sonin.mn
Хаа яваа газраа мэндтэй устай, баяр хөөртэй, эрч хүч нь үргэлж булгилж байдаг хүн бол яахын аргагүй Цэцэгээ эмч буюу БХЯ, ЗХЖШ-ын Үйчилгээ аж ахуйн хэлтсийн бага эмч Л.Цэцэгсайхан. Үргэлж эерэг хандлагатай, инээмсэглэж явдаг нь түүний гадаад гоо сайхан. Харин дотоод сэтгэлдээ Зэвсэгт хүчнээ, хамт олноо хэрхэн хайрлаж хүндэтгэж явдгийг нь сонирхлоо.
 
-Л.Цэцэгээ эмч маань аль нутгийнх билээ?
 
-Төв аймгийнх. Хотод төрж өссөн ч Төв аймгийнх гэж овоглох дуртай. Аав Г.Лувсан маань орон нутагтаа ажилсаг хөдөлмөрчөөрөө алдартай сайхан буурал байлаа. Манайхаас хүний хөл тасарна гэж үгүй. Их олонтой нийтэч айл. Ээж Г.Долгор орсон гарсан бүхэнд хоол цай хийж өгөөд явуулна. Тэр чанараа хүүхдүүд бидэндээ ч өвлүүлсэн. “Олны дунд мэндтэй устай, яриа хөөртэй яв. Хүнд тусалж бай. Бурууд хатуу, зөвд зөөлөн байгаарай” гэж 13 хүүхэддээ ягштал сургасан даа.
 
-Өнөр олуулаа юм байна шүү. Олуулаа байх сайхан...
 
-Тийм ээ. Би отгон нь. Эрх гэж жигтэйхэн өсч. Ах эгчийн өврөөс лав буугаагүй өссөн байх шүү. Одоо ч гэсэн эрхэлнэ. Ялангуяа хүүхдүүддээ их эрхэлдэг. Миний том хүүг Г.Содбаяр гэдэг, төрийн байгууллагад ажилладаг. Дунд хүү Г.Содхүү Шанхайд дээд сургууль төгсөөд одоо Чех улсад гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байна. Бага охин Г.Халиунаа япон хэлний багш, орчуулагч. Хүүхдүүд маань бүгдээрээ гэр бүлтэй болж, сайн сайхан амьдарч байгаад ээж хүний хувьд жаргалтай явдаг даа. Дээрээс нь сайн бэр, сайн хүргэнтэй. Төрсөн ээж шигээ хүндэлж хайрлаж, өвдвөл сандарна. Хоёр ач, нэг зээтэй. Эмээ нь байх ээж байхаас илүү сайхан. Орой ажлаа тараад очихоор “Эмээ чихэр авчирсан уу” гээд тосох нь ямар сайхан аз жаргал гээч. Хүмүүс байгаа цаг хугацаа, орчиндоо аз жаргалтай амьдарч байгаагаа мэдэрдэггүй тал бий. Байртай болчих юмсан, машинтай болчих юмсан гэж шаналсаар байгаад үр хүүхэд, хамт олныхоо дунд жаргалтай яваагаа анзаардаггүй юм уу даа гэж боддог. Аз жаргал энгийн зүйлээс эхэлнэ. Элэг бүтэн, эрүүл энх байх нь өөрөө аз жаргал. Үр хүүхэд, ач зээгээ тойруулаад хооллож суух нь ч аз жаргал шүү дээ.
 
-Зэвсэгт хүчинтэй хэзээнээс холбогдов?
 
-1984 он. Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгсөөд л Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон. 1984-1998 онд Зэвсэгт хүчний Ариун цэвэр, халдвар судлалын станцад нян судлалын лаборант, 1998-2005 онд ариутгалын бага эмч, 2005 оноос хойш өнөөг хүртэл БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтэст бага эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд олон сайхан дарга, хамт олонтой ажилласан. 1984 онд юугаа ч мэдэхгүй, онолын мэдлэгээс цаашгүй ирэхэд анхны дарга хошууч Ядамсүрэн ажлын дөртэй болгосныг дурсахад сайхан байна. Мөн Цэнд, Цэцэгмаа гэж эмч нар байна. Мэддэг бүхнээ зааж сургаж, ажилдаа дуртай байх замыг минь зассан хүмүүс. Дээрээс нь БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн үе үеийн удирдлага, хамт олноо ярихгүй өнгөрөхийн аргагүй. Манай хэлтсийнхэн үеийн үед нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй явж иржээ. Ямар их ачаалалтай ажилладаг билээ. Тэгэхэд ажлаас зугтаж, хойш суудаг хүн байхгүй. Цэвэрлэгчээсээ дарга хүртэл ханцуй шамлаад л орно доо. Ажилсаг хөдөлмөрч хамт олноороо бахархах дуртай. Ер нь дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Харин тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал.
 
-Таны нэг өдрийн ажлыг сонирхвол?
 
-Ажлын ачааллаас шалтгаалаад янз бүр. БХЯ, ЗХЖШ, командлалуудын бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж үзүүлнэ. Урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Гадуур эмчилгээтэй алба хаагчдыг эмчилнэ. БХЯ, ЗХЖШ-аас зохион байгуулдаг томоохон арга хэмжээний үеэр ажиллана. Цэргийн төв эмнэлэгтэй хамтраад БХЯ, ЗХЖШ, командлалын бие бүрэлдэхүүнийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Тоочоод байвал барахгүй шүү дээ.
 
-“Эмчээ баярлалаа” гэдэг үг танд урам өгдөг байх даа?
 
-Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил. Бусдын жаргалант амьдралын төлөө аюулт өвчинтэй тулалдах эмч нарын үлэмжийн гавьяат, баатарлаг хөдөлмөрийг юутай ч зүйрлэж харьцуулшгүй. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг ачлал гэж хаана байх билээ. Эмч нар эдгээд гарч буй хүний гараас нь чихрийн цуглуулга авах биш, нүднээс нь баярласан сэтгэлийн оч олж харахыг хүсдэг юм. Тус болсон хүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж сурах нь том соёл, хүн ёсны үүрэг юм даа.
 
-Таны эрхэмлэдэг зан чанарын тухайд?
 
-Шударга зан чанарт дуртай. Араар муулдаг хүнд маш дургүй. Шударга зан бол хүний сайн чанаруудын дээд нь гэдэг шүү дээ. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд л хүлээдэг байхгүй юу. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлээрэй гэж залуустаа хэлье. Миний хувьд аав ээжийнхээ захиасыг бодсон ч тэр, ажил амьдралынхаа туршлагыг харсан ч тэр аль болох шударга байхыг эрмэлздэг, хичээдэг. Мөн ажилсаг хөдөлмөрч байхыг хүүхдүүддээ захидаг. Гар хумхиад суусан хүн гавьтай амжилтад хүрч чадахгүй гэж үг бий. Ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хүслээр хүрээд ирдэг, бэлнээр ороод ирдэг зүйл гэж энэ хорвоод үгүй. Хариуцсан ажилдаа сэтгэл зүрхээ өгч, махран зүтгэдэг хүмүүсийг би хувьдаа хүндэтгэж хайрладаг.
 
-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе?
 
-БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнд, мөн хэлтсийнхээ удирдлага, хамт олондоо баярлалаа. Намайг дэмжиж, тусалж байдаг хүн бүхэнд баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин