sonin.mn
Үргэлжлэл.
 
Хоньдын нуруун дээр хагархай цасаа тохом тогтож пөөнийсөн юмнууд бээвийн зогсоцгоох агаад ховдог цанхир өлдсөндөө бор халзан төлөгний бөөрний ноосноос зулгааж цаадах нь хонь тойрон зугтаах аядтал янхир хүрэн ухна доожоогүй түүнийг хараад зэвүү нь хүрсэн бололтой арагшаа ухарч духайж байснаа гэнэт довтлон шургаж унатал нь мөргөчихөв. Бор халзан төлөг хамаг хүчээрээ сандран босоод сүргийн зах бараадахаар адган тэвдэн гүйнэ. Бүдүүн ямаанууд биеэ сэгсэрч цасаа цацлан уулын орой харан тургилж үймэлдээд тэнгэр онгойх шинжтэй. Хот нь нил цас, малын хөлдүү шээс шарлан цоохортож шээг ханхлана. Дүнсгэр, Оюун, Наран-Ай гурав хувцас хунараа бигнэн хүрз малтуур барин хотныхоо голд хунгарласан цасыг онгойлгох, хуурай бууц асгахаар бөвтнөлдөнө. Сэнгэнүүр, Баньдахын морины дэргэд очоод шуусан дөрөө гөлөм хоёрыг нь буулган дэвсний нь цасыг нударгаараа гөвөхүй салхи уруудан зогсож чөдөртэй хоносон бор морь хурааж байсан биеэ тавьж хэд алхан чилээгээ гаргаад амхайгаа хэмлэн дэвхцэв. Хондлойд нь шигсэн цасыг ханцуйгаараа илбэн халуун биед нь хөлдсөн мөсөн дуслуудыг цохих зуураа
-Дүндээ та яах гэж талийгаачийн хөгшин хээрийг уяан дээр тууж ирсэн юм? Бээвийчихээд байж байгааг нь! Хоёр нүднээс нь нулимс гоожин унжиж мөстөөд толгойгоо ганзагалан бүр сүнс нь зайлчихсан юм шиг...гээд ах руугаа харав. Дүнсгэр хөгшин хээрийг ширтэж аснаа
-Би юу гэж тууж ирэх юм! Өөрөө ямаа шиг хот нөмөрдөөд байгааг хаоахгүй юу. Энүүхэн жалга руу туугаад ядчихлаа, энэ адгуус янз нь өвгөний үгүй болсныг мэдээд эзнээ үгүйлээд байгаагаас зайлахгүй дэг? гэчихээд чарганы оронд цөс зөөж байгаа нимгэн төмрөө чирээд эргээд алхчихав. Тэгснээ гэнэт эргэн харж
-Пээ! Уруу царайтыг сум руу явуулж байхаар адаглаад унаатайгаар нь чамайг мордуулдаг байж. Шуурганаас өрсөн айлын бараа харж амжсан л байгаа даа. Дотуур тамиртай вмсан, нэгнийд нь тухлах шалтаг болгоод гараа ээчихсэн сууж байгаа ч болов уу? гэснээ өөдтэй эртэй ханилаагүй ханийн заяа муутай дүү хүүхэндээ дургүй хүрч тэгэхээс тэгэх гэж сүрхий ярвайв. Наран-Айгийн нүдэнд нулимс цийлэгнэн гэр лүүгээ гүйх үарам орлоо. Юм л бол уруу царайт гэх. Эдэнд ямар гэм хийчихсэн юм гэхээс гомдоллын нулимс аяндаа орчлон хаан цийлэгнэмү. 
...Наран-Ай бага ангид байхынхаа унага шиг зэгзийсэн биетэй дуулж бүжиглэдэг хөдөлгөөнтэй охин байснаа дунд ангиасаа дүрлэлзсэн ажигламтхай нүдтэй, үргэсэн согоо шиг жавхалзсан хичээнгүй нямбай хөөрхөн охин болж өсчээ. Ямартаа аймгаас шалгалтаар ирсэн хүн "Энэ охин хотоос шилжиж ирсэн үү?" гэж лавлаж байхав. Урлагийн үзлэгээр сургуулийнхаа нэрийг тахалдаг урт гэзэгтэй зэгзгэр охин долдугаар ангиасаа намба сууж дуулж бүжиглэхээс цааргалан биеэ барих болсон нь хөвгүүдийн шохоорхол, охидын хөөрхөн энэ тэр гэх хөнгөн атаархалаас залхаж дөлснийх байсан. Аравдугаар ангидаа орох жил аймаг явахгүй гэж зөрүүдлэн малынхаа дэргэд үлдээд дээд нурууны дагина гэх цагаан хэл ам түгж эхлэтэл үерхдэг залуу нь гэж үнэмшхээргүй чөргөр хөх хархүүтэй ханилж гол усныхнаа алмайруулсан цаг саяхан. Үеийн охид хүүхнүүд "Наран-Ай чи байтухай би ч Мөнхөд нүүр өгөхгүй" гэж хориглоод дийлсэнгүй. Эмэгтэй хүүхдийн толгой нэг эргэхээрээ улайрсан сарлагийн бухнаас дор гэдэг үнэн байж. Түүнд санаархаж сүрд нь дарагдан халирч явсан залуус " Пээ хайран гоё охин. Хормойгоо чирсэн тийм хөгийн унхиагүй юманд алдчих гэж. Эрвээхэйн далавч дэвэзнэн хөдлөх шиг урт сормуус дэрвэлзүүлсэн давхраалаг алаг нүд нь тийм харалган байсныг эртхэн мэдэхгүй яав аа даанч" гэж үнэн сэтгэлээсээ харуусан шогширч, үгээ барж, амаа барьж, тархи толгойгоо нүдэх шахан гасласан сураг ч сонсогдож билээ. Наран-Айг аймагт 9-р ангид ордог жил хотоос тоо физикийн багш гэж шинэхэн төгссөн сэгсгэр үстэй шар залуу ирээгүйсэн бол өдийд ямар гээч ажил албатай үзэсгэлэн гоо бүсгүй хаа ч гунхаж явах байсан юм бүү мэд. " Ийм гоё охин хотод ч ховор. Орос охидын хөл шиг урт шилбэ, туяхан биеийг нь. Тэгээд тэр гиюүрсэн дүрлэгэр харц, туяа татсан хөөрхөн царай ганган төрх. Аа яа яа би үнэхээр дурлачихжээ..." гэж хэнд ч юм ярьсан нь сургуулиар дүүрэн шуугиан болж. Бүр солио туссан юм шиг өөрийнхөө хичээл дээр "Бурхан хүнд гоо сайхныг бэлэглэе гэвэл гар татдаггүй юм байна. Наран-Айгаа хүндлэж бай. Үс нь хүртэл биднээс өөр гялалзсан тас хар, хувцас нь хүртэл адтай. Таар өмссөн ч гоё харагдах ийм үзэсгэлэнтэй баясгалантай төрнө гэдэг хорвоод ховорхон заяа..." гэж бурж юу ч асуулгүй онц тавиад. Нэг орой гэртээ дагуулж очин " Би чамд хайртай...Чамгүйгээр амьдарч чадахгүй" гэж гуйж гувшин тэвэрч үнсэх гэж ичгүүр сонжуургүй дайраад арайхийн гарч зугтаасан. Зун нь амралтаараа замын унаа дамжин дайгдаж ирэхэд нь гэртээ унтуулаад өөрөө Жанжаагийнд хонон маргааш нь хөөж явуулаагүй бол ...Бүр "Нүдний булай!..." гэж зүхэн муухай загнасан гээч. Тэгэхэд Жанжаа
Зуун эрийн зүрх шаналгах
Зураг шиг сайхан бүсгүй
Түмэн хүний хайр булаах
Дөлгөөн намбагүй бол муухай даа охин минь. Ер нь эмхтэй хүн гэж эмхтэй хүнийг л хэлдэг юм. Хамгийн гол нь ааш зан, гэж нүүрийг нь улайтал зэмлэсэн. 
-Өндөр уулс дунд өссөн болохоороо манай Алтайнхан сэхүүн бардам эрчүүдтэй шүү. Нялуурсан маяг, налиганасан төрх чинь орчин үеийн соёл юм бол...Ичмээр хуурамч, харваас хиймэл ааш занг чинь харахаас дургүй хүрч байна. Ичдэг болоосой? 
-Чи намайг голж байна уу? 
-Аа ха!Би эрэлхэг уужуу гүндүүгүй эр хүнтэй сууна гэж боддог шүү.
-Чи намайг эр хүн биш гэж байгаа юм биз дээ? 
-Эр хүн биш. Би энэ намар сургуульд очихгүй. Тэгээд ийм нүүрэмхэй зан гаргаж үнэнийг чинь хэлж байгаа юм. Монгол эр хүн гэдэг ийм наль шал гэж нахилзсан сэгсэлзсэн хачин юм байдаггүй юм. Юун татагдах харин ч жигшиж байна. Тэр ам, тэрсэлсэн зоригоосоо болоод аймаг руу яваагүй.
 
Үргэлжлэл бий.
 
ТҮҮХЧ, ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ. БЭСҮД Н.НАГААНБУУ агсаны "АЛТАЙН ТЭНГЭР" романаас