sonin.mn
МОСКВА. /Ведомости/. Дэлхийн худалдааны байгууллагатай /ДХБ/ хамтран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцэхийг Хятадын өндөр дээд тушаалын түшмэд Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад уриалжээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. 
Брюссель, Берлин, Бээжин хотуудад болсон уулзалтуудын үеэр Хятад улсын даргын эдийн засгийн зөвлөх, Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, түүнчлэн тус улсын гадаад хэргийн сайд Ван И нар энэхүү санаачлагыг дэвшүүлжээ. Энэ талаархи асуудлыг энэ сарын 16-17-нд Бээжин хотод болох ЕХ-Хятадын дээд хэмжээний уулзалт болохын өмнө хэлэлцжээ. 
"Ведомости" сонины мэдээлснээр, ЕХ-ны удирдлага энэ саналыг хүлээн аваагүй байна. “ЕХ-г АНУ-ын эрх баригчдыг эсэргүүцэхэд нь нэгдэхийг Хятад улс хүсч байна. Бид ийм зүйл хийхгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээн Европын нэгэн дипломат хэлжээ. Хятад улс нөхцөл байдлаас хувийн ашиг хүртэж, өрнөдийн эвслийг хагалан бутаргахыг оролдож байна гэж ЕХ үзэж байгаа аж.
Импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн гаалийн татвар тус бүр ногдуулах тухай захирамжид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд татварыг уг бүтээгдэхүүнийг нийлүүлэгч бүх улсын хувьд нэвтрүүлж байгаагаа мэдэгдэж байсан юм. Хариуд нь ЕХ-ны гишүүн улсууд АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулахаар тохиролцсон.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг