sonin.mn
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
 
-Олон жил талцаж, хэрэлдсэн Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь хаврын чуулганаас онцлох сэдэв байлаа. Хаврын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-УИХ-ын хаврын чуулган бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилдэг. Энэ хугацаанд бие даасан 17 хууль баталсан бол 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, УИХ-ын 20 гаруй тогтоолыг баталсан гээд маш үр дүнтэй чуулган боллоо гэж дүгнэж байна. Энэ тухайд би гуравхан зүйл хэлье. Нэгдүгээрт, Тавантолгойг хөдөлгөхөөр болсныг юуны түрүүнд дурдах нь зүйтэй. Олон жил талцаж маргасан асуудлыг нэг тийш болгож, олон түмний хяналт дор, нээлттэй, ил тод байдлаар төдийгүй олон улсад мөрддөг дүрэм журмынх нь дагуу хөрөнгийн биржид хувьцаа гарган, 30 хувийг нь худалдах шийдвэр гаргалаа. Энэ бол тун зөв шийдвэр байсан гэж дүгнэнэ. Цаашдаа бэлтгэл ажил ихтэй. Засгийн газар 6-7 сарын хугацаанд бэлдэж таарах байх. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа үед хөрөнгийн зах зээлд гаргах нь цаг үеэ олсон чухал шийдвэр болсон. Одоо гагцхүү хэрэгжилт нь хэр үр дүнтэй байх, цаашлаад үр өгөөжийг нь ард түмэнд хэрхэн хүртээх вэ гэдэг л чухал. Хоёрдугаарт, Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ бол бүртгэлийн системд хийж буй эрх зүйн томоохон шинэчлэл. Бүртгэлийг хүнд сурталгүй, шуурхай болгох тухайд нэлээд ахиц дэвшил гаргасан хууль болсон. Гуравдугаарт, УИХ ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд нэлээд үр дүн гаргасан гэж хэлнэ. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Үүгээр бид цалин, хөлс, тэтгэврийг тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй гэх шийдэлд хүрсэн. Цаашлаад банкны зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг ард түмэнд хүртээх шаардлагатай гэж үзээд шийдвэр гаргасан. Энэ агуулгаараа хаврын чуулган үүргээ гүйцэтгэсэн.
 
-Хаврын чуулганыг хаахаас өмнө зарим томоохон хуулийг оруулж ирж УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтийг талцуулсан. Тухайлбал, Захиргааны ерөнхий хууль. Захиргааны хэргийн шүүхийг татан буулгаад Засгийн газрыг хэмжээгүй эрхтэй болгох нь гэж хэсэг шуугисан. Нөгөө талдаа Засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хянадаг, бүгдийг нь үгүйсгэдэг хандлагатай болсон учраас тодорхой зааг ялгаатай байх нь зөв гэж үзсэн. Таны хувьд аль талд нь багтаж байв?
 
-Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж амжаагүй, АН-ын бүлгээс завсарлага авсан. Гэхдээ ирэх намрын чуурганаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж таарна. Миний хувьд Засгийн газрын тогтоолыг Захиргааны хэргийн шүүх авч хэлэлцэхгүй байж болно гэж үздэг. Харин Ерөнхий сайдын захирамж, сайд нарын тушаал шийдвэр, аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарын шийдвэрийг. Захиргааны хэргийн шүүхээр хянадаг байх нь зөв. Монгол Улс Захиргааны хэргийн шүүхийг байгуулаад арваад жил болж байна. Энэ шүүхийн хамгийн гол үүрэг нь хүний эрхийг хангахад оршдог. Энэ агуулгаар шүүх байгуулсан учраас ухарч болохгүй. Тиймээс зөвхөн Засгийн газрын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцээс хянадаг. Бусад бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянадаг байх нь зүйтэй гэж боддог.
 
Хаврын чуулганы хугацаанд хэд хэдэн томоохон ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч амжсангүй. Тухайлбал, Оюутолгойн ажлын хэсгийнхэн шалгалтаа дууссан ч Засгийн газраас бичиг хүлээж байна гэх шалтгаанаар чуулганыг өндөрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр тал ойлголцолд хүрээгүй. Манай талаас тогтоосон татварын актыг "Рио тинто" хүлээн зөвшөөрөөгүй гэх мэт асуудал бий. Энэ тухайд та байр сууриа илэрхийлнэ үү?
 
-Хаврын чуулган эхлэхээс өмнө Оюутолгойтой холбоотойгоор ард иргэдийн зүгээс нэлээд шүүмжлэл гарсан. Тиймээс УИХ-аас 2009, 2015 онд Оюутолгойтой байгуулсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Сүүлд өргөжүүлээд явсан, хажуугаар нь дэд ажлын хэсгүүдийг ч ажиллуулсан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ УИХ-д албан ёсоор өргөн бариагүй. Явцын талаар мэдээлж байгаагаас харахад Оюутолгойтой холбоотой тодорхой зөрчил цөөнгүй юм билээ. Оюутолгойн хувьд миний байр суурь тун тодорхой байдаг. Тухайлбал, 2015 онд байгуулсан Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын эрх ашиг хохирсон. Харин 2009 онд байгуулсан гэрээг засч сайжруулах зүйл бий. Харин хүчингүй болгож болохгүй. Учир нь энэ гэрээ Монгол Улсын эрх ашигтай салшгүй холбоотой. Цаашлаад олон улсын тавцанд манай улс хэн болж харагдах вэ гэх олон зүйл бий. Ээлжит бус юмуу намрын чуулганаар энэ асуудлыг нэлээд нухацтай ярих байх гэж бодож байна.
 
-Хаврын чуулганаар Дэгийн тухай хуулийг баталснаар УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэг алхам урагшлуулсан гэж дүгнэж болно. Гэхдээ чуулганы гуравны нэгэн суугаагүй бол эгүүлэн татах, мөн хугацаанд харьяалагдсан байнгын хорооны хуралдаанд оролцоогүй бол гишүүнээс хасах чухал заалт багтаасан ч хэлэлцүүлгийн явцад хасчихсан.Ингэснээр УИХ "дэггүй" Дэгийн хууль баталлаа гэх шүүмжлэл гарсан. Ажлын хэсэгт орж ажилласны хувьд та тайлбар хийх үү? 
 
-УИХ Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан. Д.Хаянхярваа гишуүнээс гадна С.Бямбацогт нарын 16 гишүүн хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцуулгийн явцад нэгтгэсэн. Миний хувьд С.Бямбацогт нартай хамтран өргөн барьсан гишүүдийн нэг. Бид энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд гурван зүйлийг тодорхойлохоор шийдсэн юм. Нэгдүгээрт, УИХ-ыг, гишүүдийг хариуцлагажуулъя. УИХ-аас гаргаж буй хуулийг чанаржуулахаар зорьсон. Энэ агуулгаар гишүүд хурлаа таслаад байвал эгүүлэн татдаг болох, байнгын хорооны хуралд гурав ба түүнээс дээш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суухгүй бол хасъя гэх мэтээр хариуцлагын заалтыг оруулсан л даа. Хамгийн гол нь хүний өмнөөс кноп дардгийг болиулаад хурууны хээгээ уншуулдаг болох заалт багтаасан. Гэвч хэлэлцүүлгийн явцад эгүүлэн татах, байнгын хорооны гишүүнээс хасах заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд болиулчихсан. УИХ-ын бүрэн эрхэд халдана гэж үзсэн хэрэг. Гэхдээ энэ заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтааж өгсөн. Энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэдгийг дашрамд дуулгая. Нөгөөтэйгүүр Дэгийн хуулийн хүрээнд Үндсэн хуулиа өөрчлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингэхэд зарим асуудлыг нарийвчлах хүрээнд Үндсэн хуулийн журмын тухай хуульд тусгаагүй мөртлөө хэлэлцүүлгийн явцад гарч болзошгүй гэж үзээд Дэгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн явцад мөлийлгөсөн гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ хүний өмнөөс ирц өгдөггүй байх, хуралдаа суухгүй бол цалин хасдаг байх, сануулга өгдөг гэх хариуцлагын заалтыг баталж чадсан. Сахилга хариуцлагыг УИХ өөрөөсөө эхлэх хэрэгтэй учраас Дэгийн хуулийг цаашдаа улам боловсронгуй болгоход анхаарч ажиллана.
 
-Үндсэн хуулийн ажлын хэсгийнхэн ажлаа дууссан. Одоо Засгийн газар, ҮАБЗ зэрэг зургаан газраас санал авна гэсэн. Үүнд хэр хугацаа шаардах вэ. Таны хувьд орон нутгийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ тухайд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
 
-Үндсэн хуулийг баталснаас хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд хуульд өөрчлөлт оруулах цаг болсон нь олон зүйлээс харагдаж байгаа учраас, өөрчлөх нь зөв гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж таван удаа төсөл өргөн барьж байсан юм билээ. Сүүлийн гурван парламент энэ хуулийг өөрчлөх тухайд маш их судалгаа явуулсан. Энэ парламент 2016 оны арванхоёрдугаар сард ажлын хэсэг байгуулснаас хойш үндсэндээ хоёр жил орчим ажиллалаа. Ард түмнээс санал асуулга авах гэх мэтээр олон хувилбар гаргасан. Ингээд бэлэн болсон хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжиж, 67 гишүүн гарын үсэг зурсан. Албан бусаар УИХ-ын гишүүдэд танилцуулж, санал асуулга авсан гэсэн үг. Ажлын хэсгийн хүрээнд маш олон гишүүнийг татан оролцуулсан. Тухайлбал, орон нутаг хариуцсан манай ажпын хэсэгт есөн гишүүн багтсан байх жишээтэй.
 
-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд бүрэн дүүрэн мэдээлэлтэй болсон. Улмаар 90-ээс дээш хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан гэхээр ирэх намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад тээггүй болжээ?
 
-УИХ одоогоор 75 гишүүнтэй байна. Түүнээс 67 нь дэмжсэн учраас дараагийн алхмаа хийсэн гэсэн үг. Ингэснээр 67 гишүүний гарын үсэгтэй хуулийн төслийг Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, ШЕЗ, ХЭҮК, Үндсэн хуулийн Цэц, Монголбанкнаас санал авахаар хүргүүлсэн. Эдгээр байгууллага 30 хоногийн дотор саналаа ирүүлэх ёстой. Тиймээс ирэх сарын эхээр хариугаа ирүүлчих байх. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах комиссын гишүүд цуглаад ируүлсэн саналыг авч үзсэнээр ирэх сарын сүүлээр УИХ-д өргөн барих болов уу. Үүний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх боломж бүрдэнэ.
 
-Ээлжит бус чуулган зарлаж таарна гэсэн үг үү? 
 
-Миний бодлоор боломжтой бол ирэх есдүгээр сард ээлжит бус чуулганыг хуралдуулчихмаар байгаа юм. Ингэхгүй бол намрын чуулган эхлэнгүүт төсвөө хэлэлцэнэ. Хуулийн хугацаа нь 45 хоног учраас дундуур нь Үндсэн хуулийг хэлэлцэх боломжгүй. Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн бол өөр хууль хэлэлцдэггүй. Энэ хуулийн хэлэлцүүлгийг хоёр үе шаттай явуулдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг оруулж ирсэн бол журмын дагуу нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийдэг. Харин гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө ард түмнээс санал асуудаг. Энэ нь сонгуулийн адилаар сурталчилгааны хугацаатай. Тиймээс багагүй хугацаа шаардана. Ийм учраас Үндсэн хуулийг УИХ-аар хэлэлцээд эцэслэн батлахад зургаан сар орчим шаардлагатай. Эртхэн л хэлэлцэж эхлэх хэрэгтэй байгаа юм.
 
-Орон нутагтай холбоотойгоор оруулж буй өөрчлөлтийн тухайд?
 
-Миний хариуцаж байгаа орон нутагтай холбоотой хэсэг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн дөрөвдүгээр бүлэгт концепцын гурван том өөрчлөлт бий. Иэгдүгээрт, "хот" гэдэг статусыг нэмж байна. 1992 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш л гомдол маргаан дагуулсан асуудал нь хоттой холбоотой. Тиймээс "Хот" гэдэг үгийг нэмж байгаа эцэслэн юм. Ингэхдээ нэг нь улсын зэрэглэлтэй, нөгөөх нь орон нутгийнх байна. Улсынх нь Дархан, Эрдэнэт. Орон нутгийнх нь аймгийн төвүүд. Дараагийнх нь өөрчлөлт ард түмнээс санал асуухад гарсан. Тодруулбал, орон нутгийн Засаг даргыг иргэдээр сонгуулдаг болох. Энэ агуулгаар нь сум, дүүргийн Засаг даргыг иргэд томилдог болох. Харин баг, хорооны болон аймаг, нийслэлийн Засаг даргыг дээд шатных нь хүн буюу Ерөнхий сайд томилдог болъё гэж байгаа юм. Мөн орон нутагт улс төрийн намаас хүнээ нэр дэвшүүлэхгүй гэсэн гурван том өөрчлөлт оруулахаар бэлдсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрх мэдэл өргөжих давуу талтай.
 
-Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? 
 
–Завсарлагаанаар хийх ажил тун тодорхой. Хоёр чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, мэдээж тойрогтоо ажиллаж, УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг танилцуулах ажлаа хийнэ. Сонгогдсон тойрогтоо төдийгүй Өвөрхангай аймагт ажиллана. Үүний дараагаар хуулийн төсөл дээр суух том ажил бий. Тухайлбал, миний бие Монгол Улсын засагзахиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох том хууль л даа. Чадвал намрын чуулган эхлэхээс өмнө УИХ-д өргөн барих бодолтой байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдах учраас жаахан харзнаж таарах болов уу. Мөн орон нутгийн төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарна. Мөн Монгол Улсын хэмжээнд чиг үүргийн дахин хуваарилалт хийхээр ярилцаж байна. Энэ чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч ажиллана гээд амжуулах ажил их бий.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин