нүд тайлах шилдэг тэргүүний ажилтаны алдар хүндлэл хүртэхээс илүүтэйгээр бусдын хэрэгцээ хүсэл тэмүүлэлийг урьтал болгож, аливаа хууль дүрэм журам ёс заншил үнэт зүйлсийг нь хүндэтгэж мэдэж судлаж робот мэт дагаж мөрдөн нохойн шогшоогоор урьдах ажлаа үнэнч шударгаар хийх нь чухал. Тэглээ гээд тэнгэрийн умдаг атгалаа ч хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч байх нь зөвд нийцнэ.
Хүн баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах нь зөвд нийцнэ. Их сургуулийн төгсөх курсын оюутан охин хэдийгээр онц сурдаг ч ар гэр амьдрал ахуй туйлын хэцүүгийн улмаас сургалтын төлбөрөө төлөөгүй тул дүрэм журмаа үндэслэн сургуулийн захиргаа төгсөлтөн дээр дипломыг нь өгөхгүй гэдгийг мэдсэн тэрээр ангийн багшаараа дамжуулан захирлаасаа, бүгд төгсөөд байхад ганцаараа үлдэх нь эвгүй юмаа ангийнхаа охидуудаас ч ичээд байна хэмээн аминчлан гуйж, арга ядахад надад дипломгүй хавтсыг нь ч болов өгөөч хэмээн гувшиж байж зөвхөн гаднах хоосон хавтас гардахаа зөвшөөрүүлжээ.
Төгсөлт ч болдгоороо болж бүгд л дипломаа гардаж хавтасыг нь нээн дүнгийн хуудас дипломаа бие биедээ үзүүлэн дурсгалын зургаа татуулж байлаа. Хамгийн сүүлд мань охиныг нэрсийн дараалалаар хавтасаа аван индрээс бууж ирэхэд учрыг гадарлах ангийн охидууд төлбөрийн чадваргүй байжээж дандаа л онц авч хор шар хөдөлгөж байдаг мань хүнийг нэг чадъя гэсэн байдалтай алив дипломыг чинь үзье хэмээн хажуу бүрээс нь шаагилдахад айж ичсэн аргаа барсан бяцхан охин яахаа ч мэдэхгүй дэмий л Бурхан гэж байдаг бол яг энэ мөчид надад туслаач хэмээн хоромхон зуур дотроо залбиран, гаднах “хоосон” хавтасыг нээтэл дотор нь сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн тооцооны хуудас, бүх дүн нь онц гэсэн улаан диплом ярайж байв. Баярлаад баярлаад баршгүй улаан дипломтой ухаалаг охиныг компаниуд ч уралдаад л ажил төрөлд авч, өндөр цалинтай тансаг амьдралын он жилүүд өнгөрлөө ч хэн гэдэг сайн санаат хэзээ яагаад тэр сургалтын төлбөрөөр тусалсныг хичнээн жил дэлхийгээс ч хайгаад олсонгүй харин хариуд нь насаараа банкинд хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын сан байгуулж ядуу амьдралтай ч онц сурлагатай хэдэн зуун оюутанг жил бүр тэтгэлэгт хамруулж өөр шигээ олон хүний амьдралын замыг нь гэрэлтүүлжээ.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт