sonin.mn
“Аж богдын харуул”, “Мөнхийн ус”зэрэг сайхан дуугаараа Монголын үе үеийн залуучуудыг байлдан дагуулсан дуучин Т. БАТ-ОРГИЛТОЙ ярилцлаа.
 
-Анхны ном, цомгоо өлгийдөн авсанд баяр хүргэе. “Жигүүртнээс дээгүүр” хэмээх нэр Монголчуудад хандсан уриалга мэт санагдсан. Энэ нэрийг сонгосон тань цаанаа учиртай л биз дээ?
 
-Энэ бол хувьсгалын тухай ном юм. Манай улсад соёлын хувьсгал хийх цаг болжээ. Соёлын хувьсгалыг сэхээтнүүд оройлдог. Монгол Улсыг цаашдаа сэхээтнүүд маань авч явахгүй бол болохоо болилоо гэсэн сэтгэлээр анхны номоо бичсэн юм. Нэр нь ч бас тийм учиртай. Жигүүртнээс дээгүүр, зоригтой сэтгэдэг хүмүүс улс нийгмээ манлайлах хэрэгтэй байдаг. Бид төр засагт хэтэрхий их найдаж, төөрч байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан ч юм уу хэн нэгэн ирж бидний амьдралыг сайжруулахгүй шүү дээ. Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг. Улс орны амьдралыг сайжруулахад сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь, сэхээтнүүд маань өөрсдөө тэрнийг ойлгож ухамсарлахгүй, ухаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, сэхээтнүүдийн очийг цахих зорилгоор ном бичсэн юм. Номын үндсэн санаа нь сэхээтний манлайллын тухай. Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл баримтлалтай, ёс зүйтэй, хэн нэгнээс, олонхоос айдаггүй, манлайлдаг, дагуулдаг байх ёстой.
 
АНКЕТ ДЭЭРЭЭ “СЭХЭЭТЭН”ГЭЖ БИЧСЭНЭЭР СЭХЭЭТЭН БОЛДОГГҮЙ
 
-Сэхээтэн гэдэг нэр томъёог хүмүүс өөрсдийнхөөрөө тайлбарлах биз ээ. Харин таны хувьд сэхээтэн гэж ямар хүнийг хэлэх вэ?
 
-Тансаг баян, эсвэл гадаадын шилдэг дээд сургууль төгссөн, аль нэг хэлээр аялгагүй цэвэрхэн ярьчихдаг хүнийг сэхээтэн гэж хэлэхгүй.Сэхээтэн гэдэг нь Монгол хэлэнд их өөр утгатай юм билээ. Миний сайн танил ах надад энэ үгийн утгыг “Бусдын төлөө сэхээрсэн хүнийг сэхээтэн гэнэ” хэмээн тайлбарласан нь илүү оносон тайлбар болов уу. Ер нь хүн сэхээтэн байхын тулд гурван шаардлагыг хангасан байх учиртай. Нэгд, бусдыгаа гэсэн сэтгэлтэй байх. Хоёрт, мэдлэг боловсрол эзэмших. Эрдэм мэдлэгийг дипломоор хязгаарлаж ойлгож болохгүй. Өргөн мэдлэгтэй малчин хүн ч байж болно шүү дээ. Гуравт, зоригтой байх учиртай. Энэ гурвын аль нэг нь дутахад л энэ хүн сэхээтний шаардлагыг хангаж чадахгүй. Боловсрол, бусдынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хэрнээ зориггүй бол зүгээр л нэг сул иргэн болно. Тэд энэ нийгмийн муу муухай үзэгдлийг хараад “Ингэж болохгүй шүү дээ” гээд л гэртээ сууж байдаг. Харин зориг нь байгаад мэдлэгтэй хэр нь бусдыг гэсэн сэтгэлгүй бол сайндаа л бэртэгчин, муудвал “боловсролтой луйварчин” болж байгаа юм. Юу ч хийхээс буцахгүй тийм хүмүүсийг бид бишгүй мэднэ. Бусдын төлөө сэтгэлтэй бас зоригтой хэрнээ мэдлэггүй бол баатар болдог. Баатар хүн сайн ч юм бүтээж магадгүй, муу зүйл ч хийх эрсдэлтэй. Ер нь тийм баатар хүн дайнд л хэрэгтэй болохоос, энхийн цагт балаг нь илүү юм. Харин сэхээтэн гэдэг бол энэ гурван чанарыг хослуулсан хүнийг хэлнэ. “Намайг юу гэж бодох бол” гээд юу ч хийж чаддаггүй хүмүүс бол хэзээ ч сэхээтэн байж чадахгүй. Сэхээтний хувь тавилан бол - олныг сөрөх эсвэл олныг дагуулах гэсэн хоёр л хувилбартай байдаг гэж боддог.
 
-Өнөөгийн Монголын сэхээтнүүдэд дээрх шаардлагаас аль чанар нь илүүтэй үгүйлэгдэж байна вэ?
 
-Зориг гэдэг зүйл нь дутаж байна. Эсвэл бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй, хар амиа хичээсэн бодол. Магадгүй тэдний урам нь хугарсан ч байж болно. Гэхдээ хэн нэгнийг буруутгах нь чухал биш юм. Бид сүүлийн 10 гаруй жил буруутныг хайлаа. Үүнийгээ одоо мартъя. Эв түнжин муутай айл буруутнаа хайсаар ирээдүйг харж чаддаггүйтэй адил нийгмээрээ бид хэн нэгэн буруутныг хайгаад ирээдүйгээ харж чадахгүй байна. Тиймээс одоо яах вэ гэдэг гарц шийдлийг эрэлхийлэх цаг болжээ.
 
-Тэгвэл та өөрийгөө сэхээтэн гэж хэлж чадах уу?
 
-Сэхээтэн эсэхээ хүн өөрөө тодорхойлдоггүй. Бусад хүн түүнийг дагавал сэхээтнээр хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Түүнээс биш анкет дээр “сэхээтэн” гэж бичээд сэхээтэн болдоггүй юм.
 
-Та Монголд соёлын хувьсгал хийх цаг болсон гэлээ. Гэтэл Монголд нийгмийг манлайлдаг урлагийн салбарынхан ашгийн төлөө хэтэрхий их ажиллаад байх шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Энэ байдал соёл, урлагаар хязгаарлагдахгүй, бүх салбарт нүүрлэсэн. Урлаг бол нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэгч салбар гэдгээрээ онцлогтой. Гагцхүү ашгийн төлөө гэсэн сэтгэлээсээ сэрэх цаг нь болжээ. Манай улс 1990 онд маш том цохилтод өртсөн. Гадаадын эрдэмтэд 1990-ээд оны үеийн Монголын эдийн засгийг дайны дараах сүйрэлтэй адилтгасан байдаг. Бид энэ үед неолиберализмын онолын туршилт болсон. Зүгээр л 36 настай Жефри Сакс гэдэг “пацаан” хүрч ирээд Монголын эдийн засаг дээр туршилт хийсэн шүү дээ. Мөн неолиберализмыг баримталдаг Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллага яг энэ онолоо бидэнд тулгасан. Үүний хар гайгаар манай улс бэлтгэгдсэн боловсон хүчнийхээ 86 хувийг ажилгүй болгож, үйлдвэрүүдийн 90 хувийг хааж балгас болгосон. Дунд сургуулийн багш нар хүртэл хичээлээ орхиод ганзагын наймаанд явж байсан. Энэ бүхний балаг өнөөдрийн нийгэмд хурцаар илэрч байна. Харамсалтай нь, тэр үед гаднын туршилтыг сөрж зогсох мэдлэгтэй хүн, эдийн засгийн боломж ч байсангүй, Монголын нийгэм, эдийн засаг системээрээ мурж байсан тэр үед “Миний итгэж, найдаж байсан бүхэн худлаа боллоо” гэж хүн бүхэн дотроо эргэлзэж байв. Манай аав, ээж нарын ид бүтээдэг үед нь хуримтлуулсан туршлага, мэдлэг нь нэг л өдөр хэрэггүй болсон. Тэд бидэн шиг их сургуулийн оюутнаас ялгаагүй болж, яахаа мэдэхээ байсан юм. Намайг нэгдүгээр курсийн оюутан байхад их сургуулийн багш нар бидэнтэй адилхан мэдлэгтэй болчихсон. Манай багш нар УИХ дээр Үндсэн  хуулиа баталж ирээд “Бид ийм хууль баталлаа” гээд бидэнтэй хамт суралцаж эхэлсэн. Энд хэн нэгнийг буруутгаад хэрэггүй. Олон улсын валютын сан Монгол Улсыг сөнөөе гэж бодоогүй нь лавтай. Тэд өөрсдөө “ингэх ёстой" гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм. Тэд энэ онолоо Монголоос өөр олон улсад туршсан. Гэтэл ондоо нөхцөл байдалтай орнуудад нэг онолыг тулгасан нь алдаа болж, бүтэлгүйтсэн.
 
-Неолиберализмын онолын уршгаар бид юу алдсан юм бэ?
 
-Энэ онолоос олсон ололт бий, бүгдийг нь харлуулах хэрэггүй. Гэхдээ нэгэн жишээ авахад, “Цогт тайж” уран сайхны киноны төсвийг 1945 онд тэр үеийн ханшаар 2.8 сая төгрөгөөр баталж, 2.4 сая төгрөгөөр бүтээсэн. Энэ өртгийг одоогийн ханшид хөрвүүлбэл 32.5 сая ам.доллар болно. Дайны дараах 1945 он бол Монгол Улсын хувьд хүнд цаг үе байлаа. Монголчууд 1944 онд “Бүхнийг ялалтын төлөө” гэдэг уриан дор ноос тушаах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд нэхий дээлнийхээ үсийг хайчлаад фронтод илгээж байсан. Бид тийм хүнд үеийг туулаад 32.5 сая ам.доллараар кино хийжээ. Үүнийг неолиберализмын онолоор авч үзвэл ямар ч ашиггүй, утгагүй зүйл. Тухайн үеийн Монгол Улсын 800 мянган хүн хэд дахин үзээд ч ашгаа нөхөж чадахгүй. Тэгэхээр бүхнийг ашгаар хэмжинэ гэдэг бүтэхгүй. Өөрөөр хэлбэл, манайх шиг хүн ам цөөнтэй улсад неолиберализмын онол тохиромжгүй юм. Нөгөөтэйгүүр, неолиберализмын онол Монголын хөрсөнд буухдаа мутацид орж, сонин хэлбэртэй болсон. Бид батлан хамгаалах салбар дахь харийн аюул гэхээсээ илүүтэй соёлын дархлаагаа алдаж эхэлсэн. 1950-1960 оны Соёлын хувьсгалын үр дүнд 1980 он гэхэд шинэ цагийн социалист Монгол хүнийг төлөвшүүлж чадсан. Гэтэл одоо бид ямар төвшинд очив. XXI зууны Монголчууд мухар сүсэгт баригдсан 1920 оныхноос юугаар ялгарч байна. Богд уулыг сүвэлж болохгүй хэмээвч байгаль дэлхийгээ үнэн сэтгэлээсээ хайрлаж чадаж байна уу. Архи, хэвийн боов сэлтээр байгалиа бохирдуулж, гол горхио бузарлаж байна. Бугын чив, баавгайн доньдыг авахын тулд хомроголон хядсан ан амьтны болон газрын доорх баялгийг хайр гамгүй ухаж буй зургийг харахаар миний зүрх өвддөг. Эх дэлхийдээ хайртай, эх оронч гэгддэг Монголчууд хаана байна.
 
-Таны хувьд Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
 
-Бид Монгол хэлтэй Хятад, Солонгос хүнээс юугаараа ялгардаг юм бэ. Зөвхөн Монгол аав, ээжээс төрснөөрөө Монгол хүн болохгүй. Үндэсний соёлоо мэддэг байх, эх хэлээрээ зөв ярьдаг гэх зэрэг олон зүйл нэгдэж байж Монгол хүнийг тодорхойлно. Нөгөөтэйгүүр, хуучнаа л харж яваа ард түмэнд ирээдүй үгүй. Бид 800 жилийн өмнөхөө ярьж, тэр үеийн түүхээр л кино хийгээд, ирээдүйн тухай зөгнөлт бүтээл туурвихгүй байна. Товчхондоо, Монголчууд 800 жилийн өмнөх түүхэн зурвас дээр гацчихжээ. Түүхэн сэдэвт кино хийж болно. Гэхдээ тэр үеэс өөр түүх бидэнд үгүй гэж үү. Наад зах нь Хүннү, Түрэгийн үе гэж бий биз дээ. Хуучинд гацсан энэ байдал биднийг ирээдүйгүй улс болоход нөлөөлж байна. Тухайлбал, хурал зөвлөгөөн дээр инноваци зэрэг тренд үгийг хэрэглэдэг болохоос биш манайхан амьдрал дээр инновацийн тухай боддог, ажилдаа мөрдлөгө болгож байгаа юм уу. Ирээдүйг зөвхөн төр засаг тодорхойлохгүй. Үүнд сэхээтний нөлөөлөл чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнөөдөр Монголчууд бид цөөхүүл атал нам, нутаг ус, нас хүйсээрээ талцаж байна. Хулгай гараад байгаа нь хүмүүс бүгд болохоо больсондоо биш системийн гажуудалд учир бий, Бид системийн гажуудлыг засчихвал хүмүүст хулгай хийх сэдэл нь төрөхгүй, боломж ч гарахгүй. Тийм системийг л бий болгох хэрэгтэй байгаа юм. Одоо олон салбарын хүмүүс өөрийнхөө салбарыг яаж сайжруулах вэ гэдэгт бодлогын дүн шинжилгээ хийж байгаа. Манай эдийн засаг яагаад хөгжихгүй байна, эрүүл мэндийн салбар юу нь болохгүй гацчихав гэдэг дээр мэргэжпийн хүмүүс ажиллаж байна. 
“Цогт тайж” уран сайхны киноны төсвийг 1945 онд тэр үеийн ханшаар 2.8 сая төгрөгөөр баталж, 2.4 сая төгрөгөөр бүтээсэн. Энэ өртгийг одоогийн ханшид хөрвүүлбэл 32.5 сая ам.доллар болно. Дайны дараах 1945 он бол Монгол Улсын хувьд хүнд цаг үе байлаа. Монголчууд 1944 онд “Бүхнийг ялалтын төлөө” гэдэг уриан дор ноос тушаах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд нэхий дээлнийхээ үсийг хайчлаад фронтод илгээж байсан. Бид тийм хүнд үеийг туулаад 32.5 сая ам.доллараар кино хийжээ
Тухайн салбарын мэргэжлийн гайгүй хүмүүсийг татаж оролцуулаад хийж ирсэн өмнөх ажил ч их байгаа. Маш олон төсөл хэрэгжиж байсан. Гэм нь түүнийг авч,ажил хэрэг болгоогүй нь олон. Нэг хэсэг хүн гарч ирээд өмнөх бүх засгийн ажлыг үгүйсгэдэг байж таарахгүй. Ардчилал гэдэг бид өөрийгөө яаж засах вэ, төр засгаа яаж байгуулах вэ, тэр нь ямар дүрэм журамтай байх юм гэдгийг хүмүүс өөрсдөө шийдэж байгаа үйл явцыг л хэлж байгаа юм. Эцсийн бүлэгт ардчилал бол ард түмэн аз жаргалтай амьдрах ёстой гэсэн ганцхан зорилготой. Сайн ноён гарахаар жаргадаг, муу ноён гарахаар зовдог. Түүнээс л татгалзаж, ард түмэн хотлоороо сайхан амьдаръя гэж ардчиллыг бүтээсэн. Орчин цагийн ардчилсан засаглалын хямрал яагаад бий болсон гэхээр нийгэм задраад эхэлсэн. Дэлхий даяараа маш хөдөлгөөнтэй болсон учраас хуучин нийгэм эрхгүй задарсан. Нийгэм задрахаар түүнд суурилсан ардчилсан засаглал ард түмнээсээ тасарч, зүгээр л улс төрийн машин болж хувирсан. Хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй. Зүгээр л хоосон амлалт дээр суурилсан төрийн тогтолцоо бий болсон. Тэрхүү задарсан суурийн оронд өөр нэг суурь бүрдүүлэх учиртай. Улстөрчид намыг засгийн эрх авах зорилго бүхий хүмүүсийн нэгдэл гэж тодорхойлоод байгаа. Яг үнэндээ үзэл баримтлалаараа нэгдэх гэсэн амин сүнсийг нь орхигдуулсан. Намуудад олон фракц бий. Тэд ч гэсэн бас үзэл бодлоороо биш эрх ашгаараа нэгдчихдэг.
 
-Системийн гажуудал манайхаас өөр оронд үүссэн жишээнээс дурдвал?
 
 -Бид эгзэгтэй үед амьдарч байна. Хөгжсөн гээд байгаа улс орны тулгуур эдийн засгийн онол нь хоцрогдсоныг тэд хүлээн зөвшөөрч эхэлж байна. Одоо барууны ертөнц яг тийм нөхцөлд орж байна. Эдийн засаг, төрийн захиргааны онолууд нь хаа байсан 200 жилийн түүхийг элээсэн. Орчин нь өөрчлөгдсөн байхад онол нь шинэчлэгдэхгүй байгаа учраас систем нь бас хямраад эхэллээ. Бидний, тэдний хямрал үндсэндээ ойролцоо. Системийн хямралаас яаж  гарах вэ гэхээр энэ онолуудыг түрүүлж туршсан нь, хэн хамгийн оновчтой онол гаргаж ирсэн нь дахиад манлайлах нөхцөл бүрдлээ. Одоогоор тэд биднээс илүү мэдэж байгаа юмгүй, ижил төвшинд орж байна. Энэ бол бидний хувьд асар том боломж юм.
 
БУУРАЙ МИНЬ НАМАЙГ “ЦОМБОН ТУУРАЙТАЙ ХҮРЭН”-ЭЭР БҮҮВЭЙЛЖ ӨСГӨСӨН
 
-Та номдоо өөрийгөө дуучин бус баард хэмээн тодорхойлсон. Баардын уран бүтээлч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
 
-Хүн дууныхаа үг, аяыг зохиогоод дуулахыг баардын стиль гэдэг. Жинхэнэ дуучин хүн тайз дүүрэн дуулна. Дуучин, баардын хооронд зарчмын ялгаа олон бий. Дуучин бол мэргэжил. Би мундаг дуучин болох зорилго тавиагүй, дуугаар дамжуулж иргэнийхээ байр суурийг илэрхийлэхийг чухалчилдаг.
 
-Тэгвэл таны дуугаараа илэрхийлэх гэсэн зорилго юу вэ?
 
-Би эмээ, өвөө, ээж, ааваас өвлөсөн зүйл, үзэл бодлоо олон нийтэд хуваалцахыг хүссэн. Эдүгээ бид хэтэрхий явцуу, тулга тойрсон зүйлээр хагаралдаж, цагаа дэмий үрж байна. Хүмүүсийн ярианы сэдвийг өөрчлөх хэрэгтэй. Монголчууд сүүлийн арав гаруй жил нэг л зүйлийг ярилаа.
 
-Та Улаанбаатарын Орос дунд сургуулийг төгссөн ч ярианаас тань Монгол ахуй үнэртдэг нь гэр бүлийн тусгал уу?
 
-Өнөөдөр Монгол дунд сургууль төгссөн атлаа эх хэлээрээ буруу ярьдаг хүн олон болжээ. Төрийн байгууллагын албан хаагчид хүртэл “Энэ үгийг яаж бичдэг билээ” гэж нэгнээсээ асуух нь энгийн үзэгдэл болж. Ер нь тэгж нэгнээсээ асуудаггүй хүн гэж байна уу. Тэгэхээр эх хэлээрээ зөв ярьж, бичихэд орос сургууль төгссөн байх нь хамаагүй, хувь хүнээс шалтгаална. Өвөө минь сэтгүүлч хүн байсан бөгөөд надад маш их зүйлийг зааж сургасан. Харамсалтай нь, өвөө миний төрсөн өдрөөр энэ хорвоог орхисонд гутарч явсан үе надад бий. Тиймээс би төрсөн өдрөө арав гаруй жил тэмдэглээгүй. Хэдэн жилийн өмнөөс энэ өдрийг өвөө минь надад өвөө үлдээжээ гэж бодох болсон юм. Улмаар өвөөгийнхөө хийж амжаагүйг бүтээхсэн гэж Монгол хэлний боловсролдоо түлхүү анхаарч нийтлэл бичиж эхэлсэн.
 
-Өвөө тань манай сонины ерөнхий эрхлэгчээр олон жил ажилласан. Энэ жил мэндэлснийх нь 100 насны ой тохиож байна. Танд өвөөгөөсөө өвлөсөн нандин чанар бий юу?
 
-Өвөөгийнхөө эрхэм чанараас өвлөсөн эсэхийг минь хүмүүс л хэлэх болов уу. Манай өвөөгийнд тухайн үеийн Монголын сэхээтнүүд, Улс төрийн товчооны гишүүд цуглардаг байсан. Тэд шатар тоглож байгаа мэт боловч Монгол Улсын цаашдын ирээдүйг Орос зөвлөхүүдээс ангид зөвлөлддөг байв. Сэтгүүлч бол түмний төлөө гэсэн сайхан мэргэжил. Тиймээс сэтгүүлч, цэрэг хоёр адилхан. Сэтгүүлчид үнэний төлөө амиа золиосолдог яг л цэрэг эрс шиг амиа дэнсэлдэг улс. Миний өвөө Монголын сэтгүүлзүйн багануудын нэг нь байсан. Тиймээс өвөөгийн минь мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Монголын сэтгүүлчид нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэж хүсч байна. Ойн баяр наадмаар дуу дуулж, ширээ засахдаа гол нь биш энэ өдөр сэтгүүлчид маань юу бүтээв, ёс зүйтэй байж, эрхэм зүйл зорилгодоо үнэнч байж чадсан уу гэдгээ эргэн тунгаадаг байгаасай.
 
-Амьдралдаа мөрдлөг болгож явдаг өвөөгийн захиас үг байдаг уу?
 
-Би өвөөгийнхөө хэлсэн нэг үгийг мартдаггүй. Би тэгэхэд 17-той байсан юм. Өвөө минь тэтгэвэртээ гараад удаагүй байв. Би буйдан дээр суух өвөөдөө цайг нь дөхүүлж өгөхөд  “Чиний нас, миний туршлага хоёрыг нийлүүлдэг бол их зүйл бүтээнэ дээ” гэж хэлсэн. Тэр үгнээс би өвөөгийнхөө гэгээн харууслыг мэдэрсэн. Энэ үгийн ард илүү ихийг хийхсэн гэсэн өвөөгийн хүсэл оршиж байсан. Тиймээс энэ үгийг надад шууд хэлээгүй ч захиас гэж ойлгосон.
 
-Хүмүүс таныг Ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдгээр нь андахгүй. Энэ цаг мөчид аавынхаа талаар дурсана уу?
 
-Миний аав уг гарлаараа Хэнтий аймгийн хүн. Ээж минь Баянхонгор аймгийнх. Аав минь цэх шулуун зантай, энэ насны амьдралаа өөрийнхөөрөө туулсан даа. Би аавынхаа хурц занг өвлөсөн гэж боддог. Аав минь анчин, гөрөөчин хүн байлаа. Гэхдээ хэзээ ч ан авд хорхойсон шунаж байгаагүй юм. Хөдөө явж байхад аав минь жолоо барихаас эхлээд алсын уулсын нэрийг цээжлүүлж, байгаль дэлхийтэйгээ зөв зүйтэй харьцах их ухааныг надад өвлүүлсэн. Аав минь гитар гайхалтай тоглодог байсан. Кантри хөгжим бол миний аавын надад уламжлуулсан хобби юм даа.
 
-Эгэл жирийн ч гэлээ эцэг хүн хорвоогоос халих нь үр хүүхдэдээ тэнгэр нурахтай адил байдаг. Аав тань бурхны орныг зорихдоо танд юу үлдээгээд одов?
 
-Аав минь надад шударга, эрхэм зүйлдээ үнэнч байхын чухлыг үлдээсэн дээ. Энэ бодлыг би байнга тээх болсон.
 
-Энэ амаргүй биш үү?
 
-Өөрийгөө хуурах нь хүн эвдэрч байгаагийн шинж. Буруу үйлдлээ ингэж л зөвтгөж эхэлдэг. Өөртөө үнэнч байж байгаад алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол урвалт биш. Буруугаа хүлээх нь ер нь өсөж байгаагийн нэг шинж юм. Хүн бага наснаасаа эхлээд үхэн үхтэлээ алдалгүй зөв явна гэж хэзээ ч байхгүй. Өөрийнхөө бурууг зөвшөөрөхгүй зүтгээд байвал мунхаг тэнэг хэрэг болно. Би хүүхдүүддээ “Харын эсрэг нь цагаан. Халууны эсрэг нь ХҮЙТЭН. Зөвийн эсрэг нь амархан байдаг” гэж үргэлж хэлдэг. Хүн зориуд бурууг сонгодоггүй, амрыг л хайж бурууг үйлддэг. Өөрийнхөө бурууг олж харна гэдэг маш том эрдэм юм. Үүнийг надад манай аав, ээж, өвөө, эмээ “Чи бурууг бусдаас битгий хай. Ямар нэг зүйл болохгүй болсон бол өөрөөсөө бурууг хай" гэж сургасан.
 
-Таныг урлагт тэр дундаа гитар хөгжимд юу дурлуулсан юм бэ?
 
-Тухайн үеийн кантри од, Америкийн дуучин Жоан Баэзийн гитарын эгшиг намайг соронз мэт татсан. Боб Дилантай хамтарч дуулдаг, хилэн хар үстэй энэ эмэгтэй бол кантри хөгжмийн нэгэн домог юм. 1990-ээд онд хүмүүсийн сэтгэл зүрх тэмүүллээр дүүрэн, амар амгалан байсан. Орчин үед бид эд баялгийн хувьд дэвшиж ахисан боловч амар амгалан, нэгнийгээ хайрладаг хайр сэтгэл үгүй болчихсон юм шиг. Бид юун дээр алдав гэдгээ бодмоор байна. Эдийн засгийн зогсоо зайгүй өсөлтийн хий үзэгдлийн араас л бид бэдрээд яваад байх шиг. Одоо түр зуур зогсоод амьсгаа авч, бидний амьдралын утга учир юу юм гэдгийг бодмоор байна. Цомгийн зорилго маань хэдүүлээ амсхийе, ухаараач гэсэн санааг хүргэх гэсэн хэрэг юм.
 
-Урлаг хүний амьдралд байх ёстой зүйл үү?
 
Урлаг хүн бүрийн амьдралд байх ёстой. Амьтан хүртэл хөгжимд уярдаг. Хүн болно гэдэг адгууслаг шинж чанараас бурханлаг руу гэгээрч явах ёстой. Огт дуу хөгжим сонирхдоггүй хүн байж болно. Гэсэн ч тэр хүн гоо сайхны мэдрэмжтэй н байх хэрэгтэй. Уран зураг н сонирхдог ч юм уу, яруу найраг гэх мэт олон зүйл бий. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хүний адгууслаг шинж чанарыг улам бүр өрдөөд байх шиг санагддаг. Чи л аз жаргалтай бай, бусад нь хамаагүй, хувиа хичээ гэдэг сурталчилгаа их байна.
 
-Даа вангийн хошууны даваат залангийн Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа Арван таван лангийн алтан ембүүгээр Алс холын газарт зарагдсан билээ гэсэн таны “Цовоо хонгор” дууны үг ардын дууг эрхгүй санагдуулдаг? 
 
-Өвөөгийн минь эгч биднийг өсгөж, хүмүүжүүлсэн буянтай буурал. Буурай минь намайг “Цомбон туурайтай хүрэн” дуугаар бүүвэйлж өсгөсөн дөө. Би ч гэсэн энэ сайхан дуугаар үр хүүхдээ бүүвэйлж өсгөсөн. Тиймээс урдын дууны ая, аялгуу миний уран бүтээлд нөлөөлсөн биз ээ. Эмээ минь ард түмнийг соён гэгээрүүлэх гэсэн төрийн зарлигаар бригадаар явах нь их байжээ. Буурай маань миний ээж, нагац ах, эгч нар, бас намайг өсгөсөн буянтан. Жинхэнэ Монгол жанжин шиг чигч шулуун зантай, алсын бодолтой хүн байсан. Биднийг ширүүн биш ч хатуу үнэн үгээр зэмлэдэг байж билээ.
 
-Магадгүй эмээ, өвөө, буурай тань таныг шалгуур өндөртэй Бат-Оргил болон төлөвшихөд нөлөөлжээ?
 
-Би энэ сайхан хүмүүсийн удам болж төрснөө аз гэж боддог. Мөн өөртөө төдийгүй бусдад тавих шалгуур ч өндөр болсон. Миний өвөг дээдэс ноён нуруутай хүмүүс байлаа. Би өөрийгөө өвөөтэйгөө адил байж чадаж байна уу гэж эргэцүүлж боддог. Сайн хүмүүс тэнгэрийн оронд одсон ч сургаал нь цээжинд үлддэг юм байна. Хааяа өөртөө гэмшиж, урам хугарах үе гардаг. Тэр үед бурууд хатуу өвөө, аавын маань зэмлэл чихэнд сонсогдох шиг болдог шүү.
 
-Уран бүтээлийн цэнгүүнээ “Мартын 8”-аар зохион байгуулсан. Энэ өдөр бол эмэгтэйчүүд, ээжүүдийн баяр шүү дээ. Та сэтгэлд хоногшсон “Мартын 8”-ны дурсамжаасаа хуваалцана уу?
 
-Би 2018 оны босгон дээр анхны цомог, номоо хэвлүүллээ. Шинэ жил, Цагаан сарын баярын өдрүүд таарч уран бүтээлийн цэнгүүнээ хийж амжсангүй. Монголчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг олон жилийн өмнөөс уламжпалт баярын хэмжээнд тэмдэглэдэг болсон. Би бага ангид байхдаа ээждээ “Мартын 8”- ны ил захидал хийж бэлэглэж байсан. Миний захидал ангидаа л хамгийн гоёоор нь шалгарч байлаа. Ээж минь тэр захидлыг уншаад баярлаж байсан нь санаанаас гардаггүй юм. Би бас хоол хийх дуртай. Гэрийнхээ эмэгтэйчүүдийг хийсэн хоолоороо дайлах дуртай. Гэрийнхэн ч миний хийсэн хоолонд дуртай байдаг.
 
-Танд цаг зав, хөрөнгө мөнгө хайрлалгүй зарцуулдаг хобби бий юү?
 
-Олон хоббиноосоо цөөлөх бодолтой байна. Би түүх судлах дуртай. Тэр дундаа Монголын дундад эртний зэвсгийн түүхийг сонирходог. Энэ сонирхолдоо хөтлөгдөн цуглуулсан зүйлс бий. Мөн уулын дугуйнд “нугасгүй” шүү дээ. Хэчнээн удаа ясаа хугалж, бэртэж байсан ч энэ хоббигоо орхидоггүй. Мэдээж, миний хамгийн том хобби бол гитар, дуу хөгжим байсаар байх болно.
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
 
 
Аав Төрболдын хамт
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин