sonin.mn
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг редакцийнхаа хойморьт урилаа. Тэрээр олон мянган шавьдаа эрх зүйн мэдлэг олгохоос гадна ёс суртахуунтай байх, эрхэм чанараа гээдэггүй байхыг үргэлж захиж явдаг багш хүн. Тэр миний ч гэсэн багш. “Үйлийн үр, ёс суртахууны хариуцлага нь хуулийн хариуцлагаас ч хатуу. Хэн ч энэ харицлагаас тойрдоггүй” гэсэн түүний хэлэх дуртай үгээр нь ярилцлагаа эхлүүлье.
 
-Багш аа, би таньтай хоёр сэдвийн хүрээнд ярилцъя. Нэг нь таны ярих дуртай ёс суртахууны тухай. Хоёр дахь нь Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчны тухай?
 
-Болно, болно.
 
-“Ёс суртахууныг шинжлэх ухаанаар тайлбарлавал” хэмээх оюутан залууст зориулсан илтгэлийг тань сая сонслоо. Ёс суртахуунлаг иргэн байхыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлалаа гэж бодлоо?
 
-Одоогоос хэдэн зуун жилийн өмнө монголчууд ёс суртахууныхаа эрхэм нандин зан чанараараа дэлхий дахиныг өөртөө татаж, бүр засан тохинуулж явсан гайхамшигт түүхтэй. Би 2009 онд “Монголчуудын зан суртахууны гарваль”, 2013 онд “Чингис хааны сүр хүч”, 2014 онд “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой”, “Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шастир” гэсэн цуврал бүтээл хэвлүүлсэн. Энэ бүтээлүүдэд үүний талаар тодорхой бичсэн байгаа. Бид Чингис хааныг цус асгаруулсан аймшигт аян дайн хийдэг, эзлэн түрэмгийлэгч гэж ойлгодог, тэгж ч бичиж ирсэн. Тэгвэл тийм байгаагүй. Харин ч маш өндөр ёс суртахуунтай хүн байсан гэдгийг судалгаатайгаар энэ бүтээлүүддээ онцолсон. Чингис хаан багаасаа асар их зовлон бэрхшээл амсаж туулсан учраас үнэнч шударга, эр зоригтой, тэсвэр хатуужилтай, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, бас өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэмлэдэг байсан нь зөвхөн монголчуудыг төдийгүй, дэлхий дахиныг өөртөө татсан. Чингисийн байлдан дагууллын дараах 140 гаруй жилийн турш Монголын эрхшээлд байсан бүх улс гүрэн амар амгалан байж, хөгжил цэцэглэлтийн замд орсон байдаг юм билээ. Үүнийг дэлхийн орнуудын судлаачид сонирхон судлах маш их дуртай. Гэтэл өнөөгийн монгол хүн тэр үеийн өвөг дээдэстэйгээ харьцуулшгүй өөр болсон. Энэ нь юутай холбоотой гэхээр хүний дотоод ухамсартай холбоотой. Өнөөх ёс суртахуунтай холбоотой гэсэн үг. Ер нь ёс суртахуун гэдэг нь хүний уураг тархинд заяагдмал өгөгдөл. Шинжлэх ухаан хүний дотоод ухамсар, далд ухамсарыг судлаад 100 гаруй жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд 86 тэрбум гаруй энергийн эд эс байдгийг эрдэмтэд тогтоосон бөгөөд ердөө цөөхөн хэсэг нь ёс суртахууны эд эс. Хүн бүр төрөхдөө ёс суртахууны өгөгдөлтэй төрдөг гэсэн үг л дээ. Хүн гэдэг амьтан шударга, эр зоригтой, тэсвэр тэвчээртэй, бас өгөөмөр нинжин сэтгэлтэй, жудагтай, нэр төрөө эрхэмлэдэг байх ёстой гэх мэт энэ бүх өгөгдөл төрөлхийн юм. Хүн гэдэг амьтан гэснийг ойлгож байна уу?
 
-Хүн бол амьтан. Гэхдээ амьтнаас ялгаатай нь ёс суртахуунтай байдагтаа гэж ойлголоо...
 
-Хайрлаж, өрөвдөж, нигүүлсэх сэтгэлтэйдээ амьтнаас ялгаатай. Нийгэмд ёс суртахуунлаг иргэн олон болоод ирэхээрээ тухайн улс орон хөгждөг, дэвждэг. Харин ёс суртахууных нь муу энерги буюу атаа жөтөө, амин хувиа хичээгч ихсээд ирэхээр тухайн улс орон сүйрдэг, мөхдөг. Ёс суртахууны эерэг энерги хэр зэрэг хүчтэй байх нь хүмүүсийн удам судар, гэр бүлийн боловсрол, хүмүүжил, өөртөө тавих хяналт, тухайн улс орны удирдлага, эрх баригчдын нүүр царай гээд олон зүйлээс шалтгаална. Эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй. Ёс суртахуун бол хуулиас илүү хүчтэй.
 
-Та сая хэлж байна. Бид Чингисийн үеийн монголчуудын ёс суртахуунаас өөрчлөгдсөн гэж. Монголчуудад ямар ёс суртахуун байх ёстой юм бэ?
 
-Ёс суртахууны хамгийн тэргүүн эгнээнд шударга байх, үнэнч байх, тэсвэр хатуужил ордог. Бүр нарийвчлан хэлж өгье. Эерэг сөргийг нь хамтад нь хэлж өгөхөөр илүү ойлгомжтой болно. Шударга ба шударга бус, эрэмгий зориг ба аймхай хулчгар, нигүүлсэх сэтгэл ба харгис балмад зан, нэр төр ба сэвтээх бузарлах, өгөөмөр сэтгэл ба харамч, хамтач ба хувиа бодсон зан, үл шуналтах ба шуналыг зорилгоо болгох гээд тоочиж болно. Өнөөдөр ёс суртахууны сөрөг энерги нийгэмд эерэгээсээ илүү олон, танил хүмүүс маань хүртэл ийм зан авир гаргах нь элбэг учраас л сөрөг энерги будаа лугаа адил үржээд байгаа юм. Бүх салбарт ийм байдал нүүрлэсэн. Харин Батлан хамгаалах салбарт бол хамгийн бага түвшиндээ байгаа гэж бодож байна. Яагаад гэхээр эх орны үнэ цэнэ, аюулгүй байдлыг үндсэн зорилгоо болгосон хүнд ёс суртахууны сөрөг энерги бага байх талтай. Гэхдээ ёс суртахууны сөрөг энергитэй нөхдөд автаад байж болохгүй. Хэрэв өөрт тань атаа жөтөө, амин хувиа хичээх, ажлаас зугтаах, өөрийгөө дөвийлгөх үзэл, бусдыг үл хүндэтгэх буюу дорд үзэх, хов жив хөөх, өмссөн зүүснээр дүгнэх, хүлцэнгүй нэгнээ дээрэлхэх бас шалихгүй их зан мэдрэгдэж, анзаарагдаж байгаа бол түүнийгээ хая, орхи. Өөрөө ийм зан гаргаж байгаагаа мэдрэхгүй байгаа нь хамгийн аюултай. Өчигдөрхөн сайн хүмүүжилтэй, боловсон мэт байсан хүмүүс араатны шинжтэй, хуурч дээрэмдэхэд бэлэн этгээдийн дүрд нүд ирмэх зуур хувилах нь ёс суртахуунаа алдсаны шинж. Ийм хүмүүс бүхнийг үл тоомсорлож, өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, цаанаа л нэг зальхай гэмээр төрхтэй болж догширдог. Өөрийн хэрэг бүтэж байвал өөр бусдынх хамаагүй гэж үздэг болсон бол ёс суртахуунаа гээж байна гэж ойлго. Хүмүүс өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхдээ бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй. Хэрэв та энэ ярилцлагыг уншиж суугаа бол өөрийнхөө зан араншинг дүгнэж бодоорой.
 
-Цэргийн хүний ёс суртахууны гол чанар юунд орших вэ?
 
-Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэх юм. Шаардлагатай цаг тулгарахад ганцхан олдсон амь насаа зориулахад бэлэн байгаа гэсэн сэтгэл зүй. Өсвөр үеийнхэнд энэ зан чанарыг суулгахад Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин онцгой анхаарах хэрэгтэй. Эрхэм сайн чанарыг өөрт нэгэнт бий болгосон тохиолдолд насан туршдаа түүнийгээ гээдэггүй. Тийм учраас ирээдүйд улс орноо авч явах, цэргийн салбарт ажиллах хүүхдүүдийн эх орноо гэсэн сэтгэхүйг нь илүү бадрааж, зоригжуулж өгөх хэрэгтэй. Нөгөө талдаа хугацаат цэргийн алба хаагчид болоод офицер, ахлагчийг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөрт цэргийн алба хаагчийн ёс зүйн сургалтыг заавал тусгах шаардлагатай. Гайхамшигт өвөг дээдсийнхээ баатарлаг түүхэн үйл явдлаас сэдэвлэж, ёс суртахуунлаг байхад бусдын хайр, итгэлийг үргэлж хүлээдгийг нь зааж сурга. Хэрэв ой ухаанд нь шингээж чадвал бие биеэ дэглэх, дорой нэгэндээ хүч хэрэглэх, ёс суртахуунгүй дур зоргоороо аашилж авирлах нь зогсоно. Өнөөдөр цахим сүлжээнд болчимгүй зүйл хийсэн нэгнийхээ бичлэгийг тарааж, бусдын нэр хүнд, хувийн орон зайд маш бүдүүлгээр халдаж байна. Түүнийг нь нийгмээрээ жигшин зэвүүцэж байна. Энэ нь өөрөө муу энерги ихсэх гол шалтгаан. Миний бодлоор давамгайлсан энэ сөрөг хандлагыг эх орныхоо төлөө алтан амиа зориулсан баатарлаг дайчдын тухай сурталчилгаагаар нөхөөсэй гэж боддог. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй.
 
-Та Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн талаар ямар бодолтой байна?
 
-Улс орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох явдал нь байнгын үйл ажиллагаа байх ёстой. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд онцгой өөрчлөлт орж байна гэж харсан. Гэхдээ хуулийн шинэчлэл нь өөрөө ажил амьдралд хэрэгжихэд бодитой, эерэг нөлөө ихтэй байх ёстой. Энэ чиглэлд нь анхаарч байгаа байх гэж бодож байна. Ер нь цаашдаа Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг Монгол Улсад ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх ажил хэрэгтэй нягт уялдуулах явдал маш чухал. Ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэхэд энэ чиглэл чухал. Зөвхөн өнөөдрийг харсан байдлаар цэргийн бэлтгэл сургалт, зэвсэг, техник, байшин барилга гэхээс илүүтэйгээр ёс суртахуунтай иргэн бэлтгэхэд өөрийн нөөц боломжоо зориулаасай гэж эрдэмтэн судлаачийн хувьд хэлье.
 
-Шинэчлэн батлагдсан “Эрүүгийн тухай хууль”-д Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэг бий. Энэ бүлэгт шинэчлэл оруулах шаардлага бий юу?
 
-2015 онд шинэчлэн батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хууль өмнөхөөсөө маш их дордсон. Долоон дор болсон гэж эрдэмтний хувьд хэлнэ. Хуульчид бидэнд “Эрүүгийн тухай хууль”-ийг шинэчлэх, амьдралын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилт тулгарч байгаа. Энэ зорилттой уялдуулан Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг хэмээх бие даасан бүлгийг төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлагатай.
 
-Тухайлбал?
 
-Ялангуяа захирах захирагдах, цэргийн эд хөрөнгийг хайрлаж хамгаалах, цэргийн алба хаагчдын бие биетэйгээ харилцах, захирагчийн тушаалыг үг дуугүй биелүүлэх зэрэгт эргэж харах зүйл бий. Ер нь Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн чиг хандлага нь улс орныхоо батлан хамгаалах хүчин чадлыг улам бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тэр дундаа иргэн бүрийг эх оронч сэтгэлгээтэй, шаардлагатай үед юугаа ч хайрлахгүйгээр тэмцэх эр зориг, хүмүүжилтэй болгох талд онцгой анхаарал тавьж, олон талт арга хэмжээ авах ёстой.
 
-Та Зэвсэгт хүчиндээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
 
-Хангалуун байлгүй яах вэ. Монгол Улсын оршин тогтнох, хөгжин цэцэглэхийн үндсэн баталгаа нь Зэвсэгт хүчин юм. Тиймээс ч монголчууд бид үеийн үед цэрэг дайчдаа хүндэтгэн хайрладаг бахдам уламжлалтай.
 
Дэслэгч Д.Болормаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин