Орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхантай ярилцлаа.
 
-Мүраками Харүкигийн романуудыг орчуулсан хүнтэй уулзсаных асууя. Тэр өөрийн бүтээлээ орчуулах эрх өгөхдөө ч харам гэж уншиж байлаа?
 
-Тийм үү, гэхдээ гарамгай зохиолч өөрийн бүтээлдээ харам байлгүй яах вэ. Сэглээд хаях вий гэх болгоомжлол байдаг биз. Мүракамигийн ном долоо хоногт л гэхэд сая гаруй борлогддог. Түүний бичсэн зохиолууд дэлхий даяар шуугиан тарьдаг, утга зохиолын шинэ үзэгдэл болж байдаг. Дэргэдээ англи хэл дээр бүтээлийг нь орчуулдаг тогтсон хүнтэй. Орчуулагч голдог, хамаагүй хүнд номынхоо хэвлэн нийтлэх эрхийг өгдөггүй. Хувь хүн эрхийг нь авна гэж бүр саналтгүй.
Учир нь мань хүн заавал тухайн улс орныхоо чамбай, нэр хүндтэй хэвлэлийн газарт л эрхээ өгдөг. Энэ шалгуурыг нь “Адмон” хэвлэлийн компани давсан хэрэг. Анх надад орчуулаач гэж санал тавьсан ч би том бүтээл их цаг авна гэдгийг мэдэж байсан учраас хэсэг цааргалж явсан ч зөвшөөрөөд “Адмон”-ы хүсэлтийг хүлээн авсан. Тэгээд дөрвөн жил нухаж, дөрвөн боть бүтээл гаргасан даа. Ингэж дэлхийн 30 гаруй оронд орчуулагдан түгж, байлдан дагуулсан “1Q84” гурамсан романыг “Адмон” компани албан ёсны эрхтэйгээр, миний орчуулгаар хэвлүүлж, уншигчдын гарт хүрсэн.
 
-Танд Мүракамигийн бүтээл орчуулж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?
 
-Мүраками Харүки бол өөрийн гэсэн гайхалтай ертөнцтэй зохиолч. Үгийн урнаар бус утгын урнаар оюуны өндөр төвшинд ятган сэнхрүүлэх хүчтэй, гайхалтай хурц егөөтэй бичнэ. Ер нь зохиолчид тэр дундаа япон зохиолчид маш том, өвөрмөц ертөнц байдаг. Орчуулна гэдэг тэр ертөнц рүү гадны биет орж байгаатай л адилхан зүйл. Өөр өөр чадвартай, ондоо соёл, үзэл бодолтой, харь хүмүүс тэр ертөнц рүү, бүтээл рүү нь гаднаас орж байна гэсэн үг.
Тэгэхээр орчуулгын ажил өвөрмөц, эмзэг орчинтой гэж хэлж болно. Хамгийн эхлээд тухайн бүтээлийг бүрэн ойлгох учиртай. Хоёрдугаарт, эх хэлээрээ буулгахад монгол хүнд хамгийн ойлгомжтой байхаар бодох, харь хүний үгийг монгол хүний сэтгэлээр ухаарах нь чухал. Тухайн зохиолыг үг үгээр нь бус түүний цаадах утга, ёж санаа, аялгуу, давхар утга зэргийг мэдрэх хэмжээний болж байж л утга зохиолын орчуулга хийх, уран зохиолын номыг барьж авах ёстой, түүнээс хэлтэй бүхэн орчуулдаггүй.
 
-Та орчуулгын чанарын тухайд юу хэлэх вэ?
 
-Тухайн орны соёлыг, иргэншлийн ондоошлыг сайн мэдэрсэн, дээр нь эх хэл, утга зохиолын хэлний мэдлэг дээр суурилсан хэлний чадвар илүү давуу талтай. Миний хувьд 1986 онд МУИС-ийн монгол хэл, утга зохиолын ангийг япон хэлний багш орчуулагчийн давхар мэргэшилтэйгээр төгссөн маань давуу боломжийг олгож байдаг. Дараа нь Токиогийн Боловсрол соёлын их сургуульд суралцаж боловсролын философийн мастер хамгаалсан. Энэ бүхэн маань бодитой, найдвартай, монголчууд итгэж болох орчуулга хийх суурийг тавьсан гэж боддог.
 
-Та орчуулгын эрдэмд шимтээд 20 жил болж байна. Анхны номоо дурсвал?
 
-1997 онд анхны номоо гаргасан. Миний орчуулгын уран зохиолын эхлэл Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл” байлаа. Шиба Рёотаро гуай нүүдэлчдийн соёл иргэншил, монгол хүн ардын ахуй амьдрал түүхийг олон жил судалсан зохиолч юм. Дараа нь хүний хөгжил, боловсролын тухай Фүкүзава Юкиичи “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлсын “Өөртөө туслах ухаан” номоо орчуулж байсан маань одоо ч эрэлттэй хэвээрээ. Үүний дараа утга зохиолын орчуулга сонирхож алдартай бэстселлерүүдийг, дэлхийн анхны роман, манай эриний X зуунд Мүрасаки Шикибү зохиосон “Гэнжийн туульс”-ын зургаан шашдирыг нэг боть болгон гаргасан, Мүраками Харүкигийн 4 боть роман болоод өгүүлэл, эссэ орчуулж уншигчдын хүртээл болгожээ.
Бас Японы утга зохиолын сэргэн мандалтын үе гэж хэлж болохоор үеийн зохиолчид Осамү Дазай, Мишима Юкио, Акүтагава Рюүносүкэ нарын алдартай өгүүллэгүүдийг орчууллаа. Сүүлийн үед утга зохиолын тал руу орчуулга түлхүү хийж байна даа. 1997 оноос хойш 20 жилийн дотор хорь шахам том жижиг бүтээл гаргажээ.
 
-Утга зохиол бол оюун санаанд нөлөөлөгч хүч. Та орчуулах зохиол бүтээлдээ ямар шалгуур тавьдаг вэ?
 
-Монгол хүнд хэрэгтэй, сэтгэл оюунд нь цэвэр тунгалгийг авчрах, сэтгэлгээ, оюуны чансаагаа дэлхийд сориход урагш нь чирч татах бүтээлийг хүргэх юм сан гэж хичээдэг. Бид цөөхүүлээ учраас нэг нэгнээ хайрлах ёстой, өөрсдөө ч хөгжиж улс орон минь ч урагшлан дэвжих учиртай.
Ингэхийн тулд өөрөөсөө давсан, чирэгч оюун санаанд шударга хандаж байх, хүндэтгэлтэй байж хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг. Тэгэхийн тулд бусад орны уран зохиолыг уншдаг байгаасай гэж боддог. Энэ бол миний үзэл бодол.
 
-Орчуулагч хүнд байх ёстой эрхэм чанар гэж таны бодлоор ямар зүйл вэ?
 
-Орчуулагч хүн өөрийнхөө бүтээл дээр биш хүний бүтээл дээр ажиллаж байгаа гэдгээ байнга санах ёстой шүү. Цаг хугацаа, оюун.чадвараа шингээсэн харь зохиолчийн дэлхийн сонгодог, улс орных нь бахархал болсон бүтээлийг барьж авсан л бол хүндэтгэж үзэх ёстой. Орчуулагч хүнд үнэнч шударга зан чанар чухал. Хэзээ ч хүний бүтээлд өөрийн гарыг дүрж болохгүй. Цаад утгаараа бид халдах эрхгүй юм.
Өөрөө зохиочих гээд, “гөрдчих” гээд байвал хулгайчаас юуны өөр вэ. Утга зохиолын орчуулга гэдэг соёлын цогц нийлбэр. Үндэстний соёл, язгуураас ангид бүтээл гэж байдаггүй. Хэрэв үндэстнийх нь онцлог, соёлыг мэдэхгүй бол утга зохиолыг нь орчуулах амар даваа биш. Иймээс орчуулагч хүн тэр хэлний соёл, онцлогийг мэддэг, сайн судалдаг байх чанар чухал гэж боддог.
 
БӨӨРӨНХИЙ БӨГСӨӨ ХАВТАЙТАЛ, БҮЛТГЭР НҮДЭЭ БҮЛЦИЙТЭЛ СУУЖ БАЙЖ Л ЮМНЫ ЦААНА ГАРНА
 
-Таны үеийнхэн бичгийн их хүмүүсийн гараар орсон... ?
 
-Биднийг оюутан байхад Ц.Дамдинсүрэн, С.Лувсанвандан, Ш.Лувсанвандан, Ш.Гаадамба, Чой. Лувсанжав, Д.Чойжилсүрэн, Шаарийбуу гээд бичгийн их хүмүүс амьд сэрүүн байлаа. Дийлэнхээр нь хичээл заалгасан. Тухайн үед багш нар маань “Монголын нууц товчоог хүртэл цээжлүүлнэ. Хэдий нийгэм нь хаалттай ч түүхээ хайрлах үзэл санаа тухайн үед түүхээ хайрладаг, өөрчлөхийг эсэргүүцдэг үзэл санаа хүчтэй байжээ.
Одоо харин түүхэндээ хайр гамгүй хандаж байгаад эмзэглэх сэтгэл төрдөг. Чой.Лувсанжав багш гэхэд биднийг маш их хичээх ёстойг хэлж ухааруулсан.“Бөөрөнхий бөгсөө хавтайтал, бүлтгэр нүдээ бүлцийтэл сууж байж л юмны цаана гарна” гэсэн хошигнодог байлаа. Үнэхээр хичээл чармайлт гэдэг орчуулагч хүнд хамгийн чухал чанар юм.
 
-Хичээл зүтгэл гэдгийг орой дээрээ залдаг Япон улсад та суралцсан. Энэ үгийн утгыг хэрхэн ойлгодог вэ?
 
-Би хичээл чармайлт гэдэг үгэнд маш их хайртай. Юм болгоныг өөрийнхөө мэдрэмж, онгод төдийд найдах нь сайн зүйл биш. Энэ цаг үе ч үүнийг зөвшөөрөхгүй. Харин тэр мэдрэмжийг улс суурьтайгаар тунгаан бодох нь чухал. Миний шинэ орчуулгын бүтээл “Хайрын ааш” номонд багтсан алдарт Акутагавагийн зохиолын санаа гэхэд тун энгийн. Гэсэн атлаа тэр энгийнийг маш томоор, гүн гүнзгийгээр эргэцүүлэн боддог.
Үүний дараа илэрхийлэхдээ өөрийн жинхэнэ чадвар, утга зохиолын цараагаа сорьсон уран яруу, сэтгэлгээний гоц гойд өвөрмөц байдлаар илэрхийлэгддэг. Хичээн чармайдаг, юмыг эргэцүүлэн боддог, нэг юмыг дуустал нь хийдэг, түүндээ маш их цаг зав, зүрх сэтгэлээ зориулдаг, төгс хийхийг хүсдэг, даруу төлөв япончуудын зан чанарт би суралцахад хичээж ирсэн.
 
-Хичээл зүтгэлээс гадна орчуулагч хүний хэлний чадвар, хэлний баялаг хэрхэн хүнд суудаг вэ. Та гэхэд Хөвсгөлд өссөн. Магадгүй хөдөө өссөний нөлөө гэж байх уу?
 
-Хөдөө өссөн хүн магадгүй хэлний хувьд гадаргаас илүү дотор руу, энгийн хэр нь илүү дутуугүй монгол хэллэгт сайн суралцдаг байж магадгүй л юм. Аль болох тогтвортой, найдвартай, бядтай монгол үг хэрэглэх юм сан гэж боддог.
 
-Таныг сурч байх үед бидний япончуудын тухай ойлголт их өөр байсан. Магадгүй дайсан гэдэг нүдээр хардаг байсан үе болов уу?
 
-Их сургуульд нэлээн хойно япон хэлний анги нээсэн. Тэр үед бидний япончуудын тухай ойлголт шал өөр байсан шүү. Бараг багшаасаа айх шахам, энэ хүн “самүрай” нь байхдаа гэх нь холгүй боддог байсан./инээв/ Социализмын үед ирж заасан тэр багш нар маш сайхан хүмүүс байжээ. Энэ тал дээр урьд өмнө нэлээн ярьсан удаатай.
 
НАМ ХӨӨСӨНГҮЙ, НОМ ХӨӨЖ АМЬДАРЪЯ Л ГЭЖ БОДСОН
 
-Та олон жил Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилласан. Ингэхэд яагаад улс төрөөр явж карьер хөөгөөгүй юм бэ?
 
-1998 онд сургуулиа төгсөж ирээд Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцаж нэлээн олон жил ажилласан. Дараа нь М.Энхбаяр ерөнхийлөгчийн үед 4 жил, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед 2 жил шахам ажиллаж байгаад уран бүтээлдээ түлхүү анхааръя гэж бодоод өргөдлөө өгөөд гарсан.”Өргөдлөө өгтөл нь” гэдэг зарчим ч бас үйлчилсэн байх, нуухгүй. Магадгүй нам дагаад улс төрд орж карьер хөөх бүрэн боломж надад байсан уу гэвэл байсан. 
Гэхдээ нам хөөсөнгүй, ном хөөж амьдаръя л гэж бодоон. Нам ном хоёрыг зэрэг хөөх нь утга зохиол, зохиол бүтээлд халтай юм билээ. Дэлхийн суут зохиолчид дотор нам ном хоёрыг зэрэг хөөж амжилт олсон хүн байдаг эсэхийг мэдэхгүй юм. Эсээ баримтат утга зохиолын хүрээнд байж болох л юм даа. Монголчууд ярьдаг даа хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэж. Нэг их олигтой бүтээл ч гарахгүй л болов уу.
 
-Таныг номын ажил юугаараа тэгтлээ татдаг вэ?
 
-Хүн гэдэг цагаа тулахаар их үндсэрхэг амьтан. Ямар ч монгол хүний зүрх сэтгэлд эх орноо гэсэн бодол байдаг гэдэгт итгэдэг. Би японы гайхалтай бүтээлүүдийг монголчууддаа хүргэе л гэж яваа хүн. Бас дур сонирхол гэж хүчтэй зүйл байна. Үүнийг л нэг хийчих юм сан гэсэн хорхойсол, багтаж ядсан аазгай бий. Жишээ нь “Гэнжийн туульс” буюу эзэн хааны нууц түүхийг 1,000 гаруй жилийн өмнө дайнд нөхрөө алдсан, язгууртан гаралтай, өрх толгойлсон эмэгтэй бичсэн байдаг.
“Гэнжийн туульс” бол олон боть зохиол. Ер нь үүнийг яагаад монгол эмэгтэй хүн зургаан ботийг нь ч болтугай хүргэчхэж болохгүй гэсэн бодлоор барьж авсан. Орчуулгын бүтээл хүнээс зөв араншин, зөв бодол, зөв сэтгэл шаарддаг. Яг хэнд хандаж, хэн рүү чиглүүлж, юун дээр суурилж, хэнд хүргэх ёстойг тооцоолж бодож орчуулах хэрэгтэй, бидний үеийнхэн тийм насан дээрээ иржээ, гартаа таарсан болгоноо шүүрэх биш, шүүрсэн болгоноо чулуу болгож байнд нь хүргэх гэх үү дээ. Миний бараг хорь шахам жилийн өмнө орчуулсан “Өөртөө туслах ухаан” ном байндаа хүрсэн шүү.
 
-Орчуулгын ажил маш их төвлөрөл, оюуны цараа, хэлний мэдлэг шавхдаг. Та том зохиол бүтээл дээр ажиллахдаа оюун санаагаа яаж төвлөрүүлдэг вэ?
 
-Мүракамигийн “1Q84” шиг том романыг орчуулахад мэдээж олон цаг суух болно. Амралтын өдөр, бороотой.^цастай эсвэл баярын гээд ямар ч өдөр байсан өглөөний 5-9 цаг хүртэл зөвхөн уран бүтээл дээрээ төвлөрч суудаг. Тэр үед нойрноос сэрчихсэн оюун санаа шинэхнээрээ, амарсан байдаг учраас тэр эрч хүчийг уран бүтээлдээ 20-иод жил ашиглаж байна. Аль болох эрт унтаж эрт сэрэхийг хичээдэг.
 
-Мүраками ч бас зохиол бүтээлээ өглөө эрт бичдэг талаар уншиж байсан...?
 
-Би бүр оюутан байхын л ийм дадлыг өөртөө суулгасан. Өглөө эрт чимээ аниргүй суух дуртай.
 
-Орчуулагч Х.Мэргэн гуай “Орчуулж байгаа дүрдээ орчихдог" гэж ярьж байсан удаатай. Та хэр шимтэж зохиол руугаа ордог вэ?
 
-Акүтагавагийн бүтээлийг орчуулж байж Мүракамиг л бодоод байж болохгүй. Тухайн зохиолчийн эмзэглэл, догдлол тэр сэтгэлийг өөрөө мэдэрч байж л сайн орчуулна. Би хүссэн хүсээгүй тухайн орчуулж байгаа бүтээл рүүгээ төвлөрөх, дурлах болдог. Цаг наранд баригдсан захиалгатай бүтээлээс илүү дурлаж хийсэн бүтээл илүү амттай. Гэхдээ бас бүх зүйл дээр ийм биш юм. “Өөртөө туслах ухаан” номыг орчуулах хүсэлтийг надад япон хүн тавьж байсан.
Монголбанкны зөвлөх хийж байсан Ацүши гээд мундаг хүн л дээ. Энэ номыг барьчихсан “Энэ номыг орчуулж хүргээрэй. Танай монголчууд зах зээл рүү шилжээд хэдхэн жил болж байна, ард түмэн чинь яахаа мэдэхгүй байна. Үүнд заавал нэг ухаан хэрэгтэй” гэж хэлсэн. Зорин байж ирээд сэтгэл гарган хэлсэн тэр үгийг бодоод орчуулж билээ.
 
ХҮНИЙ ЗОХИОЛ БҮТЭЭЛҮҮДЭД ХҮН ЁСНЫ СЭТГЭЛЭЭР ХАНДАХ ХЭРЭГТЭЙ
 
-“1Q84” роман уншигчдын анхаарлыг татсан. Харүки Мүракамигийн цаад хэлэх гэсэн философи нь юу юм бол?
 
-Мүракамигийн энэ ном залуучуудад нэлээн хүрсэнд олзуурхсан. Угаасаа өвөрмөц зохиол л доо. Дэлхийн бестселлер болсон бүтээлийг залуу оюун ухаан уншиж нийгмээ өөрөөр харж, сэтгэлгээний хэв маягийн талаар өвөрмөц ойлголт авч байгаад баяртай байдаг. Энэ бүтээл бол энэ хорвоод туйлын сайн ч гэж үгүй, туйлын муу ч гэж үгүйг харуулдаг. Сайн муу гэдэг тус тусдаа хатуу тогтсон байдаггүй, ямагт ээлжилж байдаг.
Хамгийн чухал нь хөдөлж ээлжилж байдаг тэрхүү сайн муу хоёрын тэнцвэрийг олох.Тэнцвэр өөрөө сайн зүйл гэж Мүраками Харүки “1Q84” бүтээлээрээ хэлэх гэсэн болов уу. Жинхэнэ утга зохиол оюуны хүлээсийг сөрөн түлхэх хүч болж байдаг.
 
-Залуучууд уншихгүй байна гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь уншигчдын боловсрол ямар түвшинд байна вэ?
 
-Харин ч залуучууд их уншиж байна. Монголчууд өөрөөсөө давсан оюун санаа руу тэмүүлээсэй гэж би хүсдэг. Өөрийнхөө хэмжээнд сэтгэх гэсэн, эгодоо баригдах гэсэн байдлаасаа аль болох хурдан сугарч гарах ёстой. Дээр нь зохиолоо арилжих нэг хэрэг, хүнд юу өгч байна гэдгээ зохиолч нар түрүүлж хардаг байгаасай гэж хүсдэг.
 
-Та олон бүтээл орчуулсан хүний хувьд ямар бүтээлийг зохиол гэж үзэх вэ?
 
-Одоо цагт хувийн мэдрэмж төдий зүйлээ илэрхийлээд түүнийгээ зохиол гэж хэлэх нь учир дутагдалтай юм. Нэг их цэцэн урны туйл ч бас явахаа байж. Дор хаяж баримттай, шинжлэх ухааны үндэс, бодит түүх дээр цэцэглэсэн уран сайхан л орчин цагийн уншигчдад хүрдэг, таалдаг тийм цаг үе иржээ. Зөвхөн зүүд, совин ч юм шиг мэдрэмж төдий зүйл бол тэр нь суурь муутай бол хөл муутай сандалтай адил юм.
 
-Алдартай орчуулагч нар нь том бүтээлүүдээ амьдралын туршлагатай болсон үедээ гаргасан байдаг юм билээ?
 
-Амьдралын туршлагатай, практик чадвар суусан, хэл усандаа түүртэхгүй болсон үедээ илүү том бүтээл дээр ажиллах нь зөв л дөө. Бараг тэгдэг ч биз.
 
-Тухайн хэл дээрээс бууж өгөхгүй үг гэж байх уу?
 
-Тийм зүйл бий. Гэхдээ утга нь гарч байвал үг хамаагүй. Ерөнхийдөө утга л зөв байх ёстой. Харин ямар үгээр яаж илэрхийлж буулгах нь орчуулагчийн өөрийнх нь чадвараас шалтгаалах юм.
 
-Би орчуулагч гэж өөрийгөө тоохоор бүтээлээ дурдвал. Алийг нь илүү дурлаж хийсэн бэ?
 
-Бүтээл бүр дээрээ чөмгөө дундартал суусан. Том бага гэлтгүйгээр өөрийнхөө зарчмаар хандаж ирсэн. Ерөнхийдөө дурлаж орж хийсэн бүтээлүүд бол яах аргагүй Мүракамигийн зохиолууд. Бас “Гэнжийн туульс” байгаа. Сүүлд гаргасан “Хайрын ааш" ч бас л ааштай л бүтээл. Өгүүллэг орчуулах нь романаас өөр. Роман бол үйл явдал руу нь ороод цаашаа торохгүй сэлээд явдаг.
Өгүүллэг гэдэг том санаагаа багцалж нямбайлж байгаад зохиолч буулгадаг, үхрийн махыг үнхэлцэгт нь гэдэг шиг хамаг охь оюун санаагаа зохиолч буулгаж уутанд хийсэнтэй зүйрлэхээр. Тийм учраас ч орчуулагчаас жинхэнэ ур чадвар шаарддаг. Тиймээс олон өгүүллэг гэхээсээ илүү чамбай цөөн өгүүллэг орчуулах хэрэгтэй юм шиг. Том зохиолч нарын гоё бүтээлүүдийг сэглээд хаяад байвал алдас болох байлгүй дээ. Хүний зохиол бүтээлүүдэд хүн ёсны сэтгэлээр хандах хэрэгтэй.
 
-Монгол хэлний баялаг дундарч байна гэж ярих нь ихэсжээ. Энэ зохиолч, орчуулагч нарын эмзэглэл үү эсвэл...?
 
-Бичгийн хэл агуу зүйл. Эзэмшиж чадах эсэх нь бидэнтэй холбоотой асуудал. Гэхдээ хэл баяжиж байх ёстой. Дэлхий ертөнц шинэ мэдлэг, оюун ухаанаар баяжиж байгаа. Бид урагшаа харж, хурдан явахын тулд тэр үг хэллэгийг ашиглаад явахад буруудах зүйлгүй. Монгол хэлээ цэвэр байлгана гээд дэлхийгээс холдоод явбал бид яг л Өвөрмонголын үг хэллэг шиг болно. Тиймээс бодитой нэр томьёонуудыг зоригтойгоор бичгийн хэл рүү оруулах хэрэгтэй.
 
-Сүүлийн асуулт. “Хайрын ааш” түүвэрт тань Акүтагава Рюүносүкэгийн “Эхнэрийн гоо” гээд гайхалтай өгүүллэг багтсан байсан?
 
-Акүтагава Рюүносүкэгийн намтар бас сонирхол татдаг. Өөрөө зохиол бүтээлээрээ “өвчилж” байгаад 37 насандаа амиа хорлож нас барсан. Энэ хүн Японы утга зохиолын өвөрмөц содон өнцгийг атгагч, олон хүнд хайрлагдсан, сурах юм ихтэй хүн дээ. Тэрбээр богинохон амьдрахдаа аз жаргалын нууц өөрийнхөө хийх сэн гэдгээ хийхэд бус хийх ёстой зүйлдээ дурлахад л оршдог гэдгийг харуулсан. “Хайрын ааш" түүвэрт минь түүний хоёр шилдэг өгүүллэг багтсан.
“Эхнэрийн гоо” өгүүллэгт залуу эр шөнө сэрэхдээ хажууд нь зөөлөн хурхиран унтаж буй эхнэрийнх нь хажууд бөөс явж байгааг олж хардаг. Хэрэв би бөөс байсан бол гэж бодоод ажиглаж байгаад нэг мэдэхэд залуу эр өөрөө бөөс болчихсон бөөсний нүдээр эхнэрээ харвал их том цагаан уул, урдаа анар жимс шиг дүртэй харагддаг. Тэр нь эхнэрийнх нь гоо хөх юм. Бөөс болж байж эхнэрийнхээ гоо сайхныг мэдэж байгаа тухай төдий өгүүллэг биш ч байж магадгүй.
Ерөөсөө эрчүүд хаа холоос аз жаргал хайх хэрэггүй харин хажууд чинь хурхиран унтаж буй гэргийд чинь тэр бүхэн хурган байгааг илэрхийлсэн. Миний орчуулгаар анх удаа монгол уншигчдад хүрч байгаа.
 
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: "Өглөөний сонин"