sonin.mn
Үргэлжлэл.
 
-Энэ азай тэнгэр задраан талийж байна. Аргагүй дээ зад тавьдаг лут хүн байсан юм чинь. Усан бороон дундуур хув хуурай ороод ирдэгсэн. Ямар тарни шившлэг шид байдаг юм, бүү мэд! гэхэд Баньдах данхтай цай барин дөхөх Оюуныг хараад эргэж дэрэн дороосоо хүрэн тагшаа гарган барьж
- Тээр жил, Дунжаа тайжийн хүү Бадамрааг билүү ногоон Намжилжавыг ч билүү " Чи миний хээр морийг хайгаад энэ урагшаа Шалын хоолойн наад руу нэг өнгийчихөөд ирээч. Залуу хүн өглөө эрт эрэлд явахад хийморьтой байдагсан. Хоодой руу ороод юүхэв. Төмөр гавын үзүүр гараад дуранд".. гээд явуулж гэнэ. Хэлснээр нь яваад очтол отрын өч төчнөөн азрага адуу энд тэндгүй цоохортон харагдаж. Хаанаас, аль адуунаас нь эхэлж хайдаг юм билээ гэж гайхшран халгаад дурандаж байтал баруун захын хэдэн азрага адуу хуйларч үргэж давхиад нэг бөөгнөж дахиж тараад байх юм гэнэ. Тэгснээ бүгээн голдуу азрага адуу өөр лүү нь чиглээд тоос татуулан давхилдан айсуй гэнэ. Үгүй энэ ямар хаашаа юм бэ? Хөөсөн туусан чоно боохой үзэгдэхгүй юм..гээд гайхаж байтал арваад адуу тэднээсээ тасраад давхиад ирж. Ирэхээр барахгүй бүр дэргэд нь түүнийг бараадсан шинжтэй байх юм гэнэ. Санаандгүй ажиглатал нөгөө хайж явсан ширээтэй ууль тамгатай хээр морь дэргэд нь идэшлэж байсан гэсэн. Эрдэмтэй шидтэй хүн байв даа. Даанч бид юу ч авч үлдсэнгүй, ингээд хорвоо дуусч байгаа юм...гэснээ.
Нүгэл гэж бодоод би хэвтэртээ цай ууж чаддаггүй. Оюун минь энийг наад ширээн дээрээ тавьчих гээд аягаа барьж хийлгэсэн цайгаа өгвэй. Орноосоо өндийн сууж хууч хөөрч байсан өвгөн хучлагаа яран хөлөө гаргаснаа чих тавин 
- Байз...шуурган дунд мотцийклийн дуу гараад байна уу даа? гэв. Бүгд чагнаархав. Оюун өрөвч уяруу зангаараа
- Нөгөө Онгорой Хужирт, Тэсэг хавиар хэл хүргэнэ гээд явсан, тэр ирж байгаа юм болов уу? Өглөө эрт бөөн цасан дундуур наашаа зүтгэж юугаа хийдэг байнаа? гэтэл.
- Биш ч юм уу, шуурга шиг байна гээд Дүнсгэр юугий нь ч ялгасангүй гадаа гарч тандахаар гарлаа. Баньдах ч хувцаслаад мөр харахаар араас нь гарч" Биш байна" гэсээр цувран орж ирэхүй
- Манай Онгорой хэдэн айлаар хэл хүргэе гээд давхисан. Яа ламахыг хөөж явуулав гэж манай энэ лүү дайрч давшлаад, өнөөх л Ху нам , Хулхи ардчилалдаа хүрцгээн түр тар гэцгээгээд...гээд Оюун зүдгээ дэлгэх гэтэл
- За за тэр яахав, сэнтэглэж л байна биз, ямар хамаатай юм. Санаа нь ардчилалын буянаар шүтлэг бишрэл чөлөөтэй болчихоод байтал настай хүнийг гүрэм номтой хөдөөлүүлье л гэсэн биз. Яахав хүүхдүүд нь ирэхээр ярьж байгаад болно гээд Дүнсгэр яриаг зувчуулах санаатай " Та урьд шөнө энэ өөд болоочийг нэг гантай зун худаг гаргуулаад гээд юу ярьчихваа? Миний нойр хүрээд чагнаж чадсангүй" гэв. 
- Яагаа ч үгүй унтаад өгөх чүү лээ. Энүүний хурхирдаг гэж. Хоттой хонь үргээчих шахдаг юм. Баньдахын нойрыг...гээд Оюуныг ярих гэтэл Данзан
- Үгүй , үгүй би нам унтчихсан. Тэгэхэд юу ярьж байлаа? гэж Дүнсгэрээс өөрөөс нь асуув. 
- Үертийн ам хавьд худаг гаргасан тухай ярьж байсан гэж Оюун сануулахад Баньдах авдар дээр тавьсан аяганы уут дуран энэ тэрээ авч өвөртөө хийх зуур " Сэнгэнүүр гүрэм судар гэж зүтгэдэг ортой л доо. Эртний ёс ээдэж сүүл хэрдээ " Үхэхдээ толгой дээрээ хонхны дуутай үхнэ"  гэж нэг хүүхдээ заавал лам болгож эхлэсэн нь тухайн үеийн шинэ сэтгэлгээ гээч юм байлгүй. Манжийн бодлого шашны шахалт ч байсан байх. Ламгүй соцлийзмийн үед эсэргүү, хэлмэгдэл энэ тэр гээд аль олон хүн үхсэнийг хэлж барахав. Өнөөдөр хаа сайгүй чөтгөр шуламс гүйлдээд байгаа юм алга л байна. Би чинь ах дүү тавуулаа хүн. Ламгүй Намгүй л оршуулсан. Өнөөдөр тэглээ гээд муу болсон юм алга. Хэдэн хүүхэд нь хүнээс дутуугүй сайхөн л явцгаана. Ер нь шашин гэдэг сэтгэл санааны л юм. Тэр гандан хийд рүү гүйлдээд байгаа улс чинь харин ч тусгүй тохигүй амьдардаг. Тэгээд мөргөж дадар хийсгэж судар уншууллаа гээд дээрдэж гийгүүлсэн юм ажиглагддаггүй дэг..гэж ярив.
- Нөгөө худаг? гэж Дүнсгэр төөрсөн яриаг нь эргүүлэхэд Данзан уухайн тас
- Аа тийм. Худгийн тухайд өөд болооч бидний хэдэн залууг дуудаж " За та нар Баянбууралийн нуруунаас доод тал руу буусан энэ хэдэн амны дэрстэй газраас нь арав арван дэрс сугалж зулгаагаад ир! гэснээ чи тэр амнаас , чи энэ амнаас гэж хувиарлан ээ дээ хуурч мэхлэв, хольж будливаа" гэсээр мордуулваа. Бид хэдэн залуу туг дэрс барьчихсан уван цуван ирж гүйцлээдээ. Жанжаа бүгдийг нь ажиснаа миний авчирсан багцыг зааж
- Чи дэрс авсан наад газраа надад яг зааж өгнө шүү. Сайндаа л алд ухуулаад ундарга сайтай худаг гарна. Манайхны хэдэн малыг энэ жилдээ байтухай хэдэн үедээ ч услаж хүрнэ гэв. Маргааш өглөө нь нэг нэг хүрз авахуулаад нар битүү хөдөлцгөөв өө. Газар заалган очсоноо гэрийн буурин чинээ хонхорт эргүү төлөг шиг эргэлдэн хол ойрыг ажиж тойруулан харж байснаа " За яг энд ух! Дэлэм илүүхэн ухаад ус гарна. Цааш нь аль болох гүнзгий ухвал төдий чинээ сайн даа" гэв. Нээрээ л үзүүр тохой илүүхэн ухаад ус шүүрч усан дотор ээлжээр оруулан цааш гүнзгийлтэл бургилж мэлтэрч халиад болохоо байлаа. Ээ мөн мундаг шинжээч хүн байж дээ...гэтэл Оюун санаанд орсон дээрээ асуултаа мартаагүй дээрээ гэж яриаг нь таслан
- Тэр буурин чинээ газарт юу хайгаа юм бол? гэж илүү үглэв. 
Үргэлжлэл бий.
 
ТҮҮХЧ, ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ БЭСҮД.Н.НАГААНБУУ агсаны " АЛТАЙН ТЭНГЭР" романаас.